Биеийн эрхтнүүд өөр хоорондоо нэгдэхгүй бол

АНУ NY, Манхеттэн / Виана Линнетт Васкес

10,222 үзэлт

“Гадны халдагч! Довтлоод!”

“Байзаарай. Би халдагч биш ээ. Бид нэг биеийн эрхтнүүд штээ!”

“Худалч! Дайраад! Довтлоод!”

Хашимотогийн бамбай булчирхайн үрэвсэл нь хүний ​​биеийн дотроос үүсдэг өвчин юм.

Энэ нь аутоиммун өвчин бөгөөд хүний дархлааны тогтолцоо өөрийн бамбай булчирхайг гадных гэж үзэн, довтолж гэмтээдэг эмгэг л дээ. Бамбай булчирхай эрвээхэй хэлбэртэй бөгөөд хүзүүний урд хэсэгт байрладаг. Бамбай булчирхай нь бодисын солилцоо, энергийг хянах даавар ялгаруулдаг. Хүний биед хэрэгтэй бамбай булчирхайн даавар хангалтгүйгээс бодисын солилцоо муу явагдах нь хүнийг гипотиреодизмд хүргэнэ. Энэ нь ядаргаа, сэтгэл гутрал, жин нэмэх, үс унах, үе мөч, булчин өвдөх зэрэг тодорхой шинж тэмдгүүдийг үүсгэнэ. Хэрэв бамбай булчирхай тасралтгүй дайралтанд өртөн, өөрийн үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй болбол биеийн бусад эрхтэнд ч нөлөөлдөг.

Би арван зургаа орчим настай байхдаа уг өвчнөөр оношлогдсон ч тоогоогүй. Биеийн байдлаа ямар хүнд байгааг мэдэхгүйгээс гурван сарын турш эмээ ч тогтмол уугаагүй, нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн. Тэгээд гуч хүрсэн хойноо гипотиреодизмын талаар судалж мэдэн, үүний ноцтой шинж, биеэ зохих ёсоор арчилж тордохгүй бол ямар хор хөнөөлтэйг ойлгож эхэлсэн. Бамбай булчирхайн дайсан мэт дархлааны системээс үүдэлтэй уг өвчнөөр дамжуулаад би сүнслэг зүйлийн тал дээр ч ухаарал олж авсан.

Нэг биед олон эрхтэн байдгийн адил мөн бүх эрхтэнд ижил үйл ажиллагаа байдаггүйн адил, бид олуулаа Христэд нэг бие бөгөөд хүн бүр нэг нэгэндээ эрхтэн юм. Ром 12:4-5

Бид Христийн биеийн эрхтнүүд тул өөр хоорондоо нэгдэж ажиллах ёстой. Яг л дархлааны систем бамбай булчирхай руу дайрвал бие бүхэлдээ хэвийн ажиллаж чаддаггүй шиг нэг биеийн эрхтнүүд болох бид өөр хоорондоо нэгдэж чадахгүй бол нэгдмэлээр гүйцэлдэх ёстой сайн мэдээний ажил удаашрахад хүрнэ.

Хашимотогийн бамбай булчирхайн үрэвсэлтэй хэр нь би үүнийгээ тоодоггүй байв. Хэрэв энэ өвчнөө тоолгүй тэр чигт нь орхисон бол сөрөг үр дагавар нь ямар ноцтой, аюултай байх байсныг таашгүй. Бурханаас заяасан бие махбодоо хайхралгүй, хугацаа их алдсан даа. Биеэ төдийгүй сүнсээ ч анхаараагүй. Тэнгэр Эцэг Эх намайг ах эгч дүү нартайгаа нэгдээрэй гэсэн ч би зөвхөн өөртөө л найдан, өөрийгөө л зовоож байсан юм билээ. Хүнд итгэдэггүй байсан болохоороо би эргэн тойрныхноосоо туслалцаа хүсээгүй. Мөн Бурханд төвөг удахгүй гэж бодоод Бурханаас ч гуйгаагүй. Харин ч тэрний оронд өөрөө чадна гэдгээ бусдад харуулахыг хүссэн. Гэтэл өөрөө хийсэн зүйл маань ямагт бүтэлгүйтэл дагуулна. Би мөн ч бардам зантай хүүхэд байж дээ. Нэг биеийн эрхтнүүд болох ах эгч дүү нараа ч харж хайрхахгүй, зөвхөн өөрийгөө л боддог хувиа хичээгч байсан юм билээ. Елохим Бурхан намайг хараад яасан их шаналсан бол оо. Тэнгэр Эцэг, Эхээсээ чинхүү сэтгэлийн хүлцэл өчье.

Одооноос би ах эгч дүү нартайгаа нэгдэхийг хичээнэ ээ. Цаашдаа ах эгч дүү нарынхаа өөдөөс нуруугаа харуулахгүй, харин тэднийхээ төлөө зүрх сэтгэлээ бүрэн зориулахыг хүсэж байна. Дэлхийн сайн мэдээг түгээх ажилд ч гэсэн ах эгч дүү нартайгаа сэтгэл хүслээ нэгтгэн, Бурханыг баярлуулахын төлөө чадах бүхнээ хийнэ ээ, би.