Эхийн сургаал-7
“Дургүйцэл дүүрэн байх нь бардам занг төрүүлнэ. Үргэлж талархах сэтгэлээр Бурханд үйлчлэх аваас дургүйцэл, бардам зан үгүй болж, даруу сэтгэлийг олох болно.”
Дургүйцэл нь сэтгэл хангалуун биш үед илэрдэг. Сэтгэл хангалуун байж чаддаггүй хүн байнга гомдол дургүйцэл өвөрлөдөг. Бурхан хичнээн сайхан нөхцөл өглөө ч тэрээр талархахаас илүүтэй дутуу талыг нь эхлээд хардаг. Харин Эх минь бидэнд дургүйцэл дүүрэн байх нь бардам занг төрүүлдэг гэж сургасан. “Тэгж хийвэл болохгүй юм сан”, “Миний арга барил илүү дээр”, “Надад ингэж хандаж уг нь болохгүй дээ” гэх мэтээр гомдоллох юм бол энэ байдал өөрийгөө бусдаас дээр, бусдыг өөрөөсөө доор гэсэн бардамнал үүсгэдэг юм. Бардам зан бидний сүнсийг сүйрлийн зүг чирдэг учир бид ямар ч нөхцөлд дургүйцэж гомдоллохгүйн төлөө хичээх хэрэгтэй.
Тэгвэл дургүйцэл гомдол өвөрлөхгүй байя гэвэл яах ёстой юм бол? Үргэлж талархах сэтгэлээр Бурхандаа үйлчлэхэд л болчихно. Сэтгэл хангалуун бус байдал нь гомдлыг, харин сэтгэл хангалуун байдал нь талархлыг төрүүлдэг учиртай. Бид тэрслүү нүгэл үйлдэн тэнгэрээс хөөгдсөн улс. Гэтэл Бурхан Өөрийн золиосоороо бидний нүглийг уучилж, аврал болон мөнхийн тэнгэрийн хаанчлалыг амласан. Уучлагдашгүй нүгэл үйлдсэн бидэнд хайрласан үлэмж их ивээл, ерөөлийг нь бодох юм бол бид ямар ч нөхцөлд сэтгэл хангалуун байж, Бурхандаа талархал өргөж чадах биш гэж үү? Зөвхөн талархахуйц нөхцөл өгөгдсөн үед л талархах бус, харин бүх зүйлд сэтгэл хангалуун, талархаж чаддаг болцгооё.
Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн. 1Тес 5:16-18
Мөн янз бүрийн нөхцөл байдлаар биднийг цэвэршүүлэн, төгс бүтээл болгон өөрчилж байгаа Бурханыхаа хүслийг ухаарах учиртай. Хэрвээ Бурханы эл хүслийг ухаарч чадахгүй, ямар ч нөхцөл байдалд гомдож дургүйцээд байвал төгс бүтээл болж яагаад ч чадахгүй, тэнгэрийн хаанчлалд ч орохгүй юм. Бүх зүйлд биднийг тэнгэрийн хаанчлалд оруулах гэсэн Бурханы хүсэл агуулагддаг. Бурханы эл хүслийг ухаарч ойлгох юм бол дургүйцэж гомдох нь байтугай өдөрт мянга түмэн удаа Бурхандаа талархал өргөсөн ч багадахгүй гэж үү? Ямар ч нөхцөл байдалд үргэлж Бурхандаа талархдаг байцгаая. Тэгэх аваас Эхийн айлдсанчлан дургүйцэл болон бардам зан үгүй болж, Бурханы хүсэж буй даруу төрхөөр бид дахин төрж, Бурханаас асар их ерөөл хүртэх болно.
- Тунгаах зүйлс
- Эхийн сургаалын долоод ямар сургаал байдаг вэ?
- Дургүйцэл болон бардам занг үгүй болгохын тулд яах ёстойг тунгаан ярилцаарай.