WATV.org is provided in English. Would you like to change to English?

​Сүмийг Шинэтгэн ариусгасны баяр

42,243 үзэлт

Хислев сарын (9-р сар) 25-нд тэмдэглэдэг байсан Сүмийг Шинэтгэн ариусгасны баяр нь иудейчүүдийн үндэсний баяр бөгөөд Мосегийн хуульд ордоггүй.

“Сүмийг Шинэтгэн ариусгасны баяр Иерусалимд болж байлаа. Тэгэхэд өвөл байв. Есүс сүм дотор Соломоны танхимд явж байжээ.” Иох 10:22-23

Меде Персийг эзэлсэн Грекийн эзэнт гүрэн Александр хааныг нас нөгчсөний дараа дөрвөн жанжных нь мэдэлд шилжиж, дөрвөн хаанчлалд хуваагдсан байна. Кассандрын (Македон), Селевкийн (Сири), Лизимакийн (Бага Ази), Птолемийн (Египет) гэсэн дөрвөн эзэмшил нутагт хуваагдаж, хаад нь бүгд л өөрсдийгөө Александр хааны ор залгамжлагч хэмээн үзэж байв. Хожим Бага Ази дахь Лизимакийн эзэмшил нутаг Селевкийн хаанчлалд эзлэгдэж, гурван хаанчлал нь л үлдсэн байна.

Вавилон, Меде Перс залгуулаад Грекийн эзэнт гүрний колони болсон Иуда орон эхэн үедээ Египетийг байгуулсан Птолемийн хаанчлалын эзэмшилд орсон байв. Харин 100 гаруй жилийн дараа Египет улс Сиритэй хийсэн дайнд ялагдахад Сирийн мэдэлд шилжих (МЭӨ 198 оны үе) болжээ.

Селевкийн хаанчлалын (Сири) үед IV Антиох хаан (цаашид “Антиох” гэх) хаан ширээнд суумагцаа хаанчлалынхаа бүх колони улсуудад Грекийн бурхдыг тахин шүтэхийг тулган шаардаж байв. Тэгээд уламжлалт бурхдаа шүтсэн хэнийг ч бай цаазаар авах зэргээр Хеленизм буюу Грекийн төрийн бодлого явуулж эхэлжээ. Энэ бодлого нь нийгэмд төдийгүй жирийн амьдралд хүртэл хэрэгжиж, улмаар эзэнт гүрэн даяар газар авав.

Иудей үндэстнүүдийн дунд ч энэ бодлогыг дэмжих хүмүүс гарах болов. Тэд өөрсдийн уламжлал, ёс заншил, шашин шүтлэгээ орхин грек бурхдыг шүтэж, грек уламжлал ёсоор спорт уралдаан тэмцээнд оролцож, бүр хувцсыг нь хүртэл өмсөх болов.

Сирийн хаад Иудагийн тахилч нарын дундаас хэн өөрсдөд нь тал засна тэр хүнийг тэргүүн тахилчаар томилдог байв. Түүгээр зогсохгүй иудей иргэдийн дунд ч өргөл барьц амлаж, тэргүүн тахилчийн хэргэм худалдаж авдаг хүмүүс байжээ. Антиох хаан Бурханы өргөөний ариун хэрэглэл, эдлэлүүдийг дээрэмдэн тонож байхад тэд үүнийг зүгээр л хараад суудаг байж. Тэр ч бүү хэл хаанд амласан өргөл барьцаа өгөх гэж сүмийн эдлэл хэрэглэлээс өөрсдөө хулгайлан зардаг байв.

Антиох хаан иудейчүүдийн хозлол, Амралтын өдөр, баяр зэргийг тэмдэглэхийг нь хориглож, грек бурхад шүтэхийг албадан, дагаагүй хүмүүст цаазын ял тулгаж байлаа. Бурханы өргөөнд Зевсийн шүтээнээс гадна бусад олон шүтээнийг (Грекийн олон бурхдын цутгамал шүтээнүүд) байрлуулах болов. Ингэснээр Бурханы өргөө грекчүүд болон шашнаасаа урвагчдын (грекжсэн иудейчүүдийн) шүтээний газар болон хувирчээ.

Сүсэглэлдээ үнэнч иудейчүүд хавчлагаас зугтаж цөл, ууланд бүгэхээс өөр аргагүйд хүрлээ. Бурханы хууль тушаалуудыг сахиж байгаад баригдах тохиолдолд хааны зарлигийн дагуу даруй цаазаар авдаг байв. Сүсэглэлтэй иудейчүүдээс олон хүн алагдсан юм.

Бурханы хууль тушаалыг дагаж байсан хүмүүсийн дунд Леви овгийн Матфей гэдэг удирдагч байв. Тэр эрүүл чийрэг таван сайхан хөвгүүнтэй байжээ. Тэр хөвгүүдийнхээ хамт хуульд үнэнч хүмүүсийг цуглуулан Антиохын эсрэг бослого гаргаж, хууль тушаал сахихыг уриалж байлаа.

Хааны албатууд түүнд өндөр хэргэм зэрэг амлаж, ятгах гэж оролдовч Матфей шийдвэртээ бат зогсон, Бурханы тушаалыг дагахыг хүссэн хүмүүсийн хамтаар хотыг орхин ууланд дүрвэж амьдрах болжээ. Мөн тэд цэрэг арми бүрдүүлж, хаа сайгүй сүндэрлүүлсэн Грекийн шүтээн, тахилын ширээнүүдийг нурааж байлаа.

Матфейг нас барсны дараа, түүний гурав дахь хүү Иуда Маккавей удирдагч болов. Маккавей эрэлхэг зоригтой, хурц дайчин байсан бөгөөд тэмцлээ орон даяар өргөтгөж, олон иудей хүнийг армидаа элсүүлж чаджээ. Тухайн үед Антиох парфчуудтай дайтаж байсан тул иудейчүүдийг дарахын төлөө цэргийн гол хүчээ явуулж төвдөлгүй туслах армиа илгээсэн байна. Туслах арми хэдий ч Маккавейн цэрэгтэй харьцуулахад хүн хүчээр илт давуу байв. Гэвч хэд хэдэн тулаанд Маккавейн армид ялагдсан болохоор Антиох хаанд цэргээ эргүүлэн татахаас өөр арга байсангүй. Бурханы өргөөний бүх шүтээн, хэрэгслүүдийг Маккавей устгаж, цэвэрлэв. Ингээд 12-р сард шинэчилсэн өргөөндөө Бурханд тахил өргөсөн юм. Шүтээнээр бузарлагдсан өргөөг сэргээн засаж, Хислев сарын 25-наас найман өдрийн турш баяр тэмдэглэхээр тогтож байв. Тэр үеэс хойш энэ баярыг Сүмийг Шинэтгэн ариусгасны баяр гэж нэрлэх болжээ.

Сүмийг Шинэтгэн ариусгасны баяр нь Бурханы биш, иудейчүүдийн үндэсний баяр. Ийм учраас бид тэмдэглэх шаардлагагүй. Хэдий тийм боловч уул, цөлийн хүнд хэцүү, тав тухгүй амьдралыг туулан байж гагцхүү Бурханд үйлчлэн Бурханы өргөөг сахин хамгаалах гэж зүтгэсэн тэдгээр хүмүүсийн оюун ухааныг бид сэтгэлдээ сийлэх нь зүйтэй юм.