April 4, 2021

Алгасал баяр, Исгээгүй талхны баяр, Амилалтын баярын ариун цугларалт-2021

Урин хаврын наран мэт хүсэл найдвар, ерөөл шингэсэн шинэ гэрээний баяр дэлхий даяар онлайнаар боллоо

9,813 үзэлт

“Ковид-19”-н нөхцөл байдал хоёр дахь жилдээ дамнаж, тусгаарлалтын улмаас хэн хүнгүй нийгмээс холдсон мэт санагдаж, сэтгэлийн цөхрөл нь бүр ч дордов. Гэвч хахир өвөл өнгөрч, урин хавар болдгийн адил сорилт шалгуурын дунд ч хүсэл найдвар цэцэглэх нь лавтай. Жил болгон тохиодог Бурханы баяр болох Алгасал баярт нүглийн уучлал, аврал, мөнх амийн ерөөл гэх урин хаврын наран мэт хүсэл найдвар, амлалт шингэсэн байдаг шүү дээ.

3 сарын 27-ны өдрийн (ариун тооллын эхний сарын 14-ний өдөр) үдэш Алгасал баярын ариун цугларалт дэлхий дахины 175 оронд нэгэн зэрэг явагдлаа. Халдвар хамгааллын дүрмээ ягштал баримталж, тус тусын гэртээ онлайн дүрс бичлэг ашиглан Алгасал баярын ёслолд оролцсон дэлхий дахины Бурханы сүмийн итгэгчид “Ковид-19” төдийгүй элдэв гай гамшигт ёолон буй хүн төрөлхтөнд Бурханы ерөөл хүргэхийг хүслээ. Исгээгүй талхны баяр (3 сарын 28-ны өдөр, ариун тооллын эхний сарын 15-ны өдөр) ба Амилалтын баярын ариун цугларалт (4 сарын 4-ний өдөр, Исгээгүй талхны баярын дараах Амралтын өдрийн дараагийн өдөр) ч мөн голчлон онлайн мөргөл тэмдэглэлээ.

Амийн амлалт_Алгасал баярын ариун цугларалт

“Алгасал” гэдэг үгний утгаас мэдэж болох Алгасал баяр нь гамшиг алгасуулж өгнө гэсэн Бурханы амлалт шингэсэн баяр юм. Хуучин гэрээний үед Египетэд боолчлогдож байсан израиль ард түмэн Бурханы үгийн дагуу Алгасал баяр сахиж, уугануудыг цохих гамшгаас аврагдсаны дараа он удаан жилийн боолын амьдралаасаа чөлөөлөгдсөн билээ. Тэдний хувьд Алгасал баяр нь Бурханы эрх мэдэл, хүч чадлыг харсан өдөр байсан төдийгүй эрх чөлөөтэй болсон их баяр хөөрийн өдөр байлаа. 2000 жилийн өмнө Есүс Өөрийн мах ба цусыг бэлгэдсэн Алгасал баярын талх, усан үзмийн дарсаар шинэ гэрээг байгуулж, улмаар нүглийн гинжинд хүлэгдсэн хүн төрөлхтөнд нүглийн уучлал ба мөнх амийн ерөөл соёрхсон (Мат 26:17-28, Лук 22:7-20, Иох 6:53-58).

Гэр гэртээ Алгасал баярын ёслолд бэлдсэн хүүхдүүдийнхээ төлөө Эх маань онлайнаар ерөөлийн залбирал өргөв. Нэг хоёр хүн Бурханы нэрээр цугласан газар бүрд авралын ивээл бялхахыг хүсэж, бүх хүүхдээ авралын амлалт шингэсэн шинэ гэрээний сайн мэдээг бүх үндэстэнд тунхаглаж, олон сүнсийг амийн зам руу хөтлөх хайр соёрхохыг хүсэн залбирлаа.

Ким Жү Чоль ерөнхий пастор сургаалдаа “Хуучин гэрээний үед золиослогдсон Алгасал баярын хурганы бодит болсон Есүс хүүхдүүдээ аврахаар мах цусаа өгсөн билээ. Алгасал баяраар Христийн ариун биеийг өвлөн авах үнэт цусны ивээлээр ерөөлтэй ирээдүй өөд хөтөлсөн Бурхандаа талархацгаая. Мөн Бурханыг Эцэг Эх гэж дуудах эрхийг зөвхөн бидэнд өгсөн болохоор хэцүү зүйл байсан ч тэнгэрийн хаанчлал биднийг хүлээж байгаа гэсэн том хүсэл мөрөөдлөөр өөртөө итгэлтэй амьдарцгаая” хэмээн ухааруулж, зоригжуулахын сацуу Египетээс гарах тухайн үеийн түүхийг тайлбарлаж байлаа (Гэт 12:11-14, Иох 1:29, 1Кор 5:7-8, 1Кор 10:16-17, Ром 8:16).

Итгэгчид Алгасал баярын ариун зоогийн ёслолын өмнө гэр гэртээ ам бүлээрээ хөл угаах ёслол үйлдэв. Ийнхүү тэд ариун зоогийн ёслолын өмнө Есүс Өөрийн биеэр шавь нарынхаа хөлийг угаасан жишээг дагасан аж (Иох 13:4-15). Хөл угаах ёслолын дараа Христийн эрхэм нандин хүслийг санан дурсаж, Алгасал баярын талх, усан үзмийн дарсыг идэж уулаа.

Загалмайн зовлонгоос амилалтын үүр хүртэл_Исгээгүй талхны баяр, Амилалтын баярын ариун цугларалт

Есүс шавь нартайгаа Алгасал баяр сахисны дараа туйлын хүнд зовлон эдэлж, маргааш нь загалмайд цовдлогдон нас барсан. Хожим нь 3 дахь хоногтоо амилж, бидэнд амилалтын болон өөрчлөлтийн найдвар өгсөн. Хүн төрөлхтний нүглийг зольсон Христийн эрхэм дээд золиосыг дурсдаг өдөр бол Исгээгүй талхны баяр юм. Харин амилалтын эрх мэдэл, хүч чадлыг дурсдаг өдөр нь Амилалтын баяр юм.

Тэнгэр Эх Исгээгүй талхны баяр болон Амилалтын баярыг угтаж бүхий л зовлон шаналлыг тэвчин байж, загалмайд золиослогдон байж тэнгэрийн хүүхдүүддээ мөнх амийн амлалт төдийгүй амилалтын найдвар соёрхсон Эцэгт талархлын залбирал өргөв. Мөн хүүхдүүд нь Эцэгийн золиосын хайрыг үргэлж хэрэгжүүлж, бүх хүнд тэнгэрийн хаанчлалын найдвар суулган, Бурханы ивээлд хариулж амьдрахыг хүсэн залбирлаа.

Исгээгүй талхны баярын өдөр Ким Жү Чоль пастор айлдахдаа “Загалмай дээр сүүлчийн амьсгалаа хураах эцсийн мөчид ч хүртэл биднийг хайрласнаа харуулсан Бурханы дуу хоолойг мартахгүй байцгаая. Тэр л хайрыг сэтгэл зүрхэндээ сийлж, тус тусын загалмайгаа үүрээд Христийг дагаж, дэлхий дахинд хайр, хүсэл найдвар түгээцгээе” хэмээн онцлон захив (Лев 23:5-6, Гэт 14:1-14, Лук 23:26-46, Мат 26:32-68, Ром 8:16-18, Иса 53:1-12, Мат 16:24-26, 1Пет 4:12-14, Фил 1:27-30). Амилалтын баярын мөргөлөөр тэрээр мөн “Зөвхөн үхлээр төгсөх тавилантай байсан бидний амьдралд Бурхан амилалт, өөрчлөлт гэх хүсэл найдварын мессеж суулгасан учраас аюул эрсдэл дунд байгаа бүх үндэстэнд энэхүү найдварыг суулгацгаая” хэмээн дахин дахин хүслээ (Лев 23:9-11, 1Кор 15:20, Мат 28:1-6, 1Кор 15:50-58, 1Тес 4:14-18, Мат 22:30, Фил 3:20-21).

Итгэгчид “Харин хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд л тэр өдөр тэд мацаг барина” (Мар 2:20) гэсэн үгийн дагуу Исгээгүй талхны баяраар мацаг барьж Христийн зовлонг дурсав. Тэд мөн Амилалтын баяраар Еммау явж байсан хоёр шавьдаа үзэгдэж, ерөөсөн талхаар шавь нарынхаа сүнслэг нүдийг нээсэн Есүсийн үйлсийг даган гэр гэртээ талх хуваасан юм (Лук 24:1-31).

Баяруудаа тэмдэглэсэн итгэгчид дэлхий дахины хүн зоныг Бурханы амлалт дотор найдварын улирлыг угтан авахыг туйлаас хүслээ. “Ковид-19” туссан өвчтөний тасагт ажиллаж байгаа сувилагч Лорна (Lorna Meaden, Английн Лондон) эгч дүү “Өвчтөнүүд “Ковид-19”-с болж зовж шаналж, амь насаа алдаж байгаа нөхцөл байдлыг ойроос харахад сэтгэл маш их өвддөг. Олон хүнийг Бурханы хамгаалалтанд оруулахын тулд шинэ гэрээний үнэнийг би дамжуулах болно” хэмээн хүсэл зорилгоо илэрхийллээ. Акона (Akhona Gwente, ӨАБНУ-ын Кейптаун) эгч дүү “Хөл угаах ёслолын үед ар гэрийнхнийхээ хөлийг угааж байхдаа бусдад үйлчилж, бусдыг халамжлах нь хайр түгээх арга юм байна гэдгийг ухаарлаа. Бурханаас авсан хайраа “Ковид-19”-с болж хүсэл найдвараа алдсан хүмүүстэй хуваалцахыг хүсэж байна” хэмээн өгүүлэв.