Би туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэн бодохоор өөрийн эрхгүй ичиж, хүний өөдөөс эгцэлж харж чаддаггүй юм. Би их бардам, муу муухай ааш араншинтай хүн байсан л даа. Би амжилтанд хүрч, хүмүүсийн өмнө өөрөөрөө сайрхахыг л хүсдэг байлаа. Бүх зүйл миний төлөвлөснөөр явагдаж, алдаа бүтэлгүйтэл гэдэг зүйл надад огт байх ёсгүй гэж санадаг байлаа. Миний энэ муйхар гөжүүд занг хэн ч өөрчилж дийлдэггүй байв. Эргээд бодох нь ээ би нээрээ л тас харанхуй дунд амьдарч байж дээ.
Цаг хугацаа өнгөрөх тусам надад “Хоосноос хоосон агаад хоосны хоосон! Бүгд хоосон ажээ” гэсэн Соломон хааных шиг бодол төрж, хүний амьдралын утгагүй, хоосныг хамаг биеэрээ мэдрэх шиг болов. “Одоо үхчих л юм бол амьдрал дуусна. Дахиж хэзээ ч, ямар ч ажил хийх шаардлагагүй!” гэсэн гутранги бодол хүртэл орж ирж, тиймэрхүү янзтай гурав хонов. Гэнэт надад Бурханыг л олж мэдэх юм бол амьдралд минь шинэ итгэл найдвар төрөх юм шиг санагдаад, ерөөсөө сүмд явж Библи судалъя гэж шийдлээ.
Яг тэр үед хэн нэгэн над руу ирж, Ариун Сүнсний Сүйт бүсгүйн тухай ярьж өгөх нь тэр. Бурхан миний бодлыг яг таг уншиж байх шиг санагдаад би ёстой мэл гайхсан. Хүссэн зүйл минь ингэж биеллээ олов.
Сионы үүдээр орж ирэхэд анх уулзсан гэр бүлүүд надад угаасаа л миний гэр бүл юм шиг дотно санагдаж билээ. Нэг орой би нэлээн олон цагаар хичээл үзсэний эцэст үнэнийг ухаарч, баяр хөөртэйгөөр шинэ амиар дахин төрсөн дөө. Тэрнээс хойш би тэнгэр Эцэг, Эхийн жишээг дагадаг гэр бүлүүдийнхээ ивээлтэй үг яриа, үйлдлийг ажиглан өөрөө ч аяндаа өөрчлөгдөх болов. Урьд өмнө намайг таньж мэддэг байсан хүмүүс ч танихааргүй хэмжээнд миний үг яриа, үйлдэл зуршил тэгж их өөрчлөгдсөн. Елохим Бурхан хүссэн төрхөөрөө намайг өөрчлөхийн төлөө ертөнцийн сууриас зорилго төлөвлөгөө тогтоосон нь ёстой биширмээр юм билээ.
Би Бурханы үгийг шимтэн судалж, улмаар Аляск руу богино хугацааны тунхаглалд явсан. Тэнд очсон хойноо мөргөлийн үеэр төгөлдөр хуур тоглох ерөөл ч авсан. Миний дүү Валери ч бас сайн мэдээний мундаг үйлчлэгч болсон. Гэхдээ хамгийн ичгүүртэй нь юу гээч. Би Бурханаас тийм их ерөөл авчихаад байгаа хэрнээ сэтгэл ханаагүй юм. Цаг хугацаа өнгөрөх тусам би Бурханаас бүр том ерөөл, бүр олон үр жимс хүсээд байв.
Би өгөгдсөн орчин нөхцөлөө ч бодохгүй, илүү том ажил хариуцахыг хүсэж Бурханаас тасралтгүй шалж гуйдаг байв. Тэгээд өөрийнхөө төлөө юу хийх үү гэж бодохоос дотор давчдана. Би зөвхөн өөрийнхөө төлөө юу хийх вэ гэдэгт л хамаг анхаарлаа хандуулсан. Заримдаа бүр “Надад яагаад илүү их зүйл байж болохгүй гэж? Би яагаад илүү олон үр жимс гаргаж чадахгүй байгаа юм?” гээд л Бурханд гомдоллоно.
Тэгээд нэг өдөр би ер нь хэн болчихоод юу ч хийхгүй зүгээр л Бурханаас зоригтой гэгч нь юм шалж гуйгаад суугаа юм бол өөрийгөө эргэж харлаа. Би чинь ердөө л нэг тэнгэрт асар ноцтой нүгэл үйлдчихээд энэ газар бууж ирсэн нүгэлтэн шүү дээ. Гэтэл бүх сансар огторгуйн Хаан тэнгэр Эцэг хүүхдүүдийнхээ төлөө хамаг цусаа юүлэн байж амь өгсөн шүү дээ. Тэнгэр Эх минь хүүхдүүдээ олж, тэнгэрийн хаанчлалд нь буцаахын төлөө туйлын хүнд зовлонг тэвчин, өдөр бүр залбирдаг. Гэтэл би гэдэг хүн ер нь тэнгэр Эцэг Эх надаас юу хүсээ бол гэж, Тэднийхээ үүрсэн ачааг яаж бага ч болов хөнгөлөх үү гэж бодож үзсэн билүү. Алдагдсан ах эгч дүү нараа олохын төлөө Эхийн зүрх сэтгэлээр би ер нь хэдэн удаа залбирсан бол? Эхийнхээ сэтгэлийг ямар их шимширч байгааг ч ухаарах сөхөөгүй, зөвхөн амин хувиа хичээж явсан минь хичнээн ичгүүртэй хэрэг байгаа вэ.
Одоооноос ч болов би сайн мэдээний үйлчлэгчийн ажлыг зөвхөн өөрийнхөө төлөө ерөөл гуйх гэж биш харин тэнгэр Эцэг Эхдээ яаж туслах вэ гэж бодож хийнэ ээ. Энэ дэлхий дээр биднийг аврахаар ирсэн Эцэг Эхээ илүү хичээнгүйлэн тунхаглана аа.
Үнэнийг ухаарч, Бурханыг хүлээн авахаас өмнөх өнгөрсөн өдрүүдээ эргэн санахаар энэ зам миний хүсэл ч, миний сонголт ч байгаагүй, Бурхан л намайг удирдан чиглүүлж байсан юм билээ. Бурханаас авсан ерөөлүүдээ бодсон чинь сэтгэл огшиж байна.
Бурхан намайг хайрласан шиг би Сионыхоо бүх гэр бүлийг тэгж хайрлан, тэдэндээ үйлчилмээр байна. Тэнгэрийн хаанчлалд орох өдрийг хүртэл хуучин хүнээ тайлж, шинэ зүрхтэй болж, шинэ амьдралаар амьдрах болно оо. Алхах учиртай сайн мэдээний замыг минь ойлгуулсан тэнгэр Эцэг Эхдээ бүхий л яруу алдар, талархлын дээдийг өргөн барья.