Бүү шархлуул, бүү шархал

Хүн ер нь илүү ойр дотны хүн байх тусмаа амархан шархалж, шархлуулах хандлагатай байдаг. Бие биенээ шархлуулдаггүй эв эетэй айл гэр байя гэвэл нэг нэгдээ санаа тавьж, ойлгох сэтгэл хэрэгтэй.

377 Үзсэн тоо

Биеийн гэмтэж бэртсэн хэсгийг шарх гэдэг. Бие махбод төдийгүй сэтгэл зүрх ч мөн өвдөж шархална. Сэтгэлийн шарх нь бие махбодод үүссэн шархнаас ялгаатай нь нүдэнд харагдахгүй болохоор анзаарагдахгүй байх нь элбэг. Нүдэнд харагдах алив шарх бол эмийн эмчилгээ хийхэд л анина. Харин сэтгэлийн шархыг өөрөө эдгээнэ гэдэг хэцүү.

Нэгэн найрагчийн “Шархлаагүй сэтгэл гэж байна уу?” гэсэн мөр шиг амьдралдаа нэг ч удаа сэтгэл нь шархалж үзээгүй хүн гэж байхгүй. Яг эсрэгээрээ бусдын сэтгэлийг нэг ч удаа шархлуулаагүй хүн ч мөн байхгүй. Бусадтай харилцах харьцааны явцад байнга л хэн нэгнийг шархлуулж, хэн нэгэнд шархалж, түүнийгээ эдгээх үйл явцыг амьдрал гэхэд хэтрүүлэг болохгүй биз ээ.

Хэн нэгнийг гомдоож шархлуулах амархан. Харин тэр шархыг эдгээхэд цаг хугацаа, хичээл зүтгэл шаардлагатай. Шарх хэр гүн гэдгээс шалтгаалан хэдэн өдөр, хэдэн сар ч үргэлжилнэ. Насан турш эдгэдэггүй шарх ч гэж бий. Бүр дордвол эрхэм нандин нэгнээсээ харилцаа тасарч ч мэдэх юм. Тиймээс хайртай дотны хүмүүстэйгээ урт удаан, аз жаргалтай амьдрахын тулд шархлуулахгүй байх дасгал хийхээс гадна шарханд нь санаа тавьж, эдгээх хэрэгтэй.

Шархлуулахгүйн тулд зайгаа барьж, заагтай бай

Бяцхан хүүхдүүд ч аав ээждээ сэтгэл нь шархалж байдаг. Эхнэр нөхрийн маргаан, хүүхдүүдээ ялгаварлах, хэт сахилгажуулах, алаг үзэх, хүүхэддээ уураа гаргах, бусад хүүхдүүдтэй харьцуулах зэрэг нь хүүхдийн сэтгэлийг гүн шархлуулдаг. “Чи дандаа л миний дургүй зүйлийг хийх юм аа!”, “Чамд олигтой хийж чаддаг юм байна уу?” Эцэг эхийн энэ мэт буруутгасан өнгө аястай үг хүүхдийн сэтгэлийг төдийгүй тархийг гэмтээдэг аж.

Хүүхдүүд ч мөн аав ээжийнхээ сэтгэлийг шархлуулдаг. “Чусон илбун” сонины газраас “Хүүхдүүдээсээ сонссон хамгийн сэтгэл шархлам үг” гэсэн судалгаанд дунд насны 205 хүнийг хамруулан явуулжээ. Уг судалгааны дүнд 1-р байранд “Аавтай (ээжтэй) яриа нийлдэггүй” гэсэн үг орсон байв. Аав ээжүүд гэдэг сэтгэл нь шархалсан ч гаднаа төдийлөн илэрхийлдэггүй болохоор ихэнх хүүхдүүд эцэг эхээ гомдоож шархлуулснаа мэдэхгүй байх нь энүүхэнд. Гэвч хайртай хүүхдээсээ олсон сэтгэлийн шарх гэдэг хичнээн хөндүүр байх бол оо.

Шархлах шархлуулахын тухайд эхнэр нөхрүүд ч мөн ялгаагүй. Зөрчил маргаантай байдаг хосуудын ихэнх нь сэтгэлийн шарх сэдэрснээс болж харилцаагаа сэргээхэд хүндрэлтэй болсон байдаг. Сэтгэлд нэг суусан сэв өчүүхэн асуудал үүсэх төдийд хэрүүл маргаан дэгдээж, дахиад л шарх үлдээнэ. Тухайн хэрүүл маргааны асуудал мартагдсан ч үгнээс болсон сэтгэлийн шарх тийм ч амар эдгэдэггүй.

Гэр бүл гэдэг сэтгэлийн шархыг нь боож, нэг нэгнээ тайвшруулдаг газар хэдий ч тэр чинээгээрээ сэтгэл шархлах эх үндэс ч болж мэдэх юм. Ингэхэд ойр дотно хүмүүс бие биенээ шархлуулдаг учир юу юм бол? Хүн ер нь хэн нэгэнтэй ойр дотно болохоороо тэр хүнээ өөрийнхөө нэг хэсэг гэж боддог байна. Өөрөөр хэлбэл тухайн хүнээ өөрөөс чинь өөр сэтгэлгээтэй хувь хүн гэдгийг мартаж орхидог.

Сэтгэл ямар байгаагаа хэлээгүй байсан ч таны сэтгэлийг танай гэрийнхэн ойлгодог байхыг, таны хүссэнээр байхыг хүсэхэд хүргэдэг хандлага эндээс л эхтэй. Тиймдээ ч хаяа ойр дотныхондоо хүндлэлгүй ярьж, бусдад огт хэлдэггүй хатуу ширүүн, муу муухай үг хэлж орхидог. Яаж ч харьцсан бай нэг гэрийнхэн юм чинь намайг ойлгоно гэж бодож, нэг ам бүл юм чинь энэ зэргийн юмыг хүлцэн тэвчих ёстой гэсэн буруу үндэслэл гэрийнхний чинь сэтгэлийг сэвтээж шархлуулдаг юм шүү.

Ойр дотныхноо шархлуулахгүй байхын тулд тодорхой сэтгэл зүйн орон зай, зааг байх хэрэгтэй. Хичнээн ний нуугүй нэг гэр бүлийнхэн ч гэлээ хэлж болохгүй үг, давж болохгүй шугам гэж бий. Энэ нь сэтгэлийн хувьд ойр дотно харилцаандаа зай барьж, заагтай бай гэсэн утга биш, харин нөгөө хүнээ хүндэлж, түүнд ч мөн сонгох эрх чөлөө байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн утга юм. Сэтгэл зүйн орон зайгаа зүй зохистой барьж, тодорхой заагтай байж чадвал хэлэх үг, хийх үйлдлээрээ тэднийгээ шархлуулчих вий гэдэгт болгоомжлон, тэр ч байтугай яавал тэдэндээ илүү санаа тавих талаар ч боддог болно.

Нөгөө хүнийхээ өвдөлтийг адилхан мэдэрч, уучлалт гуй

Хүмүүс ерөнхийдөө өөрийнхөө л шархалсныг бодоод явахаас биш, өөрөө бусдыг яаж шархлуулснаа төдийлөн ухаардаггүй. Бусдын сэтгэлийг шархлуулснаа мэдээд байгаа ч сэтгэлдээ төдийлөн тээгээд яваад байдаггүй. Тэгэх нь бүү хэл “Би чамайг шархлуулаагүй шүү”, “Иймхэн юмнаас болж гомдоод байгаа юм уу?” гэж өөрийгөө өмөөрөх юмуу эсвэл “Ийм өчүүхэн юмыг ч ойлгохгүй байна гэж үү?” гээд харин ч бүр гомддог. Хэрэв гомдоосон хүн чинь бухимдсан хэвээр байхад түүнд гомдоллож, хэргээс зайлсхийгээд байвал энэ нь жинхэнэ асуудал болно. Уг нь өөрийн чинь үзэл бодол биш чухал биш, харин нөгөө хүн шархалж гомдсон нь асуудал шүү дээ.

Үнэндээ өөрөө хэн нэгний сэтгэлийг шархлуулснаа хүлээн зөвшөөрнө гэдэг амар юм биш. Санаанд ч ороогүй байж байтал нөгөө хүн өөрөөс чинь тавгүйтвэл шударга биш, гомдолтой санагдана. Гэвч санаатай ч бай, санаагүй ч бай өөрөөс чинь болж сэтгэл нь шархалсан хүн байвал буруугаа хүлээн зөвшөөрч, харилцаагаа сэргээхийн тулд хичээх хэрэгтэй. Өөрийн тань санаандгүй хэлсэн ганц үгэнд тухайн хүн шархалсан бол уучлал гуйх нь зүйн хэрэг. Хүн ер нь ойр дотно харилцаатай байх тусмаа сүртэй юм биш мэтээр зүгээр өнгөрөөх энүүхэнд. Гэтэл ингэвэл нөгөө хүн тэр чигээрээ сэтгэлээ хаах тохиолдол их.

Чин сэтгэлээсээ уучлалт гуйх нь сэтгэлийн шархыг нь эдгээж, бүр сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Уучлал гуйхдаа шууд л “Намайг уучлаарай” гэхээс илүүтэй гаргасан алдаагаа ухаарсныг тодорхой хүлээн зөвшөөрөх нь илүү үр дүнтэй байдаг. Тэгэхийн тулд нөгөө хүнийхээ үгийг нухацтай сайн сонсох ёстой. Шархалсан хүний гомдлын үгийг сайн сонсох нь тэр хүний сэтгэл бага багаар нээгдэхэд тустай.

Хэдийгээр нөгөө хүн чинь буруугаар ойлгосон байсан ч яриаг нь тасалж тайлбар хийх гэхийн оронд ярьж дуустал нь чимээгүйхэн сонсож өгөх нь чухал. Хэлмээр үг байсан ч гэсэн нөгөө хүнийхээ үгийг бүгдийг нь сонсож дууссаны дараа хэлэхэд оройтохгүй. Ямар хариу хэлэхээ дотроо бодонгоо яриаг нь дуусахыг хүлээвэл зөв өнцгөөс сонсож чадахгүй. Юуны өмнө сайн анхаарч сонсоорой.

Нөгөө хүнийхээ яриаг сайн анхааралтай сонсвол тэр хүн юунаас болж шархалсныг мэдэж чадах төдийгүй шархалсан сэтгэлийн өвдөлтийг нь ч мэдэрч чадна. Хүн ер нь өөрийг нь сайн ойлгож, гомдоосондоо чин сэтгэлээсээ уучлал гуйдаг хүндээ сэтгэлээ нээхгүй байна гэж байхгүй.

Уучлал гуйхын хүч бодсоноос тань ч илүү хүчтэй. Уулчлалт гуйсан ганцхан үгэнд бугласан шарх эдгэж ч мэднэ. Уучлал гуйна гэдэг ялагдал биш. Харин ч сэтгэл дэх гүн шарх эдгээх гайхалтай эм төдийгүй таны хувьд эрхэм нандин нэгэнтэй харилцах харилцаагаа сайжруулах зоригтой алхам.

Сэтгэлийн дархлаагаа дэмж

Хүмүүс ерөнхийдөө шархалж гомдохоороо сэтгэл санаагаар унаж, дүгнэж тунгаах, өөрийгөө хянах чадвараа алддаг. “Яаж надад ингэж хандаж чадаж байна аа?” гэж бодохоос л гомдолтой санагдаж, уг шалтгааныг гаргасан хүнд уурлан, бүр гомдлынхоо хариуг авна гэсэн өш хонзон өвөрлөхийг нь яана. Гэвч өөрөө зовсны хэрээр нөгөө хүнээ зовоолоо гээд өөрийн зовлон арилах болов уу? Хэн нэгнийг нэг үзэн ядаад эхэлбэл тэр хүн нь зөв үг хэлсэн ч эсэргүүцэх сэтгэл төрж, зөв юм хийсэн ч дургүйцнэ. Ингэхийн хэрээр шархаа улам гүн болгодог хүн нь өөрөө. Хамгийн муу нь цаашдаа тэр хүнтэйгээ харьцах харилцаагаа дахин сэргээж чадах боломж бүр л холдоно.

Хэн ч гомдож шархлахыг хүсдэггүй. Гэвч хожим надад юу болохыг, бусад хүмүүс надад юу гэхийг, надад хэрхэн хандахыг урьдчилан таамаглах аргагүй шүү дээ. Тийм байдалд хийж чадах зүйл бол гомдож шархлах тухайд дархлаагаа өсгөхийн тулд хичээх явдал юм.

Яг адилхан тохиолдолд зарим хүн гомдож шархалж байхад зарим хүн тэгдэггүй. Энэ нь шархалж гомдох шалтгаан ямар нэг нөхцөл байдал, тухайн хүний үг, үйлдлээс зөвхөн болдог биш, мөн тухайн хүний хүлээн авч байгаа сэтгэлийн байдлаас болдгийг харуулж байгаа хэрэг. Өөрөөсөө өөр хүмүүсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, тэгэх зайлшгүй шалтгаан байсан байх гэж бодох, хэт их хүлээлт найдвар бий болгодгоо багасгах, бусдын байр сууринаас бодох, сэтгэл хөдлөлөө барих, нөхцөл байдлыг бодитойгоор харах гээд энэ бүхэн сэтгэлийн дархлаагаа сайжруулахад тань үр дүнтэй байдаг.

Үнэн хэрэгтээ өдөр тутмын амьдралд тохиолддог гомдол шарх голдуу хар муу санаагаар, зориудаар биш, зүгээр л өчүүхэн зүйлээс эхлэлтэй байдаг. Нөгөө хүн чинь муу хүн учраас биш, харин тэрээр өөрийнхөө сэтгэл хөдлөлд үнэнч байж, бусдад хараахан санаа тавьж сураагүй, эсвэл өөр бодолтой, өөр байр суурьтай, эсвэл өөрийгөө илэрхийлэх чадвар муутай учраас тэр аж. Янз бүрийн хүмүүстэй хамт амьдарч л байгаа хойно иймэрхүү нөхцөл байдалтай тулгарахаас ч өөр аргагүй.

Яаж хүлээн авч, яаж эдгээж байгаагаас хамаараад шарх биднийг илүү томоожуулан төлөвшүүлж, сэтгэлийн хаттай болгодог. Тийн төлөвших тусам гомдоллох шархлахын тухайд таны хандлага ч хавьгүй уян хатан болно. Хэн нэгэнд дургүй чинь хүрч, зэвүүрхэж үзэн ядвал ямар ч ажил хийсэн ажлын бүтэмжгүй, улмаар баяр хөөр, аз жаргал ч холдоно. Ингэхэд жигшил зэвүүцэл, уур хилэн дунд цаг хугацаа, энерги эрч хүчээ зарцуулахад бидний амьдрал дэндүү хайран, дэндүү ахархан биш гэж үү? Өчүүхэн зүйлээс болж шархалж байснаас өчүүхэн зүйлд ч талархаж, сэтгэл зүрхээ уужуу тайван байлгацгаая.

“Шархлахгүй байя гэвэл хэнийг ч бүү хайрла” гэсэн үг шиг хайр гэгч хэзээд л гомдол шарх дагуулдаг жамтай. Хайр зөвхөн сайхан сэтгэл төрүүлдэг биш, өвдөлт шаналалыг ч даван туулах учиртай амлалтын нэг төрөл. Хичнээн их гомдож, гомдоож, шархалж шархлуулж байсан ч болзолгүйгээр хайрладаг хүмүүс бол яах аргагүй гэр бүл биш үү? Бат бөх харилцаатай гэр бүл нэг нэгнээ хайрлахаа больдоггүй. Харин сэтгэлийн шарх болон зөрчил маргааныг даван туулах арга зам л хайсаар байдаг. Нэг нэгнээ халамжлан санаа тавьж, хайртай гэдгээ байнга харуулах үед танай гэр ямар ч шархыг эдгээж чадах ертөнцийн хамгийн халуун дулаан сууц болно.