Сионд ухаарсан гэр бүлийн хайр ба амьдралын утга учир
Солонгос, Чэжү / И Гүг Чоль

Өрх гэрийн тэргүүний хувиар мөнгө их олох нь л миний хийх ёстой ажил гэж би боддог байлаа. Би төрж өссөн нутаг Хятадын Шэньянд хоолны газар ажиллуулдаг байж байгаад бүр их мөнгө олох гэсэндээ аялал жуулчлалын хөтчөөр ажиллаж эхлэхээр онгоцоор 2 цаг нисдэг газар болох Шанхай руу нүүсэн юм. Хөл хүндтэй эхнэр маань асаргаа халамж сайтай байх үүднээс Шэньян руугаа буцах үед би ганцаараа үлдэх хэрэг гарав. Гэхдээ надад ханиа санах гэхээсээ илүү хариуцлага гэх мэдрэмж л төрөөд байлаа.
Эхнэр хүүхэдтэйгээ баяр ёслолын үеэр л нэг уулзчихаад бусдаар тэднээсээ хол амьдарсаар дөрвөн жил гялс өнгөрлөө. Ажиллахад хэцүү болж би дахин сонголтын салаа зам дээр ирлээ. Танил нөхдөөсөө тус дэм аваад үргэлжлүүлж ажиллах уу, эсвэл энэ удаа аав ээжийнхээ суурьшсан Солонгос руу явах уу гэдгийн аль нэгийг сонгох хэрэг гарав. Удаан авч үзсэний эцэст би Солонгос руу явлаа.
Солонгост аав ээж хоёрынхоо амьдардаг Сүвонд нэг хэсэг байж байгаад ажил хийхээр Чэжү рүү явлаа. Чэжү бол солонгосчууд төдийгүй олон олон гадныхан жуулчилж очдог үзэсгэлэнтэй арал л даа. Тэгсэн ч би шинэ ажилдаа удаан догдолж чадсангүй. Ажил эхлээд нэг долоо хоног ч өнгөрөөгүй байхад ээж маань ходоодны хорт хавдартай гэж сонстох нь тэр. Зүрх шимшрээд ирэв.
Ингээд би Сүвон Чэжү хоёрын хооронд ирж очингоо ээжийгээ асарч, гараа сарвайтал л ажиллаж байлаа. Аль болох хурдан ээжийнхээ хагалгааны зардлыг бүрдүүлж, эхнэр хүүхдээ Солонгос руу авчирч хамт амьдрахыг хүслээ. Ашгүй ээжийн маань хагалгаа амжилттай болж, дараа жилээс нь эхнэр хүүхэдтэйгээ хамт тохилог байшинд амьдрах боломжтой ч боллоо.
Одоо л нэг аз жаргалтай байна байхдаа гэж бодсон. Тэгтэл миний төсөөлснөөс эсрэгээр эхнэр маань мэдэхгүй хотод танил талгүй, ганцаараа үр хүүхдээ харж ханддаг өөрийг нь тоосонгүй гэж цаг үргэлж стресстдэг боллоо. Би ч гэж би, найз нөхөдтэйгөө уулзаж учран, шөнө орой болтол хөгжилдөөд л өөрийн мэдэлгүй ганцаараа байдагтаа их дассан байлаа. Эхнэр хүүхдээсээ уучлал гуйсан ч муу зуршлаа амархан засаж чадахгүй байлаа.
Эхнэр маань хүнд хэцүү ганцаардмал цаг хугацааг тэсвэрлээд л байлаа. Хөршөө дагаад Бурханы сүмд явдаг болсноосоо хойш эхнэр маань хүү бид хоёрт сайхан хандаж, их итгэл сүсэгтэй байх болсон нь намайг “Сүмд явдаг хүн ийм л баймаар даа” гэж бодоход хүргэлээ. Хэдэн сарын дараа би эхнэрээ дагаад Бурханы хүүхэд болох ерөөл хүртэв. Би өөрийгөө эртнээс л итгэл сүсэгтэй болох хэрэгтэй гэж бодож, эхнэрээ гомдоож байсан надад дургүйцсэн шинж харуулахгүй байгаа эхнэртээ баярласнаа илэрхийлэх л юм бодож байлаа.
Тэгтэл үүнээс хойш хэдэн жил хичээж ирсэн бүхэн маань нуран унасан тул миний зан авир эвдрэв. Юм бүхэн буруугаар эргэсэнд эхнэрийн буруу байгаагүй л дээ. Тэгтэл би түүний сүм энэ тэрийг нь буруутгаж байлаа. Эхнэр маань надаас Алгасал баяр тэмдэглэ гэж гуйхад нь би бизнесийн боломж эрж хайна гэдгээр шалтаглан Хятад руу явж эхнэрээ зовоож байсан юм.
Эхнэрээ зовоож байгаад ярилцаж зөвлөх ч үгүй Хятад руу явж, бизнесийнхээ асуудалд хэт автаж байсан үе л дээ. Тэгтэл нэг өдөр эхнэр маань над руу залгаж, надаас “Хэрэв чи ганцхан жил амьдарч чадахаар байгаа бол яах уу? Мэдээж гэр бүлийнхэнтэйгээ л амьдрана биз дээ?” гэж асуух нь тэр. Тэгэхэд нь нэг л хачин санагдав. Ингэхэд гэр бүл гэж юу юм? Хайр гэж юу юм? Амьдрал гэж ер нь юу юм? Миний буруу байж магадгүй гэж би анх удаа л бодов. Гэр бүлийнхээ төлөө их мөнгө олж, амжилтанд хүрэхийг хүссэн ч үнэндээ би гэр бүлдээ ач холбогдол өгч нэн түрүүнд тавьж байгаагүй юм байна лээ. Салхины араас хөөцөлдөөд байсан бололтой.
Тэгсэн хэр нь Солонгос руу шууд буцаж явлаа гэлээ гэхэд нөхцөл байдал тийм хурдан өөрчлөгдөхгүй юм шиг санагдсан хэвээр. Ямар ч шийд гаргалгүй, цаг хугацаа өнгөрсөөр л. Би Солонгосын намрын баяр болох Чусог баярын үеэр Солонгост ирээд эхнэрээсээ Библи зааж өгөхийг гуйлаа. Библиэс л нэг арга зам олох гэсэн хэрэг л дээ. Мөргөлийн үеэрх сургаал хэцүү сонсогддог байсан чинь одоо харин би үгэнд төвлөрч, анхаарлаа хандуулж, улмаар зүрх сэтгэлдээ шингээлээ. Амьдралын утга учир, хүмүүний үүрэг, амьдралд хандах хандлага, сүнслэг ертөнцийн зүй тогтол, хайртай хүмүүстэйгээ хөтлөлцөөд явах ёстой тэнгэрийн орон, тийшээ хэрхэн очих уу, энэ бүх үнэнийг зааж өгсөн Эцэг Эх Бурхан гээд л. Бүгд л Библид гэрчлэгдсэн байлаа. Эргэлзэх арга алга. Тайвшрахын зэрэгцээ зовов. Амьдралд хэрэгтэй юм бүхэн яг миний өмнө байсаар байхад би зөвхөн дээгүүр нь л эргэлдээд байж.
“Би Бүтээгч Бурханы хүслийн дагуу амьдаръя. Эцэг Эх энэ бүх үгийг хөвгүүд охидынхоо төлөө л айлдсан байж таараа. Эцэг Эхдээ итгээд дагаж чадна шүү дээ.”
Ийнхүү өдөр бүр сургаал сонсож, Бурханы үг сурч, Бурханы хуулийн дагуу мөргөлүүдээ ч тэмдэглэлээ. Сионд үйлчлэх боломж л гарвал би ханцуй шамлан ажилладаг байлаа. Сионыхон “Ерөөл их аваарай” гэж мэндэлдэг болохоор Бурхан нээрээ л надад өдөр өдрөөр бялхам их ерөөл өгч байжээ гэж мэдэрсэн. Хэн нэгэнд итгэж найдах нь ийм их итгэл төрүүлнэ гэж би мэдсэнгүй. Шуналаа ялан дийлсэн чинь орлого багатай байсан ч илүү их инээж хөөрдөг боллоо. Муу зуршлуудаа ч би удалгүй больсон. Хатуу ширүүн авир, ярих байдал маань өөрчлөгдөж, тайван зөөлөн болсон байлаа. Миний энэ өөрчлөлт надтай арван жилийн дараа уулзаж байгаа үеэлийг маань бүр гайхашрууллаа. Юу юу болсон талаар намайг түүнд тайлбарлахад тэрээр тэр даруй шинэ амиар төрөв.
“мөн чиний сайн сайхны төлөө өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий тушаал, зарлигуудыг дагаж мөрдөхийг л шаарддаг бус уу?” Дэд.Хуу 10:13
Үнэхээр Бурханы үг бидний л сайн сайхны төлөө байжээ. Үг үнэн юм байна гэдгийг биеэрээ мэдэрсэн хэдий ч хэрэгжүүлэхэд хэцүү нэг зүйл надад байсан нь авралын зар тараах. Урьдын надтай адилхан энэ ертөнцөд тэнүүчлэн байгаа хүмүүсийг тэнгэрийн орон руу хөтлөхөөр сайн мэдээний ажилд бие сэтгэлээ зориулах ах эгч дүү нарыг хараад сэтгэл хөдөлдөг ч өөрөө сайн мэдээ тараах гэхээр дэндүү хэцүү санагдаж байлаа. Тэглээ гээд юу ч хийлгүй зүгээр суугаад байлтай нь биш. Олигтой ярьж чадахгүй ч гэлээ гэр бүлүүдээ дагаад явлаа. Найз нөхөд, танилуудтайгаа таарчих вий гэж айна. Бас миний хариулж чадахгүй юмыг асуучих вий гэж түгшинэ.
Энэ талаар нэг юм хийх ёстой гэж бодогдлоо. Тэгээд түр зуур ч болов суух л юм бол би илтгэлийн номоо нээж, элэгдтэл нь уншина. Дахин дахин унших тусам баттай үнэнд нэг л мэдэхэд миний сэтгэл өөрчлөгдөх нь тэр.
“Би ямар гэмт хэрэг хийсэн ч биш. Бурханы үнэ цэнэтэй үгийг л тунхаглаж байна даг. Юундаа айдаг юм? Юундаа эргэлзээ вэ?”
Ингэж бодоод би танилынхаа хүрээнд Бурханы үгийг чадах ядахаараа тунхаглалаа. Нэг их яриа хөөрөө сайтай хүн би биш байсан ч тэнгэрийн алдагдсан гэр бүлүүд маань үнэний үнэ цэнийг ойлгосон юм. Нэг өдөр хятад хүнтэй харилцаж чаддаггүй нэг гэр бүл над руу утасдаж тусламж хүсэв. Нөгөө хятад хүн нь утсаар удаан хугацаанд сайн мэдээ сонссоныхоо дараа үнэнийг шууд хүлээн авсан. Нэг сүнс Бурханы өмнө гэмшиж, дахин төрөхийг нь харах бүрдээ би Улаан тэнгисийг хуваасан гайхамшиг харах шиг л догдолно. Ертөнцөд ямар ч ажил хийж байхдаа мэдэрч байгаагүй ийм баяр хөөр, урам авч байгаа юм шиг мэдрэмж өдөр бүр үргэлжилсээр л байгаа.
Хол тусдаа амьдраад ганц хүүгээ хэрхэн өсөхийг би харж чадаагүй хүн шүү дээ. Хамт амьдарснаасаа хойш ч хүртэл хүү нь юу хүсдэгийг, юу хэрэгтэйг мэддэггүй аав байж дээ. Идэх цагтаа идэж, унтах цагтаа унтаж байхад л аяндаа өснө гэж боддог байсан ч хүүхэд өсөж торних арга энэ биш байсан юм билээ. Өглөө нүдээ нээх мөчөөс эхлээд шөнө унтах хүртлээ хүүд маань юм бүхэн дээр ээжийнх нь байнгын хайр халамж хэрэг болж байсан юм байна лээ. Нэг хоёр өдрөөр л ийм байх биш, өсөж томрох хүртлээ өдөр бүр ийм байсныг яана.
Үүгээр дамжуулан би “Хайр болоорой” гэсэн Библийн сургаал нь бидэнд Эхийн сэтгэл байх ёстой гэсэн үг юм байна гэдгийг ухаарсан даа. Бурханы үг сонсохгүй байгаа хүмүүсийн төлөө өвдөг сөгдөн, нулимс дуслуулан залбирч, тэдний сэтгэл нээгдэж, сүнсний авралын зүй тогтлыг ойлгоосой гэж бороотойд ч, цастайд ч тунхаглаж, тэднийг Эхийн зүрх шимшрэм уйтгар гунигийг ойлгохыг нь хүлээх гээд энэ бүхэн нь хайр хэрэгжүүлэх арга зам, тэнгэрийн гэр бүлийн үүрэг, амьдралын маань чиг хандлага гэдэгт итгэж байна.
Энэ ертөнцөд олон хоног үлдээгүй бол би юу хийх ёстой вэ гэж хааяа боддог. Эхийн замыг дагаж чадаж байгаадаа би баяртай байдаг төдийгүй их талархдаг юм. Хожим хэн нэгэн миний амьдралын тухай асуувал “Би жаахан хожимдож ойлгосон л доо. Гэвч би тэгснийхээ ачаар бүр ч илүү үнэнчээр хайрлаж чадсан юм даа” гэж хэлмээр байна. Тийм л амьдралаар амьдрахыг үнэхээр их хүсэж байна.
Хайр гэж юу байдгийг, юунд чин сэтгэлээсээ талархах ёстойг, ямар аз жаргалыг хайх ёстойг маань мэдүүлж өгсөн Эцэг Эхдээ талархаж байна. Таны хүүгийн хувиар намайг аврах гэж урт удаан хугацаанд хүлээсэн золиос, ивээлийг тань хоосон болгохгүйн төлөө нэг сүнс аврах ариун үүрэгтээ бие сэтгэлээ зориулах болно оо. Энэ дутуу ядмаг хүүдээ Ариун Сүнсний хүч чадал соёрхон өгөөрэй.