WATV.org is provided in English. Would you like to change to English?

Эвлэрүүлгийн өдрийн утга учир

222 Үзсэн тоо

Библид бичсэн Амралтын өдөр, 3 удаагийн 7 баяр гэх мэт Бурханы баярууд нь зүгээр ч нэг хуучин гэрээний хууль биш, хүн төрөлхтний авралтай холбоотой чухал утга учир агуулж байдаг. Бурхан баяр сахидаг Сионы ард түмнээ аварч, баярын тахилаар (мөргөлөөр) Бурхантай гэрээ хийсэн хүмүүсийг “бишрэлтнүүд” гэж нэрлэсэн юм (Иса 33:20-24, Дуу 50:1-5). Мөн сүүлчийн үед ч баяр сахихын төлөө хичээж байгаа хүүхдүүдээ цуглуулаад, дэлхийн бүх ард түмний дунд яруу алдар, магтаал өгнө гэж айлдсан (Зеф 3:14-20).

Библид гарч буй Бурханы амлалтын дагуу Бурханы хууль зарлиг, тогтоолыг нандигнан үзэж, Бурханы баярыг сахидаг ард түмэнд алив ерөөл ба яруу алдар ирэх юм. Одоо Бурханы баяр дундаас Эвлэрүүлгийн өдрийн утга учрын талаар судалж үзэцгээе.

Эвлэрүүлгийн өдрийн үүсэл

Ариун тооллын 7 сарын 10-ны өдөр болдог Эвлэрүүлгийн өдөр нь 3 удаагийн 7 баярын нэг бөгөөд хуучин гэрээний үед энэ өдөр жилд нэг удаа тэргүүн тахилч ганцаараа ариунаас ариун газарт ороод, ард түмнийхээ бүх нүглийн эвлэрүүллийг хийж байсан юм.

3 удаагийн 7 баяр дундаас Эвлэрүүлгийн өдөр ч бас бусад баяртай адил Мосегийн үйлсээс үүдэлтэй. Израиль ард түмнийг Египетээс чөлөөлөгдсөний дараа цөл рүү гарсан үед нь Бурхан ард түмэнд хэрэгтэй хуулиа өгөх гээд Мосег Синаи ууланд дуудсан. Бурханд дуудагдсан Мосе Синаи ууланд гарч 40 хоногийн турш мацаг барьсны эцэст Бурханы бичсэн чулуун хавтан бүхий Арван тушаал аваад уулнаас бууж иржээ.

Харин уулын бэлд байсан израиль ард түмэн Мосег 40 хоног уулнаас бууж ирээгүй болохоор үхсэн байх гэж бодоцгоожээ. Удирдагчаа алдлаа гэж бодсон тэд өөрсдийг нь Канаан нутаг хүртэл хөтлөх бурхан хийе гэж санаачлаад, эцэст нь алтан тугал хийж, түүнийгээ тойрон идэж уун, үсэрч наадан, шүтээн шүтэж байв. Уулнаас бууж ирсэн Мосе гайхан, гэнэтийн энэ үзэгдлийг хараад уур нь дүрэлзэж гартаа барьж явсан Арван тушаал бүхий чулуун хавтангаа уулын бэл рүү шидээд, хагалж орхив. Тэр өдөр үймээн самуун болж 3000 орчим хүн алагдсан байдаг. Израиль ард түмэн хийсэн нүгэлдээ ихэд гэмшин, гоёл чимэглэлээ бүрэн тайлаад, өөрсдийгөө гэмшилд зориулав. Мосе ч ард түмнийхээ нүглийг уучлахыг Бурханаас чухалчлан гуйсан юм (Гэт 32-33-р бүлэг).

Чинхүү гэмшлийнх нь үр дүнд Бурхан Мосед хоёр дахь удаагаа Арван тушаал авахаар Синаи уул өөд гарч ирэхийг зөвшөөрчээ. Хагалсан Арван тушаалаа шинээр зөвшөөрөх болсонд нь израиль ард түмний нүглийг уучилна гэсэн Бурханы нигүүлсэнгүй хүсэл шингэсэн байдаг юм. Мосе дахин Синаи уул өөд өгсөн гарч, 40 хоногийн турш мацаг барьсны эцэст хоёр дахь удаагаа Арван тушаал авч бууж ирэв. Тэр өдөр нь Эвлэрүүлгийн өдрийн үүсэл болсон билээ (Гэт 34-р бүлэг).

Эвлэрүүлгийн өдрийн зарлигт илэрч буй эвлэрүүллийн зарчим

Хуучин гэрээний үед Эвлэрүүлгийн өдөр болбол нүглийн тахил өргөдөг байсан бөгөөд тахилч нарын нүглийн уучлалын төлөө нэг бухыг тахил болгож, ард түмний нүглийн уучлалын төлөө ухныг тахилд зориулж байв. Чингэхдээ нүглийн тахилын ухнаас гадна өөр тусгай зориулалтаар хэрэглэдэг ухна ч байсан юм. Тахилч хоёр ухныг авч нэгийг нь нүглийн тахил болгон Бурханы төлөө, нөгөөг нь Азазелд ногдох ухна болгон шавга хаядаг байв. Эхнийхийг нь нүглийн тахилд зориулна. Азазелд ногдох ухны дээр тахилч гар тавин залбираад, Израилийн бүх хилэнц болон нүглийг шилжүүлж, дараа нь тэр ухныг цөлийн зэлүүд тал руу суллаж явуулдаг байв.

“Аарон өөрийнхөө төлөө нүглийн тахил бухаа өргөж, өөртөө болон гэрийнхэндээ эвлэрүүллийг хийнэ. Тэрээр хоёр ухна авч, тэдгээрийг ЭЗЭНий өмнө уулзалтын майхны үүдэнд тавиг. Аарон хоёр ухнад шавга хаях агаад нэг шавга нь ЭЗЭНд, нөгөө шавга нь Азазелд ногдох болой. ЭЗЭНд ногдох шавга таарсан ухныг Аарон авчран нүглийн тахил болгон тахиг. Харин Азазелд ногдох шавга таарсан ухнаар эвлэрүүлэл хийхийн тулд ЭЗЭНий өмнө амьдаар нь авчирах бөгөөд үүнийг зэлүүд тал уруу Азазелд явуулах юм. … Ариун газар, уулзалтын майхан, тахилын ширээ зэрэгт зориулан эвлэрүүллийг хийж дуусаад, Аарон амьд ухныг авчраг. Тэгээд Аарон амьд ухнын толгой дээр хоёр гараа тавьж, Израилийн хөвгүүдийн бүх хилэнц, тэдний бүх гэмт үйлдэл, бүх нүглийг түүн дээр улайж, тэдгээрийг ухнын толгой дээр шилжүүлээд, сонгогдсон хүний гараар ухныг хөтлүүлэн зэлүүд тал уруу явуулаг. Бүх хилэнцийг эзгүй газар уруу ухна өөр дээрээ үүрэн явах бөгөөд мөнөөх хүн ухныг зэлүүд талд суллаж тавих ёстой.” Лев 16:6-10, 20-22

Леви номд гарч байгаа Эвлэрүүлгийн өдрийн ёслол нь нүглийн уучлалын зарчмыг харуулж байна. Хуучин гэрээний үед израиль ард түмэн нүгэл үйлдвэл өөрийнх нь нүглийн оронд золиослогдох мал амьтныг тахилч руу авчирдаг байв. Тахилч тэр малыг нядалж, цусыг нь ариун газрын тахилын ширээн дээр түрхэн, түүний төлөө эвлэрүүллийн ёслол үйлдэнэ. Тэгвэл тэр нүгэл ариун газарт түр шилжиж байгаад Эвлэрүүлгийн өдөр Азазелд ногдох ухнад ард түмний бүх нүглийг гар тавин шилжүүлээд, ариун газрыг ариусгадаг байв. Азазелд ногдох ухнад бүх хилэнц, нүглийг үүрүүлэн, зэлүүд цөл рүү явуулна. Тэр ухна тэнүүчилж явсаар үхнэ. Ийнхүү үйлдэж байж л израильчуудын нүгэл арилдаг байв.

Эвлэрүүлгийн өдрийн зарлигт гарч байгаа нүглийн тахил нь Христийг илэрхийлдэг. Азазелд ногдох ухна нь диаволыг илэрхийлдэг. Бидний үйлдсэн нүгэл ба гэм буруу эвлэрүүллийн золиосын тахил болон ариун газрын бодит болсон Христэд түр зуур шилжинэ. Тэгж байгаад Эвлэрүүлгийн өдөр диаволд шилжинэ. Тийнхүү нүглийн эх үндэс болсон диавол тэр бүх нүглийг үүрч, оёоргүй гүнд түгжигдэж байгаад эцэс сүүлд нь мөнхийн галтай тамд орох юм.

Ариун газар ба нүглийн тахил, Азазелд ногдох ухны бодит

Бид Бурханы сэнтийнээс өөрийнхөө сэнтийг илүү өндөрт тавих гэсэн Сатаны мэхлэлд унаж, өөрсдөө ч мэдэлгүй Бурханыг эсэргүүцсэн нүгэлтнүүд болсон. Харин Бурхан Өөрөө ариун газар болж, бидний үйлдсэн бүх нүглийг өмнөөс маань үүрснээрээ эвлэрүүллийн ивээл бидэнд соёрхсон билээ.

“Эхнээсээ өндөрт өргөгдсөн Сүр жавхлант сэнтий! Ариун газраас маань гэрэлтээч. Израилийн найдвар ЭЗЭН, Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно. ЭЗЭН болох амьд усны ундаргыг орхисон тул эргэн буцагч хүмүүс доод ертөнцөд бичигдэх болно.” Иер 17:12-13

Бидний нүгэл ариун газар болох Бурханд шилжиж, түр зуур хадгалагдаж байгаад Азазел ухна гэж илэрхийлсэн Сатан диавол руу шилждэг юм. Ариун газар болон нүглийн тахил гэж Христийг илэрхийлж байна. Тэнгэр элчийн ертөнцөд үйлдсэн бидний нүгэл амьтны цусаар уучлагдах аргагүй, зөвхөн Христийн үнэт цусаар л уучлагдах боломжтой юм.

“Учир нь хуульд ирэх сайн юмсын жинхэнэ дүр нь бус, харин сүүдэр нь байдаг тул… Харин тэр тахилд нь жилийн жилд нүглийн сануулга буй. Учир нь бух, ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй юм. … Дараа нь Тэр “Үзэгтүн. Хүслийг тань үйлдэхээр Би ирлээ” гэж хэлсэн. Тэр хоёр дахийг нь тогтоохын тулд анхныхыг нь зайлуулдаг. Энэхүү хүслээр бид Есүс Христийн, бүгдийн төлөө нэгмөсөн биеэ өргөсөн өргөлөөр ариусгагдсан юм. …” Евр 10:1-4, 9-11

Хууль нь ирэх сайн юмсын сүүдэр болохоор хуучин гэрээний нүглийн тахилын бодит нь Христ байсан юм. Есүс Христ бидний нүглийн өмнөөс загалмайд золиос амссан тул Эвлэрүүлгийн өдрийн нүглийн тахил болсон бух, ухны үүргийг гүйцэтгэсэн хэрэг. Өөрийнхөө үнэт цусаар нэгмөсөн эвлэрүүлэл хийж, бидний үйлдсэн нүгэл, гэм бурууг диаволд шилжүүлэн, бидэнд тэнгэрийн хаанчлалдаа дахин буцах зам нээж өгсөн билээ.

“Дараа өдөр нь Иохан, өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад, —Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга.” Иох 1:29

“Түүний нигүүлслийн баялгаар бидэнд Түүний дотор цусных нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бий.” Ефе 1:7

Эвлэрүүлгийн золиос байхгүйгээр бид тэнгэрт үйлдсэн нүглээ уучлуулах аргагүй. Бурханы золиосоор бидний нүгэл диаволд шилжин, тэнгэрийн орондоо буцах яруу алдрын зам бидэнд нээгдсэн билээ.

Эвлэрүүлгийн өдөр Азазелд ногдох ухна цөлийн зэлүүд газарт тэнүүчлэн байгаад эцэстээ үхдэг байсан. Үүн шиг Азазел гэж зүйрлэсэн Сатан диавол оёоргүй гүнд түгжигдэж байгаад эцэст нь мөнхийн тамын ял авах юм.

“Гартаа оёоргүй гүний түлхүүр, асар том гинжтэй тэнгэрэлч тэнгэрээс бууж ирэхийг би харав. Тэрээр Диавол буюу Сатан болох хуучны могой буюу лууг барьж хүлээд, мянган жилийн турш оёоргүй гүнд хаяжээ. … Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд мөн араатан болоод хуурамч эш үзүүлэгч байх агаад тэд үеийн үед өдөр шөнөгүй тарчилна.” Илч 20:1-10

Цөлийн зэлүүд талд Азазелд ногдох ухныг суллаж явуулсан шиг бидний нүгэл ба гэм бурууг диаволд буцаан өгч, диавол тэрхүү нүглийн хөлсийг төлөн, хоёр дахь үхэл буюу галт нуурт орох юм. Энэ бол өнөөгийн бидний сахиж байгаа Эвлэрүүлгийн өдөрт шингэсэн агуу утга учир билээ.

Нүглийн тахилын золиосын утга учир

Тэнгэр Эцэг Эхийн золиос байхгүй бол алт мөнгө, нэр алдар, эрдэм мэдлэгийн алинаар нь ч аврал авах боломжгүй. Бид нүглийн уучлал авч тэнгэрийн хаанчлалд буцах найдвар тээн амьдарч байгаа. Үүнд Эцэг Эхийн золиос байсан гэдгийг хором ч мартах ёсгүй. Ивээлийг нь мартах хүүхэд ганц ч гарах ёсгүй. Эцэг Эхийн ариун золиосыг ариун үг сургаалаас нь дахин нэг нягталцгаая.

“Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? ЭЗЭНий мутар хэнд илчлэгдсэн бэ? … Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж өвчин зовлонг маань үүрчээ, гэтэл бид Түүнийг Бурханд зодуулж, цохиулж, зовсон гэж л тооцжээ. Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ. Бүгдээрээ бид хонь мэт төөрч, бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов. … Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа. Хэн ирээдүйнх нь тухай төсөөлсөн бэ? Ард түмний минь гэмт үйлдлийн улмаас цохигдож, амьдын газраас Тэр таслагджээ.” Иса 53:1-8

Бурхан бидний нүглийг уучлахын төлөө Өөрөө шархалж, бидэнд амар тайванг өгөхийн төлөө Өөрөө гэсгээл амсахаас ч татгалзаагүй, ийм зам сонгосон. Хоёр дахиа ирэхдээ ч золиосын замаар алхан, хүүхдүүддээ нүглийн уучлал, аврал өгөх гэж үргэлж ухаарал хайрлан, шинэ гэрээний хуулиа дахин сануулж өгсөн билээ.

Хуучин гэрээний хуулийг харвал золиосын тахил өргөхдөө дандаа эр эмээр нь ялгадаг байжээ. Израилийн үр удам энгийн үед нүгэл үйлдэхдээ нүглийн тахилд эр ямаанаас гадна эм ямааг ч зориулж байв. Энэ нь зарим үед Эцэг, зарим үед Эх бидний нүглийг үүрнэ гэдгийг харуулж буй сүүдэр байсан юм.

“Удирдагч нүгэл үйлдэж, ЭЗЭН Бурханы хийхийг хориглосон бүх зүйлээс санамсаргүй үйлдэн ялтай болох аваас хэрэв үйлдсэн нүглийг нь түүнд мэдүүлбэл, тэрээр согоггүй ухныг тахилдаа зориулан авчрах ёстой. Тэрээр ухнын толгой дээр гараа тавьж, шатаалт тахилыг нядалдаг газарт ЭЗЭНий өмнө үүнийг нядална. Энэ нь нүглийн тахил юм. … Ийнхүү тахилч түүнд нүглийнх нь эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.” Лев 4:22-26

“ЭЗЭН тушаалаараа хориглосон зүйлсийн аль нэгийг жирийн хүмүүний нэг нь санамсаргүй хийснээрээ нүгэл үйлдэн ялтай болох аваас хэрэв үйлдсэн нүглийг нь уг хүнд мэдүүлбэл, тэрээр үйлдсэн нүглийнхээ тахилд зориулан согоггүй эм ямааг авчрах болой. Тэр хүн нүглийн тахилын толгой дээр гараа тавьж, уг нүглийн тахилыг шатаалт тахилын байранд нядална. … Тэрээр хургыг өөрийн тахилын өргөл болгон нүглийн тахилд авчрах аваас согоггүй эм хурга авчрах ёстой. Тэр нүглийн тахилын толгой дээр гараа тавьж, үүнийг шатаалт тахил нядалдаг газарт нүглийн тахилд зориулан нядлах болно. … Ийнхүү тахилч үйлдсэн нүглийнх нь эвлэрүүллийг түүнд хийж тэрээр уучлагдах болно.” Лев 4:27-35

Бидний үйлдсэн нүгэл ба гэм буруугийн өмнөөс Эцэг зовлон тарчлал амсаж, Эх одоо болтол махан биеийн асар өмсөн, эцсийн мөч хүртэл Сатантай сүнслэг тулаан өрнүүлэн байж хүүхдүүдээ хамгаалан, тэнгэрийн хаанчлалын замаар хөтөлж байна. Хэн ийм зовлонт амьдралыг тэвчин туулж чадах билээ?

Гэсэн ч бид гэмшихгүй, тэнгэр Эцэг Эхийн агуу их ивээл хайраас урвах юм бол тэнгэрийн хаанчлалд яагаад ч орж чадахгүй. Тиймээс Бурхан авралын зар тараахдаа хамгийн эхлээд “Гэмшицгээ, тэнгэрийн хаанчлал айсуй” хэмээсэн юм (Мат 4:17). Одоо бид төлөвшсөн хүүхдүүд болоод, Эцэг Эхдээ зохистой гэмшлийн үр жимс гаргахын төлөө өдөр бүр гэмшиж амьдрах хэрэгтэй.

Гэмшилд зохистой үр жимс гарга

Шинэ гэрээний үед Эвлэрүүлгийн өдрөөр бүтэн жилийн турш хийсэн нүгэл, гэм буруугаа, эрт үед хийсэн хамаг нүглээ Бурханы өмнө өчин гэмшдэг. Нүгэлтэн нүглээ байнга нуух гэдэг зуршилтай байдаг. Гэсэн ч бид нүглээ нууж хааж болохгүй. Нүглээ өчин гэмшсэн үед Бурхан бидний залбиралд хариулж, бидний нүглийг уучилна (Дуу 32:3-5).

Жинхэнэ гэмшил гэдэг нь тэр нүглээ давтан үйлдэхгүй байхыг л хэлнэ. Бид Эцэг Эхийн золиосын үнэ цэнээр нүглийн уучлал авцгаасан шүү дээ. Харин дахин нүгэл үйлдэх аваас цаашид нүглээ уучлуулах арга ч, нүглийн төлөөх тахил ч үлдэхгүй. Бид нүглээсээ болоод Эцэг Эхдээ тийм том зовлон үүрүүлсэн байж дахиад нүгэл үйлдэн, Эцэг Эхийгээ зовлонд унагахаар байдалтай байвал яаж аврал хүсэн найдах билээ?

Тэнгэрийн оронд нүгэл үйлдэн газарт ирчихээд мөн л нүгэл үйлддэг мунхаг байдлаа давтаад байж ер болохгүй. Эцэг Эх хэний төлөө энэ мэт өвчин зовлонг тэвчиж байсныг ч мэдэхгүй, өөрийн шунал хүсэлдээ хөтлөгдөн, Бурханд төвөг удаж байна уу, Бурханыг алдаршуулж байна уу гэдгээ ч мэдэхгүй байх аваас цаашид тэрхүү нүглийг өөрөө л төлөх хэрэгтэй болно. Нэгэнтээ гэгээрүүлэгдэж, тэнгэрлэг бэлгийг амсан, Ариун Сүнсний хуваалцагч болсон атлаа давтан нүгэл үйлдсэн хүн Христийг дахин цовдолсон гэмтэй тул нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй (Евр 6:4-6).

Дахиж л Эцэг Эхээ цовдлох өөдгүй хүү охид болохгүй юм шүү гэсэн хатуу шийдвэрийг зүрхэндээ сийлээд, мөнхийн тэнгэрийн хаанчлалын иргэнийхээ хувьд цэвэр ариун, зөв итгэлийн амьдралаар амьдарцгаая. Сионы хүүхдүүд мөн л бол бидний тэр их нүгэл, гэм бурууг маань уучлан, гэмшлийн амьдралаар амьдрахад хөтөлсөн тэнгэр Эцэг Эхдээ үргэлж талархал, яруу алдар өргөх учиртай.

Үргэлж балчир хүүхэд шиг гуйж гувшин, зөвхөн хайр авахаа л бодохын оронд Эцэг Эхийн гүйцэлдүүлж буй гэмшлийн болон авралын их үйл хэрэгт хэрхэн оролцох вэ гэдгээ бодоод, Христийн эрхтний ёсоор дэлхийн бүх үндэстнийг аврахын төлөө хүчин зүтгэх эрийн цээнд хүрсэн итгэлтэй тэнгэрийн хүүхдүүд болохыг бүгдээс нь хүсье.