Бурхан тэнгэрээс алдагдсан хүүхдүүдээ хайж аврахын тулд энэ газарт ирээд хүн төрөлхтний нэгийг нь ч мөхүүлэхийг хүсэлгүй бүгдийг гэмшиж, авралд хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Тиймээс Бурхан хайртай хүүхдүүддээ “сайн мэдээ” гэх энэ сайхан мэдээг дэлхий даяар тунхаглаж, ертөнцийн бүх хүнд авралын боломж олгоорой гэж захисан юм.
Дэлхий даяарх Сионы гэр бүлүүд Бурханы эрхэм дээд хүслийг хүндэтгэн хүн төрөлхтөнд Бурханы үг тунхаглах тангараг өргөн, тэрхүү тангаргаа биелүүлэхээр одоо нэг сэтгэлээр хичээнгүйлэн ажиллацгааж байна. Мэдээж дэлхийн бүх хүнд сайн мэдээ тунхаглана гэдэг амархан ажил огт биш ээ. Сайн мэдээ тунхаглах явцад элдэв саад бэрхшээл, ээдрээтэй олон асуудал тулгарч мэднэ. Харин тэр бүхнийг шийдвэрлэх арга зам тун энгийн.
Та бүхэн Гордын зангилаа гэдэг домог сонсож байсан байж магадгүй. Фригиа улсын нийслэл Гордиум хотод Горд хааны тайлагдахын аргагүй хэцүү зангилж уясан нэгэн морин тэрэг байжээ. Уг зангилааг тайлсан хүн Азийг эзэлнэ гэсэн нэгэн эртний зөгнөл тэр үед тархаж гэнэ. Түүнээс хойш олон хүн тэр зангилааг тайлах гэж оролдсон боловч хэн нь ч тайлж чадаагүй ажээ.
Гэтэл Александр их хаан тэр нутгаар дайрч өнгөрөхдөө энэ яриаг сонсжээ. Яваад очтол өнөөх зангилааг нэг бүрчлэн тайлбал бүх насаараа тайлаад ч дуусахааргүй тийм ярвигтай зангилаа байж л дээ. Тэгэхээр нь Александр хаан сэлмээ суга татан гаргаж ирээд өнөөх зангилааг нь тас цавчсан гэдэг. Тэрээр зангилааг хүүе гэхийн завдалгүй сэлэмнийхээ ганцхан далайлтаар л тайлчихаж. Үүний дараа зөгнөл биеллээ олж, Александр хаан Азийг эзэлсэн хаан болжээ.
Аливаа ярвигтай, шийдэхэд хэцүү асуудал тулгарахыг хүмүүс Гордын зангилаатай зүйрлэдэг гэнэ. Сайн мэдээ тараахад ч сүм болгонд, хувь хүн бүрд л шийдэхэд үнэхээр төвөгтэй асуудал их байдаг. Гэвч Александр хаан шиг хурц гүйлгээ ухаантай байвал асуудлыг дорхноо л шийдэж чадна. Нэг нэгээр нь тайлъя гэсэн ч тайлахын аргагүй зангилааг тайлах цорын ганц арга нь түүнийг тасалж хаях. Орооцолдож зангирсан бүх гогцоо зангилааг зөгнөлийн баатрууд болох Бурханы хүүхдүүд л тайлна.
“Харин одоо би та нарыг гашуудуулсандаа бус, гашуудал чинь гэмшилд хүргэж, та нар Бурханы дагуу гашуудсанд чинь баярлаж байна. Ингэснээр та нар биднээс болж ямар нэг байдлаар зовоогүй билээ. Бурханы дагуух гашуудал нь авралд хүргэдэг гэмшлийг бий болгодог. Харин ертөнцийн гашуудал үхлийг бий болгодог. …” 2Кор 7:9-11
Ертөнцийн гашуудал нь үхлийг бий болгодог ч харин Бурханы хүслийн дагуух гашуудал нь аврал гэх гайхалтай үр дүнг бий болгодог байна. Ертөнцийн янз бүрийн санаа зовнил, гашуудал, санаашралыг Ариун Сүнсний сэлмээ сугалаад ганцхан далайлтаар тас цавчиж хаяцгаая. Зөвхөн Бурханы хүслийн дагуу хийх нь л биднийг аврал руу хөтөлнө.
Бурханд бүрэн дүүрэн итгэж, Бурханыг л түшвэл бид зангилааг тас цавчих сэлмээ сугалж чадна. Тэгэхгүйгээр орооцолдсон зангилааг нэг нэгээр нь тайлах гэж зууралдвал нөгөө зангилаагаа тайлах нь битгий хэл улам орооцолдуулж, дахиад өөр зангилаа бий болгож орхино.
Канаан нутгийн байдлыг тандаад ирсэн арван хоёр тандагчийн арав нь тайлагдашгүй бодлын зангилаанд орооцолдсон байв. Канааныг эзлэх гэсэн зорилго нь байвч хичнээн бодсон ч ялах арга тэдний хувьд байхгүй байж. Бат бөх өндөр хана хэрэм, бадриун аварга том биетэй оршин суугчид, өдий төдий зэр зэвсэг гэх мэтийг хараад улмаар өөрсдийгөө хүчгүй, чадалгүй гэж дүгнэхэд хүрдэг. Өөрийн бодлоор тайлах гэж оролдох тусам өнөөх зангилаа бүр орооцолдож, өөр зангилаа үүсгэж хэзээ ч тайлагдахгүй зангилаа болж хувирна.
Ердөө санаа нь л зовоод байсан хүмүүс гутранги сөрөг бодолдоо автан бүх зүйлд гомдоллосон юм. Гэвч Иошуа Калеб хоёр тэдэнтэй адилгүй, “Тэд бидний хоол болно. Бурхан бидэнтэй хамт байна” гэцгээж байв.
Ингээд Иошуа Калеб хоёроос бусад гомдоллосон хүмүүс мөхөх хүртэл израиль ард түмэн цөлд 40 жил амьдарсан. Эцэст нь Канаан нутгийн эхний хот болох Иериход тулж ирэхэд тэдэнд яг адилхан нөхцөл байдал дахин тулгардаг. Тэгэхэд израильчууд мөн л “Тэр төмөр мэт хотыг яаж эзлэх үү?”, “Тэр хүчтэй дайснуудыг яаж бүгдийг нь үлдэн хөөж чадах билээ?” гэж дахин гомдоллоцгоосон юм. Тэр үед тэдний удирдагч Иошуа тэдний итгэлийг дахин зоригжуулж “Битгий санаа зов. Бурхан бидэнтэй хамт байгаа биш гэж үү! Бурханы үгийг л дагавал Иерихог заавал бидэнд өгнө” гэж хэлдэг.
Иошуа Иерихог эзлэх аргын талаар яах бол, ийх бол гэж огт санаа зовж эргэлзээгүй. Гагцхүү Бурханд найдаж, үгийг нь даган үйлдсэн төдий. Иерихог долоон удаа тойр гэхэд нь тойрч, хашхир гэхэд нь хашхирсан. Хэрэв хүний арга тактикаар асуудлыг шийдэх гэсэн бол Иерихо одоо ч эзлэгдээгүй төмөр мэт хот хэвээрээ өнөөдрийг хүртэл үлдэх байсан байх. Харин Бурханы үгийн дагуу хийгээд үзтэл зангилааг маш амархан тайлчихсан.
Тэнгэр Эх маань биднийг “Иошуагийн үүргийг хүлээсэн хүмүүс” гэж хэлсэн байдаг. Дэлхийн бүх ард түмэнд сайн мэдээ тунхаглахад ч Иошуагийнх шиг ийм итгэл бидэнд хэрэгтэй юм.
“Тэрээр бүх хүн аврагдаж, үнэний мэдлэгт ирээсэй гэж хүсдэг.” 1Тим 2:4
Бурхан бүх хүн аврагдаж, үнэний мэдлэгт ирээсэй гэж хүсдэг тул бид тэдэнд үнэнийг мэдүүлж өгөх ёстой. Иймийн тулд л бид бүгдээрээ босоод тус тусын тив, улс, орон нутагтаа Бурханы ерөөлтэй мэдээг тунхаглаж, тэдэнд авралын хаалгыг нээж өгөх гэсэндээ дэлхий дахинд сайн мэдээ тунхаглах хөдөлгөөнийг одоо өрнүүлж байна.
Бурхан биелүүлнэ гэж айлдсан байхад энэ ажил яагаад бүтэхгүй гэж? Өнөөдрөөс эхлээд уулзсан хэнд ч бай тунхаглахад л болно. Бурхан хүүхдүүддээ зангилааг нэг нэгээр нь тайлах биш нэг дор нь бүгдийг тайлах аргыг хүртэл хэдийн зааж өгсөн шүү дээ.
Бурхан энэ газарт ирсэн зорилго нь алдагдсаныг хайж, аврах байсан. Бид бүхэн сайн мэдээ тунхаглаж байгаа нь зүгээр нэг жирийн тунхаглал биш дэлхийг аврах гэсэн утгатай. Энэ ажлыг хийхэд бидний өмнө гарч ирэх бүх зангилаа болон гашуудал, санаа зовнилыг зоригтойгоор тасдан хаяж, Бурханы айлдах үгэнд дуулгавартай байх хэрэгтэй.
“Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв. … Тэрээр —Нэгэн сурвалжит хүн хаанчлалыг хүлээн аваад буцаж ирэхээр алс холын орныг зорьжээ. Тэр арван боолоо дуудаж, тэдэнд арван маанэ өгөөд “Намайг буцаж иртэл эдгээрийг эргэлдүүл” гэжээ. … Мөнөөх хүн хаанчлалаа хүлээн авсны дараа буцаж ирэв. Тэгээд мөнгө өгсөн боолууд нь хэр эргүүлснийг мэдэхээр тэднийг дуудуулж гэнэ. Эхнийх нь ирж “Эзэн, таны нэг маанэ арван маанэ болсон” гэхэд тэр түүнд “Сайн байна, сайн зарц минь. Чи маш бага юманд итгэмжтэй байсан тул арван хот захирах эрх мэдэлтэй боллоо” гэжээ. Хоёр дахь нь ирж, “Эзэн, таны нэг маанэ таван маанэ болсон” гэхэд тэр түүнд мөн “Чи таван хот захирах эрхтэй” гэлээ. Өөр нэг нь ирж, “Эзэн, үзэгтүн, би таны нэг маанээг алчууртаа боогоод хав дарчихсан. Та тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн тул би танаас айсан юм” гэсэнд тэр “Өөдгүй боол… гээд, дэргэдээ байгсдад “Түүнээс нэг маанээг авч, арван маанэтай хүнд өгсүгэй” гэв. Тэд “Эзэн, түүнд арван маанэ байгаа шүү дээ” гэхэд “Би та нарт хэлье. Хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс хураагдана.” Лук 19:10-26
Арван маанэ, таван маанэ нэмж олсон боолуудын хувьд санаа зовнилын зангилааг хялбархан тайлах аргыг тэд мэдэж байсан. Тэд шуудхан гараад эзнийхээ тушаасан ёсоор эргэлдүүлж, илүү олон маанэ нэмж олжээ. Сургаалт зүйрлэлд эргэлдүүл гэсэн нь сайн мэдээ тараах гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл сайн мэдээ тараасан хүмүүсээр дамжуулан олон сүнс аврал авахыг илэрхийлж буй хэрэг.
Бусад хүн Бурханы үгийг дуулгавартай дагаж хичээнгүйлэн эргэлдүүлсэн ч харин нэг нь эргэлдүүлэхээс хойш сууж, янз бүрийн санаашрал, гашуудалд автан тоо томшгүй олон зангилаа бий болгочихдог. “Яаж хийх үү? Юу хийх үү? Ямар аргаар хийх үү?” гэх мэт өөрийн бодлын зангилаануудыг бий болгосноор тэрээр юу ч хийж чадахгүй шаналж суухад эзнийх нь ирэх тэр өдөр хаяанд тулж иржээ. Эцэст нь тэрээр өөдгүй боол гэгдэн өөрт байсан маанэг булаалгах харамсалтай байдалд орсон юм.
Бид бүхэн нэг маанэ нуусан хүнтэй адил санааширч, санаа л зовж суухын оронд эзнийхээ үгийг хэрэгжүүлсэн хүмүүс шиг өнөөдрөөс ч болов Бурханы тушаалыг даган хичээнгүйлэн тунхаглацгаая. Хэрэгжүүлбэл амархан. Бурхан үгийг нь хэрэгжүүлдэг хүнд агуу ерөөлөөр хариу барих нь гарцаагүй.
Дээр үед хэдэн хүүхэд тоглож байтал дүүрэн устай вааранд нэг нь уначихаж гэнэ. Хамт тоглож байсан хүүхдүүдийн зарим нь тосгоны томчуулд хэлэхээр гүйхэд яах ч учраа олохгүй хөлөө дэвслэн байсан хүүхэд ч байж. Харин нэг нь том чулуу авч гүйж ирэн ваарыг хага цохижээ.
Бусад хүүхдүүд ч мөн ялгаагүй өнөөх унасан хүүхдийг аврах гэж хүссэн ч маш энгийн нэг зүйлийг анзаараагүй байж. Вааран доторх усыг л асгавал тэр хүүхэд амьдарч чадах байв. Чулуу авч ирээд ваарыг хагалж байж л хүүхдийг аварч чадна. Хэрэв устай ваарыг хагалаагүй бол тосгоныхонд дуулгасан ч тэднийг ирэх гэсээр байтал усанд унасан хүүхэд хэзээний амиа алдчих байсан биз. Дороо дэвслэн зогсох хүүхэд ямар ч тус хүргээгүй юм. Гагцхүү тэр хүүхдийг аврах ёстой гэж бодсон хүүхэд л ваарыг хагалж, өнөөх хүүхдийг аварсан байна.
Бид ч мөн хүмүүсийг аврах талаар л бодоод байвал вааранд унасан хүүхдийг нэг хоромд аврах ганц чулуу шүүрэх дайны мэргэн ухаантай байж чадна. Яавал хүн төрөлхтнийг аврах вэ гэж санааширч, санаа зовж, яаж хийх аргын талаар л яриад байхаас илүү хэрэгжүүлэх нь чухал. Хүмүүсийг аврах ажилд л гол анхаарлаа хандуулж, хичээнгүйлэн сайн мэдээ тунхаглавал Бурхан бидэнд бүх зам нээж өгдөг. Хэрэв бид хичээнгүйлэн сайн мэдээ тараавал тэр тайлах аргагүй зангилааг ганцхан цавчаад тайлж орхисон Александрын сэлэм болон ваар хагалж хүүхдийг аварсан тэр чулууны үүргийг гүйцэтгэх юм.
“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20
Иерихог эзлэх үед ч аргын талаар Бурхан урьдаас хэлсэн. Хотыг өдөр бүр нэг удаа тойр, долоо дахь өдөрт нь долоон удаа тойроод хашхир, хашхирах үед хот нурна гэж үр дүнг нь хүртэл хэлж өгсөн. Үүнтэй адил Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээж, бидэнд тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг заах юм бол дэлхийн авралын түүх биелнэ гэдгийг Бурхан тодорхой мэдүүлж өгсөн.
Бурхан төлөвлөж, удирдаж байгаа ажилд ивээлтэй үр дүн аль хэдийн тогтоогдчихсон байгаа. Тиймээс Бурханы аргад тулгуурлан Бурханы хүслийг дагавал бүгд биелэх болно.
“… Учир нь «Эзэний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно». Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд тунхаглагчидгүйгээр яаж сонсох вэ? Илгээгдэхээс нааш тэд яаж тунхаглах вэ? «Сайнмэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!» гэж бичигдсэн байдаг. Харин тэд сайнмэдээнд итгэсэнгүй. Учир нь Исаиа «Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ?» гэж хэлсэн. Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг. Гэвч би хэлье. Тэд сонсоогүй гэж үү? Үнэндээ тэд сонссон. «Дуу хоолой нь бүх газарт, үгс нь ертөнцийн хязгаарт хүрсэн» гэсэн байдаг юм.” Ром 10:11-18
Бид сайн мэдээний сайхан мэдээг тунхаглавал “Тэдний үгс ертөнцийн хязгаарт түгнэ” гэсэн үр дүнд заавал хүрнэ. Хамт хашхирахад нь Иерихо нурсан шиг сүнслэг Вавилон ч бас нурна. Харин тэд тоогоор хавьгүй олон, эрх мэдлийн хувьд ч нийгэмд бат бөх байр суурьтай, тэд биднээс илүү хүчирхэг болохоор хэцүү байх гэх нь арван тандагчийнхтай адилхан бодол юм. Бурхан энэ сайн мэдээ бүх газарт тунхаглагдана гэж айлдсан шүү дээ.
“Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй гарынх нь бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилмүй. Хэл яриа хийгээд үг үгүй, дуу ч сонсогдохгүй, дуу хоолой нь бүх газарт, үгс нь ертөнцийн хязгаарт хүрсэн. …” Дуу 19:1-4
Библид ингэж зөгнөсөн бол итгэх ёстой биз дээ? Бид зөгнөлийн баатруудын хувиар “Та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа” хэмээсэн үгийнх нь дагуу биелүүлэхэд л болно.
Израиль ард түмэн Иерихог эзлэхэд ч Бурхан яаж эзлэх аргыг зааж өгсөн. Ард түмэн яг айлдсаных нь дагуу үйлдэж, үр дүн нь ч Бурханы айлдсан ёсоор бүтсэн. Агуу хот Вавилоныг нураая гэвэл энэ мэт Бурханы айлдсан үгийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд л болно. Хүмүүст сайн мэдээ сонсгохгүй гэж Сатан улангасан янз бүрийн саад бэрхшээл бий болгож байгаа ч, Иерихогийн хана хичнээн өндөр байсан ч Бурхан нурааж өгсөн биш үү?
Өдөр өнгөрөх тусам сайн мэдээ илүү олон хүнд тунхаглагдаж байна. Сатан хичнээн саад хийх гэж оролдлоо ч Бурхан зам нээсээр байгаа тул бид тэнгэр Эцэг Эх энэ газар ирснийг, Ариун Сүнсний үеийн Аврагч шинэ нэр Ан Сан Хун Христийн нэрээр баптисм хүртээд хүслийг нь дагах ёстой гэдгийг хичээнгүйлэн тараах хэрэгтэй.
Бурханы үгэнд итгэхгүй, сүрдмээр Иерихо хотыг зүгээр л харж суувал шантарч, сэтгэл дотроо дэмий зангилаа л үүсгэхээс биш тайлж чадахгүй. Сайн мэдээгээр Азийг эзэлж, Африкийг эзэлж, энэ сайн мэдээг дэлхийн бүх тивд тунхаглаж дуусгах зөгнөлийн хүн нь зангилаа үүсгэх биш, харин итгэлээрээ тэр зангилааг ганцхан ухас хийгээд тасалчихдаг хүн юм.
Ямар ч байр байдалд байсан Бурханы хүслийг хүндэтгэж, хичээнгүйлэн авралын зар тараах нь зангилааг шуудхан тасалж байгаа хэрэг. Сурагч нь сургууль дээрээ, цэрэг нь анги дээрээ, ажилчин нь ажил дээрээ мөн бид алхам тутамдаа тааралддаг үй олон хүнд сайн мэдээг цаг ямагт тунхаглах гэж хичээвэл Бурхан заавал авралын ивээл ба нандин үр жимсээр хариулна гэдэгт итгэж байна. Бурхан бүх хүн аврагдаж, үнэний мэдлэгт ирээсэй гэж хүсдэг болохоор дэлхийн бүх Сионы хүүхдүүд Ариун Сүнсний өвч зэвсгийг аваад, тэнгэр Эцэг Эхийн хүсэж буй хүн төрөлхтний авралын түүхийг заавал биелүүлэхийг хүсэж байна.