WATV.org is provided in English. Would you like to change to English?

Бүтэлгүйтэл нь амжилт дагуулна

255 Үзсэн тоо

АНУ-ын жижиглэн худалдаа эрхлэгчдийн нийгэмлэгээс ийм нэгэн судалгаа гаргажээ. Бараа бүтээгдэхүүн худалдаалж буй нийт борлуулагчдын 48% нь үйлчлүүлэгчиддээ бараагаа ганцхан удаа санал болгоод, худалдаж авахаас татгалзвал шуудхан л орхидог гэнэ. Харин 25% нь 2 удаа, 15% нь 3 удаа санал болгоод авахгүй бол орхидог байна. Ердөө 12% нь л бараагаа борлуулах гэж 4-өөс дээш удаа ятгадаг аж. Сүүлчийн ангилалд багтах хүмүүсийн зарсан бараа нийт борлуулалтын 80%-ийг эзэлдэг гэсэн нэг чухал зүйл эндээс анзаарагдсан байна.

Хэрэг зорилго санаснаар болсонгүйд гуньж гутрах гээд байвал дээрх судалгааны үр дүнг дахин дахин эргэцүүлээд үзээрэй. Ямар ч зүйл өөрийн гэсэн шат дамжлагатай байж үр дүн нь сайн байдгийг мэдэж байвал бүтэлгүйтэх юм уу татгалзсан хариу сонсох нь тийм ч таагүй зүйл биш бололтой.

Илжгэн чихний модонд авирах аймаар гээд “унжаад байхаар унаад ирээсэй” гэгчийн үлгэрээр амаа ангайгаад л, зүгээр дээш хараад хэвтээд байвал өөрөө унаад ирэхгүй нь лавтай шүү дээ. Ганц хоёр удаагийн бүтэлгүйтлийг байх л зүйл хэмээн хүлээн авч, модонд авирах юм уу, үгүй ядаж модыг нь ганхуулаад ч болов оролдлого хийж байж ашиг тусаа хүртэхгүй гэж үү.

Татгалзсан хариу сонсоно гэдэг нь аргаа өөрчлөн дахиад оролдоод үз гэсэн дохио ч юм билүү яаж мэдэхэв. Бүтэлгүйтэл ихсэхийн хэрээр амжилтын магадлал өсөөд ирдэг шүү дээ. Хүсэж эрмэлзсэнээ ажил хэрэг болгохын төлөө дахиад нэг удаа үзээд алдвал ямар вэ дээ?

Бүтэлгүйтлээс бүү ай.