Ерөөлтэй үүрэг, хайрын ажил

Солонгос Гимхэ, Ча Ён Е

747 Үзсэн тоо

Хажуу айлд маань нэгэн жижиг сүмийн пасторынх амьдардаг байлаа. Тэднийхэн манай ээжийнхтэй ойр дотно байдаг болохоор би ч эхийн хэвлийд байхаасаа л тэр сүмд нь явсан гэдэг.

Долоо хоногийн хамгийн завгүй өдөр ням гараг байдаг сан. Сурагч багийн хариуцагч, бичиг хэрэг гээд хамаг л ажлыг хариуцдаг байсан болохоор би өглөө эрт сүмд очоод шөнө дүлээр нэг ядарсан амьтан гэртээ ирдэг байж билээ. Гэхдээ л сүмд ажиллах гоё санагдана. Насан турш Бурханыг хайрлан, Бурханы ажлыг хийж амьдрахсан гэхээс өөр хүсэх зүйл надад байсангүй.

Сүмд байнга л зөрчил маргаан гарна. Байнга өөр хоорондоо зөрчилдөж, намайг оюутан болох үед итгэгч нар нь маргалдаад бүр талцан хуваагдаж байв. Нэг өдөр амар жимир өнжинө гэж үгүй. Хайрын Бурханы оршдог сүмд яагаад ийм зүйл байнга болоод байдаг нь намайг эргэлзэхэд хүргэв. Бурхан сансар огторгуйг бүхэлд нь дүүргэж байдаг ч тэр сүмд оршдоггүй юм шиг санагдлаа. Эцэст нь ийн бодох болж итгэлийн амьдралаа орхисон доо.

Амьдралынхаа төв цэгийг алдсанаас хойш юу ч хийсэн надад хөгжилтэй биш утгагүй санагддаг байлаа. Хэдийгээр бие минь сүмээс холдсон ч Бурханыг үргэлж санана. Бурханыг л гэдэг байсан тэр цаг үеэ үгүйлнэ гэж жигтэйхэн. Тэгээд найзуудынхаа явдаг энэ тэр сүмд дагаж очоод, нэг нэртэй протестант сүмд бүр 2 жил явж итгэгчийнх нь сургалтын хөтөлбөрийг ч үзэж дуусгав. Тэгсэн ч сэтгэл хоосон оргисон хэвээр.

Хожим гэрлэж, нэртэй протестант шашны байгууллагад хамрагддаг хадмынхнаа дагаад сүмд нь явж эхэллээ. Би удаан хугацаанд энэ тэр сүмээр хэсүүчлэн явахдаа “Сүм хамаагүй, Бурханыг л хайя” гэсэн дүгнэлтэнд дотроо хүрчихээд байж билээ. Сая нэг байж суух газраа олсон мэт санагдсан ч үнэн хэрэгтээ шантрахад ойрхон байв.

Би хоёр дахь хүүхдээ төрүүлэх дөхчихсөн явж байхдаа Бурханы сүмийн итгэгчидтэй таарсан юм. Тэднээс Амралтын өдрийн талаар сонсоод сэтгэл ихэд шархлав. Библийг тэгж их судалж, шашин судлалын номнуудыг чадлынхаа хэрээр уншсан байж би гэдэг хүн үндсэн ойлголт болох мөргөлийн өдрийг ч зөв мэдэхгүй байна гэхээр хэлэх ч үг алга. Номын сан руу гүйж очоод түүхийн номыг нэгд нэггүй үзэж, үнэн худлыг нэг бүрчлэн шалгалаа. Зөвхөн Амралтын өдөр ч биш тэдний надад дамжуулсан бүхэн үнэн байв. Тэдний дамжуулсныг сүмийн түүхийн ном болон Библид Бурханы хүсэл, үнэн гэж гэрчилж байлаа. Би Библийн баттай сургаал ёсоор үнэнийг хүлээн авлаа.

Тэгтлээ хайж, үгүйлсэн Бурхан маань Бурханы сүмд байжээ. Дагадаг үнэн нь тов тодорхой. Гэхдээ толгойгоороо хүлээн зөвшөөрөөд байгаа хэрнээ дотроо тэгж амархан итгэж өгөхгүй байлаа. Хоолойд ямар нэг юм тээглэчихсэн юм шиг л бачимдана. Библид “Сайн мэдээ тунхагла” гэж байдаг болохоор сайн мэдээ тунхаглах анхны алхмаа тавив. Өдөр нь Бурханы үг тунхаглаж, шөнө нь Библийн үнэнийг судаллаа. Мэдлэг ч аажим аажмаар өсөн нэмэгдэж, үр жимс хүртэл гаргах нь тэр. Нэг найз маань үнэнийг хүлээн авч дорхноо тунхаглагч болон өслөө. Нэг эгч дүү тэнгэр Эхийг ухааран бөөн бөөн нулимс урсгаж байв. Гэвч би ухаарал дутуу, бахь байдгаараа.

Тэгтэл нэг өдөр хажууд нэг гэр бүл Библийн илтгэл тавьж байв. Яагаад ч юм түүний үг бүр сэтгэл рүү ороод байв. Энд тэнд тарж бутарсан сувд утсанд сүвлэгдэн сайхан хүзүүний зүүлт болдог шиг л санагдаж байв. Библийн эхнээс эцэс хүртэлх аливаа зөгнөл болон сургаалт зүйрлэл “тэнгэр Эх” гэдэг үнэний учгаар эцэстээ холбогддог юм байна гэдгийг тэрхэн агшинд би ухаарсан даа. Эх бол холоо оршдог Бурхан биш үнэхээр миний сүнсний Эх байсан юм.

Хэнтэй ч уулзсан би үнэнийг өчүүхэн ч торолгүйгээр тунхагладаг болов. Үүнээс илүү сайхан ажил гэж байсангүй. Насаараа Бурханы ажлыг хийхсэн гэж мөрөөддөг байсан хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлсэн болохоор аргагүй шүү дээ. Сөүлээс Гимхэ рүү нүүж очсоныхоо дараа ч олон үр жимс гаргаж, сайн мэдээний албан үүрэг хүртэл хүлээх боллоо. Энэ ертөнцөд сайн мэдээ шиг баяр хөөртэй ажил өөр хаана байхсан билээ!

Би бүх зүйлд нухацтай ханддаг, эхэлсэн ажлаа яг таг дуусгах гэдэг зантай болохоор сайн мэдээний ажилдаа ч нарийн төлөвлөгөө гаргаж, системтэй хийдэг байлаа. Бурханы тусламжтайгаар бүх төлөвлөгөө маань яв цав биелж байсан болоод ч тэр үү хийж чадахгүй зүйл байхгүй мэт санагдана. Нөгөөтэйгүүр өөр шигээ хийхгүй байгаа гэр бүлийг харахаараа бачимдана. Зорилго, төлөвлөгөөгөө сайн гаргаж тэрнийхээ дагуу хийхэд болохгүй зүйл ер байхгүй байхад сайн мэдээний сайн үр дүн олж чадахгүй шантарч байгааг нь харахаар тэднийг ойлгодоггүй байв. Мэдэх мэдэхгүйгээс зовж зүдэрч байгаа гэр бүлүүдийн тухайд ч адилхан бодолтой байв. Жаахан л ухаан зараад хийвэл тийм ч хэцүү биш мэт санагдана. Өвдөж зовж байгааг нь ч мэдэхгүй, өөрийгөө чадлаараа тусалж байна гэж бодоод халаглан байж зөвлөгөө өгсөн маань гэр бүлүүдэд харин ч сэтгэлийн шарх болж байсныг мэддэггүй байж.

Тэгж байтал надад ч мөн гэнэтийн бэрхшээл тулгарлаа. Бусдын хэрэг гэж бодож байсан бэрхшээл зовлон яг өөр дээр тулаад ирсэн чинь төлөвлөгөө ч, логик санаа бодлууд ч ямар ч утга учиргүй болж хувирав. Зөвхөн тэнгэр Эхийг л түшихээс өөр арга надад байсангүй. Миний хүчээр яаж ч чадахгүй, хүнд хэцүү, энэ цаг мөчийг ялан гарахад туслаарай гэж чин сэтгэлээсээ залбирдаг байв.

Эх маань барьж өгөөгүйсэн бол миний сүнс тэр үед унах байсан ч байж мэднэ. Зөвхөн Эхэд л найдан, тэвчээд явж байхад нэг л өдөр хар үүл сарниж цэлмэг өдөр ирдэг юм байна.

Надад тийм зүйл тохиолдсоноос хойш нүдэнд өөтэй харагддаг байсан гэр бүлүүд маань өөр харагдах боллоо. “Зовох тусмаа хэрсүүжнэ” гэдэг үг үнэн бололтой. Итгэлийн замд тулгарч байгаа бэрхшээлүүд хэн нэгний буруугаас болдог биш, гомдоллох зүйл ч биш, сүнсээр дахин төрөхийн төлөө зайлшгүй үүрэх ёстой загалмай гэдгийг би ухаарсан даа. Бэрхшээлтэй тулгараагүй байсан бол одоо ч гэр бүлүүдэд яагаад хэцүү байдгийг, хичнээн зовж байгааг нь мэдэхгүй байх байсан биз.

Буруу үнэлэмжээ хаяснаас хойш гэр бүлүүд надад хичнээн хайр хүрэм харагддаг болсон гээч. Ухаалаг байсангүй гээд миний бачимдан харж байсан гэр бүлүүд үнэн хэрэгтээ өөр өөрийн загалмайг тууштай үүрээд хатуу бэрхшээлийг даван туулж буй, хэн хүнээс илүү ухаалаг, хатуужилтай Бурханы хүү охид байж дээ. Өөрийн бэрхшээл зовлонг үл ажран харин ч өөр зүйлд санаагаа чилээн нэг амь аврах гэж золиос амсан буй тэд үнэхээр бахархууштай, гэрэлтэж харагдсан юм. Үзэн ядахын аргагүй ах эгч дүүс минь байтал сэтгэлийн минь нүд харалган болохоор хайрын харцаар тэднийгээ харъя гээд ч чаддаггүй байж дээ.

Тэг цагаас хойш ч намайг ганхуулах гэсэн мэт энэ тэр сорилт бэрхшээл над руу хэд хэдэн удаа дайрлаа. Цаг хугацаа өнгөрөхөд энэ мэт зүйл юу ч биш байдгийг мэдээд байгаа хэрнээ сул дорой сэтгэл минь цөхөрч шаналан байлаа. Би гуньж гутарсандаа маш их уйлсан. Сэтгэл хүнд оргин унжийсан юм байхад минь хэн нэгэн чихэнд “Магадгүй сайн мэдээний ажлаа больсон нь дээр. Өдий хүртэл хийсэн чинь хангалттай” гэж шивнэх шиг болно.

Гэвч нэлээд удаан залбирсны эцэст Эхийн өгсөн хариулт нь “сайн мэдээ” байлаа. Ямар ч нөхцөл байдалд сайн мэдээний замаас хазайлгалгүй сүнсийг минь тэвэрч байж. Цаашид боломжгүй гэмээр нөхцөл байдалд ч Эхийгээ бодоод “Би шантарч няцахгүй ээ” гэсэн хүсэл сэтгэл өвөрлөх л юм бол нэг л мэдэхэд зам нээгдсэн байдаг байв. Сэтгэлийн хаттай байж, сайн мэдээнд хөл тавих л юм бол Эх маань нэг сүнс аврах баяр хөөрөөр туйлдаж ядарсан сүнсийг минь аргадан тайвшруулна.

Манай сүмийн урд талын орон сууцанд амьдардаг нэг эмээ байдаг юм. Залуудаа янз бүрийн шашинд итгэж байсан ч үнэнийг олж чадаагүйдээ одоо хаашаа ч очихоо больсон гэж ярьсан нь урьдын намайг санагдуулав. Эмээ Библи маш их уншсан болохоор ганц үг дамжуулахад л “Тийм ээ, тийм үг байдаг. Ярь ярь” гээд ягштал мэддэг байв. Гэхдээ л махан биеэр дахин ирсэн Бурханыг хүлээн авч чадахгүй байлаа. Цаашдаа бүр үг сонсохоо ч, бидэнтэй уулзахаа ч байв. Тэдний хажуугаар өнгөрөх бүрд сэтгэлийн минь нэг хэсэг урагдах шиг болно.

Хэдэн сарын дараа нэгэн Амралтын өдөр би бусад үеэс арай эрт гэрээсээ гарсан юм. Замаар алхаж байгаад гэнэт нөгөө эмээ санаанд ортол тээр тэндээс алхаад ирж яваа нь харагдлаа. Би хичнээн их баярласан гээч. “Сайн сууж байсан уу?” гээд гүйж очоод мэндлэн эмээг тэвэрлээ. Эмээ жаахан биеэ барьсан ч баяртай байгаа бололтой инээгээд ийн хэллээ.

“Надаас юу хүсээд намайг ингэж их хайрлана вэ?”

Ямар нэг хариу нэхдэг бол тэр хайр гэж үү. Үнэн байгаагүйсэн бол царайг нь ч, нэрийг нь ч мэдэхгүй энэ хүнийг яагаад тэгтлээ хайрлаж байгаагаа би ч мэдэхгүй байхсанж. Гагцхүү Эхийн хайр миний сүнсэнд таригдаж, амиа бодсон, хахир хатуу зантай байсан намайг бусдыг хайрладаг болгосон гэдгийг л би мэднэ.

Эхийн хайрыг ухаарсан тэр эмээ одоо тэс өөр хүн болсон шүү. “Надад Бурханд өгч чадах зүйл байхгүй, хурдхан талант гаргаж Бурханы ач ивээлд бага ч болов хариулахсан. Тэгтэл найз хөгшчүүл үг сонсохгүй юм” гэж ирээд л нулимс цийлэгнүүлэн ярина. Эмээгийн үнэнхүү сэтгэл хэн нэгний зүрхэнд амийн цэцэг дэлгэрүүлнэ гэдэгт би итгэлтэй байгаа.

Үнэнийг анх хүлээж авахад гэдсэнд байсан хүү маань одоо ахлах сургуулийн сурагч болчихсон явж байна. Хүү маань ч одоо ухаан сууж ээждээ туслахыг мэддэг болж дээ. Гэтэл би гэдэг хүн Эхдээ санаа зовнил л үүрүүлэх юм даа. Тэгсэн ч Эх маань энгэрт минь байгаад л баярлалаа гээд инээмсэглэх юм.

Дутуу дулимаг, хурц ширүүн ааштай намайг яагаад Сион руу хөтөлсөн юм бол, эцсээ хүртэл сайн мэдээний талбарт барьж байгаагийн учир юу юм бол оо гэж би хааяа боддог юм. Одоо хэр нь дутуу байгаа хайрыг минь дүүргэх гэж л тэр байх даа.

Библид гэрчилж байгаа тэнгэр Эхийг би ухаарсан, Эхийг би мэднэ гэж боддог байлаа. Харин үнэний гол учиг тэнгэр Эх гэдгийг мэдэж байсан ч “Эх бол хайр” гэдгийг би мэдээгүй байж. Эхээс хязгааргүй хайр авсан байж би яагаад цусаар холбогдсон ах эгч дүүсээ хайрлаж чадахгүй тэгж удсан юм бол!

Хүн бүр Христийн эрхтэн болохынхоо хувьд тус тусын үүрэгтэй, авсан бэлгүүд нь өөр өөр. Гэтэл би гэр бүлүүдийг өөр шигээ бодоод өөртэйгөө адилхан байлгахыг хүсдэг байж. Яг л гар хөлөнд “Яагаад гар шиг ажиллахгүй байгаа юм бэ?” гэж асуун тооцоо бодож байгаа шиг. Өөрийнхөө явцуу бодлыг би Бурханы хүсэл гэж, хайр гэж эндүүрч байж дээ. Нөгөө хүнийхээ өөрөөс нь өөр талыг хүлээн зөвшөөрөх нь л хайр байхад…

Энэ өнцгөөс нь бодоход 10 талантны хөдөлгөөн бусдыг илүү их хайрлаарай гэж өгсөн үүрэг бололтой. Хайр л байх юм бол биелүүлж чадна шүү дээ. Харин би хайрыг хойш тавиад нүдэнд харагдах үр дүнд л найдан өөрийн зөрүүд аашиндаа автаж байсандаа ичиж байна.

Одоо ч бас надаас дөлөөд байдаг гэр бүл хаа нэг байдаг л даа. Магадгүй миний ярианы хэв маяг өөр, бага зэрэг хүйтэн хөндий харагддаг болохоор тийм байж мэдэх ч яг үнэн хэрэгтээ би одоо ч дээрээс төрж чадаагүй байгаа болохоор тэгдэг байх даа гэж сэтгэл өвддөг юм. Бурханыг харахад ямар ч хир толбогүй, хайр болж өөрчлөгдөхийг би үнэхээр их хүсэж байна.

Зөвхөн сайн мэдээ тунхаглах үедээ л биш хэзээ ч, хаана ч таарсан би бүх хүнтэй хайр хуваалцмаар байна. Энэ шийдвэрээ жаахан ч гэсэн хэрэгжүүлэх гэж би сүүлийн үед сонгино авахаар дэлгүүр орохдоо ч нэг үг ч болов заавал тунхаглаж байгаа. Нэг удаа би үсчний газраар ороод гарахдаа үсчинд үнэнийг тунхагласан юм. Тэрээр гайхаж байсан ч үндэслэлгүй саадын чанартай үг сонссоноос болоод сэтгэлээ хаачихсан л даа. Харин саяхнаас “Бурханы сүм үнэхээр дулаахан” гээд Сион руу ирэх дуртай болсон. Нэг эгч дүү маань хүнтэй суухаасаа өмнө Бурханд итгэж байсан ч айл гэрийн зан үйл гэж болох хадмынхаа талын нөлөөнөөс болж өвөг дээдэстээ тахил өргөх болж, Бурхан руу ирэх эсэхдээ эргэлзэх болсон юм. Тэр эгч дүү маань ч одоо зоригтой болж Бурханы хүслийг дагаж байгаа. Тэр сүнс хайр мэдэрсэн болохоор тэр байх аа. Хайрын өмнө боломжгүй юм үгүй бөгөөд чин сэтгэл гэгч зүйл нэвтрэлцэх хууль болдог болохоор аргагүй юм.

Эхдээ баярлалаа. Хайр гэдгийг ухааруулсанд баярлалаа. Ертөнцийн үй олон ажлаас бусдыг хайрлаж чадах ажил даалгасанд тань баярлалаа. Эхийгээ, мөн ах эгч дүү нараа хайрлаад, тэр хайраа нэг хоёр хүнд дамжуулаад байх юм бол бүх хүний сэтгэлд Эхийн хайр соёолох өдөр ирнэ ээ. Тэр өдрийг хүртэл би хайрлаад л байх болно. Яг л хайр болсон Эх шигээ.