Мелхизедекийн хэргэм ба аравны нэгийн хууль

23,005 үзэлт

Хүн төрөлхтнийг хайрладаг Бурхан авралын төлөөх гарын авлага болгож Библиэ өгсөн. Шинэ хуучин гэрээний үед олон эш үзүүлэгчээр бичүүлсэн Библийн 66 номд Бурханы ард түмний хувьд сахих ёстой хууль, зарлиг бичигдсэн байдаг нь ард түмэндээ ерөөл өгч, аврах гэсэн Бурханы хайр шингэсэн учраас юм.

Баптисм, Амралтын өдөр, Алгасал баяр, толгойны алчуурын зарлиг гэх мэт шинэ гэрээний алив зарлигууд нь Бурханы ард түмний туйлын чухалд үзэн, даган мөрдөх ёстой амийн хуулиуд юм. Аравны нэг ч тэдгээрийн нэг. Зарим хүн аравны нэгийг сүмд өгч байгаа хандивын мөнгө гэсэн хэмжээнд буруу ойлгох нь бий. Гэвч аравны нэг бол ертөнцийн материаллаг зүйл огт биш, бидний авралд асар ихээр нөлөөлөх үнэний хууль билээ.

Бурханы хууль ба хүн төрөлхтний авралын холбоо хамаарал

Бурхан олон хууль тогтоол бий болгож, Библид тэмдэглэж үлдээсэн хүсэл нь гагцхүү бидний л авралын төлөө.

“Түүнд Би тоо томшгүй хуулиа бичиж өгсөн боловч тэдгээр нь гаднын зүйл мэт тооцогджээ.” Хос 8:12

Хууль дотор тэнгэрийн хаанчлалын замаар Өөрийн ард түмнээ хөтлөхийн төлөөх Бурханы агуу хайр шингэсэн байдаг. 2000 жилийн өмнө Есүс Маркийн дээд давхрын өрөөнд шинэ гэрээ байгуулсны учир ч мөн хайртай ард түмнээ аварч нүглээс хэлтрүүлэн гаргахын төлөө байсан юм.

“Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:19-20

Христийн цусаар тогтоогдсон шинэ гэрээг бидний төлөө л байгуулсан. Бурханы энэхүү хайрыг ухаарч чадахгүй, бидний төлөө байгуулсан шинэ гэрээний аливаа хууль зарлигийг нь өөртэйгөө хамаагүй мэтээр үзвэл тэгсний үр дагавар юу байх бол?

“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно. Тэр өдөр Надад олноороо “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгийг үйлдэж байсан бус уу?” гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ.” Мат 7:21-23

“Тиймээс үрийн сүүлийг зулгааж, галд шатаах адил үеийн төгсгөл тийм байх болно. Хүний Хүү тэнгэрэлч нараа илгээхэд тэд бүдрүүлэх бүх саад ба ёс бусыг үйлдэгчийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд, галтай зууханд хаяна. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй. Тэгэхэд зөвт хүмүүс нь Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно. Сонсох чихтэй нь сонсогтун.” Мат 13:40-43

Амралтын өдөр, Алгасал баяр зэрэг Библид тэмдэглэгдсэн Бурханы хуулийг үл тоомсорлож, ёс бусыг үйлдэгчид яагаад ч тэнгэрийн хаанчлалд орохгүй. Бурханы хүн төрөлхтний авралын төлөө тогтоосон хуулийг өөртэй нь хамаагүй мэтээр үзэн, сахин мөрдөхгүй байх аваас тэр хүн тэнгэрийн хаанчлалаас аажим аажмаар холдоход хүрнэ.

Аравны нэг нь Бурханы хууль

Аравны нэг ч мөн ялгаагүй бидний авралтай салшгүй холбоотой. Бидний найдварыг тэнгэрт тавьж, ямагт тэнгэрийн орныг чиглүүлэх гэсэндээ Бурханы тогтоосон хууль нь аравны нэг юм.

Түмэн бодисыг бүтээсэн Нэгэн бол Бурхан шүү дээ. Үнэндээ энэ газар дэлхийд эдэлж хэрэглэж байгаа бүхнээ бид Бурханаас зээлсэн гэхэд болно. Бурханд аравны нэг өргөнө гэдэг нь зүгээр ч нэг эд зүйл өргөж байгаа биш, харин Бурханыг тэнгэр газар түг түмнийг бүтээсэн Бүтээгч гэдгийг нь хүлээн зөвшөөрч, өөрсдийн итгэлээ Бурханд өргөж буй итгэлийн маань илэрхийлэл юм.

Аравны нэгийн үүслийг Абрахамын үйлсээс олж харж болно.

“Салемын хаан Мелхизедек талх, дарс аваад гарч иржээ. Тэрээр Хамгийн Дээд Бурханы тахилч байв. Абрамыг ерөөж хэлэхдээ —Тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан, Абрахамыг ерөөх болтугай! Та нарын дайсныг гарт чинь тушаасан Хамгийн Дээд Бурхан магтагдах болтугай! гэв. Абрам түүнд бүх юмнаас аравны нэгийг өгчээ.” Эхл 14:18-20

Абрахам Хедорлаомерыг хамсаатан хаадтай нь бут цохин, дүүгийнхээ хүү Лотыг аварчихаад буцаж явах замдаа Мелхизедектэй уулзсан юм. Бурханы тахилч байсан Мелхизедек талх, дарсаар Абрахамыг ерөөж, итгэлийн өвөг дээдэс Абрахам талархсан сэтгэлээр олсон бүх юмнаасаа аравны нэгийг Мелхизедект өргөжээ.

Энэ түүх нь хожим Мелхизедекийн бодит болон илчлэгдээд шинэ гэрээний талх, усан үзмийн дарсаар хүн төрөлхтөнд мөнх амийн ерөөл соёрхох Христэд итгэн дагадаг итгэгчид Абрахамын сүнслэг үр удам болохынхоо хувьд Бурханд аравны нэг өргөх ёстой гэдгийг мэдүүлж буй сүүдэр юм. Абрахамын энэхүү үйлс уламжлагдан, Мосегийн үед аравны нэгийн тогтолцоо бичмэл болон хуульчлагджээ. Бурханд өргөх ёстой аравны нэгийг Левийн үр удамд өгөх үед Аароны хэргэмийн дагуу Бурханд өргөдөг байжээ.

“Газар, газрын үр, модны үр жимсний бүх арван хувь ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭНд ариун болой.” Лев 27:30

“Харагтун, Левийн хөвгүүдэд Би Израиль дахь бүх арван хувийг өв болгон тэдний гүйцэтгэдэг үйлчлэл болох уулзалтын майхны үйлчлэлийн төлөө өгөв.” Тоо 18:21

Зарим хүмүүс шинэ гэрээний үед аравны нэгийн хууль устгагдсан тул цаашид өргөх шаардлагагүй гэж үздэг. Харин Есүс шинэ гэрээний үед ч аравны нэг өргөх ёстойг хүмүүст сургаж байжээ.

“Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлийг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг үйлдэх ёстой байсан юм.” Мат 23:23

“Тэр —Энэ хэний дүрс, бичээс вэ? гэж асуув. Тэд Түүнд —Цезарийнх гэхэд Есүс —Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэлээ.” Мат 22:20-21

Бурханы юм болох аравны нэгийг заавал Бурханд өргөөрэй хэмээн Есүс дахин дахин сургасан байна. Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнсний үе гээд аль ч үед тухайн үеийнхээ Аврагч болсон Бурхан аравны нэгийг устгасан удаа байхгүй. Өнөөгийн Ариун Сүнсний үед ч бид Бурханы ариун хүслийг хүлээн авч, аравны нэгийн хуулийг бүрэн дүүрэн сахих хэрэгтэй юм.

Аравны нэгт шингэсэн Бурханы ерөөл

Бурханы эзэмшил болох аравны нэг өргөхийг зарлиг болгон тушаасан нь үүнийг өргөсөн хүмүүст ерөөл өгөх гэсэн Бурханы хайр шингэсэн юм.

“Эцэг өвгөдийнхөө өдрүүдээс та нар Миний дүрмүүдээс эргэсэн, тэднийг мөн сахиагүй. Над уруу эргэн ирэгтүн, Би ч та нар уруу эргэн ирэх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Гэвч та нар «Бид яаж эргэн ирэх вэ?» гэж хэлдэг. Бурханыг хүн луйвардах уу? Гэсэн ч та нар Намайг луйвардаж байна! Гэвч та нар «Бид Таныг яаж луйвардсан юм бэ?» гэдэг. Аравны нэгээр ба өргөлөөр. … Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Би та нарын төлөө цөлмөгчийг зэмлэх болно. Тэгвэл тэр газрын үр жимсийг устгахгүй, талбай дахь усан үзмийн мод чинь жимснүүдээ унагахгүй байх юм” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Та нар баяр хөөртэй нутаг болох учраас бүх үндэстнүүд та нарыг ерөөгдсөн гэж дуудах болно” хэмээн түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.” Мал 3:7-12

Аравны нэг өргөсөн хүнд ерөөлийг хальтал асгаж өгнө гэж амлаад, үүнийг бүр шалгаж үзэж болно гэж хүртэл айлдсан байна. Итгэлийн өвөг дээдэс Абрахам, Иаков нар аравны нэг өргөөд, Бурханаас ерөөл авсан түүхээс ч мөн үүнийг бататган харж болно.

“Тарьснаа хураана” гэсэн үнэнээр дамжуулан харахад аравны нэг нь өргөснийхөө дагуу ерөөл зайлшгүй авахаар тогтоогдсон зарлиг юм. Мөн Бурханаас холдсон хүмүүсийн Бурхан руу буцан ирэх арга ч гэж хэлж болно. Эсрэгээрээ аравны нэгийн хуулийг үл тоомсорлосон хүмүүс Бурханы ариун зүйлийг зөрчсөн нүгэл үйлдэхэд хүрч, эцэст нь Бурханы хайрын энгэрээс холдон явахаас өөр аргагүй болно.

Өнгөрсөн түүхэнд израиль ард түмэн цөлийн амьдралын шувтаргаар Канаан руу явах үед нь ариун зүйл хулгайлсан Аханы нүглээс болж израиль даяараа Бурханаас ерөөл авч чадалгүй дайнд ялагдал хүлээсэн байдаг. Энэ явдал өнөө үед сайн мэдээний ажлыг хурдтай гүйцэлдүүлэхийн төлөө салбар бүрд хичээж байгаа бидэнд анхааруулга болж байгаа юм шүү (Иош 7:1-26).

Ариун Сүнсний үед аврал хүсэмжилж байгаа итгэгч мөн л бол аравны нэгийн хуулийг зөрчих ёсгүй. Бүх итгэгч Бурханы хуулийг эрхэмд үзэн, нандигнан сахих үед дэлхийн сайн мэдээний түүх Бурханы төлөвлөсөн ёсоор урагшлах болно.

“Чи эдгээр бүх үгийг энэ ард түмэнд хэлэхэд тэд чамд “Ямар учраас ЭЗЭН энэ бүх агуу гай гамшгийг бидний эсрэг тунхагласан юм бэ? Бидний хилэнц юу юм бэ? Эсвэл бид Бурхан ЭЗЭНийхээ эсрэг үйлдсэн нүгэл маань юу юм бэ?” гэж хэлнэ. Тэгэхэд чи тэдэнд “Та нарын эцэг өвгөд Намайг орхиж өөр бурхдыг дагаж, тэдэнд үйлчлэн тэдэнд мөргөснөөс болсон. Харин тэд хуулийг минь сахилгүй Намайг орхисон билээ” гэж ЭЗЭН айлдаж байна.” Иер 16:10-11

“Би та нарын дээр харуул тавьж, “Бүрээн дууг сонс” гэв. Гэвч тэд “Бид сонсохгүй” гэсэн. Тиймээс сонсогтун, үндэстнүүд ээ. Тэдний дунд юу байгааг мэдэгтүн, хотол түмэн! Газар дэлхий, сонсогтун. Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр гай гамшгийг буюу төлөвлөгөөнийх нь үр дүнг авчирч байна. Учир нь тэд үгсийг минь сонсоогүй бөгөөд хуулийг минь ч бас эсэргүүцсэн билээ.” Иер 6:17-19

Аравны нэгийг Бурханд өргөвөл сайн мэдээний үр жимснүүд нь унахгүй цэвэр буудай болох бөгөөд үндэстнүүдээс магтаал авах хэмжээний агуу их ерөөлийн амлалт аравны нэг дотор бий. Ийм ерөөл бэлдэж, тушаасан Бурханы хуулийг дагахгүй, эсэргүүцсэн хүмүүсийн төгсгөл гай гамшиг, шийтгэл байх болно хэмээн хатуухан анхааруулсан үгийг ч хайхрахгүй өнгөрч болохгүй.

Абрахамын хийснийг үйлдэж, тэнгэрийн хаанчлалын ерөөл авцгаая

Бурхан бүх сансар огторгуйн Эзэн. Тэрээр энэ дэлхийг хувингийн ганц дусал ус мэт үздэг. Тэрээр ямар нэг юмаар дутсандаа биднээс эд зүйл хүснэ гэж үү? Гагцхүү хайртай ард түмнээ материаллаг зүйлд сэтгэлээ булаалган, тэнгэрийн иргэншлээ алдах вий гэж санаа зовохдоо л бидний сэтгэлийг барих үүднээс аравны нэгийн тогтолцоог бий болгосон хэрэг.

“Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой ба зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод, хулгайлдаг аж. Харин өөрсдөдөө эд баялгийг тэнгэрт хураа. Учир нь тэнд хивэн хорхой ба зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй. Эд баялаг чинь хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно.” Мат 6:19-21

“Одоо би та нар дээр гурав дахь удаагаа очиход бэлэн болоод байна. Би та нарын юмсыг бус харин та нарыг хайдаг тул та нарт яршиг болохгүй. Учир нь хүүхдүүд нь эцэг эхдээ бус, харин эцэг эх нь хүүхдүүддээ баялгийг хураах ёстой.” 2Кор 12:14

Аравны нэгийн тогтолцоо нь гагцхүү тэнгэрийн хаанчлалд найдвараа тавин, итгэлийн амьдралаар амьдарч байгаа хүмүүст сүр жавхлант тэнгэрийн хаанчлалын ерөөл, мөнхийн өв залгамжлал өгөх гэсэндээ зөвшөөрсөн Бурханы хууль юм. Үүнийг ухаараад, бүрэн төгс аравны нэг өргөн, улмаар үүгээрээ сэтгэлээ ч Бурхандаа өргөцгөөе. Биднийг тэнгэрийн хаанчлалын замаар хөтлөхийн төлөө тогтоосон хуулийг өөртэйгөө хамаагүй мэтээр үзэж, газрын мөхөж устах материаллаг зүйлтэй зууралдан, мөнхийн ерөөлөө алдах мунхаг сүнс нэг ч гарах ёсгүй юм шүү.

Зөвхөн бидний л авралын төлөө Мелхизедек болон ирээд, Алгасал баярын талх ба усан үзмийн дарсаар мөнх амийн ерөөл соёрхсон Бурхандаа бүрэн төгс аравны нэг өргөөд зүрх сэтгэлээ зөвхөн Бурхан руу хандуулцгаая. Абрахам үнэнчээр аравны нэг өргөн ерөөл хүртсэн шиг бүх итгэгч маань тийн үйлдэж, улмаар дэлхий даяар Бурханы хаанчлалыг байгуулан, нэг хоногийн өмнө ч болов сайн мэдээний түүхийг бүрэн гүйцээцгээе.