Гэр орон гэрэлтэхэд сэтгэл гэрэлтэнэ
Цэвэрлэгээ хийхийг залхуутай, халширмаар ажил гэж үздэг ч энэ нь хувь хүн, айл гэр, дэлхий ертөнцийг өөрчилнө.
“Гэрийн ажил дундаас жинхэнээсээ ядаргаатай ажил нь юу вэ?”
“Бие махбодын хувьд хамгийн хэцүү гэрийн ажил юу вэ?”
Саяхан Солонгосын “Gallup” байгууллагаас явуулсан санал асуулгаар гэрийн ажлын талаар дээрх хоёр асуултыг асуухад товчхондоо гэр цэвэрлэхийг хамгийн залхуутай, халширмаар ажил гэж авч үзжээ. Тиймээс хүмүүс гэртээ ирэхэд нь хэн нэгэн гэрийнх нь булан тохой гэлтгүй гялалзтал цэвэрлэсэн байгаасай гэж хүсэн, эсвэл амарч байх хооронд нь хэн нэгэн гэнэт гарч ирээд л тавиур, тавилганы тоос арчиж, хог шүүрдэж, шал угааж зүлгэн, гялалзтал цэвэрлэдэг ч болоосой гэж хүсдэг гэнэ.
Зөөлөн үрэхэд л хир толбыг нам арилгадаг хүчтэй угаалгын нунтаг, гэр цэвэрлэх нэг удаагийн чийгтэй даавуу, нарийн тоос нам сордог тоос соруулагч, товч дарах төдийд л гэрийг эргэн тойронгүй цэвэрлэх цэвэрлэгч робот гээд цэвэрлэгээг амар хялбар болгох зориулалттай олон бүтээгдэхүүн гарч байгаа ч гэр цэвэрлэх гэдэг таагүй ажил үүрэг хэвээрээ л байна.
Завгүй байгаад байдаг, гэтэл бас тав тухтай баймаар байдаг, дахиад л замбараагүй болчихно. Эсвэл энэ бүхнийг тоохгүй өнгөрнө, үгүй бол орхино. Энэ тэр олон шалтгаанаар цэвэрлэгээ хийх ажлыг хойшлуулсан ч гэлээ эцсийн эцэст яалт ч үгүй бууж өгч, ханцуй шамлаад л цэвэрлэгээндээ орохоос өөр аргагүй. Цэвэрлэгээнээс огт зугтах боломжгүй. Машин, хөргөгч, ор дэр, агааржуулагч, тэр бүү хэл гэр орон, ажил, сургууль, цэцэрлэг, зам талбай гээд бүгд л цэвэрхэн байх шаардлагатай.
Цэвэрлэгээндээ жаахан л хайхрамжгүй хандахад дорхноо заваарна. Тэгсэн хэр нь хамаг байдгаараа хичээж цэвэрлэлээ ч хэн ч анзаарахгүй. Цэвэрлэгээ бол хэзээ ч дуусахгүй, мөн хоол иддэгийн нэгэн адил өдөр тутмын үндсэн ажил мөн. Тэгвэл цэвэрлэгээ хийх гэдэг нээрээ тийм залхуутай, нүсэр ажил гэж үү?
Гэрэл гэгээтэй, тааламжтай газар эерэг энерги хуримтлагдана
Нэгэн машины цонхыг нь хагалаад орхижээ. Тэгтэл хүмүүс түүний аккумлятор, батерей, дугуй гээд тонож, сүүлдээ бүр сүйтгэж орхив гэнэ. Машин муухай болсон учраас гэмт хэрэг гарах нөхцөл бүрдэж л дээ. Үүнийг хагархай цонхны онол гэдэг.
1993 онд Нью Йорк хотын даргад сонгогдсон Рудольф Вильяам Луис Гиулиани аюулгүй байдлыг тогтворжуулах арга болгон энэхүү онолыг гаргасан байна. Тэрээр метроны буудлын ойролцоох гэмт хэрэг их гардаг газруудын ханын зураг, графит бичиг энэ тэрийг арилгах бодлого явуулж, тэр хавийг байнга цэвэр байлгав. Гэмт хэргийн гаралт их байдаг газруудыг бүр ч нямбай цэвэрлээд, хэдэн жилийн турш ханын зургуудыг арилгуулжээ. Үүний үр дүнд гэмт хэргийн гаралт 70%-иар буурч, иргэд метрогоор сэтгэл амар зорчих болжээ.
Дэлхийн гайхамшиг мөрөөдөл болсон Токио дахь Диснейланд бол цэвэрхэн гэдгээрээ алдартай. Амралт зугаалгын газар нь бүр газар унасан попкорноо аваад идэх хэмжээний тийм цэвэрхэн. Хамгаалагчид гэгдэх цэвэрлэгч нар нь тус тусын үүрэгтэй газраа зохицуулж, хуваарьтай газраа бохир болсон учраас цэвэрлэдэг биш, бохирдохоос урьдчилан сэргийлж цэвэрлэдэг байна. Хүсэл мөрөөдөл, найдвар гэгч зүйл эмх замбараагүй, бохир заваан газар огт биелэхгүй гэж итгэдэг итгэл үнэмшлээр хийдэг аж. Бизнесийн ийм ухаантай Токио Диснейланд нь жил бүр дунджаар 16 сая жуулчин хүлээн авдгаараа бахархдаг.
Аливаа нэг газрыг цэвэрлэхгүй бол тоос шороо овоорч, нян вирус үржиж, үнэр танар ордог. Шаардлагагатай зүйлс олохоор цагаа хий дэмий үрж, эрүүл мэндэд чинь ч аюул заналхийлэхэд хүрнэ. Хэрвээ тэр газар нь гэр чинь бол гэрийнхэн аз жаргалаас хол хөндий, хэрэв дэлгүүр, ресторан бол үйлчлүүлэгчид дайжна. Хэрвээ ажлын газар бол ажлын бүтээмж бууран, сургууль бол сурагчдын сурлагын амжилт буурна. Үнэндээ оюутнуудын 83 дотуур байр, түрээсийн өрөө болон 94 оффис дээр судалгаа хийсэн Техасын их сургуулийн профессор Самуэл Д.Гослинг цэвэрхэн өрөөнд амьдардаг хүмүүс эмх замбараагүй өрөөнд амьдардаг хүмүүсээс илүү үр дүнтэй, системтэй, бүтээлч байдаг хэмээн өгүүлсэн байдаг.
Цэвэр цэмцгэр байхын давуу тал, хүчийг ярьж Япон даяар зорчсон Масуда Мицухиро: “Их олон газраар аялаад явж байхад бохир заваан, эмх замбараагүй гэрт амьдардаг хүмүүсийн дунд гэр бүлийн хэрүүл маргаан, зөрчил тасардаггүй юм байна лээ” гэсэн байдаг. Тэрээр мөн бохир заваан өрөө сөрөг энерги бий болгодог байхад цэвэр цэмцгэр гэр орон эерэг энерги бий болгож, аз жаргал дууддаг гэж нэмж хэлсэн байдаг. Энэ нь бохир заваан газар эмх замбараагүй болж, харин цэвэрхэн газар цэвэрхэнээрээ байдгийг баталж байгаа хэрэг.
Цэвэрлэгээ нь сэтгэл санаа өөрчилнө
Масуда Мицухирогийн цэвэрлэгээний хүчийг түгээн дэлгэрүүлэх болсон шалтгаан нь тэр өөрөө үүнийг туршиж, бие дээрээ мэдэрсэнд байв. Тэрээр бизнесийн уналтанд орж, гэр бүлээрээ хямралд ороод байхдаа яах ч аргагүй байдалд хог новш овоорсон гэртээ байж байв. Тэгтэл нэг найз нь цэвэрлэгээний багаж хэрэгсэлтэй гэрт нь ирэв. Тэрээр найзынхаа зөвлөснөөр найзтайгаа хамт гэрээ цэмбийтэл цэвэрлэжээ. Тэгтэл урам зориг нь ч сэргээд ирэв гэнэ. Тийнхүү тэр цэвэрлэгээний бизнест хөл тавин, гэр бүлээ дахин хөл дээр нь босгосон гэдэг. Цэвэрлэгээ ингэж хүний амьдралыг хүртэл өөрчилсөн байгаа юм.
Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч зүтгэлтэн Ан Чан Ху Америкт нүүж очоод нутаг нэгтнүүдээ их замбараагүй амьдардгийг нь хараад, тэдний гэрийг цэвэрлэж, ойр орчмыг нь цэвэрлэсэн аж. Нутаг нэгтнүүд нь түүнээс яагаад цэвэрлэгээг чухалчлаад байгаа шалтгааныг асуутал тэрээр “Цэвэрлэгээ бол амьдралын үндэс. Бид энэ суурь үндсээр өөрсдийгөө сайн тоноглож, ядаж л ойр орчмоо сайн цэвэрлэсэн байхад цаашдын хөгжил дэвшилд найдаж болох биш үү?” гэж хариулжээ.
Хүний оюун санаа харагдаж байгаа зүйлээ дуурайх гэдэг. Цэвэрлэгээ хийх нь зөвхөн нүдэнд харагдаж байгаа бохирыг цэвэрлэх биш, сэтгэл оюунаа ч цэвэрлэх ажил юм. Сэтгэл судлаач Лорен Наполитано “Хэрэгцээгүй зүйлсийг цэвэрлэх нь стресс үүсгэх хүчин зүйлийг намжаана. Гал тогооныхоо шургуулганы хогийг янзлах гэх мэтийн жижиг сажиг ажил хийлээ гэхэд л сэтгэл тайвширна” гэж өгүүлсэн байдаг.
2002 онд Миннесотагийн их сургуулийн судалгааны баг 20 орчим насны 84 хүний өсөлтийн үйл явцыг судалжээ. Гурав дөрвөн настайгаасаа гэрийн ажил хийсэн хүмүүс нь гэр бүл, найз нөхөдтэйгөө илүү сайхан харилцаатай, олон салбарт амжилт гаргах магадлалтай байдгийг олж тогтоожээ. Энэ нь тэд цэвэрлэгээ хийх болон даалгавар гүйцэтгэх зэргээр өөртөө итгэх итгэл, хариуцлагаа ухамсарлах ухамсар, гярхай ухаантай болдгийг нь баталж байгаа хэрэг. Цэвэрлэгээ хийх ажил бусдын төлөө юм шиг хэдий ч үнэндээ бол үүнийхээ ашиг шимийг хүн өөрөө л хүртэх юм.
Ажил үйл жаахан бүтэмжгүй, стресс бухимдал ихтэй байвал цонхоо цэлийтэл нээгээд, эхлээд гэрээ цэмбийтэл цэвэрлэх хэрэгтэй. Сэтгэл санааг сайхан болгоход цэвэрлэгээ хийхээс илүү үр дүнтэй зүйл гэж байхгүй. “Амьдралын алив асуудлыг шийдвэрлэхийн тулд зүү утасны хайрцгаа эхлээд цэгцэл” хэмээн Томас Карлайлын хэлсэнчлэн хэрэгцээгүй зүйлээ хаяад, булан тохой үлдээлгүй арчиж цэвэрлэхэд сэтгэл цэлмэж сайхан болно.
Цэвэрлэгээ хийх нь хөгжилтэй, зугаатай ажил
Америкийн 36 дахь ерөнхийлөгч Сансар судлалын үндэсний агентлагт (НАСА) очоод үүдний сахиул нь амандаа дуу аялан шал угаахыг харжээ. Тэгээд тэрээр түүнд дөхөж очоод “Цэвэрлэгээ хийх сайхан байна уу?” гэж асууж гэнэ. Тэгтэл сахиул “Би зөвхөн үүдний жижүүр биш ээ. Би чинь хүмүүсийг саран дээр аваачих ажилд тусалж байгаа шүү дээ” гэж хариулсан гэдэг.
Ажил дээрээ байхад чинь хамгийн чухал зүйл бол таны сэтгэл санаа. Хэрэв та юм бүхнийг хүнд хэцүү даалгавар гэж авч үзэх юм бол энэ нь хийхээс цухалдмаар, дургүй хүрмээр зүйл. Харин үнэ цэнийг нь олоод мэдчихвэл ажлаа баяр хөөртэй сэтгэлээр хийж, үнэ цэнэ өгч эрхэмлэнэ. Цэвэрлэгээ гэдэг үүнтэй адилхан. Хэрэв “Өдөр бүр гэр цэвэрлээд бие өвдөж байна, ядарч байна” гэж гомдоллон, дуртай дургүй хийх юм бол цэвэрлэгээнээс эерэг энерги олж авах нь байтугай цэвэрлэгээ хийх хэцүү санагдана. Түүнээс гадна цэвэрлэх гэртэй байгаадаа ч ер талархахгүй, аз жаргал, баяр хөөр ч мэдэрч чадахгүй.
Цэвэрлэгээ гэдэг бол тав тухтай уур амьсгалд бие сэтгэлээ тайвшруулах арга зам, хайрын чимээгүйхэн илэрхийлэл, гэрийнхнээ ядраад ирэхэд нь амьдралыг нь баяжуулах үнэ цэнэтэй зүйл юм. Хэрэв та таатай, баяр хөөртэй сэтгэлээр хийвэл гэртээ гар хүрсэн газар болгоноо та нандигнан хайрлах болно. Мөн унтаж, амрах орон гэртээ байгаадаа талархаж, тэр л орон зайд хамт байдаг халуун ам бүл тань таны хувьд бүр ч үнэ цэнэтэй, эрхэм нандин байх юм.
Хэрэв аав ээжүүд цэвэрлэгээ хийхийг үүрэг гэж санан, яншиж үглэн, хүүхдүүдээ гэрээ цэвэрлэхийг албаддаг бол хүүхдүүд ч мөн цэвэрлэгээ хийхийг хэцүү төвөгтэй зүйл гэж үзэх болно. Хүүхдийг багаас нь гэр цэвэрлэх болон нэг ам бүлийн хувиар хамтын юм гэсэн ойлголттой байх дадал хэвшил бий болгохын тулд ээж нь өөрөө эхлээд цэвэрлэгээ хийхийн сайхныг хүүхдүүддээ үзүүлэх хэрэгтэй.
Гэр бүл гэгч дундаа нэг гэр оронтой байдаг тул гэрийн бүх хүн гэр цэвэрлэх ажлыг хамжилцах ёстой. Мөн цэвэрлэгээг хэн нэг тодорхой хүний үүрэг гэж үзэлгүй хамтарч хийх цагаа, ажлаа хуваарилах нь чухал. Өглөөний цаг нь цэвэрлэгээ хийхэд сайхан цаг хэдий ч тухайн гэрийн нөхцөл байдалд тохируулан хэдийд цэвэрлэхээ тогтох нь дээр. Хэрэв боломжтой бол тогтмол хийх хэрэгтэй. Цэвэрлэгээний дараалал дээрээсээ доошоо (тааз, хана, шал гэх мэт) дараалалтай, мөн гаднаасаа дотогшоо (хаалга, дэлгэц, нэг давхрын тагт, довжоо, зочны том өрөө, гал тогоо, унтлагын өрөө, угаалгын өрөө, суултуур) гэх дараалалтай байх нь зүйтэй. Хэрэглэдэггүй эд зүйлсээ удаан хадгалбал хичнээн уйгагүй цэвэрлэсэн ч өрөө эмх замбараагүй харагдах юм. Тиймээс хэрэглэдэггүй зүйлсээ байн байн янзалж, хаяхыг нь хаяж, эмхэлж цэгцэлж байхыг зөвлөе.
“Гэрээ цэвэрхэн байлгавал янз янзын аз ирнэ” гэсэн хэлц үг байдаг аж. Тэгтэл заримдаа зөвхөн цэвэрлэгээнд хэт их анхаарч, гэрийнхнээ хайхрахгүй байх алдаа гаргах талтай байдаг. Хичээнгүйлэн цэвэрлээд дууссаны дараа хүүхдээ жигнэмэгний үйрмэг унагахад нь өрөө заваарууллаа гээд хүүхдээ байдгаар нь зэмлэж буруутгах нь бий.
Библийн Сургаалт үгс номонд “Шар эс байваас тэжээлийн тэвш хоосон. Шарын хүч байх аваас орлого арвин” гэсэн үг байдаг. Тэжээлийн тэвшнээс шар үхэр нь хавьгүй үнэ цэнэтэй шүү дээ. Гэр орноо цэвэр цэмцгэр байлгах шалтгаан бол энэ гэрт амьдардаг хүмүүс үнэ цэнэтэй учраас тэр билээ. Үүнийг л сэтгэл оюундаа санаж явбал шал угаах, суултуур цэвэрлэх, үүдний хонгил, довжоо цэвэрлэх зэрэг наад захын ажлын гайхамшигт хүчийг та гарцаагүй мэдэрнэ.