Гэрээний ач холбогдол

13,586 үзэлт

Хүний амьдралын юм бүхэн амлалт тохиролцоо, гэрээн дээр тогтож байдаг. Ажил төрөл, хосуудын гэр бүл бололцох, эд зүйл худалдах, худалдан авах гээд бүгд амлалт, гэрээн дээр тулгуурладаг. Эрт үед бараа таваар солилцох тогтолцоотой байсан бол одоо бэлэн мөнгө, чек, зээлийн карт зэргийг ашиглах тогтолцоотой болж хувирсан. Уг нь адилхан л цаас. Гэтэл заримыг нь ариун цэврийн цаас төдийгөөр хэрэглээд хаяна. Заримыг нь арван мянга, зуун мянган төгрөг гэх мэт тус тусын үнэ цэнэтэй зүйл болгон хэрэглэдэг. Адилхан цаас байж үнэ цэнэ нь яагаад ийм өөр өөр байгаа юм бол? Энэ нь тэр бүхэнд өөр өөр амлалт, гэрээ байгаа учраас тэр юм. Үүн шиг Бурхан ба бидний хоорондын харилцаа амлалт, гэрээгээр батлагдаж байдаг.

1. Баптисм бол Бурхан болон Бурханы ард түмний хоорондох гэрээний тэмдэг

Анх үнэнийг хүлээн авахдаа үйлдсэн баптисмын ёслол бол Бурхан болон Бурханы ард түмний хоорондын гэрээний тэмдэг юм. Ердийн үед усанд орохдоо байнга хэрэглэдэг ус, баптисмын ёслолын үед хэрэглэдэг ус хоёр уг нь адилхан боловч баптисмын ёслолын усанд бид илүү онцгой утга учир өгдөг нь Бурханы амлалт байгаатай холбоотой.

Хуучин гэрээний үед хозлуулах ёслолоор Бурханы ард түмэн гэсэн тэмдэг өгч байсан (Эхл 17:10-14). Харин шинэ гэрээний үе болох өнөө үед Есүс ирээд, баптисмын ёслолоор Бурханы ард түмэн болох авралын тэмдгийг тогтоосон юм (Кол 2:11, 1Пет 3:21). Тэгээд энэхүү гэрээ үүрд хувиршгүй, мөнхийн гэрээ болохыг гэрчлэхийн тулд Есүсийн мах ба цусыг бэлгэдсэн Алгасал баярын талхыг идүүлж, усан үзмийн дарсыг уулган, бидний биед Бурханы хүүхэд боллоо гэсэн мөнхийн гэрээний тэмдэг тавьж өгсөн юм(Иох 6:53-56, Мат 26:17-28).

Бурхантай бид ийм хувиршгүй амлалтаар холбогдсон учраас Библид биднийг “амлалтын хүүхдүүд” хэмээн гэрчилсэн байдаг (Гал 4:28).

2. Бурханы үгэнд дуулгавартай хүмүүсийн очих тэнгэрийн хаанчлал

Бид баптисмаар дамжуулан Бурханы онцгой амлалт бүхий ерөөлийг авсан. Гэвч Бурханы гэрээг эрхэмлэн үзэхгүй, Бурханы үгэнд дуулгаваргүй байвал эцэст нь тэрхүү ерөөлийг алдахад хүрнэ. Үүнтэй адил сургамж хуучин гэрээний үеийн цөлийн түүхэнд туссан байдаг.

Бурхан Мосегоор дамжуулан израиль ард түмэнтэй гэрээ байгуулж, тэд Египетээс чөлөөлөгдөн амлалтын газар Канаан руу хөдөлсөн юм. Тухайн үед Бурхан тэднийг шууд Канаан нутагт оруулалгүй, харин дөчин жилийн турш цөлийн замаар хөтөлсөн нь израиль ард түмэн Бурханы үгэнд дуулгавартай дагах эсэхийг мэдэхийн тулд байсан юм (Дэд.Хуу 8:2-16). Бурхан израиль ард түмэнд Амралтын өдрийг тэмдэглэхээс авхуулаад бусад бүх тушаалыг сахихыг тушаасан. Гэвч цөлийн замаар алхах үедээ израиль ард түмэн Бурханы өгсөн тогтоол, хууль тушаалыг сахин биелүүлээгүй учраас эцэст нь тэдний ихэнх нь цөлд мөхсөн (Езе 20:10-13). Зөвхөн Бурханы үгийг төгс дуулгавартай дагасан Иошуа Калеб, мөн цөлд төрсөн хоёр дахь үеийнхэн амлалтын Канаан нутагт орж чадсан юм (Тоо 14:6-38).

Израиль ард түмэн Канаан руу орсон түүх нь хожим бид тэнгэрийн Канаан болох тэнгэрийн хаанчлалд орохыг зөгнөсөн юм. Биднийг сургахын тулд тэрхүү түүхийг тэмдэглэсэн ажээ (Евр 3:18-19, 1Кор 10:1-11). Тиймээс бид Бурханаас амлалт авсан израиль ард түмэн Бурханы хууль ба тушаалыг сахиагүйнхээ улмаас эцэст нь ерөөл авч чадаагүйг санаж, тэнгэрийн хаанчлал явах тэр өдөр хүртэл Бурханы аливаа тушаал ба хуулийг сайтар сахиад Бурханы үгийг дуулгавартай дагах хэрэгтэй билээ.

Тунгаах зүйлс
Шинэ гэрээний үед Бурханы ард түмэн болох гэрээний тэмдэг нь юу вэ?
Цөлийн түүхийг харвал ямар хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж чадах вэ?