Нэг өдөр би өвөөтэйгөө цуг үдийн хоол идэх зуураа харилцааны хамгийн чухал зүйлсийн талаар ярилцаж байлаа. Би хүн хоорондын харилцаанд юу чухал гэж бодож явдгаа хэлэхэд өвөө маань надад эрт дээр үеийн нэгэн явдлаасаа хуучилсан юм.
Манай аавыг төрүүлэхээс өмнө өвөө эмээ хоёр тархины гажигтай нэгэн хүүтэй байсан юмсанж. Эмч хэлэхдээ хүүг нь нэгээс долоо хоног, их удлаа гэхэд хоёрхон долоо хоног л тэснэ гэж гэнэ. Өвөөгийн хамгийн их шаналсан зүйл нь хүүгээ үхэхийг хараад эмээгийн сэтгэл яасан их эмтэрч, урагдах бол гэдэгт байж. Тэгээд эмээг зовоохгүй гэсэндээ эмээтэй огт ярилцалгүйгээр хүүгээ нэлээн зайдуу байдаг хүүхэд асран хамгаалах төв рүү явуулжээ. Түүнээс хойш эмээг өөрөөс нь нэг л дөлөөд байгааг өвөө анзаарч л дээ. Өвөө маань хүүгээ холдуулсандаа өөртөө гутаж байвч хүүгээ үхэхийг харах зовлон эмээд амсуулахгүй байя гэж шийджээ.

Яг тэр үеэр нярайн хэвтэн эмчлүүлж байсан төв үйл ажиллагаагаа зогсоож, хүүг гэрээс нь зургаахан минутын зайтай өөр нэг төвд шилжүүлсэн байна. Энэ байдлыг санамсаргүй тохиолдол биш гэж бодсон өвөө маань хүүгээ очиж асрахаар ганцаараа явдаг байж. Гэсэн ч өвөөгийн хүчин зүтгэлээс үл хамааран хүү нь дордсоор л байсан гэнэ.
Нэг өдөр өвөөг гэртээ ирэхэд эмээ үүдэнд зогсоод “Би явж хүүгээ асарна. Чи намайг зогсоож чадахгүй, зогсоох ч ёсгүй!” гэж хэлээд шууд л тэр байгууллагын зүг гүйчихэж. Өвөө ч араас нь дагаад гүйж.
Тэр цагаас хойш өвөө эмээ хоёр өдөр бүр хүүгээ очиж асардаг болжээ. Хүү нь бие даан юу ч хийж чадахгүй, эмээ маань ч хүүгийхээ дэргэд байгаадаа тун их баяртай байх болжээ. Өвөө эмээ хоёрт тэр цаг үе шиг нь баяртай, жаргалтай үе байгаагүй гэнэ. Цаг үргэлж дэргэд нь байж, чин сэтгэлээсээ асран тойлсон ээжийнхээ хайраар хүү нь яг л гайхамшиг гэмээр 18 жил амьдарсан гэнэ лээ.
Өвөө яриагаа дуусгаад надад ингэж хэлсэн юм. “Хүн хоорондын харилцаа холбоо гэгч чухал л даа. Гэхдээ хүүгээ хайрлах хайр л биднийг нэгтгэсэн.” Өвөөгийнхөө ийн хууч хөөрөхийг сонсоод би тэнгэр Эхийн агуу хайр, тэнгэр Эцэгийн уужим сэтгэлийг ойлгохтойгоо болж билээ. Тэнгэр Эцэг маань тэнгэр Эхийг туйлын ихээр хайрласан тул хүүхдүүддээ төдийгүй тэнгэр Эхийн аз жаргал, амар амгаланд санаа нь зовж байж. Тэгээд л Эцэг маань Эхийг зовоохгүй гэсэндээ асар их өвдөлт, зовлонг тэсвэрлэсэн юм байна. Гэвч бидний тэнгэр Эх үр хүүхэд бидэнгүйгээр амьдарч чадахгүй тул хүүхдүүдээ л гэх хайр халамж, санаа зовнилоор дүүрэн байж. Эцэст нь Эхийн үр хүүхдээ гэсэн хайрыг юу ч зогсоож дийлээгүй аж. Эх хүнд төрүүлсэн үр нь хөгжлийн бэрхшээлтэй байна уу, дүйнгэ байна уу, чадваргүй байна уу гэдэг нь огтхон ч хамаагүй. Гагцхүү ээж хүний хамгийн дээд баяр баясгалан нь үр хүүхдийнхээ дэргэд байх. Тэнгэр Эх минь бидэнтэй л хамт байх гэж, биднийг л аврах гэж энэ дэлхийд ирсэн байна шүү дээ. Золиосын замаар алхсан тэнгэр Эхийнхээ хайраар бид эдгэрэн, шинэ амь олж авсан.
Бидний амьдралд хамгийн чухал хүмүүс бол тэнгэр Эцэг Эх маань. Елохим Бурханы хайрыг ухаарсан энэ мөчид би одоо зоримог шийдвэр гаргаад байгаа. Би Эхтэйгээ цуг Эцэгийн суугаа тэнгэрийн эх нутагтаа аль болох хурдхан буцаж очихын тулд бүхнээ дайчилна аа. Тэнгэрийн хаанчлалд тэнгэр Эцэг, Эхтэйгээ хамт аз жаргал, инээд хөөрөөр бялхах тэр өдрийг тэсэн ядан хүлээж, ах эгч дүүстэйгээ эв эетэй нэгдмэл байж, дэлхий дээрх сайн мэдээний үүргээ бүрэн гүйцэд биелүүлэх хүүхэд нь болно оо, би.