Энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хуруу

Тайвань, Гаошюн / Ан Жи Ён

283 Үзсэн тоо

Бага сургуулийн сурагч байхад нагац эгч маань намайг нэг том эмнэлэг рүү дагуулж явав. Яах гэж байгаа шалтгааныг нь мэдэхгүй тийшээ намайг очтол өвчтөний хувцас өмссөн нэг танил хүн харагдсан нь ээж маань байлаа. Намайг хараад их баярласнаа удаа ч үгүй “Ёо ёо. Өвдөөд байна шүү дээ” гэж орь дуу тавив.

Эмчийг ээжийн боолттой гар дээр ариутгалын бэлдмэл асгахад ээж “Өвдөж байна” гэсэн хэрнээ намайг харангуутаа төд удалгүй инээмсэглэнэ. Ээж инээмсэглэж байсан болохоор би ээжийн хурууны боолт цус нэвчсэн байсныг ч нэг их ноцтой гэж бодоогүй юм.

Ээж сарын дараа эмнэлгээс гарсан даа. Намайг гэр рүүгээ орох гэж байхад дуудлага ирж, би ээжтэйгээ уулзахаар сэтгэл догдлон хүлээж байлаа.

Ээж маань удаа ч үгүй ирэв. Ээж удаан уулзаагүй намайг тэврэхээр хоёр гараа дэлгэв. Харин би өмнөхөөсөө өөр болсон ээжийнхээ хуруунаас айн, гарыг нь түлхээд “Таны хуруу аймаар болчихож. Би танд тэврүүлэхгүй” гэж одоо хэр нь гэмшиж явдаг энэ үгийг хэлсэн юм даа.

“Өө, зүгээр ээ, яасан байна. Аймаар биш байгаа биз дээ. Зүгээр байхад.”

Намайг тайвшруулах гэж ядах ээждээ би эцсээ хүртэл тэврүүлээгүй юм даг.

Хожим өсөж том болоод, тэр үед ээж маань яагаад тэгж шархадсаныг мэдэж авав. Аав маань гэнэтийн ослоор өөд болсны дараа ээж нэг үйлдвэрт өөд уруугүй ажиллах хэрэгтэй болж, тийн ажиллах зуураа үйлдвэрийн машинд хоёр хурууныхаа талыг тасалчихаж. Тэгж аймаар шархадсан байж ээж маань намайг айж цочирдох вий гэсэндээ над руу хараад, инээмсэглэж байсан байх нь.

Нэг удаа би ээжээсээ “Та хуруугаа таслах үедээ юу бодож байсан бэ?” гэж асуучихаад, хэлсэн хариуг нь сонсоод хоолой зангирч билээ.

“Ээж нь шоконд орсон тул өвдөлтөө мэдрэхгүй байлаа. Түргэний тэргэн дотор хуруугаа хөдөлгөх гээд үзтэл хөдөлж байсан. Тэгэхээр нь ажлаа үргэлжлүүлэн хийж чадах юм байна гэж бодоод санаа амарсан” гэж билээ.

Тийм хүнд нөхцөлд ч ээж маань ажлаа хийж чадах эсэхдээ, хэдэн хүүхдээ өсгөхөд хүндрэлтэй болчих вий гэдэгт л санаа нь зовж байж. Наанаа хэдийгээр ил гаргаагүй ч ээж маань охиныгоо гарынх нь хурууг аймаар гэж хэлээд зугтаахад сэтгэл нь шархалсан л байж таараа. Энэ дурсамжийг бичих энэ мөчид ч ээжийгээ өрөвдөөд, хоёр нүдийг минь нулимс бүрхэн байна.

Багадаа айж, тэр байтугай ичиж, бүр зугтааж байсан ээжийн минь тэр мухар хуруу надад дандаа тийм аймаар байгаагүй юм шүү. Ээжийн минь тэр мухар хуруунууд миний хувьд энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хуруу билээ.