Авралд хүргэх Бурханы хайр

77 Үзсэн тоо

Бурхан бол хайр (1Иох 4:8). Бүх сансар огторгуйг эрхшээн захирч, тоо томшгүй тэнгэр элч нараар хүндлүүлж, яруу алдар хүртэх зохистой Бурхан тэнгэрийн яруу алдраа хойш тавьж хүүхдүүдээ аврахын тулд дэлхий гэх жижигхэн газар дээр ирсэн юм. Нүгэлтнүүдтэй адилхан махан биеэр ирээд, нүгэлтнүүдэд янз бүрээр доромжлуулж, доог тохуу болж, зөвхөн хүүхдүүдийнхээ авралыг л хүсэн золиосын замаар алхсан юм. Тиймээс Библид Бурханыг хайр гэж хэлдэг.

Тийм агуу хайр байсан болохоор л өнөөгийн бид оршин байгааг санан, хүүхдүүдээ аврахаар энэ газарт ирсэн тэнгэр Эцэг Эхийнхээ ариун хайр золиосыг сэтгэлдээ тунгаацгаая.

Есүсийн туулсан золиосын он цаг

Эцэгтэй уулзахыг хүсвэл Библи их уншаарай хэмээн тэнгэр Эх айлдсан шиг 2000 жилийн өмнө тэнгэр Эцэг Өөрийн биеэр энэ газарт ирээд туулсан золиосынх нь ул мөр Библид их бий. Тэр дундаас Есүс тэргүүн тахилчийн боолуудад баригдан загалмайд өргөгдөх үеийг хүртэлх тэмдэглэлийг үзэцгээе.

“Өглөө эрт ахлах тахилч нар ба ард олны ахлагчид Есүсийг алуулахаар зөвлөлдөн, Түүнийг хүлж аваачаад захирагч Пилатад өгөв. … Гэвч ахлах тахилч нар ба ахлагчид Барабын төлөө гуйж, харин Есүсийг хөнөөлгө хэмээн ард олныг ятгасан байлаа. Захирагч тэдэнд —Энэ хоёрын хэнийг нь суллуулмаар байна? гэхэд тэд —Барабыг гэцгээлээ. Пилат тэдэнд —Тэгвэл Христ гэгдэх Есүсийг би яах болж байна? гэсэнд бүгд —Түүнийг цовдол гэцгээв. Пилат —Яагаад? Тэр ямар муу юм хийсэн юм бэ? гэж асуусанд харин тэд —Түүнийг цовдол гэж улам ихээр хашхирч байлаа. … Тэгээд тэр Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдуулаад, цовдлуулахаар өгчээ.” Мат 27:1-26

Есүс шинэ гэрээний Алгасал баярыг тогтоож өгсөн тэр шөнө зөгнөлийн дагуу Искариотын Иудас 30 мөнгөн зоосоор Есүсийг тэргүүн тахилчийнханд зарсан юм. Үргэлж Есүсийг дагана гэж ам өчиг өгч байсан шавь нар нь бүгд орхин явж, тэргүүний шавь нь байсан Петр хүртэл Түүнийг гурван удаа үгүйсгэхэд хүрсэн (Мат 26:47-75). Есүсээс урвасан Искариотын Иудас харамсаж эцэст нь амиа хорлодог (Мат 27:3-10).

Захирагч Пилатын өмнө Есүсийг авчирсан иудейчүүд “Дээрэмчин Барабыг суллаж, Есүсийг цовдол” гэж нүгэлгүй Есүст загалмайн ял оноохыг шаардсан юм. Өөрсдийнх нь нүглийн уучлал болон авралын төлөө энэ газарт ирсэн Христийг хороох ажлыг тэд тэргүүлсэн аж.

“Тэгэхэд захирагчийн цэргүүд Есүсийг ордонд авчирч, Түүн уруу бүтэн анги цуглуулав. Тэд Түүнийг нүцгэлээд час улаан нөмрөг нөмөргөж, сундуугаар титэм сүлжин тэргүүн дээр нь тавьж, баруун гарт нь хулс атгуулжээ. Тэд өмнө нь сөгдөж, —Иудейчүүдийн Хаанд мэндчилье гэж дооглон, Түүн уруу нулимж, хулсыг аваад тэргүүнийг нь цохиж гарав. Тэд Есүсийг дооглосны дараа Түүнээс нөмрөгийг тайлж, хувцсыг нь өмсгөв. Тэгээд Түүнийг цовдлохоор авч явлаа. … Тэд Түүнийг цовдолсны дараа шавга хаяцгаан, хувцсыг нь хуваан авч, суугаад тэндээ Түүнийг харгалзаж байв. Тэд тэргүүн дээр нь «Энэ бол Есүс, иудейчүүдийн Хаан» гэж ялыг нь бичсэн пайз хадлаа. Тэгэхэд Түүнтэй хоёр дээрэмчин, нэг нь баруун, нөгөө нь зүүн талд нь цовдлуулав. Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгой сэгсрэн Түүнийг доромжилж, —Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг Чи Өөрийгөө авраач. Чи Бурханы Хүү мөн юм бол загалмайнаас буугаач гэцгээж байлаа. Ахлах тахилчид ч хуулийн багш нар болоод ахлагчдын хамт мөн адил элэглэн —Тэр бусдыг аварсан ч Өөрийгөө аварч чадахгүй. Тэр бол Израилийн Хаан. Тэр одоо загалмайнаасаа бууг. Тэгвэл бид Түүнд итгэнэ. Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. “Бурханы Хүү бол Би байгаа юм” гээд л байсан биз дээ гэцгээв. Хамт цовдлогдсон дээрэмчид ч Түүнийг бас доромжилжээ. … Есүс дахин чангаар хашхираад амьсгал хураав. …” Мат 27:27-56

Ром цэргүүд Есүсийг нүцгэлээд час улаан нөмрөг нөмөргөж, гутааж доромжлох үйлдэл эргэлзэх ч үгүй хийжээ. Тэд Түүнийг ташуурдан, өргөст титэм зүүлгэж, хулс атгуулж, доромжлох нь ч багадаад нулимж, хулсыг нь авч толгой руу нь цохин доромжлолын үгс урсгаж гарчээ.

Загалмайн гашуун зовлонг амсахдаа ч Есүс тэргүүн тахилч, дээрэмчин гээд Өөрийн бүтээлүүдээсээ янз бүрийн доромжлол амссан юм. Аврал соёрхох гэж Өөрийн биеэр энэ газарт ирсэн боловч хүмүүс Христтэй ингэж л харьцсан.

Авралд хүргэхийн төлөө

Библид Есүс зовлон амссан тэр өдрийн үйл явдлуудыг товчхон дүрсэлсэн төдий болохоос Түүнд хэрхэн харгис хэрцгий хандсаныг нь нарийн тодорхой тэмдэглээгүй. Тэгсэн ч Библид тэмдэглээстэй байгаа загалмайн зовлон бидний сэтгэлийг сэмэлж өвтгөдөг. Тэнгэр газрын Эзэн, сансар огторгуйг захирдаг Бурхан яагаад Өөрөө махан биеэр ирж, гашуун зовлон амссан бол оо?

“Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.” Лук 19:10

Есүс алдагдсаныг хайж аврахаар энэ газарт ирсэн хэмээн айлдсан байдаг. Хаадын Хаан, эздийн Эзэн болсон Бурхан Өөрийн биеэр ирээд ийм гашуун зовлонг амсах хэмжээнд бидний нүгэл тийм том, тийм хүнд. Асар их доромжлол, саад хавчлагатай учирч, харгис ташуурын амт үзэн, загалмайн зовлон эдэлсэн нь үхэхээс өөр аргагүй болсон хүүхдүүдийнхээ нүглийг өмнөөс нь үүрсэн хэрэг байв.

Тэнгэрт ч бас сахих ёстой хууль, сансар огторгуйг захирах эмх журам гэж бий. Тиймээс зөв шударгын Бурхан Өөрийгөө золиосолсноор бидний тэнгэрт хийсэн нүглийн хөлсийг өмнөөс минь төлсөн юм. Бидний авралын төлөө биш байсан бол Бурхан махан бие өмсөх хэрэггүй, өлсөж нүцгэрэн, нүгэлтэн гэгдэн загалмайд цовдлогдож, доромжлол амсах хэрэг огт байгаагүй. Энэ бүхэн биднээс л болсон. Бидний л төлөө зовж, золиосын зам туулсан билээ.

Есүсийн туулсан зовлонгийн замыг тунгаан бодохоор Өөрийг нь эсэргүүцэн дорд үзсэн энэ дэлхийд дахин ирэхийг хүсэх байсан болов уу. Гэвч 2000 жилийн өмнө хүүхдүүдийнхээ авралын төлөө энэ газарт ирсэн Есүс бүх доромжлолыг чимээгүйхэн тэвчиж гараад, мөн урьдынхтайгаа адилхан зорилгоор хоёр дахиа энэ газарт ирнэ гэсэн юм.

“Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.” Евр 9:27-28

Хэн нэгэн өөрийг нь дорд үзэн, хавчиж, үхэл рүү хөөсөн тийм газарт дахин ирэхийг хүсэх үү? Гэсэн ч Есүс үхлийн гинжинд хүлээтэй байгаа хүүхдүүдээ чөлөөлөхийн тулд дахин энэ газарт ирсэн. Загалмайн золиосоор нээж өгсөн авралын зам Сатаны саад эсэргүүцлээс болж шашны харанхуй үед устаж алга болсон. Тиймийн учир Есүс хоёр дахиа ирж шинэ гэрээний үнэнийг сэргээснээр тэр замыг дахин тавьж өгсөн юм.

Хоёр дахиа энэ газарт ирээд туулсан зам нь ч бас анх ирсэн үеэс нь нэг их ялгарахааргүй байлаа. Бурхан Өөрөө энэ газар хүртэл ирсэн ч хүлээж авах хүн ганц ч байхгүй, бүгд л Түүнтэй зүй бусаар харьцаж, ад шоо үзэж байв. Зовлон гуниг л хүлээх энэ газарт ирэхгүй байж ч болно. Гэвч Бурхан махан биеэр дахин ирээд Өөрийн хайрыг бататган харуулсан юм. Доромжлогдон зовсон ч хүүхдүүдээ л аварч чадна гэвэл тэр замаар дуугүйхэн алхсан тэнгэр Эцэг Эхийнхээ золиос, хайрыг сэтгэл зүрхэндээ гүн сийлцгээе.

Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир

Бурхан хүүхдүүдээсээ болж зовлон эдэлсэн ч Өөрийгөө зовж байна, ядарч байна гэж ганц ч удаа хэлээгүй. Харин ч хүүхдүүдээ дутуу хайрласан байх вий гэсэндээ “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ирээд амар” хэмээн айлдсан юм.

“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятай, ачаа минь хөнгөн гэв.” Мат 11:28-30

Бурхан биднээс ч илүү хүнд ачаа үүрч байгаа. Тэгсэн хэдий ч биднийг үүрч байгаа өчүүхэн ачаагаа хүртэл Бурхан руу авч ирээд тавь гэсэн байна. Хүүхдүүд бид л “Танд хичнээн хүнд байгаа бол? Одоо бид ачаанаас тань үүрэлцье” гэх ёстой атал эсрэгээрээ хүүхдүүдийнхээ ачааг оронд нь үүрье гэсэн Эцэг Эхийнхээ хязгааргүй хайрыг бид мартаж яахан чадна.

Заримдаа бид юм хүссэнээр болсонгүй гээд гомдол дургүйцэл урсгаж, жижигхэн юмаар ах эгч дүүгийнхээ сэтгэлийг шархлуулчих нь бий. Гэвч Бурханы амссан өвдөлт зовлонг бодвол бидний буулга, ачаа үнэхээрийн өчүүхэн. Бурханы энэ агуу хайрыг хүртсэн бид Бурханаас илүү өөрийгөө, сүнслэг амьдралаас илүү махан биеийн төлөөх амьдралаа урьтал болгоод байж болохгүй ээ. Сүнсний ертөнц нүдэнд харагдахгүй гээд нүдэнд харагдах энэ газрын амьдралаар л явах гэдэг мунхаг бодлоо хаяж, авралын үнэ цэнэ, Бурханы агуу золиос болон ивээлийг цаг ямагт ухаардаг байцгаая.

Авралын түүх бүрэн гүйцэлдэж, тэнгэрийн бүх хүүхдүүд мөнхийн тэнгэрийн хаанчлалд орох тэр мөчид Бурхан сая л нэг урт удаан хугацаанд мөрөн дээрээ үүрч байсан хүнд ачаагаа буулгах юм. Тиймээс бид өөрсдийнхөө авралд төдийгүй хараахан үнэн дотор орж ирээгүй байгаа хүмүүсийн авралд санаа тавьж, сайн мэдээ тунхаглах ажилд илүү сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй билээ.

Хэрвээ Бурхан ирээгүй байсан бол

Хэрвээ Бурхан энэ газарт ирээгүй байсан бол бид яах байсан бол оо? Аврал авч чадаагүй хүмүүсийн төгсгөл ямар байхыг Библийн үгээр баталцгаая.

“… —Хэн араатанд болон хөрөгт нь мөргөж, духан дээрээ, эсвэл гар дээрээ тэмдэг авна, тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэрэлч нар ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна. Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана. Араатанд ба түүний хөрөгт мөргөгсөд, түүний нэрийн тэмдгийг хүлээн авсан алив хүн өдөр ч, шөнө ч амрахгүй.” Илч 14:6-11

“Өнөөх араатан болоод хуурамч эш үзүүлэгч хамтдаа баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдэн араатны тэмдгийг хүлээн авсан ба араатны хөрөгт мөргөгсдийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг шатаж буй хүхэртэй галт нуурт амьдаар нь хаяв. Бусад нь морь унасан Нэгэний амнаас цухуйх сэлмэнд алагдсан бөгөөд бүх шувууд тэдний маханд цадав.” Илч 19:20-21

Библид араатнаар зүйрлэгдсэн дайсан диавол болон тэр араатанд мөргөсөн хүмүүс, мөн тэднийг тэмдгүүдээр мэхэлсэн хуурамч эш үзүүлэгчийг бариад шатаж буй хүхэртэй галт нуурт хаяв гэж байдаг. Аврал авч чадаагүй хүмүүсийг хүхэртэй галд тарчлах тамын шийтгэл хүлээж байгаа. Зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглах тэр газар өдөр ч, шөнө ч амрахгүй зовлонд тэд амь тэмцэх болно.

“… Гар чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Унтаршгүй галтай тамд хоёр гартайгаа очсоноос гаргүйгээр аминд орох нь чамд дээр. [Тэнд өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй.] Хөл чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Тамд хоёр хөлтэй хаягдсанаас хөлгүйгээр аминд орох нь чамд дээр. [Тэнд өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй.] Нүд чинь чамайг бүдрүүлвээс ухаж хая. Хоёр нүдтэйгээ тамд хаягдсанаас өрөөсөн нүдтэйгээр Бурханы хаанчлалд орох нь чамд дээр. Тэнд өт хорхой нь үхэхгүй, гал унтрахгүй. Учир нь хүн бүр галаар давслагдана.” Мар 9:41-49

Есүс ямар ч золиосын үнэ төлсөн там руу явж болохгүй гэж бидэнд захисан. Тамын зовлон хичнээн их болоод ингэтлээ ахин дахин онцолсон байх вэ? Үхмээр байсан ч үхэл зугтах, зовлон л үргэлжлэх тамын ялаас бид өөрсдийн хүчээр зугтах аргагүй байсан. Бурхан хүүхдүүдээ тамын мөнхийн ял шийтгэл авахгүй байгаасай гэсэндээ сэтгэл нь зовнин Өөрөө махан бие өмсөн гаслант зовлонг тэвчсэн юм.

Авралыг бүү үл хайхар

Хуучин гэрээний хуулинд ард түмэн нүглийн уучлал авъя гэвэл мал амьтнаар эвлэрүүлгийн золиосын тахил өргөх хэрэгтэй байв. Золиосын тахилын бодит болж ирсэн Бурхан бидний хийсэн бүх нүглийг оронд минь үүрч, бидний амсах ёстой доромжлол басамжлалыг өмнөөс минь амссан. Эвлэрүүлгийн золиосын тахил болсон Бурханы хайр байсан болохоор л одоо бид тэнгэрийн хаанчлалд найдан амьдрах болсон шүү дээ.

“бид ийм агуу авралыг үл хайхраад хэрхэн зугтаах билээ? Энэхүү авралыг эхлээд Эзэн айлдсан бөгөөд сонссон нь бидэнд баталсан юм. … Та түүнийг тэнгэрэлч нараас арай доохно болгожээ, алдар хүндийн титмийг Та түүнд өмсгөжээ, [Мутрынхаа бүтээлүүдийг захируулахаар томилжээ.] Та бүх юмсыг [түүний] хөл дор оруулсан” гэжээ. … Харин Бурханы нигүүлслээр хүн бүрийн төлөө үхлийг амсахын тулд тэнгэрэлч нараас арай дорд болгогдсон бөгөөд үхлийн зовлонгийн учир цог жавхлан хийгээд хүндэтгэлийн титэм өмссөн Есүсийг бид хардаг. Евр 2:3-9

Тэнгэрт яруу алдар, магтаал авах зохистой Бурхан тэнгэр элч нараас арай дорд хүний төрхөөр энэ газарт ирсэн. Биднийг аврах гэж Тэрээр огтхон ч тээнэгэлзэлгүй хоёр дахь удаагаа зовлонгийн он цагийг туулсан билээ. Ийм агуу авралын ивээлийг бид үл хайхарч хэрхэвч болохгүй юм. Хэдийгээр бид авралын ивээлийг үнэгүй авсан ч Бурханы соёрхсон авралын үнэ цэнэ нь жижиг зүйл ердөө ч биш.

Есав шиг түр зуурын зугаа цэнгэлд автаж, мөнхийн ерөөлөө алдахгүй байхыг чин сэтгэлээсээ хүсэх байна. Бурханы соёрхсон авралын ивээлийг хоосон болгохгүйн тулд тэнгэрийн хаанчлалыг чиглэн хүчтэйгээр гүйцгээе. Махан биеийнхээ төлөө болохоор цаг зав харамгүй зарцуулж, өөрийг нь аврахын төлөө зовлонгийн амьдрал сонгосон Христийн төлөө гаргаж байгаа цаг хугацаандаа харам хандаагүй байгаа, алдаа гаргаагүй байгаа гэдгээ үргэлж эргэн харж, авралаас эцэс хүртэл чанга зууран, дэлхийн бүх хүнд авралын мэдээ дамжуулцгаая.

Бурханы бэлдсэн тэнгэрийн хаанчлалын яруу алдар нь хүний зүрх сэтгэлд орохооргүй, дэндүү үзэсгэлэнтэй газар юм (1Кор 2:9). Сургаалт зүйрлэлд итгэмжит боолдоо “Чи маш бага юманд итгэмжтэй байсан тул арван хот захирах эрх мэдэлтэй боллоо” гэж тушаасан хаан шиг Эцэг Эх маань бидний өчүүхэн зүтгэлийг ч марталгүй мөнхийн тэнгэрийн хаанчлалын нутагтаа очсон хойно минь бүгдийг буцаан төлнө гэж айлдсан шүү дээ (Лук 19:12-17, Илч 22:12). Сайн мэдээний төлөө амь хайргүй зүтгэсэн хүүхдүүдээ Бурханы хайрыг ухаарч сургаалыг нь хэрэгжүүлсэн хүүхдүүд гэж Бурхан хүлээн зөвшөөрөх юм.

Бурханы хайр ба золиосыг сурч, жишээ аваад ах эгч дүүгээ аврах ажилд тэргүүлэн дэлхий даяар сайн мэдээ тунхаглах үүргээ үтэр түргэн гүйцээх Бурханы хүүхдүүд болбол сайнсан. Бидний төлөө золиосоороо нээж тавьсан авралын замыг дуустал нь гүйж, нэг ч хүн үлдэлгүй бүгд тэнгэрийн хаанчлалд орох тэнгэрийн гэр бүлүүд болохыг хүсэх байна.