Нэг сүнс хөтлөх хүртэл

Мариа Клеофе Кучилло Гутиеррез / Перу, Лима

9,262 үзэлт

Үнэнийг хүлээн авахаасаа өмнө би Бурханд итгэдэг болох гэж нэлээн оролдсон боловч ийм юм тохиохгүй л байв.

“Итгэл үнэмшилтэй байна гэдэг ч миний хийх ажил биш юм байна даа. Үхсэний дараа Бурхантай уулзах болов уу?” гэх бодол төрнө.

Янз янзын бодол давхцан сэтгэл хямарна. Өдөр бүр “Энэ амьдрал дуусаад надтай юу тохиолдох бол? Би хаашаа явдаг бол?” гэх зэргээр өөрөөсөө асууна. Сурахад хамаг л цаг заваа зориулан зүтгэж, хийх ёстой зүйл маань ердөө энэ гэж өөрийгөө тайвшруулавч яагаад ч юм сэтгэл нэг л хоосон оргиж, яг ч тийм аз жаргалтай байж чадахгүй л байлаа. Ирээдүйгээ төлөвлөхөөр яах ч аргагүй юм бүхэн утга учиргүй хоосон санагдана. Надад аз жаргал, баяр хөөр авчирч чадах зүйлийг би хайж гарав.

Нэг тиймэрхүү л байсан үеэр надад хичээлийн хооронд хоёр гурван цагийн зав гарч, хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй, жаахан алхахаар гадагш гарав. Библийн үг дамжуулж байгаа хүмүүс харагдав. Гэтэл тэдний нэг нь над руу ирж, Эх Бурханы тухай ярилаа. Эхэндээ нэг их сонирхоогүй ч үзүүлсэн ишлэл болгон нь тов тодорхой байсан бөгөөд Библийн баттай гэрчлэлийг хараад би бүр сэтгэл хөдөлж орхив. Хоёр цаг гаруй Бурханы үг сонсож, шинэ амийн ерөөл авсан даа. Тухайн үедээ надад яг юу болоод байгааг ч мэдэх сөхөө байгаагүй юм. Харин ганцхан зүйлд л би баттай итгэж байсан маань “Одоо л амьдрал маань нэг утга учиртай боллоо” гэсэн бодол байв.

Тэр өдөр миний амьдралын шинэ зам мөр эхэлсэн байжээ. Тэнгэр Эцэг Эхийг ухаарсныхаа дараагаас би авралын зар тараахад оролцож эхлэв. Харин Библид бичигдсэн үгсийг тодорхой хараад байгаа хэрнээ ойлгохыг ч хүсэхгүй, дээр нь найзууд маань ч надаар доог тохуу хийнэ. Энэ бүхэн бүр тогтсон дэг журам аятай болоод ирэхээр нь миний уур хүрч байлаа. Надад тохиолдоод байгаа энэ бүх бэрхшээлүүдийн тухай анх надад сайн мэдээ тарааж байсан эгч дүүд хэллээ. Тэгтэл тэрээр нэг сүнс хөтөлнө гэдэг ихээхэн нулимс, хөлс, асар их золиос шаардагддаг юм гэж билээ. Тэр эгч дүү урт удаан хугацаанд үр жимсгүй санаа зовоосон өдрүүдийнхээ ард надтай таарсан гэдгийг нь сонсоод миний сэтгэл хөдлөв. Тэр үедээ ч хүртэл би сайн мэдээний бүх гайхамшиг Бурханы хүч чадлаас гардаг гэдгийг ухаараагүй л байлаа.

Сион дээр би нэг эрх охин шиг л байсан аж. Сионы гэр бүлүүдээс өч төчнөөн хайр энхрийлэл, тус дэм аваад л. Сайн мэдээний ажилд илүү хичээнгүй болоод ирэхийн цагт итгэл маань ч овоо өссөн л дөө. Гэхдээ үр жимс гаргана гэдэг маш хэцүү болохоор санаа зовсоор л байв. Бэрхшээл зовлонгоор арайхийж ирсэн сүнснүүд маань ч Сиондоо тууштай явсангүй.

Эцэст нь гэрийн маань ойролцоо нэг Сион байгуулагдав. Шинэ Сионы анхдагч болох үүрэг даалгавар хүлээлгэсэн Эцэг Эхдээ би талархаж байлаа. Сионы гэр бүлүүд бүгд оргилсон сэтгэлээр сайн мэдээ тараана. Гэвч бид бүхний хичээл зүтгэл урам зоригийн үр дүн сайн гараагүй л байв. Гагцхүү Эцэг Эх Бурхан бидний төлөө ерөөл бэлдэж байгаа гэж бодоод хэзээ ч шантрахгүйн тулд нэг нэгнээ тайвшруулж байв. Гэсэн ч хэдэн сарын турш аврал руу ирсэн сүнс нэг ч байсангүй.

Ийм хүнд нөхцөл байдалд би Эцэг Эхийн золиосыг бага багаар ухаарч эхэлсэн юм. Бас өөрийгөө ямар нэг чухал зүйлийг л дутаагаад орхигдуулаад байна гэдгээ ч ухаарлаа. Энэ бол хайр. Бурханы хууль дүрмүүдийг дагаж, үнэнийг тараахад л хангалттай гэж бодож байж. Гэвч би сайн мэдээний хамгийн гол хүчийг мартсан байлаа. Зүгээр л үр жимс гаргахыг хүсэх биш, нэг сүнс аврах гэсэн Эхийн сэтгэлээр үнэнийг тунхаглах ёстой байсан юм билээ.

Сайн мэдээ хараахан сонсоогүй байгаа хүмүүс үнэнийг сонсож, аврал аваасай гэсэн чин хүсэл найдвараар бид сүүлдээ бүр илүү авралын зар тараав. Мөн залбирал маань ч Бурханыг хайж байгаа үзэсгэлэнтэй сүнснүүдтэй уулзахад чиглэж байв.

Эцэст нь Сионы ойролцоох парк дээр Бурханыг хайсан нэг хүнтэй бид уулзлаа. Тэр хүн сүнсэндээ маш их санаа зовсон нэгэн байв. Библийн зөгнөлийн гайхамшигт биеллийг баталж үзсэнийхээ дараа тэрээр Амралтын өдөр Сионд ирж хичээл үзнэ гэж амлав.

Амралтын өдрөөр талархууштай нь хэд хэдэн сар хичээл үзсэн хоёр сүнс Сион руу ирж, авралын ерөөл авлаа. Өнө удаан хугацааны дараа арай гэж уулзсан тэнгэрийн гэр бүлүүдээ хараад юу болоод байгааг ч сэхээрч чадахгүй тийм их баяр хөөр төрнө. Нэг мэдэхэд амлалт тогтоосон цаг болж, хэдэн өдрийн өмнө уулзсан нөгөө хүнтэйгээ уулзахаар парк руу гарлаа. Өнөө хүн ирсэн байлаа. Тэрээр Сион руу ирж мөргөл тэмдэглээд хичээл үзсэнийхээ дараа тэнгэр Эцэг Эхийн хүүхэд боллоо. Нэг өдрийн дотор Бурхан гурван хөөрхөн үр жимс соёрхсон юм. Тэр өдрийг мартаж чадахгүй нь ээ. Энэ бол нэг сүнсийг аврал руу хөтөлнө гэдэг жинхэнэ баяр хөөр гэдгийг ухаарсан өдөр байлаа.

Бидний парк дээр уулзсан тэр эгч дүү Бурханы хайр, золиосыг маш хурдан ухаарч, тунхаглалын наадамд оролцохыг хичээж, Библи үргэлжлүүлэн үзэж айдас нь ор мөргүй алга болов. Тэгээд зоригтойгоор илтгэл тавьж эхлэв. Итгэлийг нь эсэргүүцэж аав ээж нь бага зэрэг саад хийдэг ч, түүний итгэл өдөр өдрөөр өсөж, бэрхшээл саадыг баяртайгаар ялж байв.

Авралын зар тараахаар гарсан анхны өдрөө тэрээр нэг эхнэр нөхөр хоёртой таарлаа. Библид Эх Бурхан байдаг гэж сонсоод тэд бүр алмайрч байв.

“Үнэхээр Эх Бурхан байдаг!”

Эгч дүүгийнхээ өөртөө итгэлтэйгээр чанга дуугаар авралын зар тараахыг сонсоод би ч бас сэтгэл хөдлөв. Эхнэр нөхөр хоёр энэ үеийн Аврагч Ариун Сүнс болон Сүйт бүсгүйг ухаарч, бидэнд мөнх амь соёрхдог Алгасал баярыг баяртайгаар хүлээн авлаа. Тэд авралын ерөөлийг хүлээн авав. Тэр үеэс хойш Амралтын өдөр сахиж Библи үзэцгээдэг боллоо. Бурханы хүслээр шинэ амийг хүлээн авсан эхнэр нөхөр хоёр хөөрхөн итгэлтэй болж өсөн, Эцэг Эхийн хязгааргүй хайрыг ухаарна гэж үнэхээр найдаж байна.

Одоо би нэг сүнс хөтлөх хүртэл ихээхэн нулимс, хөлс, асар их золиос шаардагддаг гэсэн үгийн утгыг зүрх сэтгэлээрээ ойлгох болсон. Мөн үхлийн гинжнээс хүүхдүүдээ чөлөөлж байгаа Эхийнхээ чинхүү сэтгэлээр, өөрийгөө биш Бурханыг түшин ах эгч дүүсээ хайх ёстой гэдгийг ч ухаарсан. Эцэгийн ирэх яг тэр өдөр “Долоон тэрбум хүнд тунхаглах үүрэг даалгавраа би гүйцээчихсэн” гэж зоригтойгоор хэлэхийн тулд сайн мэдээг бүх зүрх сэтгэлээрээ би тунхаглах болно.