Олон нийтийн сүлжээний аюулгүй байдал нь хаалгаа түгжихтэй адил чухал

Олон нийтийн сүлжээний хэт их хэрэглээ нь санаанд оромгүй золгүй байдал дагуулж болно. Олон нийтийн сүлжээг аюулгүй байдлын талаарх нарийн мэдлэгтэйгээр, ухаалгаар, аюулгүй байдлаар ашиглацгаая.

12,547 үзэлт

Олон нийтийн сүлжээ гэдэг нь Facebook, Twitter, Kakao Story, Instagram, Band, YouTube гэх мэтээр хүмүүс бусадтай мэдээлэл харилцан солилцож, өөр хоорондоо чөлөөтэй харилцах замаар олон нийтийн сүлжээ буюу нийгмийн харилцаа бий болгохын тулд ашигладаг виртуал орон зай, онлайн платформ юм. Ухаалаг утасны тархалт нэмэгдэхийн хэрээр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглах боломжтой болж, улмаар орчин үеийн хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг болоод байна.

Солонгосын нэгэн портал сайтаас 693 хүнийг хамруулан “Олон нийтийн сүлжээний ашиглалтын хэв маяг ба ашиглалтын төлөв байдал” гэсэн судалгаа хийжээ. Нийт хариултын 91,3% олон нийтийн сүлжээ ашигладаг байсны ашиглаж буй зорилгын тухайд 63,2% нь бусадтай харилцахын төлөө, 60,7% нь төрөл бүрийн мэдээлэл судалгааны чиглэлээр, 46,9% нь уйдаагаа гаргах зорилгоор, 38,6% нь өдөр тутмын амьдралаа бичиж хуваалцах, мэдээлэх зорилгоор, 23,2% нь арга хэмжээнд оролцох зорилгоор, 7,7% цаг үеэсээ хоцрох гэж байгаа юм шиг санагдсандаа хэрэглэдэг гэсэн үзүүлэлт гарчээ.

Энэхүү судалгааны үр дүнд харуулж байгаачлан хүмүүс хаана ч, хэзээ ч өөр хоорондоо интерактив байдлаар холбоо тогтоож чадах учраас олон нийтийн сүлжээнд сэтгэл татагдана. Олон нийтийн сүлжээгээр нэг нэгэнтэйгээ мэнд мэдэнгээ аливааг бусдын байр сууринаас адил мэдэрч, хариу үзүүлэх байдлаар сэтгэл хангалуун болж, өөрсдийгөө нийгмээс тусгаарлагдаагүй, харин харилцаагаа жигд хадгалж үлдэж байгаа гэдэгтээ итгэлтэй байдаг байна.

Харин энэ нь зоос хоёр талтай байдгийн адил гаднаа харагдаж байгаа ашиг тусын цаана дутагдалтай сул тал байсаар байгаа юм. Олон нийтийн сүлжээнд ямархуу аминд халтай урхи занга нуугдаж байдгийг, мөн олон нийтийн сүлжээг хэрхэн зөв ашиглах талаар олж мэдэцгээе.

Арилж баларшгүй дижитал ул мөр

Олон нийтийн сүлжээ бол мэдээллийн далай. Хэрэглэгчид олон нийтийн сүлжээндээ нийтлэл, зураг, бичлэг байршуулах, мөн бусдын аккаунтаар нэвтрэн орж, тэдний оруулсан нийтлэл зэргийг хялбархан олж мэднэ. Олон нийтийн сүлжээнд ямар нэг зүйл байршуулна гэдэг бол үүнийг бусадтай хуваалцахад зүгээр гэсэн утга юм. Гэтэл асуудал нь нэгэнт байршуулсан л бол тэдгээрийг зөвхөн ойр дотны танил нөхөд нь хуваалцах юм биш.

Фейсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг нууцлалын эрин үе дууссан гэж зарласан байдаг. Олон нийтийн сүлжээний тархалтын хурд хувь хүний мэдээллийг улам бүр илчилсээр байдаг байна. Нэр, нийгмийн аюулгүй байдлын дугаар, хаяг, холбоо барих мэдээлэл, ашиг сонирхлын талбар, айл гэрийн санхүү эдийн засгийн цар хэмжээ, үнэ цэнэ, хүүхдийн сургууль, шилжилт хөдөлгөөн, хувийн холбоо хамаарал, байршил гээд хэрэглэгчдийн олон нийтийн сүлжээнд дэлгэсэн мэдээллээс болон өөр хүний хуудас руу хандсан түүхээр дамжуулан олж авах боломжтой зуу гаруй төрлийн хувийн мэдээлэл байдаг байна. Энэ нь цахим хэрэглэгчид жаахан тав тух эдэлж, таашаал авахын тулд олон нийтийн сүлжээний компаниудад хамаг мэдээллээ өгөхөд бэлэн байсных нь үр дүн юм.

Олон нийтийн сүлжээний алив үйлдлийн ул мөр “cookies” /күүки файл/ гэж нэрлэдэг нүдэнд харагдахгүй дижитал ул мөр компьютерт болон ухаалаг утсанд үлддэг. Энэ нь тухайн хэрэглэгч онлайн байхдаа юу хийснээ болон ерөнхий мэдээллээ янз янзын компанид хүлээлгэж өгч байгаа хэрэг. Хэрэглэгч харин энэ талаар огтхон ч мэддэггүй. Тэр компаниудын байр сууринаас бол идэвхтэй хэрэглэгчид нь уг компаниудын мэдээллийн их санд нь материал нийлүүлж байдаг цалин мөнгөгүй ажилчидтай нь л адилхан. Үнэндээ интернет компаниуд болон тэдгээрийн зар сурталчилгаа нь хэрэглэгчдийн онлайн ул мөрийг тасралтгүй ажиглаж, тэдгээр ул мөрийг нь цуглуулах замаар асар их олз ашиг олж байдаг.

Цаг хугацааны эрхээр урагдаж алга болдог цаасан дээрх юм уу хуурцагт буулгасан аналог мэдээллээс ялгаатай нь дижитал ул мөр огт арилдаггүй. Үүнээс болоод олон нийтийн сүлжээнд байршуулсан постууд, зурагнууд хожим ил гарч, хэрэглэгчдийг нэлээн сандаргах нь бий. Хэдийгээр тэд тухайн үеийн зураг, тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө үнэнч байж, бичсэн нийтлэлдээ эвгүйрхэхгүй байлаа ч ер нь орчин нөхцөл өөрчлөгдөхөд тэдний сэтгэл санаа ямар нэг байдлаар заавал өөрчлөгдөж байдаг байна. Түүнээс гадна өнөөх күүки нь шошго шиг л дагаастай байдаг аж. Нэгэн цагт хэрэглэгчийн гараас нэг мултарсан дижитал мэдээлэл дэлхийгээр нэг хөвж, тухайн хэрэглэгч рүү ёстой л өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр буцаж ирнэ.

Эцэг эхчүүдийн олон нийтийн сүлжээний хэт хэрэглээ хүүхдүүдэд аюул дагуулдаг

Британийн нэр хүндтэй Chambers толь бичиг 2014 оны онцлох үгээр “overshare” гэсэн үгийг сонгосон байна. Энэ нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хувийн амьдралаа бусдад хэт задруулах гэсэн үг юм. Үүний зэрэгцээ “шэйрэнт” (sharent) гэсэн шинэ нэр томьёо гарч ирээд байгаа аж. Энэ нь “share” болон “parents”, гэсэн хоёр үгийн нийлэмж бөгөөд хүүхдийнхээ бүх зүйлийг өөрийнхөө аккаунт дээр нийтэлдэг эцэг эхийг ингэж хэлдэг байна. Ийм занг нь “шэйрэнтин” (sharenting) гэж нэрлэдэг.

Ингэж өдөр тутмын амьдралынхаа аар саарыг тайлагнах, хаа хамаагүй холын хүмүүстэй дурсамжаа хуваалцах, өөрийн хүүхдээ өхөөрдөм байсны төдийд аав ээж хүний мэдээлэл, санаа зовнилыг хуваалцах гээд хэт их пост оруулдагт нь шалтгаан мундахгүй. Энэ бүхэн нь тухайн хэрэглэгчийн санаанаас огт эсрэгээр, бүр сөрөг үр дагавар бий болгож мэднэ.

Солонгосын нэгэн ТВ нэвтрүүлэгт олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн бяцхан хүүхдүүд дээр нэгэн туршилт явуулсан байна. Олон нийтийн сүлжээнд байршуулсан нийтлэл зураг зэргээс хүүхдийнх нь тухай зарим нэг мэдээлэл олж авсан этгээд аав ээжийнх нь эзгүйд хүүхдүүдэд нь ойртон дотносож, тэдний хариу үйлдлийг шалгасан байгаа юм. Хүүхдүүд эхэндээ танихгүй хүн ингэж ойртоход жийрхэж сэрэмжтэй мэт байснаа төд удалгүй нөгөө танихгүй хүн нь өөрсдийнх нь тухай хэзээ хаашаа явсан, юу хийсэн зэргийг бүгдийг нь мэдэж байгааг мэдэнгүүтээ шууд тэр хүнд эргэлзэх эргэлзээгээ орхиж, улмаар тэр танихгүй хүнийг дагаж байв. Олон нийтийн сүлжээний үйлдэлд эерэг байр суурьтай байсан ээжүүд үүнийг хараад ёстой цочирдож байлаа.

Тэгтэл 2016 оны 10-р сард Канадын Алберта хотод амьдардаг байсан 13 настай Даррн Ранделл аав ээжийнхээ эсрэг зарга мэдүүлсэн байдаг. Учир нь аав ээж нь түүний багын зургийг постолж түүнийг ичээсэн аж. Мөн онд Австрид өсвөр насны нэг охин аав ээжийгээ цахим хуудсандаа тавьсан багынх нь зургийг устгахаас татгалзсаных нь төлөө шүүхэд өгчээ. Ихэнх нь л аав ээжийгээ олон нийтийн сүлжээнд хүүхдүүдийнхээ нүцгэн бие, хөтөвчтэй зураг, хөгжилтэй зурагнуудыг байршуулсныг буруутган заалдаж байсан аж.

Францад хүүхдүүдийнхээ зөвшөөрөлгүйгээр олон нийтийн сүлжээнд зураг байршуулсан эцэг эхэд нэг жил хүртэл хорих ял болон торгууль оногдуулдаг байна. Вьетнамд аав ээжүүд хүүхдийнхээ зөвшөөрөлгүйгээр зураг, бичлэг зэргийг өөрийн цахим хуудсанд байршуулбал шийтгэл хүлээх нэг шинэ хууль хэрэгжиж эхэлсэн байна. Хүүхэд аав ээжийнхээ нүдэнд өхөөрдөм хөөрхөн, хайр татам харагдаж байгаа хэдий ч угтаа бол хүүхэд ч мөн шийдвэр гаргаж, хувийн мэдээллээ хамгаалах эрхтэй бие даасан субьект юм. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ холбоотой агуулга цахим орчинд байршуулахдаа үүнийг ухамсарлаж, тэдгээр агуулгууд нь доромжилсон эсвэл аюул заналхийлсэн эсэхийг шалгаж нягтлах ёстой. Аав ээжүүдийн олон нийтийн сүлжээний хашир хэрэглээ хүүхдүүдийнхээ нууцлалыг хамгаалж болно.

Олон нийтийн сүлжээний аюулгүй, ухаалаг хэрэглээ

Солонгосын интернетийн аюулгүй байдлын агентлаг 2011 онд дотоодын 200 твиттер хэрэглэгч дээр судалгаа хийж, тэдний 63% нь хийх ажлын хуваариа, 83% нь байршлын мэдээллээ ил болгож байсан гэж мэдээлжээ. Тэд олон нийтийн сүлжээнд амралтын төлөвлөгөө, гэр бүлийн арга хэмжээ, амралтын газруудад авсан зургууд, тоглолт үзвэрийн тасалбар зэргээ яг тухайн цагт нь тодорхой бус, сайн мэдэхгүй үй олон хүнд дэлгэж орхино.

Үнэндээ АНУ-д нэг ийм хэрэг гарчээ. Нэг хулгайч амралтаараа гадагшаа явсан талаараа цахим сүлжээнд байршуулсан хүмүүсийн эзгүйгээр 20 айл ухсан байна. Англид 2011 онд ял эдэлж байгаа хулгайч нарын дунд явуулсан судалгаагаар тэдний 80 орчим хувь нь олон нийтийн сүлжээгээр хаалгыг нь эвдэж орох айлаа хайсан гэжээ. Байршил тогтоогчийг дуут фишингэд төдийгүй хулгай хийхэд ч ашиглах боломжтой байдаг аж. Учир нь хакерууд амралтаараа гадагш явсан хүний гэр бүлийнхний тодорхой байршлыг тогтоочихоод аюулаас гарахад нь яаралтай мөнгөн тусламж хэрэгтэй байгаа мэтээр гуйвал хүн амархан хууртах өндөр магадлалтай аж.

Олон нийтийн сүлжээ гэдэг нээлттэй өдрийн тэмдэглэлтэй л адилхан. Тиймдээ ч хэрэглэгчид бусдад өөрсдийгөө хэрхэн дэлгэж байгаагаа мэдэхгүй байхаас ч аргагүй. Үүнээс үүдэн зарим хүмүүс бүр бусдын анхаарлыг татан, хандалт их авахын тулд амьдралаа хуурч, хиймэл дүр үзүүлэх нь бий. Харин хэдийгээр олон нийтийн сүлжээ нь бусдын анхаарлыг татахыг хичээдэг орон зай байлаа ч өөрөөрөө бахархах болон болгоомжгүй сельфи хэрээс хэтэрвэл тэдгээр нь ойр тойрныхноо ядраах нь бий.

Түүнээс гадна хүн ер нь бусдын тансаг амьдралыг олон нийтийн сүлжээнээс байн байн хараад байвал өөрийнхөө амьдралыг тэднийхтэй харьцуулж, амьдралаа голж, амьдрал нь дутуу гацуу байгаа санагдана. Тасралтгүй ийм сөрөг мэдрэмж төрөөд байвал стресс бухимдал бий болоход хүрэх юм. Мөн олон нийтийн сүлжээнд бусдаас тусгаарлагдаж хөндийрөх вий гэсэн айдас болох “Алдахаас айх айдас” (Fear of Missing out) буюу FOMO синдромын шинж тэмдэг илэрч болно.

Бусдад харуулах амьдрал юм уу эсвэл бусдын өдөр тутмын амьдралыг атаархсан байдлаар харахад бүү төвлөр. Харин танд оногдсон цаг хугацаагаа л илүү үнэл. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд донтохоос сэргийлэхийн тулд ашиглах цаг хугацаа, ашиглах газраа хязгаарлаж, ямар төрлийн, хэр хэмжээний мэдээлэл цахим сүлжээнд хуваалцахаа сайтар бодож, шийдээрэй. Зөвхөн ойр дотны хүмүүстэйгээ хуваалцах боломж бүрдүүлэх үүднээс нууцлалын хязгаар тогтоох нь зүйтэй. Хуваалцахдаа өөрийнхөө хувийн нууцыг төдийгүй бусдын нууцлал, хүсээгүй зургийг задруулахаас болгоомжлох хэрэгтэй гэдгийг санаарай.

“Нийгмийн сүлжээнд хориг тавих” гэдэг нь сөрөг хандлагын үр нөлөөний улмаас олон нийтийн сүлжээ хэрэглэхийг зогсоох гэсэн үг юм. Мэдээллийн дагуу бол хэрэглэгчид нийгмийн сүлжээндээ хориг тавих хамгийн том шалтгаан нь тэдний “хувийн мэдээлэл алдагдах” явдал юм. Энэ нь мөн л мэдээллийн аюулгүй байдлыг ухамсарладаг хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг харуулж байгаа хэрэг.

Дижитал технологи хичнээн баялаг байлаа ч үүнийг хортойгоор ашиглах нь өөрийг тань болон гэрийнхнийг тань гэмт хэргийн бай болгож, аюулд учруулж байгаа бол ашиглахгүй байснаасаа дор. Хувийн мэдээллээ хамгаалахын тулд аж ахуйн нэгж байгууллага бүхэн идэвхтэй үйл ажиллагаа явуулах ёстой ч хэн хүнээс илүү хувь хэрэглэгч өөрсдөө аюулгүй байдлын талаар мэдлэг ухамсартай байх ёстой. Орон гэрээ аюулгүй байлгахын тулд хаалгаа нам түгждэг шиг цахим хаалганыхаа аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулцгаая.