September 18, 2020

2020 Бүрээдэлтийн өдөр, Эвлэрүүлгийн өдөр, Майхан баярын ариун цугларалт

Гэмшсэн зүрх сэтгэлээр өрнүүлэх Ариун Сүнсний хөдөлгөөн

809 Үзсэн тоо

Баяраар Бурхантай гэрээ хийсэн Сионы ард түмний хүсэн хүлээсэн намрын баяр 9 сарын 18-наас эхэлсэн билээ. “Ковид-19” нөхцөл байдлын улмаас дэлхийн 175 орны Бурханы сүмийн итгэгчид ариун тооллын 7 сарын 1-ний Бүрээдэлтийн өдрөөс 7 сарын 10-ны Эвлэрүүлгийн өдөр дуустал, мөн ариун тооллын 7 сарын 15-22-ны хооронд болдог Майхан баяраар ч гэртээ, зарим нь сүмдээ онлайн, офлайн хэлбэрээр баярын мөргөлөө сүсэглэн тэмдэглэлээ.

“Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй”
Бүрээдэлтийн өдөр – Эвлэрүүлгийн өдөр

Бүрээдэлтийн өдөр ба Эвлэрүүлгийн өдрийн үүсэл
Бүрээдэлтийн өдөр бол Эвлэрүүлгийн өдөрт бэлддэг баяр юм. Египетээс гарснаас хойш Бурхан Мосег Синаи ууланд дуудаж Арван тушаал өгсөн юм. Гэвч израиль ард түмэн Мосег эзгүй хойгуур алтан тугал шүтээн хийн мөргөсөн байна. Үүнийг харсан Мосе Бурханаас хүлээн авсан Арван тушаал бүхий чулуун хавтангаа шидэж бутлав. Ард түмэн энэхүү гэм нүглээ ухаарч, улмаар гоёл чимэглэлээ тайлан чин зүрх сэтгэлээсээ гэмшсэн юм. Иймд Бурхан дахин нэг удаа Арван тушаал авахаар Синаи уул руу ирэхийг Мосед тушаав. Ийнхүү Мосе хоёр дахь удаагаа Арван тушаал аваад бууж ирсэн бөгөөд эл өдөр нь ариун тооллын 7 сарын 10-нд болдог Эвлэрүүлгийн өдөр юм. Тэргүүн тахилч Эвлэрүүлгийн өдрөөр жилд нэг удаа ариунаас ариун газарт орж, нүглийн тахилын цусаар ариун газрыг ариусган, ард түмний алив гэм нүглийг Азазелд ногдох ухны дээр гар тавин шилжүүлээд, мөнөөх ухныг зэлүүд тал руу явуулах ёслол үйлддэг байжээ. Эвлэрүүлгийн өдөр болохоос 10 хоногийн өмнө буюу 7 сарын 1-ний өдрөөс эхлэн бүрээ үлээж, ард түмнээс гэмшихийг шаарддаг байв. Эл өдөр бол Бүрээдэлтийн өдөр ажээ. Шинэ гэрээний үед Бүрээдэлтийн өдрөөс Эвлэрүүлгийн өдөр хүртэл 10 хоногийн турш үүр, оройгоор залбирлын хоногуудын мөргөл тэмдэглэдэг юм.

9 сарын 18-ны өдөр энэ жилийн Бүрээдэлтийн өдрөөр Ким Жү Чоль ерөнхий пасторын онлайн сургаалаар дамжуулан Бүрээдэлтийн өдөр нь Эвлэрүүлгийн өдөрт бэлддэг баяр учир баярын гол утга учир гэмшилд оршдогийг ухааруулсан юм. Сатаны мэхлэлд автан тэнгэрт нүгэл үйлдээд энэ газарт ирсэн хүн төрөлхтөн нүгэлдээ гэмшиж, Бурханы үг бүрд дуулгавартай байх аваас тэнгэрийн хаанчлалд орж чадна. Христ энэ газарт ирээд хамгийн түрүүнд гэмшихийг шаардаж, Алгасал баярын ариун зоогийн ёслол дээр Өөрийн мах, цусыг бэлгэдсэн талх, усан үзмийн дарсаар шинэ гэрээ байгуулсан юм. Ингэснээр гэмшсэн хүмүүст нүглийн уучлал олгож тэнгэрийн хаанчлалын замыг нээж өгсөн билээ. Мөн тэрхүү Алгасал баярын ариун зоогийн ёслол дээр “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун” гэсэн шинэ тушаал өгсөн юм. Шинэ гэрээ буюу шинэ тушаал нь Христийн золиос, хайр юм. Ким Жү Чоль пастор хэлэхдээ “Нүгэлтэн биднийг аврахын төлөө загалмайн өвдөлт зовлон, ичгүүр доромжлолыг тэсвэрлэсэн Христийг бодон нүгэлдээ гэмшиж, өнөөдрөөс ч болов Бурханы хайрыг дамжуулаарай” гэж захисан юм (Лев 23:23-25, Езе 18:30-32, Дуу 7:12, Иса 14:12-15, Езе 28:11-18, Лук 5:32, 1Иох 3:4-8, Мар 1:15, Лук 22:7-20, Мат 20:26-28, Иса 53-р бүлэг, Иох 13:34-35, Ром 8:35-39, 12:10-21, 13:10, 1Кор 13:1-3, 16:14, 1Иох 4:11-21).

Энэ өдрөөс эхлэн итгэгчид 10 хоногийн турш үүр оройгоор залбирч, урьдын хийсэн бүх нүглээ улайж, гэмшсэн юм. 9 сарын 27-нд итгэгчид залбирлын хоногуудаа дуусган Эвлэрүүлгийн өдрийг угтав. Засгийн газрын удирдамжийн дагуу цөөн тооны итгэгчид Шинэ Иерусалим Пангюу ариун өргөөнөө тэнгэр Эхтэй хамт өглөөний мөргөл тэмдэглэжээ. Дэлхий дахины Бурханы сүмийн итгэгчид ч зарим нь гэртээ зарим нь сүмдээ онлайн мөргөл тэмдэглэсэн байна.

Эвлэрүүлгийн өдөр тэнгэр Эх гэмшил ба эвлэрүүлгийн их ивээл соёрхсон Эцэг Бурханд талархал өргөөд, тэнгэрт болон газарт хүүхдүүдийнхээ үйлдсэн час улаан, бэхнээс ч хар муу муухай нүглийг цас мэт цагаан болгож өгөхийг чин сэтгэлээсээ гуйн залбирав. Бидний нүглийг уучилсан Бурханы золиосыг ухаарч гэмшсэн хүүхдүүд нь бүр ч итгэл сүсэгтэй ариун амьдралаар амьдарч, итгэл найдвар ч үгүй хүн зонд амийн сайн мэдээ тунхаглан, нэг сүнс ч үлдэлгүй гамшгаас аврагдаад тэнгэрийн хаанчлалд ороосой хэмээн хүсэн залбирсан юм. Өдрийн мөргөл дуусах үед ч гэмшвэл тэнгэрийн хаанчлал ойртохыг ухааруулж байв. Түүнчлэн төлөвлөсөн ажил нь талаар болж, өмнөх замаа ч мэдэхгүй харанхуйд буй хүмүүст хичээнгүйлэн сайн мэдээ тунхаглаад нэг ч болов сүнсийг илүү аврахыг захилаа.

Ким Жү Чоль ерөнхий пастор Эвлэрүүлгийн өдрийн утга учир ба нүглийн уучлалын зүй тогтол, гэмшлийн жинхэнэ утга учрын талаар сургаал айлдлаа. Хуучин гэрээний үед ард түмэн нүгэл үйлдэхээрээ ариун газарт мал амьтан авч ирээд нүглийн тахил өргөдөг байжээ. Ингэснээр ард түмний гэм нүгэл ариун газарт шилжинэ. Улмаар тэргүүн тахилч жилд нэг удаа ариунаас ариун газарт орж эвлэрүүлэл хийнэ. Эвлэрүүлгийн өдөр тэрээр Азазелд ногдох ухны дээр ард түмний алив гэм нүглийг гар тавин шилжүүлээд, ухныг зэлүүд газар суллаж явуулбал ухна тэндээ тэнүүчилж явсаар үхдэг байв. Ингэж нүгэл устдаг байв. Энэ нь бидний өдөр тутам үйлдсэн нүглийг эвлэрүүлгийн тахил буюу ариун газрын бодит болсон Христ үүрч байгаад, Эвлэрүүлгийн өдрийн зарлигаар дамжуулан нүглийн эх үүсвэр болсон Сатан диаволд бүх нүглийг шилжүүлж, улмаар Сатан тэр бүх нүглийг үүрээд оёоргүй гүн рүү орохыг харуулсан хуулбар бүхий зарлиг юм. Христ энэ газар ирээд хамгийн түрүүнд “Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй” хэмээн тунхагласан байдаг. Ким Жү Чоль пастор хэлэхдээ “Тэнгэрт нүгэл үйлдэн энэ газар ирсэн хүмүүн бид сүнсний Эцэг, Эх рүүгээ эргэн ирэх зам бол гэмшил юм. Бурханы үг буюу шинэ гэрээний сайн мэдээнд дуулгавартай байж гэмээнэ бид бүрэн гэмшиж Бурхан руу буцан ирэх боломжтой болох юм. Бурханы алив тогтоол, зарлиг, хуулийг сахигчдад тэнгэрийн хаанчлал зөвшөөрөгдсөн болохоор шинэ гэрээний сайн мэдээг Самари ба дэлхийн хязгаар хүртэл тунхаглаж Бурханд тааламжит гэмшлийн түүхийг өрнүүлээрэй” хэмээн онцлон захиж байлаа (Зеф 3:18-19, Лев 16:5-10, Иер 17:12, Иох 1:29, Иса 53-р бүлэг, 1Иох 1:8-10, Лук 15-р бүлэг, 2Шас 30:1-9, Мал 3:7-10, 2Тес 1:7-10).

Иерусалимаас урсан гарах амийн ус
Майхан баярын ариун цугларалт – Баярын сүүлчийн өдөр

Майхан баярын үүсэл
Майхан баяр нь Мосе Бурханаас авсан Арван тушаал бүхий чулуун хавтанг хадгалах асар барьсан түүхээс улбаатай. Ард түмэн асар барих материалыг 7 хоногийн турш баяртайгаар авчирч өргөсөн өнгөрсөн түүх, дараа нь израиль ард түмэн төрөл бүрийн модны мөчир цуглуулан майхан барьж баяраа хөгжил хөөртэйгөөр тэмдэглэсэн түүх. Эдгээр үйл явдлын зөгнөл өнөө үед тэнгэр Иерусалим ариун өргөөний материал болох тэнгэрийн ах дүү, эгч дүүсээ хайж олсноор биеллээ олно. Майхан баяр нь амийн ус буюу Ариун Сүнсний ерөөл амласан баяр. Түүнчлэн 2000 жилийн өмнө Есүс Майхан баяраар амийн усны ерөөл амласан байдаг. Зехариа эш үзүүлэгч ч мөн Майхан баяр сахигчдын дээр Бурхан бороо хураа буулгаж, үл сахигчдын дээр гай гамшиг буухыг зөгнөсөн байдаг (Зех 14, Иох 7-р бүлэг).

10 сарын 2-ны өдөр 3 удаагийн 7 баяр дундаас хамгийн сүүлчийн 7 дахь баяр буюу Майхан баярын ариун цугларалт болсон юм. Энэ өдөр Ким Жү Чоль пастор Майхан баярын үүсэл ба утга учрын талаар сургаал айлдав. Түүнээс гадна цөлийн амьдрал дахь израильчуудад цаг үргэлж сорилт ирдэг байсан бөгөөд тухайн сорилтыг ялсан хүн ерөөгдсөн шиг энэ үед ч мөн дэлхий дахинд тохиож байгаа элдэв сорилтыг Бурханы үгийг сахин биелүүлж ялан гараад Майхан баярын тунхаглалын наадмаа ч илүү ивээлтэйгээр өрнүүлж, ямар ч нөхцөл байдалд сайн мэдээ тунхаглаж амьдрахыг хүслээ (Лев 23:33-36, Гэт 35, 36-р бүлэг, Нех 8:13-18, Иер 5:14, Ефе 2:19-22, 2Тим 4:1-5, 1Тес 2:3-4, Илч 3:10-13, Дэд.Хуу 8:1-3, 28:1-6, Лук 21:34-36, Иох 13:7, Мат 4:1-11, 24:3-14).

Эх маань Майхан баярыг сахисан Сионы бүх гэр бүлд сүүлчийн бороо Ариун Сүнсийг бялхам дүүрэн буулгаж өгөхийг тэнгэр Эцэгээс чин сэтгэлээсээ гуйн залбирлаа. Мөн Ариун Сүнс авсан итгэгчид Бурханы яруу алдрын төлөө амьдрах тэнгэрийн ариун өргөөний баганууд болохыг хүсээд, гамшгийн улмаас зовж шаналагсдад Бурхан баяр сахидаг Сионд оршиж аврал өгч байгааг илүү өргөн тунхаглаад, олныг зөв замд хөтлөхийг гуйн залбирав. Мөргөлийн дараа айлдсан үгэндээ ““Ковид-19”-н нөхцөл байдлаас болж айл гэрийнхэн нэгнээсээ хөндийрөн, хайр хөрч байгаад харамсаж байна. Хамгийн агуу нь хайр гэсэн болохоор ертөнц ийм байдалтай байх тусам бид гэрийнхэндээ, хөршүүддээ хайр түгээж, нэг сүнс ч гэсэн аврах үйлсэд хичээн чармайгаарай” хэмээн сургалаа.

“Үүр, оройгоор хичээнгүйлэн гуйсан сүүлчийн бороо Ариун Сүнсээ бялхам дүүрэн аваарай” гэж Эхийн ерөөхийг сонссон итгэгчид уг өдрийн оройноос 7 хоногийн хугацаатай үргэлжилсэн Майхан баярын тунхаглалын наадмаар залбирахад, Бурханы үгийг судлахад, тунхаглахад бүр ч хичээсэн байна. 9-ний өдөр (ариун тооллын 7 сарын 22-ны өдөр) тунхаглалын наадам дуусахад тэнгэр Эх баярын хугацаанд чин сэтгэлээсээ Ариун Сүнс гуйсан хүүхдүүддээ сүүлчийн бороо Ариун Сүнс хүрхрээ мэт буулгаж өгөхийг Эцэгээс гуйн залбирлаа. Түүнчлэн коронагийн нөхцөл байдал хурдан дуусгавар болж, уг өвчний улмаас эмх замбараагаа алдан сүнслэг өлсгөлөнд нэрвэгдээд байгаа олон хүнд амийн ус дамжуулж, тэднийг гамшгаас аварч тэнгэрийн хаанчлалын авралыг тунхаглахыг хүүхдүүдээсээ хүслээ.

Энэ өдөр дэлхий дахины Бурханы сүм болон итгэгчдийн гэрт онлайн сургаал нэгэн зэрэг цацагдсан нь бүр ч ивээлтэй байв. Өглөөний мөргөл дээр Ким Жү Чоль ерөнхий пастор Майхан баярын утга учрыг дахин онцлоод амийн ус өгөгч нь зөвхөн Бурхан бөгөөд сүүлчийн үед амийн ус өгөгч Сүнс болон Сүйт бүсгүй бол бидний Эцэг Эх Бурхан гэдгийг гэрчилсэн юм. Мөн Майхан баяр болон ариун газар, амийн ус нь хоорондоо нягт холбоотой бөгөөд Майхан баяр сахигч, амийн усны ундарга хийгээд ариунаас ариун газрын бодит болох Иерусалим Эхийг хүлээн авагч нь амийн усны ерөөлийг хүртэнэ гэдгийг ухааруулсан юм (Иса 55:1-3, Иох 7:2, 14, 37-39, Илч 21:5, 22:17, Зех 14:16-19, Езе 47:1-12, Зех 14:7-8, Гал 4:26, Иса 66:10-14, Илч 21:9-16, 1Хаа 6:14-20).

Өдрийн мөргөл дээр Эх Өөрийн биеэр амийн усны үг сургаалаа айлдсан юм. Тэнгэр Эх “Би айлдсан бөгөөд үүнийгээ Би гүйцэтгэнэ” хэмээн айлдсан үгийг дахин дахин сануулж, Бурханы үг заавал биелэх тул Бурханы үгийн дагуу сайн мэдээ эдүгээ дэлхий дахинаа тунхаглагдаж, Ариун Сүнс авсан итгэгчид Ариун Сүнсний хөдөлгөөнд илүү хичээх ёстойг ухааруулсан юм. Эцэг Бурхан хүн төрөлхтнийг аврахын төлөө хоёрын хоёр удаа ирж шинэ гэрээний үнэний гэрлийг тэдэн дээр гэрэлтүүлсэн юм. Гай гамшиг газар авч байгаа энэ үед өрөвдөлт сүнснүүдэд гамшгаас аврагдах авралын мэдээ дамжуулах нь л Бурханы ажил, бидний хийх ёстой Ариун Сүнсний хөдөлгөөн билээ. Тэнгэр Эх айлдахдаа “Майхан баяр сахигч, Бурханы нэрээс эмээн үгэнд нь дуулгавартай байгч хүн гамшгаас аврагдан, мөнх амь, авралын ерөөлийг хүртэх юм. Тиймээс амийн үнэнийг түрүүлж хүлээн авсан бид гамшгийн улмаас зовж зүдрэн байгаа үндэстнүүдэд бүгдэд нь тунхаглацгаая” хэмээлээ. Мөн Бурханы амлалтанд итгээд үгэнд нь дуулгавартай байсан Ноа, Абрахам, Иаков нарын итгэлийг дурдаад, хүүхдүүд нь ч бас Бурханы амласан үгэнд итгээд олон сүнс аварч мөнхийн тэнгэрийн хаанчлал, сансар огторгуйн оддын ертөнцөд аялах хаан тахилч болохыг захиж байлаа (Иса 45:23, 14:24, 46:11, 60:1-15, Мат 28:18-20, Зех 8:20, Эхл 6, 12-р бүлэг, Мат 24:37-44, Мал 4:1, Дуу 91:7, 1Тес 4:16-17).

Иерусалимаас урсан гарах амийн усны гол эргэх дөрвөн улиралд өрнө дорно зүг тасралтгүй урсаж, дэлхий дахиныг цэнгэг болгоно. 2020 онд “Ковид-19” ихээхэн тархаж, байдал эрс өөрчлөгдсөн. Ийм байдалд ч Бурхан хүн төрөлхтнийг нигүүлсэж, сайн мэдээний үүд хаалгыг цэлийтэл нээж өгсөн билээ. Итгэгчид Бурханы амласан дэлхийн сайн мэдээний ажлыг заавал биелнэ гэдэгт баттай итгээд, Ариун Сүнсний хүч аван төрөл бүрийн арга хэлбэрээр Бурханы үг тунхаглаж байгаа бөгөөд цаашдаа ч Ариун Сүнсний хөдөлгөөн улам эрч хүчтэй өрнөх төлөвтэй байна.