WATV.org is provided in English. Would you like to change to English?

Сүүлчийн боломж

Ким Шин Хён / Солонгос, Гуанжү

72 Үзсэн тоо

Жирисан уул болон Сомжинган гол хоёрын хооронд байрладаг Гүре аймаг нь илжгэн чихээрээ алдартай. Гэвч бороо их орсноос болоод Сомжинган голын дагуух далан нурж, илжгэн чихний тариаланд ихээхэн уршиг тарив. Илжгэн чихний модыг хамгаалж, үлдсэн модноос нь илжгэн чихний ургац хураахын тулд бушуухан нөхөн сэргээх ажил хийх хэрэгтэй байтал дараалсан хэт халуунаас болоод настай хүмүүс олон цагаар гадаа ажиллах амаргүй байлаа.

Бурханы сүмийн ASEZ WAO ажилчин залуу сайн дурынхан хүнд хэцүү нөхцөлд байгаа Гүрегийн тариаланчдад туслахаар очив. Халуун цаг агаарыг ажралгүй тосгонд нь туслахаар ирсэнд талархаж, тосгоны дарга биднийг халуун дотноор угтан авлаа.

Өргөн уудам тариан талбайн бараг бүх мод нь унасан харагдаж байлаа. Бүрэн сэргэх хүртлээ нэлээн хугацаа орох шинжтэй. Тариаланчид дангаараа хийж дийлэх ажил биш байлаа. Өндөр настай тариалангийн эзэд нь модоо хамгаалах гэж оролдсон ул мөр харагдавч яагаад ч юм орхисон байлаа.

Туйлын хүнд үер болсны дараа ч хүртэл зарим модноос нь маш том ногоохон илжгэн чих ургасан харагдана. “Энэ нөхөн сэргээх ажил бол ирэх жилийн ургацын сүүлчийн боломж байгаа юм” гэж нэг хүн хэлж байна лээ. Түүний үг бидний чихэнд цуурайтаж, бид тэдгээр мод ургацаа сайн өгч, илжгэн чих их ургана гэдэгт найдаад ханцуй шамлан ажиллаж гарлаа.

Бид ажлаа хувааж авав. Нэг хэсэг маань хугарч унаж өмхөрсөн мөчир болон бөгтийж дахин шулуун болохоосоо нэгэнт өнгөрсөн мөчрүүдийг нь тайрахаар болж, нэг хэсэг нь амьд мөчрүүдээс нь шавар шавхай, шороо тоосыг арилгах, нэг хэсэг нь талбайг шүүрдэж гарсан том жижиг хогийг нь шуудайлан тариан талбайгаас гадагш нь зөөхөөр боллоо.

Халуун цаг агаар бидэн шиг залуу хүмүүст ч хүртэл хөлс цутгаж амаргүй байхад тариачдын нэг нь огтхон ч амсхийхгүй бидэнтэй цуг ажилласаар байлаа. Бид түүнд санаа зовж жаахан амар гэтэл тэрээр “Сайн дурынхан та нар хувцсаа шавар шавхай болгон, хүнд гялгар цаас зөөж, ингэтлээ уйгагүй махран ажиллаж байхад би яаж амрах билээ?” гээд бидэнд талархав.

Шударгаар хэлэхэд хэрвээ манай Сионыхон хамтдаа ажиллаагүй байсан бол улайссан халуун наран дор би л лав энэ ажлыг дуусгаж чадахгүй байх байлаа. Хэдийгээр бид ядарсан ч гэсэн бусдадаа сөргөөр нөлөөлөхийг хүсээгүй тул харин ч бодлоготой урмын үгээр нэг нэгнээ дэмжин, урам өгч байсан юм. Сэтгэлээр унаж гутарсан тариаланчдад туслах үүрэг даалгавартайгаар хүн бүхэн нүүр дүүрэн инээж ажилласан нь үнэхээрийн сэтгэл уярам байлаа.

Бидний нэгдмэл байдал, анхаарал халамжаараа сэргээн босгосон тариан талбайд ирэх намар илжгэн чих сайн ургаж, настангуудын сэтгэлийг амраана гэдэгт би итгэж байна.