Библийн бүтэц юу вэ? Зарим хүн Библийг 66 номноос илүү бий гэж зүтгэдэг. Тэр үнэн үү?
Өнөөгийн бидэнд байгаа Библи нь хуучин гэрээний 39 ном, шинэ гэрээний 27 номны цуглуулга юм. Энэхүү 66 номны цуглуулгыг “Канон (Зөв судар)” гэж нэрлэдэг. “Канон” гэсэн нэр томьёо нь “зэгс” гэсэн утгатай קָנֶה(kaneh) еврей үгнээс гаралтай. Зэгсийг хэмжих саваа болгон байнга хэрэглэдэг байж. Тиймээс зэгс гэсэн үг нь “шалгуур, хэм хэмжүүр” гэсэн утгатай болсон байна. Хожим нь “Канон” гэх үг нь итгэлийн хэм хэмжүүр болох Библийн 66 номыг заахад ашиглагдах болжээ. (R.K. Harrison, Introduction to the Old Testament, 327-328хуу).
Апокриф (Гадна судар) гэдэг нь Канонд багтаагүй номнууд төдийгүй еврей хэл дээрх хуучин гэрээний Библид багтаагүй номнуудыг заадаг аж. Одоо Библийн бүтцийг болон Апокрифийн утга учрыг олж мэдэцгээе.
Ариун Сүнсээр хөдөлгөгдөн бичигдсэн Библи
Библийг хуучин гэрээний эхний таван номыг бичсэн Мосегоос эхлэн шинэ гэрээний хамгийн сүүлийн номыг бичсэн Иохан элч хүртэл 40 орчим хүн 1600 жил гэх урт хугацаа дамнан бичжээ. Библийг бичигчид нь Давид мэтийн хаан хүн, Амос мэтийн хоньчин хүн гээд нийгмийн янз бүрийн давхаргынхан байсан юм.
Шинэ, хуучин гэрээний Библийн 66 ном нь өөр өөр түүхэн нөхцөл байдалд, өөр өөр цаг хугацаанд бичигдсэн. Гэвч тэдгээр нь өөр хоорондоо зөрчилддөггүй, харин ч Библийн ном бүрд хэлэх гэсэн мессежнүүд нь өөр хоорондоо нийцдэг. Учир нь Бурхан бол Библийн зохиогч юм. Бүхнийг чадагч төгс хүчит Бурханы үг тэмдэглэгдсэн дэлхийн цорын ганц Бурханы бичээс гэж хэлж болох Библийг Бурхан бичээч бүрийг Ариун Сүнсээр хөдөлгөн бичүүлсэн юм. Зарим хүн Библийг хүний ухаанаар бичсэн гэж зүтгэдэг ч ийм урт удаан хугацааны турш олон арван эш үзүүлэгчид хоорондоо уялдаа холбоотой бичих ямар ч боломжгүй юм. Энэ нь олон эш үзүүлэгч бичсэн төдий болохоос тэднээр Библи бичүүлсэн нь Бурхан гэдгийг мэдүүлж байгаа юм (2Тим 3:16-17, 2Пет 1:20-21).
Хуучин гэрээ
Албан ёсны Канон гэж хүлээн зөвшөөрөгдсөн хуучин гэрээний Библийн 39 ном МЭӨ 5-р зууны орчим Езрагийн үед эмхэтгэсэн гэдэг нь илэрхий болсон. Тэдгээрийг МЭ 1-р зууны орчимд еврей Канон болгон иудейчүүд ашиглаж ирснийг нь түүхэн тэмдэглэл харуулдаг.
Хуучин гэрээний Библийн эрх мэдлийг Есүс Өөрөө баталж, Библи бол Бурханы үг гэдгийг харуулахаар хуучин гэрээнээс олон ишлэл иш татсан байдаг.
Библи ингэхэд цаг хугацааны эрхээр өөрчлөгдсөн юм болов уу? Мэргэжлийн бичээч нар хуучин гэрээний олон хуулбар хийж, хадгалж үлдээсэн байдаг. Өөр өөр цаг үед бичигдсэн гар бичмэлүүдтэй нь харьцуулж үзсэний үр дүнд зөрүүгүй, яг таарч байгаа нь хэдийн нотлогдоод байгаа. Үүний тод жишээ бол Масорет бичвэр ба Кумран гар бичмэл юм. Еврей хэл дээрх хуучин гэрээний Библийг хуулийн багш нарын хэсэг болох масоретууд хуулж, хадгалж үлдээсэн байдаг. Еврей хэл дээрх хуучин гэрээний хамгийн эртний бүрэн хуулбар нь МЭ 900 оны үед хамаарах Масорет бичвэр юм. Кумран бичвэр нь бараг мянган жилийн өмнө буюу МЭӨ 100 онд бичигдсэн хуйлмал Библи. Уг хуйлмал ном 1947 онд Сөнөсөн тэнгисийн ойролцоох Кумран агуйгаас олдсон тул Кумран бичвэр гэж нэрлэжээ. Хоёр бичвэрийг харьцуулж үзсэний үр дүнд тэдгээр нь бараг ижил байв. Энэ нь гар бичмэлүүд эх бичвэрүүдтэй яг адилхан гэдгийг харуулж байгаа төдийгүй Библид өөрчлөлт орсон байх магадлалыг үгүйсгэсэн баттай нотолгоо юм.
Иудейн түүхч Флавиус Иосефус (Josephus) “Бичвэрээ хүндэтгэдгийн бодит нотолгоог бид өгсөн. Учир нь хэдийгээр ийм урт он жил өнгөрсөн ч хэн ч үг нэмж, хасах гэж, эсвэл үг солихыг оролдоогүй. Мөн иудей хүн бүр тэдгээрийг төрсөн цагаасаа хойш Бурханы зарлиг гэж үзэх төрөлхийн зөн совинтой” хэмээн өгүүлсэн байдаг. Түүний үгс Библийн эх бичвэр ямар ч өөрчлөлтгүйгээр хадгалагдсаар ирснийг хэлж өгч байна. Бичээч нар хуулбар хувийг бичихдээ үсгийн тоо таарч байгаа эсэхийг нэг бүрчлэн хянаж тоолж байсан бөгөөд бусад бичээч нар үг үсгийг нь дахин хянан уншдаг байсан аж. Тийнхүү тэд эх хувиар нь хадгалах гэсэндээ нөр их хичээсэн байдаг.
Шинэ гэрээ
Шинэ гэрээг анхны сүмийн үед эмхэтгэн гаргасан байдаг. Есүсийн амьдрал ахуй, амилалтыг нүдээрээ харсан элч нар нэг нэгээрээ хорвоог орхисон тул Есүсийн үг үйлсийг бичиж хадгалах зайлшгүй шаардлага гарчээ. Үүний үр дүнд элч нарын бичсэн сайн мэдээний ном бичигдэж эхэлсэн байна. Тэр үед бичигдсэн сайн мэдээний номууд болон захидлуудыг гар бичмэл болгож, анхны сүмд мөргөл тэмдэглэх бүрдээ уншдаг байв. Эдгээр бичээсүүдийн эмхэтгэл нь шинэ гэрээ юм.
Шинэ гэрээний Библи нь Есүсийн амьдрал ахуйг тэмдэглэсэн сайн мэдээний дөрвөн ном, элч нарын амьдрал ахуйгаас бүтсэн Үйлс ном, Иохан Есүсийн илчлэлийг авч тэмдэглэсэн Илчлэл номноос гадна итгэгчдэд итгэлийн ач холбогдлыг суулгаж өгөхийн төлөөх сургамж захидлуудаас бүрддэг. Бүгд Есүс болон элч нарын жишээг дагаж байсан анхны сүмийн Библи хэмээн хүлээн зөвшөөрөгдөж ирсэн агуулгууд юм.
Апокриф (Гадна судар)
Апокриф (Грекийн апокрифус гэж үг нь нуун дарагдсан гэсэн утгатай) нь Библийн Канонд багтаагүй бусад номнууд юм. Апокриф нь ихэвчлэн Малахи эш үзүүлэгчээс хойш (МЭӨ 400 орчим он) Есүсийг ирэх хүртэлх тодорхой хугацаанд бичигдсэн 15 номыг хэлдэг. Тэдгээрийг еврей хэл дээрх хуучин гэрээнд анхнаасаа огт оруулаагүй аж. Хуучин гэрээг хожим грек хэл рүү орчуулах үед Апокриф номнуудыг (тухайн үед орчуулгад оролцсон 70 гаруй хүний тоогоор “70 хүний орчуулга” гэж нэрлэв) нэмж оруулсан байдаг.
Апокрифын ёс суртахууны өнгө аяс нь Библиэс хавьгүй доогуур бөгөөд энэ нь мөн Библитэй зөрчилддөг сургаал номлол багтаасан байдаг. Энэ шалтгааны улмаас Апокриф номыг огтхон ч иудейчүүдийн уламжлалт Каноны нэг хэсэг гэж зөвшөөрдөггүй байв. Тэдгээр нь чанар муутай, түүхэн үнэ цэнэгүй тул “хуурамч бичээс” гэсэн утгаар “псевдепиграф” гэж ч нэрлэдэг байна. Есүс сургаалаа айлдахдаа Апокрифаас огтхон ч иш татаагүй юм.
Католикийн лам гэгээн Жером 4-р зууны үед латин хэл рүү Библи орчуулахдаа Апокрифыг хавсралт болгон орчуулсны дараагаас Ромын католик сүмээс Апокрифын номнуудыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Шашин шинэчлэгчид Апокрифыг эсэргүүцсэн тул католик сүмийн зүгээс Трентийн хурал (Италийн Тренто хотод 1545-1563 он хүртэл 18 жилийн турш гурван удаа зохион байгуулагдсан экуменикийн зөвлөл) зарлаж, улмаар Апокрифыг Библийн нэг хэсэг байх ёстой гэж тунхаглан мэдүүлэв. Энэ явцад 15 Апокрифын номны гурав нь Католик Библиэс хасагдав. Ромын католик шашинтнууд 1Ездра, 2Ездра, Манассегийн залбирал гэсэн гурван номноос бусад Апокрифын 12 номыг Библидээ оруулсан байдаг. Энэ нь Апокриф асуудалтайг тэд өөрсдөө ч хүлээн зөвшөөрснийг харуулж байна.
Тэгвэл католик сүм яагаад Апокрифыг хожим нь Канон гэж үзсэн юм бол? Учир нь тэд Апокрифын зарим хэсгийг хэтрүүлэн тайлбарлавал өөрсдийнхөө сургаалыг тодорхой хэмжээгээр оновчтой болгож чадах юм.
Католик сүмд Канонд багтаагүй олон сургаал байдаг. Апокрифт тэдний сургаал номлолыг дэмжсэн ишлэл олон байдаг байна.
Өөр нэг шалтгаан нь тэд Библийн туйлын үнэнийг сүйтгэснээрээ Библид төвлөсөн итгэлийг онцолдог шашин шинэчлэгчдийг эсэргүүцэхийг санаархдаг юм.
Апокрифыг Библи дээр нэмэх нь Библиэс өөр сургаал номлол хүлээн авч байгаа үйлс бөгөөд шаардлагатай бол тэдгээрийг Библийн сургаалтай тэнцүү болгох гэсэн заль мэх юм. Харин Библид бичигдээгүй ямар нэг сургаал дагасан л бол хичнээн үнэмшилтэй байсан ч аврал авч чадахгүй юм.
Бурхан бидний авралын төлөө л Библийг өгсөн. Тиймд бид үнэхээр аврал авахыг хүсдэг л бол Библид суурилаагүй сургаалуудыг бодлогогүйгээр дагахын оронд Ариун Сүнсээр хөдөлгөгдөн бичигдсэн Библийг нухацтай судлан, бидний авралын төлөөх Бурханы хүслийг ухаарах хэрэгтэй.
“… өөр сайнмэдээг тунхаглавал тэрээр хараагдаг.” Гал 1:6-8
“Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно. Хэн нэгэн нь энэхүү эш үзүүллэгийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно.” Илч 22:18-19
※ Апокрифын жагсаалт: 1Ездра, 2Ездра, Тобит, Иудит, Естерийн нэмэлт ном, Соломоны мэргэн ухаан, Сирахо, Барух, Иеремиагийн захидал, Азариагийн залбирал ба гурван залуугийн дуун, Сусанна, Бел ба могой, Манассегийн залбирал, 1Макабис, 2Макабис (Нийт 15 ном). Иеремиагийн захидал нь Апокрифын ихэнх англи хэвлэлд Барухын сүүлчийн бүлэг байдлаар багтсан байдаг. Энэ тохиолдолд Апокрифын нийт 14 ном байгаа хэрэг.