Терафим

Эртний Месопотамид шүтэж байсан шүтээн. Олон тооны нэр үг

30,964 үзэлт

“Рахел тэрхүү гэрийн шүтээнүүдийг тэмээний тохшин доор хийгээд, түүн дээрээ суужээ. … Лабан гэрийн шүтээнүүдээ эрсэн боловч олсонгүй. Иаков уурлаж, Лабантай маргалдав. … Та хамаг юмыг минь нэгжээд гэрийнхээ ямар юмыг олов? Түүнийгээ энд миний ах дүү нар болон өөрийнхөө ах дүү нарын өмнө гаргаж тавь. Тэгээд бид хоёрын хэргийг шийдэг.” Эхл 31:34-37

Гэрийн шүтээнүүд буюу терафим нь Иаковын нагац Лабаны амьдарч байсан Месопотамид айл болгоны шүтэж байсан шүтээн юм. Иаков болон түүний гэрийнхэн нутагтаа буцаж ирэхэд түүний эхнэр Рахел эцгийнхээ гэрийн шүтээнүүдийг хулгайлж ирсэн үеэс шүүгчдийн үе, хаадын үе тэр ч байтугай бүр хойд Израиль, өмнөд Иуда гээд хуваагдсан хаанчлалын үе хүртэл Бурханы хуулийг үл хүндэтгэж байх үед элдэв шүтээнүүдийн хамт гэрийн шүтээн газар авсан юм. Ялангуяа шүүгчдийн үед Бурханд мөргөх тогтолцоо бүрдээгүй байсан бөгөөд овог бүр эсвэл хүн бүр өөр өөрийн замаар мөргөлийн өндөрлөгүүд барьж, тахил өргөдөг байв (Шүүгчид 17:1-18:31). Гэсэн хэдий ч Бурханы илгээсэн эш үзүүлэгчид гарч ирэх үед тэдгээр шүтээнүүд устсан юм.

Саул хаан амалекчуудыг устгах Бурханы үгийг бүрэн дуулгавартай дагаагүй үед эш үзүүлэгч Самуел хэлэхдээ Бурханы үгэнд тэрсэлж, гөжүүдлэх нь терафимд мөргөх нүгэлтэй адилхан гэсэн байдаг (1Сам 15:22-23). Мөн Иосиа хаан болохдоо Алгасал баярын үнэнийг сэргээж, шашин шинэчлэл хийн сүнс дуудагчид, шидтэнүүд, терафим, шүтээнүүд болон Иудагийн газарт ба Иерусалимд үзэгдсэн бүх л бузрыг хөөн зайлуулжээ (2Хаа 23:24).

Арван тушаалд Бурхан израильчуудыг шүтээн бүү хий, түүнд бүү мөргө гэсэн ч тэд харийн шүтээн шүтэх бузар үйл байнга үйлдэж байлаа. Терафимыг гэрийн бурхан, овгийн бурхан гэж үзэх онцлогтой байжээ. Израилийн шүтээн шүтэх тухай ярихад эдгээр терафим ихэвчлэн дурдагддаг. Рахел тэдгээрийг тэмээний тохшин доор хийгээд дээр нь сууж байсныг бодоход гэрийн шүтээнүүд нь жижигхэн, зөөвөрлөж болдог байсан бололтой. Харин бидний таамаглаж байгаачлан тэдгээр нь шүүгчдийн үед томорсон байгаа юм.

Саул Давидыг алахаар хайх үед Саулын охин Михал нөхөр Давидаа цонхоор зугтахад нь тусалж, нөхөртөө зугтах хангалттай хугацаа өгөх гэсэндээ шүтээнийг (терафимыг) авч, орон дээрээ тавиад, толгой дээр нь хэдэн ямааны үс тавин хувцсаараа бүтээдэг (1Сам 19:8-17). Эндээс бид тэрхүү терафим гэгч нь хүн шиг өндөртэй гэж таамаглаж болохоор байна.

Зехариа эш үзүүлэгч терафимаар мэргэлдэг хүмүүс ёс бусыг ярьж, хуурамч зүүднүүд хэлнэ гэж онцолсон байдаг.

“Терафим ёс бусыг ярьж, мэргэчид худлыг үзэн, хуурамч зүүднүүд хэлж, …” Зех 10:2