Аавын минь барьсан байшин

Испани, Мадрид

11,151 үзэлт

Намайг бага байхад аав маань байшингаа өөрөө барьж байсан юм. Цалингаа хурааж, тоосго, цемент, ган арматур, хүрз энэ тэр авчран хашаанд овоолно. Духан дээгүүр нь хөлс дуслан, хацар нүүр нь халтайтал тоос болчихсон хүн нүх ухаж байсныг нь би одоо ч санадаг юм. Бяцхан хүү миний нүдээр тэр барилгын ажил хэзээ ч дуусашгүй санагдаж, аавыгаа яагаад тэгтлээ байшин барих гэж махран ажилладгийг нь ойлгодоггүй байлаа.

Насанд хүрэхийн минь алдад аавын дөрвөн жилийн турш барьсан байшин эцэст нь баригдаж дуусав. Айл хөршийнхөн дундаа хамгийн гоё, хоёр давхар хаус байлаа. Гадна засал нь янзтай гоё өнгөтэй, ээжид зориулсан цэцэрлэг, дотор засал нь нэг тийм халуун дулаан. Тэр байшингийн өнцөг булан бүрд аавын минь хайр шингээстэй байсан юм.

Ажлаа тараад гэртээ харих болгондоо аавын маань хүч хөдөлмөр хичнээн үнэ цэнэтэйг би мэдэрдэг юм. “Аавын минь сэтгэл хичнээн уужуу бол оо?”

Би хүнтэй суугаад өөр улсад амьдрах болоход аав ээж маань ч, охин дүү маань ч бас тэгэх болсон юм. Аав ээж хоёр маань тэнд нэлээн хэдэн жил амьдарсан байж тэрхүү хоёр давхар байшингаа зарах хэрэг гарсан даа.

Зарах гээд сулласан байраа орхин явах үедээ би өрөөнүүдэд, зочны өрөөнд үлдсэн ул мөрийг ойртон харлаа. Дүүтэйгээ тоглож байгаад хананд үлдээсэн гарын минь хээ, миний нэртэй цонх, жаазтай зураг өлгөөтэй байсан газар гээд л. Эцэст нь надад өнгөрсөн үе маань санагдаж, хар аяндаа нулимс урсаж гарав.

Аавд маань өөртөө авсан юм гэж ер алга. Ийм байшин барих гэж хэр их өртөг гарахыг, хэр удаан ажиллахыг, юугаа гаргуунд нь гаргахыг огтхон ч тоогоогүй байж дээ. Сар бүр материал авч, биднийг л жаргалтай, тав тухтай амьдруулах гэсэн ганц хүслээр байшингаа удаан хугацаанд чимээгүйхэн барьсан сан.

Сүүлийн үед хүмүүс хэдийн барьчихсан байр байшин худалдаж авах юм уу жаахан засаад л түрээсэлдэг. Харин манай байшин дэндүү онцгой байсан юм даа. Манай байшин бол аавын минь хайр, тэвчээр, зүтгэлээр баригдсан юм. Аавынхаа барьсан тийм онцгой байшинд амьдардаг хүн ингэхэд хэр олон байгаа бол?

Хамгийн ичмээр нь би аавдаа хэзээ ч хайртай гэдгээ илэрхийлж хэлж байгаагүй, тэр их хичээл зүтгэлд нь огт талархаж байгаагүй юм билээ. Нас дээр гарсан аавынхаа болхидуухан гарыг харах бүрдээ би гэрийнхнийхээ төлөө тэгтлээ зүтгэн ажилласанд баярласнаа хэлж байгаагүйдээ үнэхээр их харамсаж байна.

Тэр байшин аавын маань хувьд эрдэнэ шиг л байсан байж таараа. Тийм байж өөр улс руу явах болж, байшингаа орхих болсондоо огтхон ч тээнэгэлзээгүй юм даа. Яаж ч сэтгэл зүтгэлээ зориулж барьсан байсан гэрийнхэн нь байхгүй тэр гоёмсог байшин аавд минь утга учиргүй санагдсан биз ээ. Аавын маань хувьд хамгийн чухал зүйл бол халуун ам бүлээрээ хамтдаа амьдрах л байсан юм даа.

Манайх хаана ч байсан аав маань биднийхээ гэр, биднийхээ байшин нь болдог юм. “Аав” гэдэг нэртэй байшинтай болохоороо би жаргалтай байдаг аа. Аав аа, биднийхээ төлөө хийсэн бүхэнд тань баярлалаа.