Папуа Шинэ Гвинейд цуурайтсан сайн мэдээний ялалтын цуурай

Люсилл Рангири / Австрали, Сидней

5,877 үзэлт

600 орчим арал, 800 гаруй нутгийн уугуул хэл, нэр зүсийг нь үл мэдэх араатан амьтад, балар эртний ул мөрийг тэр хэвээр нь хадгалсан ширэнгэн ой, өвөрмөц өв соёл, биологийн төрөл зүйл байдаг орон бол миний төрсөн нутаг Папуа Шинэ Гвиней.

Австралид амьдарч байхдаа үнэнийг хүлээн авчихаад хэн хүнээс илүү Бурханыг хайрладаг нутагтаа байгаа ар гэрийнхэндээ л нэн түрүүнд авралын ерөөл дамжуулах юмсан гэж хүссэн. Гэгэлзсэн сэтгэлээр Папуа Шинэ Гвиней рүү нисэж, үнэний үгийг тунхагласан боловч үр дүн нь урам хугармаар байв. Христэд итгэх итгэлээрээ барддаг шигээ тогтсон үзэл бодлынх нь хана ч тэр хэрээр зузаан байв. Харамсах сэтгэл тээсээр Сидней рүү буцахаас өөр аргагүй болсон юм.

Цаг хугацаа өнгөрч сүнсээр бүрхэг харанхуй байсан Папуа Шинэ Гвинейд ч мөн итгэл найдварын гэрэл бага багаар харагдаж эхлэв. Эрэгтэй дүү маань эхнэртэйгээ Сиднейд ирээд сэтгэл нь эргэж, Елохим Бурханы хүүхэд болох ерөөл хүртлээ. Тэд Папуа Шинэ Гвинейд очоод, олон хэцүү бэрх сорилт шалгуурыг туулсан ч гэсэн үнэний ном уншин, Сионы үнэр дамжуулж, итгэлийн амьдралаа үргэлжлүүлсэн юм. Зовлон бэрхшээл дунд ч итгэлээ хатуу чанд сахих дүүгийнхээ гэр бүлийг хараад, Папуа Шинэ Гвинейн сайн мэдээний төлөөх итгэл найдвар, урам зориг ийн оргилон гарлаа.

“Хэзээ нэгэн цагт Папуа Шинэ Гвинейн бүх хүн үнэнийг ухаарах л болно!”

Самоа, Тонга зэрэг Австралийн эргэн тойрны арлын орнуудад ч сайн мэдээ тархаж, 7 тэрбум хүнд тунхаглах үүрэг хүртэл зарлагдаж, сэтгэлд минь Папуа Шинэ Гвинейн сайн мэдээний хүсэл мөрөөдөл илүү тод хоногшлоо.

Хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хэд хэдэн удаа нутаг руугаа явж, үгийг тунхаглаж байх зуур Папуа Шинэ Гвинейн богино хугацааны тунхаглалын баг бүрэлдсэн. Оргилсон халуун сэтгэлээр богино хугацааны тунхаглалд бэлдэж байгаа Сионы гэр бүлүүддээ үнэхээр их талархсан. Папуа Шинэ Гвиней рүү явахаас өмнө богино хугацааны тунхаглалын багийнхан том жижиг саад бэрхшээлтэй тулгарч байсан ч нэг нь ч ганхаж гуйвалгүй сайн мэдээний итгэл найдвараа улам бадраасан юм.

Явах тэр өдөр бид Сиднейгээс Брисбен хүртэл 1 цаг 10 минут явж, Брисбенээс Папуа Шинэ Гвинейн нийслэл Порт Морсбид 3 цаг 30 минут нисэж очсон. Очингуутаа шууд нисэх онгоцны буудлаас 15 минутын зайтай Боманагийн цагдаагийн хуаран руу чиглэв. Аав минь цагдаа хийж, би хүүхэд насаа өнгөрүүлж байсан тэр газраас эхлэн найз нөхөд, айл хөршүүддээ авралын зар тарааж эхлэхээр боллоо. Дүү маань ч завгүй ажлаа хойш тавин, манай богино хугацааны тунхаглалын багт нэгдэн оров.

Маргааш нь сайн мэдээний тунхаглал эхлэв. Өмнө нь намайг Папуа Шинэ Гвинейд ирж үгийг тунхаглахад сэтгэл нь хөдөлсөн үеэл дүү Бернадет, Жин найз маань өнгөрсөн хугацаанд эргэн тойрныхоо хүмүүст үнэнийг хичээнгүйлэн мэдүүлж байсны ачаар богино хугацааны айлчлал ирсэн гэсэн сургаар олон хүмүүс цугларав. Баттай үгэнд гайхсан тэд гэр гэрийнхэндээ бас үнэнийг дамжуулж өгөхийг хүсэж байсан тул бид цагдаагийн хуарангаас бараг гарч чадахгүй байлаа. Гэнэт итгэл нь балчир байсан Бернадет, Жин хоёрыг орхиод, Сидней буцах ёстой болсон өнгөрсөн айлчлал санаанд минь оров. Санаа зовнил, харамсах сэтгэлээ барьж “Дахин ирэх хүртэл жаахан л хүлээгээрэй” гээд нулимс дуслуулан, тэр хоёрыг аргадаж байсан чинь тэр үед болохоор нөгөө хоёртойгоо хүч хавсран, баяр баясгалангийн ургац хамт хураажээ.

Зай завгүй, шахуу цагийн хуваариас болж ядарч байсан нь мэдээж. Гэвч богино хугацааны багийнхан маань дор бүрнээ хамаг бүхнээ дайчилж, авралын зар тараасан даа. Удаан хугацааны турш Сион байгуулагдахыг хүлээж байсан дүү маань ч бас тунхаглалын багийнханд хэлмэрч хийж, баяртайгаар тэнгэрийн шагнал хураасан юм. Миний зүрх сэтгэл ч гэсэн үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөрөөр дүүрэн байлаа.

Ердөө хэдхэн өдрийн дотор 15 хүний сүнс Елохим Бурхан дотор шинэ амиар дахин төрсөн билээ. Амралтын өдрийн анхны мөргөлөө зочид буудлын хурлын танхимд ивээл ерөөлөөр дүүрэн тэмдэглэсэн. Богино хугацааны тунхаглалын баг нутаг буцахын өмнөх өдөр болох мягмар гарагт шинэ гэр бүлүүд “Үнэнийг мэдүүлж өгсөнд баярлалаа” гэлцэн, чин сэтгэл гарган үндэсний хоолоор дайлж, тэр өдрийн орой аавын маань гэрт гурав дахь өдрийн мөргөл ч хамтдаа сахиж, ивээл ерөөл хуваалцсан юм.

“Шүтээн бүү шүт” гэсэн Бурханы үгийг ухаарсан Мосе ах дүү тэр даруй загалмайн зүүлтээ тайлж, Библиэр үнэн ба худлыг ялгаж, “Удаан хугацааны турш буруу замаар алхаж байжээ” гээд чин сэтгэлээсээ гэмшин, гэрийнхнээ ч үнэн Бурхан руу хөтөлсөн Иммануэл ах дүү хуурамч сүмийн хүмүүсийн саад хавчлагад ч ганхалгүй харин ч эсрэгээрээ Библи дэлгэн, үнэнийг илчилсэн шинэ гэр бүлийн дүр төрхийг харахад л найдвар төрнө. Бурхан дотор алхах ах эгч дүү нарын сайн мэдээний замыг төсөөлөн, би баяртайгаар нутаг буцах онгоцондоо сууж билээ.

Өдийг хүртэл амьдрахдаа хэзээ хамгийн их аз жаргалтай байсан бэ гэж надаас асуувал бодож эргэцүүлэлгүйгээр тэнгэр Эхтэй уулзсан тэр үе минь гэж шууд хэлэх болно. Энэ газарт түүн шиг их аз жаргал дахиж байхгүй гэж боддог байсан. Гэвч Папуа Шинэ Гвинейгээс алдагдсан ах эгч дүүсээ олж, тэдэндээ чин сэтгэлээсээ үгэн хоол идүүлж байхад Солонгост Эхтэй хамт байх үеийн тэр л аз жаргал дахин санаанд орж байлаа. Ах дүүсийн хайр хүртэл мөн л Эхийн маань бидэнд бэлэглэсэн аз жаргал байсныг ухаарсан.

Мөнгөөр ч худалдаж авч чадахааргүй ерөөлийн боломж соёрхсон Елохим Бурхандаа талархаж байна. Хэрвээ намайг биш, өөр гэр бүлийг сонгосон бол надаас илүү үр дүн гаргаж болох байтал олон юм сурч ухааран, илүү том үйлчлэгч болог гэсэндээ Бурхан дутуу дулимаг намайг сонгож, үүрэг хариуцуулжээ. Хамт байсан богино хугацааны тунхаглалын багийнхнаасаа би нэгдмэл байдлын чухлыг, дүү бэр хоёр, Бернадет, Жин эгч дүү нараасаа тунхаглалын үнэ цэнийг дахин сурсан.

Энэ ухаарал, сэтгэл хөдлөлөө марталгүйгээр Бурханы өгсөн үүрэг ба ерөөлийг сэтгэлдээ нандигнан, надад өгсөн байр суурь, нөхцөл байдалд уйгагүй хичээж, үнэнийг тунхаглах болно. Тэгээд Папуа Шинэ Гвинейн бүх иргэд үнэнийг сонсох хүртэл тасралтгүй залбирч, сайн мэдээний алив ажилд хүч хавсрах болно. Папуа Шинэ Гвинейн хүмүүс Бурханд үнэхээр хайртай, Библийн үгэнд ч дуртай. Хичнээн завгүй байсан ч Библийн үг дамжуулъя гэвэл ажлаа түр зогсоон чих тавин сонсдог. Дахин тэдэнд үг дамжуулах өдөр ирэхийг тэсэн ядан хүлээж байна.

Энэ удаагийн богино хугацааны тунхаглал нь цаашдын агуу ажлыг гүйцэлдүүлэх Папуа Шинэ Гвинейн сайн мэдээний буудлагын дохио байсан гэдэгт итгэж байна. Бурхан ямар түүхийг гүйцэлдүүлэхийг төсөөлөх төдийд л анх богино хугацааны тунхаглалаар явж байсан тэр өдөр шиг сэтгэл минь догдолно. Тэнгэрийн гэр бүлүүд ээ! Та бүхэн Папуа Шинэ Гвинейн ирээдүйн тухайд найдвар төрөхгүй байна гэж үү?