Эхийн сургаал-6

“Бусдыг ажиллахгүй байна гэж гомдоллолгүй, өөрийн хийх ажилдаа л итгэмжтэй байцгаая. Эзний сэтгэлээр ажил хийх юм бол хэцүү биш баяртай сэтгэлээр хийж чадна.”

63,676 үзэлт

Бусад нь ажиллахгүй байхад ганцаараа ажиллах ёстой нөхцөл байдал ямагт гарч ирдэг. Тийм үед заримдаа бид “Тэр гэр бүл яагаад хийдэггүй юм бол?”, “Яагаад би ганцаархнаа ажиллах ёстой гэж?” гэх мэтчилэн бодох нь энүүхэнд. Харин Бурхан бидэнд ямар ч үед эзний сэтгэлээр хандах юм бол баяртайгаар ажиллаж чадна гэдгийг сургасан юм.

Талбайд ажиллах эзэн ба зарцын талаар авч үзье л дээ. Зарцын хувьд ургац хураах ажилд нэг их ач холбогдол өгөхгүй байх. Зарц хүн бусдаас ихийг хийчих вий гэсэн янзтай хүний нүд хариулж ажилладаг. Тэрээр зөвхөн эзнээ харахад л шаргуу ажиллаж байгаа дүр эсгэнэ. Цагаа л гүйцээвэл тогтсон цалин хөлсөө аваад дуусах юм чинь аргагүй шүү дээ.

Харин эзэн бол өөр өө. Эзэн цаг үргэлж ургацын тухайд сэтгэлээ чилээнэ. Яаж сайн ургац авахаа л бодож тунгаана. Бусдын нүдийг хариулах, бусадтай барьцсандаа ажлаа цалгардуулах тийм эзэн байхгүй байх. Өрөөл бусдын ажиллах үгүйгээс эс хамаарч өөрийн хийхээ шаргуу хийнэ. Хөлснийх нь дусал бүхэн өөрт нь үр өгөөж болон эргэж ирдгийг мэддэгтээ тэр шүү дээ.

Бид зарц биш, харин хүү. Тэнгэрийн хаанчлалыг өвлөн авах Бурханы өв залгамжлагчид. Одоо сайн мэдээний төлөө урсгаж байгаа хөлсний дусал бүхэн хожим тэнгэрийн шагнал болон бидэнд эргэж ирэх нь лавтай. Бид хожим авах шагнал болон ерөөлөө бодож, эзний сэтгэлээр ажиллах юм бол ямар ч ажлыг хэцүү гэлгүй баяр хөөртэйгөөр хийх юм.

Эдүгээ манай Бурханы сүм Библийн зөгнөл ёсоор хөгжин дэвжиж байна. Учир нь Бурхан Өөрийн биеэр энэ бүх сайн мэдээний ажлыг удирдаж байгаа шүү дээ. Хэн нэгэн хийх эсэхээс хамаарч биелэхээ больчих тийм ажил манай Бурханы сүмд нэгээхэн ч үгүй.

Тиймээс бусад гэр бүл ажиллаж байгаа эсэхэд санаа тавихын оронд дутуу дулимаг биднийг дуудаж, сайн мэдээний үүргээ бидэнд даалгасан Бурхандаа талархан итгэмжтэйгээр ажиллах хэрэгтэй. Бид ажилдаа эзний сэтгэлээр хандан итгэмжтэй хийхэд Бурхан баярлан, ивээл ерөөлөө бүх ч их хайрлах юм.

Тунгаах зүйлс
Эхийн сургаалын зургаад ямар сургаал байдаг вэ?
Эзний сэтгэлээр хийгээрэй гэсний учир юу вэ?