Манайх нүүх гэж байгаа болохоор би шөнө дөл болтол гал тогооны өрөөгөө цэгцлэв. Хамгийн сүүлд хөргөгчөө цэвэрлэнгээ хуванцар лонхонд юу байгааг харах гээд онгойлгов. Тэр агшинд саван доторх юм гэнэт “пүн” гээд хүчтэй оргилж гарч ирэв. Дээх нь исгэсэн бөөрөлзгөний шүүс сагаж асгах нь тэр.
Гал тогоо тэр аяараа, шал таазгүй нил улаан хүрэн бөөрөлзгөний шүүс болов. Ёстой л бөглөө гэнэт мултарна гэгчээр юм болов. Тэр гэнэтийн нөхцөл байдалд би яахаа мэдэхгүй чичирч байлаа. Зочны өрөөнд зурагт үзэж байсан нөхөр маань гал тогоо руу гүйн ирээд гайхаж орхив.

Тэрээр нөхцөл байдлыг хурдхан ойлгож, асгарсан зүйлийг цэвэрлэхээр алчуур шүүрч авав. Нөхөр маань хүүхдүүдээ сэрээхгүй гэсэндээ чимээ гаргалгүй гэтэж байсан боловч лонх мултрах дуу нэлээн чанга байсан тул гүн нойрондоо байсан охидууд маань цочин, өрөөнөөсөө гарч ирцгээв. Тэд намайг тайвшруулж, аавдаа гал тогоо цэвэрлэхэд нь хамжилцав. Гэрийнхнийхээ тусламжтайгаар гал тогоо хуучин хэвэндээ орсны дараа би сая нэг тайвшрав.
Тэр өдөр гэрийнхэн маань намайг их тайвшруулсан юм даа. Шөнө дунд миний гаргасан чимээнд нөхөр, охид маань гомдоллосон ч үгүй, бас уурласан ч үгүй. Харин ч эмх замбараагүй байдлыг үг дуугүй цэвэрлэж, өөрсдийнх нь буруу аятай байсан нь намайг тайвшруулж билээ. Миний хийх ёстой ажлыг хийсэн гэрийнхнээ өрөвдөж, бас баярлаж билээ.
Энэ явдал надад гэр бүлийн ач холбогдлыг гүн гүнзгий мэдрүүлэх боломж олгосон юм даа. Хэзээ ч, юу ч тохиолдсон бай хамаагүй түшиж найдаж, хайрлаж чаддаг хүмүүс бол ёстой нэг гэр бүлийнхэн л юм даа.