Амь руу хөтлөх Эхийн залбирал

Лаче Гаррайн Бэриэн, АНУ NY Нью Виндсор

13,089 үзэлт

Бурхан энэ ертөнцийн амийг бүтээхдээ үр хүүхдээ төрөх хүртэл эх нь хэвлийдээ тээдэг байхаар бүтээсэн. Ээжийгээ нэг ч удаа харж байгаагүй хэрнээ хэвлийд нь байх хугацаандаа хүүхэд ээжийнхээ дуу хоолойг сонсоод таньдаг.

Бидний сүнслэг амьдрал ч, тэнгэр Эхийг ухаарсан маань ч үүнтэй адилхан гэж бодогдоно. Эх маань миний сүнсийг төрүүлж, миний төлөө залбирч, цаг үргэлж намайг боддог гэхээр энэ нь санамсаргүй тохиолдол биш гэдэгт би бат итгэдэг. Эх минь намайг энэ дэлхийд төрөхөөс ч өмнө үргэлж надтай хамт байж, бүхий л амьдралыг минь удирдан залж, эцэст нь намайг Өөр рүүгээ хөтөлсөн. Эхдээ талархах сэтгэлээр Сионы үнэрээ хуваалцах гэсэн юм.

Би найман настай байлуу даа, орондоо унтах гээд хэвтэж байхдаа ингэж бодож байсан удаатай. “Энэ ертөнц жинхэнэ юм болов уу эсвэл зүгээр л зүүд юм болов уу” гээд л. Мөн үхсэний дараа юу тохиолдох бол гэсэн сониуч зан төрдөг байж билээ. Тэгээд үхсэний дараа юу ч байхгүй гээд бодохоор л сэтгэлээр унадаг сан.

Манай гэр бүл бараг л сүмд явдаггүй байсан ч би багаасаа л Бурханы хайрыг хайдаг байсан. Ахлах сургуульд ороод ээжээсээ сүмд явъя л даа гэж шалдаг болсон. Бурханы талаар маш их зүйл мэдэхийг хүссэндээ тэгсэн ч ямар ч сүмд очсон Бурханыг зөв зүйтэй дагаж байна гэсэн бодол төрөөгүй л дээ. Бурханы хүүхдийн хувьд би юу хийх ёстой юм бол, би буруу зөрүү яваад байгаа юм биш байгаа, миний сахих ёстой Бурханы хууль байдаг болов уу гэж их бодож эргэцүүлдэг байлаа. Энд тэндхийн олон сүмийн хүмүүстэй уулзаж, очиж үзсэн ч ямар ч нэмэргүй, энэ сүмд л явъя гэсэн сүм байгаагүй юм.

Тэгсэн ч Бурханыг хайх эрлээ би зогсоогоогүй юм. Намайг ахлах сургуулиа төгсмөгц ээж маань Гүрж улсад байдаг найзындаа намайг нэг сар байлгахаар явууллаа. Тэр айлынхан гэрээрээ бүгд л Бурханд итгэдэг, протестант сүмд явдаг гэдэг боловч байнга л хэрүүл маргаантай, бие биенийхээ алдааг шүүмжилж, нас биед хүрсэн хүү нь ч гэсэн зөв амьдралаар амьдардаггүй байлаа. Тэгсэн мөртлөө тэдний гэр бүл ням гараг болонгуут л протестант сүмийн алдартай пастор гардаг TV хөтөлбөр үзэнгээ намайг ч бас хамт үзэхийг санал болгодог байв. Гүржид байх хугацаандаа би тэр пастораас гадна католик сүмийн санваартнуудын талаарх цуу яриа сонссон юм. Хэрэв тэр нь үнэн бол тийм юм хийж байгаа хүмүүс яаж Бурханы хүмүүс байх билээ гэсэн эргэлзээ төрж билээ.

Нас биед хүрээд, би хэцүү зүйлтэй их тулгарсан. Амьдралд хүнд хэцүү юм болох бүрийд уйлан байж Бурханд залбирдаг байв.

“Бурхан минь, би Таныг мэдээгүй юм шиг байна. Би үнэхээр Таныг мэдмээр байна.”

Бурхан хол байдаг гэж бодохоор л сэтгэлээр унаж, гол харлаж байсан юм. Эргээд харахаар тийм бодол яагаад төрдөг байсныг мэдэхгүй ч яагаад ч юм би өөрөө Бурханыг мэдэж чадахгүй нь гэж бодоод Бурханыг мэдэхийг их хүссэн л дээ.

Бурхантай ойр байхын тулд өдөр бүр Библи уншиж байтал тэнгэрийн хаанчлал явахын тулд баптисм хүртэх ёстой гэдгийг олж уншсан юм. Баптисм хүртэж байгаагүй болохоор ёстой мэл гайхаж, цэл хөхрөв. Библийн үгийг дагамаар санагдсан ч ямар ч хамаагүй сүмд баптисм хүртэхийг бас хүсээгүй юм. Хэзээ нэгэн цагт Бурханы үгийг дагадаг зөв сүм олохоороо баптисм хүртэнэ гэж шийдлээ. Тэгээд дахин Библи уншиж байтал энэ удаад 1Коринт 11-р бүлэгт толгойн алчуурыг онцолсон талаар олж уншив. Толгойны алчуурын зарлигийг дагаж, Библийн дагуу үйлддэг сүм хаана ч байхгүй гэсэн бодолдоо сэтгэл тавгүйтэж, яах ч учраа олохгүй байлаа.

Хэд хоногийн дараа нөхөр маань Бурханы сүмийн хүмүүстэй уулзаж, Илчлэл номны зөгнөлийг үзсэн гээд, Хурганы Сүйт бүсгүй байдаг талаар ярьж өгөв. Нөхөр маань Илчлэл номыг яг уншиж байсан болохоор нэлээн догдолсон шинжтэй байсан. Хоёр долоо хоногийн дараа нөхөр бид хоёр Бурханы сүмд очсон юм. Манай гэрээс гуравхан минутын зайд сүм байсанд үнэхээр гайхаж билээ.

Бурханы сүмд ортол биднийг маш халуун дулаанаар угтаж авав. Янз бүрийн үндэстний хүмүүс байсан ч бүгд инээмсэглэл дүүрэн, нөхөр бид хоёрыг чин сэтгэлээсээ дайлахад нь яг л өөр ертөнцөд ирсэн мэт санагдсан сан. Тэр газар үнэхээр үзэсгэлэнтэй, хайр бялхсан газар байлаа. Нөхөр маань Библийн үг үзэхээсээ өмнө хэдийн тэндхийн уур амьсгалд автчихсан байв. Одоо бодохнээ нөхөр бид хоёр тэгэхэд Сионд тэнгэр Эхийн хайрыг л мэдэрч байсан байх.

Библиэр дамжуулан гэм нүглийн уучлал авах аргыг ухаарч, бид огтхон ч эргэлзэлгүйгээр баптисм хүртэв. Тэр үед толгойны алчууртай залбираад сууж байсан эгч дүүсийг харсан юм. Толгойны алчуурны зарлигтай холбоотой Библийн ишлэл санаанд орж, Бурхан надад яг үнэн зөв сүмээ олж ирлээ гэж мэдрүүлэх мэт сэтгэл тайван болж билээ.

Тэр өдрөөс хойш нөхөр бид хоёр өдөр бүр Сион руу явдаг болсон. Сионы гэр бүлүүд үнэхээр нэг ам бүл шиг байлаа. Библи үзэнгээ мэдэх болсон Бурханы тушаалуудыг тодорхой эрэмбэ дараалалтай сахиж, Амралтын өдрийг ч тэмдэглэсэн. Тэнгэр Эцэг биднийг аврахаар энэ газар хоёр дахиа ирсэн гэдэгт маш их гайхсан даа. Ийм гайхалтай үнэн ингээд хажууханд минь байсан гэхээр итгэхийн аргагүй байв. Бурхан миний залбиралд хариулсан мэт санагдаж, талархахаас өөр арга байсангүй.

Зарим үед өөрийн бодол санаа, мэдлэгтээ тулгуурлан эргэлзэж, сэтгэл үймэрч байсан ч тэгэх тусам Библиэр баталгаажуулж байв. Сионы гэр бүлүүд ч миний сэтгэл санааг зоригжуулж, хичээнгүйлэн Библи зааж өгсөн дөө. Бурханы үг судалж, сурах тусам хичнээн төгс гэдгийг ухаарч, Библид гэрчилж буй энэ үеийн Аврагч нь Сүнс болон Сүйт бүсгүй гэдгийг баттай мэдэж чадсан юм. Тэгтлээ хайж байсан Бурхантайгаа эцэстээ би уулзсан билээ. Яавал энэ үнэний үгийг ар гэрийнхэн, хөршдөө дамжуулах вэ гэдгээ бодох бүрд сэтгэл минь баяр хөөрөөр дүүрдэг.

Үнэнийг хүлээж авахаас өмнө би Бурханыг хайрладаг байсан хэдий ч заримдаа бүгдийг хайрлагч Бурханы хайрыг бус, зөвхөн намайг хайрлах хэн нэгний хайрыг ч хүсэж байсан. Хичнээн мунхаг байсан юм бэ дээ. Тэнгэр Эцэг Эх минь дэлхийн сууриас өмнө намайг сонгоод, хэмжээлшгүй их хайраар хайрласан байтал би тэр хайрыг нь мэдээгүй явж дээ.

Надад байгаа бүх зүйл Эхээс ирсэн билээ. Амь соёрхон өгч, Сионд байлгасан Эхдээ талархаж байна. Бурхан доторх зөв шударга амьдрал юу гэдгийг ухааран, шинэ амьдралыг олсон болохоор хуучин зуршлаа хаяж, дахин төрөхийн тулд хичээх болно оо. Юу ч биш намайг эцсээ хүртэл хайрлаж, аварч өгсөн Елохим Бурхандаа чин сэтгэлээсээ талархаж байна.