Аавын хамгийн их санаа зовдог хүүхэд
Ха Жон Ү, Солонгос Жинжү
Би дөрвөн охинтой айлын гурав дахь охин нь байгаа юм. Солонгост “Айлын гурав дахь охид хөөрхөн байдаг тул эрчүүд харахгүйгээр эхнэрээ болгоход ч бэлэн байдаг” гэсэн нэгэн эртний хошин үг байдаг л даа. Харин би гэр дотроо аавынхаа санааг хамгийн их зовоодог хүүхэд нь байсан юм. Би бага байхдаа полиомиелит өвчнөөр өвдөж, өндөр халуурч байсан гэсэн. Амьд мэнд гарсан ч бэлхүүснээсээ доош саажилттай болох эрсдэлтэй байсан гэнэ лээ. Тэгээд ямар ч аргаар хамаагүй охиноо эмчлэх гэж тариалангийн газраа хүртэл зарсан аав ээжийнхээ ачаар би доголон ч гэлээ алхаж чаддаг болсон юм даа.
Аав маань намайг өрөвдөж, нэг удаа ч алгадаж үзэлгүй, энхрийлэн өсгөсөн юм. Гэсэн хэдий ч би шилжилтийн насан дээрээ гутранги үзэлд автаж, надаас юугаа ч харамлалгүй хайрласан эцэг эхдээ гомдоллон, сургуулиас гарна гэж хэлсэн юм. Аав минь ирээдүйнхээ төлөө ядаж сургуулиа төгсөх хэрэгтэй гээд намайг ятгах гэж оролдов. Гэвч аавыг ятгах тусам би бүр их дургүйцдэг байлаа.
“Яагаад намайг амьдруулсан юм бэ? Миний амьдралд бүх юм муухай байна. Сурлаа гээд миний амьдрал дээрдэнэ гэж бодож байна уу? Ийм байдлаар би яахаараа амьд явах ёстой юм? Би амиа хорломоор байна!”
Аав хацар дээр минь анх удаа тасхийтэл алгадах нь тэр. Нэлээн дургүй нь хүрсэн бололтой над руу эргэж харсан ч үгүй гараад явчихлаа. Тулж түших хүнгүйдээ гуниг зовлонгоо нууж байж дээ, аав минь. Нэг л өдөр гэнэтийн юм болох нь тэр. Аав Чэжү арал руу ажил олж хийх санаатай завьтай явж байгаад гэнэт эмнэлэгт хүргэгдэх хэмжээнд хүчтэй бөөлжиж эхэлжээ. Ээж, том эгч хоёр маань юу болсныг сонсоод тэр даруй тийш явлаа. Аав маань хүчилтөрөгчийн багтай арай гэж амьсгалж байсан гэсэн. Хамгийн сүүлд ээж эгч хоёртой уулзсаныхаа дараа удалгүй нас барав. Аав минь элэгний хорт хавдартай байсан гэнэ. Энэ ертөнцийг гэнэтхэн орхисон нь аавыг хичнээн их өвдөж шаналж байсныг харуулж байлаа. Тийм хүнд өвчтэй байж яаж Чэжү арал хүртэл явж чадсан юм бол оо. Өрх гэрийн эзний үүрэг хариуцлага гэгч зүйл хичнээн хүнд вэ!
Аавынхаа сүүлийн мөчид би хамт байж чадаагүй юм даа. Ажил явдлынх нь үеэр би гурван өдөр босоогүй юм даг. Миний уй гашуу үгээр илэрхийлэхийн аргагүй байсан юм. Зүрхийг минь зүсэх мэт уй гашуу нөмөрч, гашуудан гашуудан уйлсаар л байлаа. Аавдаа би ганц ч удаа талархлаа илэрхийлж байгаагүй. Ганц ч удаа би ааваасаа уучлалт гуйж байгаагүй. Сүүлчийн мөч хүртлээ аав минь “Би Жон Үгээ л орхиж чадахгүй нь!” гэж хэлээд, надад л санаа нь зовж байсан гэнэ лээ.
Аав минь намайг ажил төрөлд орж чадахгүй байх вий, нөхөрт гарч чадахгүй байх вий гэж их санаа зовдог байсан сан. Аав минь тэгтлээ санаа зовж байсан боловч харин би сайн хүнтэй сууж, хүүхэдтэй ч болсон. Би мөн тэнгэр Эцэг Эхтэйгээ уулзсан. Одоо би тэнгэрийн хаанчлалд очоод аавтайгаа дахин уулзана гэж бүрэн дүүрэн найдаж байна. Аав маань намайг сонсож байгаа эсэхийг мэдэхгүй л дээ. Гэхдээ би аавдаа энэ үгийг хэлэхийг үнэхээр их хүсэж байна.
“Аав аа! Миний аав байсанд тань баярлалаа. Таныгаа охин нь одоо ч санасаар л байна. Өвчин, үхэл гэж байхгүй тэнгэрийн хаанчлалд дахин уулзацгаая.”