​Хайрын сайн үйлсийн давтамж

Жон Мин Жи / Солонгос, Пусан

2,463 үзэлт

Ах эгч дүү нар Бангладешийн нийслэл Дакка хотод гудамж цэвэрлэх ажилд оролцохоор цугларав. Хэдийгээр борооны улирал байсан ч тэнгэр хүртэл бидэнд урам өгч, баярлуулъя гэсэн шиг тэр өдөр нарлаг сайхан байлаа. Ийм сайхан цаг агаарын ачаар цэнхэр футболк, шар хантаазтай ах эгч дүү нар маань бүр ч илүү гэрэлтэж харагдана.

Тэр өдөр бидний цэвэрлэж байсан газар бол нэгэн том эмнэлгийн ойр орчим байв. Янз бүрийн хог шороотой холилдсон байсан тул бид гараараа нэг бүрчлэн цэвэрлэх хэрэг гарсан юм. Хувингаар ус цутгачихсан аятай хөлөрч байсан ч бид дор бүрнээ л хичээнгүйлэн ажиллаж байв. Өглөөгүүр гэх богинохон хугацаанд цэвэрлэгээ хийсэн гэхэд бидний цэвэрлэж түүсэн хог нэг тонн гаруй болов. Биднийг ажиглаж байсан эмнэлгийн ажилтан бүр гадаа гарч ирээд, биднийг магтаж байлаа. Тун удалгүй камер барьсан хүмүүс бидэн дээр ирэв. Нэг эмнэлгийн ажилтан манай сайн дурын ажлыг хэвлэлийнхэнд мэдээллэсэн гэнэ.

Хинди болон лалын шашин улсынх нь гол шашин болохоор сүмийн зүгээс сайн дурын ажил хийнэ гэдэг бол Бангладешт ихээхэн болгоомж шаарддаг зүйл хэмээн ах эгч дүү нар ярьж байлаа. Тиймээс сүмийн сайн дурынхны үйлс хэвлэлээр гарна гэдэг төсөөлөхийн аргагүй хэрэг. Манай сайн дурын ажил орон нутгийн нэгэн сонинд нийтлэгдэв. Эмнэлгийн ажилтан биднийг урьсан тул цэвэрлэгээний дараа бид эмнэлэг дээр нь очлоо. Сайн дурын ажлынхаа тухай тайлбарлахыг минь сонссон эмнэлгийн ажилтан ч бас тусламжийн гараа сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Эмнэлгийнхнийг ингэж санаанд оромгүйгээр найрсаг хандсанд нь бид Бурхандаа талархаж байлаа.

Энэхүү сайн дурын ажлаар дамжуулан би “Бидний хариу нэхэлгүй хийсэн аливаа ажил үйлсэд бусдын сэтгэлийг хөдөлгөх хүч байдаг” гэдэг баттай нэг зүйлийг ухаарч авсан юм. Энэ бол тэнгэр Эхийн маань бидэнд зааж сургасан хайрын сайн үйлсийн давтамж юм.