WATV.org is provided in English. Would you like to change to English?

Өдөр бүр эрдэнэсийн эрэлд

Филиппин, Илоило / Хазел Марие Викториано Бонитилло

8,370 үзэлт

Хүмүүс үнэ цэнэтэй гэж үздэг зүйлийнхээ төлөө амьдардаг. Миний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл мөнгө байлаа. Би ядуу гэр бүлд өсөж торнисон болохоор эдийн засгаар хүчирхэг байхыг хамгийн чухал гэж боддог байлаа. Их сургуульд ороод мөнгө олохын тулд би ажил олж хийдэг байв.

Нэг өдөр би оюутны хотхоны вандан сандал дээр дараагийн цагаа хүлээж суулаа. Тэгтэл хоёр солонгос хүн над руу дөхөж ирэхээр нь би тэднийг надаас юм асуух нь гэж бодтол яг санаснаар болов. Би асуултанд нь хариулж чадсангүй.

“Та тэнгэр Эхийн тухай сонсож байсан уу?”

Тэд энгийн боловч нууцлаг асуултаасаа эхлээд надад олон зүйл Библиэс тайлбарлаж өглөө. Тэд Библид юу бичигдсэн байдгийг надад тодорхой хэлж өгсөн ч би харж, сонссон хэрнээ нэг л итгэж өгөхгүй байв. Би тэдэнтэй хэд хэдэн удаа уулзаж Библи судалсан ч Амралтын өдөр нь бямба гараг гэдгийг, тэнгэр Эх оршдог гэдгийг хүлээн зөвшөөрч чадсангүй. Тэгээд бухимдсандаа Библийг надаас илүү сайн мэддэг нэг танилаасаа асууж, түүний явдаг сүмийн пастор дээр очлоо. Гэтэл тэр пастор нь нэг ч зүйл олигтой тайлбарлаж чадахгүй байв. Түүний дэмий хоосон яриаг сонсоод би үнэн яг хаана байгааг дотроо дүгнэж цэгнэв. Тэгж л би гэдэг хүн тэнгэр Эцэг Эхийгээ хүлээн авсан юм даа.

Үүний дараа миний амьдрал эрс өөрчлөгдлөө. Би үнэнийг олж мэдсэндээ чин сэтгэлээсээ догдлон, үргэлж талархаж, ах дүү, эгч дүүтэйгээ хамт сайн мэдээнд өөрийгөө зориулж, бусдад үйлчлэхийн баяр баясгаланг мэдэрлээ. Аз жаргалын минь хэм хэмжүүр эд мөнгө байхаа ч болив. Амьдралын чанарыг сайжруулдаг зүйл бол мөнгө биш харин хайр юм билээ. Тэр л хайраа Бурхан надад хязгааргүй ихээр соёрхож дээ.

Бурханы жишээг даган тунхаглана гэдэг нь эрдэнэс эрж олохтой адил аж. Тэнгэрт нүгэл үйлдсэн намайг Бурхан үнэт эрдэнэ шигээ нандигнасаар энэ дэлхий дээр бууж ирээд намайг олсон билээ. Тийм болохоор би ч мөн Бурханы жишээг даган эрдэнэ мэт ах дүү, эгч дүүгээ хайж олох гэж хичээх болов.

Нэг сүнсийг үнэн рүү хөтлөх ажил үргэлж баяр баясгалантай байгаад байхгүй. Сэтгэл өвтгөх зүйл ч их гарна. Бүх зүйл маш хэцүү санагдаж, бууж өгмөөр болох үе ч бий. Тэр болгонд би Эцэг Эхийгээ бодоод сэтгэлээ барьдаг байв. Үүрдийн үхлийн зовлонгоос намайг татаж гаргахын төлөө асар их золиос амссан Бурханы нигүүлслийг бодоход өөрт тулгарч байгаа өчүүхэн бэрхшээлээс болж бууж өгнө гэдэг ичмээр санагдана.

Сайн мэдээний үр жимс гаргахын төлөө амссан багахан шаналал маань намайг үр жимс гаргах үед бүрмөсөн арилсан юм. Нэг өдөр нар жаргахын алдад би нэгэн залуухан эмэгтэйтэй таарав. Тэрээр тэнгэр Эхийн оршихуйн талаар сонссоныхоо дараа Библиэс бүр ч их зүйл сурахыг хүссэн юм. Би түүнийг сүмдээ ирэхийг урьтал тэрээр урилгыг минь дуртайяа хүлээн авч, Бурханы хүүхэд болох ерөөл хүртсэн дээ.

Үр жимс гаргасан хойно хэзээд тийм байдаг хойно эгч дүүгээ би худал дэгс яриа сонсоод итгэлдээ эргэлзэх вий гэж санаа зовж байлаа. Гэтэл миний санаа зовж байснаас эсрэгээр, эгч дүү маань тэнгэр Эцэг Эхийн хайр халамжинд бөмбөрч Библийн хичээлүүдээ үзэн, итгэлээр өсөн, улмаар сайн мэдээний үйлчлэгч болоод байгаа.

Ронни гэдэг ах дүү маань ч бас намайг Амралтын өдөр тунхаглаж явахад уулзсан тэнгэрийн гэр бүлийн гишүүн юм. Ах дүү маань Бурханы үг сонсоод үнэнийг шууд л хүлээн авсан. Тэрээр Бурханы үг л бол юу ч байсан дуулгавартай дагадаг юм. Ах дүүгийн гэр Сионоос хол байдаг болохоор оройн мөргөл дуусвал жипни (Филиппиний нийтийн тээврийн хэрэгсэл)-д амжиж суух хүндрэлтэй болдог. Заримдаа хэдэн цаг хүлээсний эцэст арай гэж гэртээ харих унаанд сууж амжина. Гэсэн ч ах дүү маань нөхцөл байдалдаа нэг ч удаа гомдоллож байгаагүй юм. Өдөр бүр Бурханд талархаж, Бурханы хууль тушаал баяр хөөртэйгөөр сахих ах дүүгээ хараад би түүгээр маш их бахархдаг.

Үнэнийг ингэж их хайрладаг хүмүүс хаа сайгүй байгаа болохоор Бурхан биднээс хичээнгүйлэн тунхаглахыг хүсдэг. Нэг сүнс хөтөлнө гэдэг мэдээж амаргүй ажил боловч янз бүрийн бэрхшээлийг даван туулж байж олсон тэнгэрийн гэр бүл маань болохоор хичнээн хайр хүргэм, үзэсгэлэнтэй санагддаг гээч. Би үүнийг мэдэрсэн болохоор тунхаглахаа хэзээ ч зогсоохгүй ээ. Эцэг Эхийнхээ алхсан жимээр алхаж, золиосыг нь бага ч болтугай биеэрээ мэдрэн, тэнгэрт асар их ерөөл хурааж байгаа болохоор тэр л дээ. Тунхаглах нь үнэхээр л эрдэнэс хайж олох лугаа адил аж.

Дутуу дулимаг надад ийм их ерөөл соёрхсонд нь Бурхандаа би талархаад талархаад баршгүй!

Бурханы надад өгсөн ивээлийг би өдөр бүр зүрхэндээ сийлж, Бурханыхаа яруу алдрыг Филиппиний бүх арал дээр илчилмээр байна. Зүгээр л хүсээд суух биш тодорхой зорилго гаргаад, эмх цэгцтэй ажиллах болно оо, би. Төлөвлөсөн зорилгоо би олон удаа биелүүлж чадаагүй ч нэг алдаагаа дахин дахин давтахгүй ээ. Тэгэхийн тулд эхлээд би өөрийгөө ялах ёстой. Өөрийгөө юугаар дүүргэж, юугаа хаях ёстойг ойлгохын тулд Эцэг Эхээсээ мэргэн ухаан гуйж, илүү сайн үйлчлэгч болж дахин төрөхийн төлөө би хичээх болно.

Би Бурханыг баярлуулдаг сайн охин нь болохын төлөө хичээнэ ээ. Эцэг Эх маань намайг бодох үедээ магнайд нь инээмсэглэл тодорно гэж найдаад, өнөөдөр ч би эрдэнэсийн эрэлд гарна.