WATV.org is provided in English. Would you like to change to English?

Шинэ Үйлс номны гол дүр болохыг хүснэ

Бүгд Найрамдах Доминикан улс, Сантьяго де лос Кабаллерос/ Сун Хе Жү

7,404 үзэлт

“Эзэн минь, хэрэв би тэнгэрийн хаанчлалд орж л байвал юу ч байсан хийх болно. Тиймээс надад авралын баттай итгэл өгөөч.”

Сүмд тууштай явсан хэр нь аврал авсандаа итгэдэггүй байсан миний байнгын залбирал энэ байлаа. Би хүүхэд байхын л тамд орно гэхээс үхтэлээ айж, янз бүрийн семинар, магтан дууны чуулган, үүрийн залбиралд алгасалгүй оролцдог байв. Өдөр бүр Библи хуулж бичин, хэзээ нэгэн цагт тэнгэрийн хаанчлалын бат итгэлтэй болно гэж хүлээдэг байлаа.

Өвлийн нэг хүйтэн өдөр би үнэнийг тунхаглаж яваа хоёр тэнгэр элчтэй таарч Амралтын өдөр, Алгасал баяр гээд олон зүйлийн талаар сонсох нь тэр. Би тэр даруй шинэ амийн ерөөл авч, өдөр бүр Сионд очин хичээл үздэг байв.

Библи судлах тусам авралд итгэх итгэл минь нэмэгдэж байлаа. Үнэнийг би дотроо нуухыг хүсээгүй тул хэн нэгэнд хэлэх л юм бол бүгд хүлээж авах юм шиг санагдаад эргэн тойрныхондоо тунхаглаж эхлэв. Гэтэл миний бодож байснаас ялгаатай нь хэн ч сонсохыг хүссэнгүй, харин ч бүр намайг Амралтын өдөр тэмдэглүүлэхгүй гэж саад хийх болов.

Сүнслэг сорилтон дунд би нулимс дуслуулан, Амралтын өдөр сахихид минь туслаач хэмээн өдөр бүр Бурхандаа залбирдаг байлаа. Бурхан миний залбирлыг сонсоод, саад хийж байсан гэрийнхний маань зүрх сэтгэлийг эргүүлэн, итгэлийн амьдралаа сахихид минь тусалж байв.

Асар том уул даван гарсны эцэст сайн мэдээнд тэмүүлэх хүсэл сэтгэл минь буцалж эхлэв. Үнэнийг хүлээн авснаас хойш бий болсон гадаад сайн мэдээнд явах хүсэл мөрөөдөл минь улам бүр нэмэгдсээр. Боломжгүй зүйл огт байхгүй гэж би бодсон. Яагаад гэхээр үнэн сэтгэлээсээ гуйх л юм бол Бурхан бүгдийг нь сонсож өгдгийг өөрийн биеэр мэдэрсэн болоод тэр л дээ. Ийн итгэсэн маань төд удалгүй биеллээ олж билээ.

Тунхаглахаар очсон эхний газар маань АНУ-ын Нью-Йорк хот байлаа. Өмнө нь сонсож байсанчлан Нью-Йорк гэр бүлүүдийн эрч хүч, хүсэл тэмүүлэлд татагдаж би маш хөгжилтэйгөөр сайн мэдээ тунхаглах болов. Аз жаргалтай цагийг өнгөрөөж байхдаа хүний амьдралын чухал үйл явдал гэж болох хуримаа хүртэл хийлээ. Тэгээд нөхөртэйгөө хамт Хойд Каролинагийн Роли хотод очиж амьдрахаар болов. Роли Сион нь богино хугацааны тунхаглалын үеэр хайж олсон гурван итгэгчтэйгээр эхэлсэн гэр сүм байв.

Гэр сүмийн амьдрал том сүмд байх үеэс тэс өөр юм билээ. Тэр үеийг хүртэл би баяр болохоор л сүмд очиж, арга хэмжээ байвал оролцдог бусдыг аялдан дагалдсан чиг хандлагатай байсан юм. Харин гэр сүмд бол баяртаа бэлтгэнэ, хоолоо хийнэ, гэр бүлүүдээ анхаарч халамжилна гээд бүх л ажлыг гардан хийх хэрэгтэй болно. Бусдыг аялдан дагалддаг байсан хүн хамаг ажил толгой дээр ирэхийн цагт төдийг хүртэл Сионд хичнээн ая тухтай өнгөрүүлж ирснээ ухаарсан даа. Намайг Сионд Бурханы үгээр тэжээн тэтгэж, өсгөж өндийлгөх гэж золиос амссан Бурханы болон ах эгч дүү нарынхаа чинхүү сэтгэл, зүтгэл, хайранд талархахгүй байхын аргагүй.

Ролигоос Вилмингтон руу, Вилмингтоноос Пенсильван руу, Пенсильванаас дахин Роли руу гээд сайн мэдээний ажлаар нүүж суусаар 2 жил ард хоцров. Биднийг Ролид буцаж ирэх үед өмнө нь арав ч хүрдэггүй байсан итгэгчийн тоо 60 болж өссөн байлаа. Гэр бүлүүдийн тоо улам нэмэгдсээр бүр 100 гаран гэр бүлтэйгээ хамт гэр сүмд мөргөлөө тэмдэглэнэ. Гэр сүмийн байр хэтэрхий жижиг, шат, коридор гээд хамаг зайгаа ашигласан ч хангалтгүй байв. Төд удалгүй Ролид үзэсгэлэнтэй ариун газар байгуулагдлаа. Гэр бүлүүд маань баярласандаа хашхирч, тугал мэт харайлгаж байсан нь одоо ч тодхон санагдаж байна.

Гайхалтай дурсамж тээсээр Бурханы хөтлөлөөр бид Америкийг орхиж, Шинэ Үйлс ном бичихээр одоо Бүгд Найрамдах Доминикан улсад ирээд байна. Энд ч мөн үнэний гэрлийг хүлээсэн олон хүн байгаа нь лавтай.

Нэг өдөр би Доминиканийн Валверде мужийн төв хот Маод тунхаглаж явахдаа нэг эгчтэй уулзсан юм. Тэрээр Мао дахь сургуулийн ерөнхий менежер байж таарав. Тэрээр сургуулийнхаа багш, сурагчдад Эх Бурханы үнэнийг танилцуулж өгөхийг хүссэн тул бид танилцуулгын материал болон сүмийн танилцуулгын кино бэлтгээд сургууль руу нь явлаа. Тэр өдөр 150 гаран хүний өмнө үнэнийг тунхаглаж билээ.

Тэгэхэд сургуулийн менежерүүдийн нэг үнэнийг сонсоод сэтгэл нь хөдөлж “Энд сүм шиг сүм байхгүй ээ. Маод Бурханы сүм байгуулагдаж, бүгдээрээ аврагдаасай” гэж билээ.

Түүний хэлсэн үгийг сонсоод бид Доминикан улсад юу хийх ёстойгоо илүү тод ухаарсан юм. Бурханы сүм Маод төдийгүй Доминикан даяар байгуулагдаж, тэнгэр Эхийн болон тэдний хүслийн дагуу олон хүн аврагдаасай хэмээн бид чин сэтгэлээсээ залбирч байгаа.

Би Бурханы дуудлагын дагуу сайн мэдээний аянаа үргэлжлүүлэн, гайхалтай нандин цаг мөчийг мэдэрсэн. Ах эгч дүү нарынхаа хоол хүнсэнд хэрэглэх материал цуглуулахаар зах руу том үүргэвч, тор аваад гарна. Тэгээд захаас автобусанд суун Сиондоо ирнэ. Ачаа ихтэй явах амаргүй ч гэлээ би ядрахаасаа илүү баярлаж, талархдаг байлаа. Хэдийгээр өөрийгөө Эхтэй харьцуулж зүрхлэхгүй ч хоол хүнс зөөх бүрдээ би ядуу буурай сүмийн эхэн үед хүүхдүүдээ хооллох гэж шуудайтай хүнд төмс толгой дээрээ үүрч явсан тэнгэр Эхийн замаар жаахан ч атугай алхаж байх шиг санагддаг юм.

Заримдаа би ах эгч дүү нараасаа намайг чимхэж өгөөч гэж хачирхалтай зүйл хүсдэг л дээ. Учир нь зүүд үү, бодит уу гэмээр зүйл ганц нэгээр дуусахгүй ээ. Над шиг нүгэлтэн сайн мэдээний үйлчлэгч болж, Бурханы удирдаж байгаа авралын үйл хэрэгт оролцож байгаа маань яг л зүүд зэрэглээ мэт.

Тэнгэр Эцэг Эхийн яруу алдар Доминикан улсын бүх хүнд тунхаглагдах өдөр тун холгүй байна. Долоон тэрбум хүнд сайн мэдээ тунхаглагдаж гүйцэх тэр өдрийг хүртэл сайн мэдээний замаар алхахаа зогсоохгүй ээ, би. Тэнгэрт бичигдэж байгаа Шинэ Үйлс номны гол дүр болж үүрд мөнхөд үлдмээр байна аа.