WATV.org is provided in English. Would you like to change to English?

Израилийн түүх

956 Үзсэн тоо

Израилийн түүхийг сурч буй шалтгаан

Бид Израилийн түүхийг сурч байгаа учир нь махан биеийн Израилийн түүх нь сүнсний израиль ард түмэн бидэнд тохиолдох түүхийг харуулж байдагт оршино.

Махан биеийн Израилийн улс төрийн бус зөгнөлийн түүхээр бид өөрсдөдөө тохиолдох түүхийг урьдчилан харж болно. Улмаар Бурханы хүүхдийн хувьд байр суурь, зэрэг дэвээ зөв бэхжүүлж, Бурханы хүү, охидод байх ёстой итгэлтэй болцгооё.

Израилийн түүхийг ерөнхийд нь дараахтай адил ангилж болно.

  1. Адамаас Ноагийн үе хүртэл
  2. Ноагаас Абрахамын үе хүртэл
  3. Абрахамаас Мосегийн үе хүртэл
  4. Египетээс гарснаас Канааны байлдан дагуулалт ба Шүүгчдийн үе
  5. Хаадын үе
  6. Хуваагдсан хаанчлалын үе
  7. Вавилоны цөллөг ба эх нутагтаа буцсан үе
  8. Иерусалимын сүйрэл ба сэргээн босголт

1. Адамаас Ноагийн үе

Хүн төрөлхтний өвөг эцэг Адамаас Ноагийн үе хүртэлх удам угсааны талаар Эхлэл 5-р бүлэгт дэлгэрэнгүй бичигдсэн байдаг. Хүмүүс өсөн нэмэгдэж, тэдний нүгэл үлэмж ихэссэнийг харсан Бурхан хүмүүсийг усаар шүүсэн байна. Энэ мэт шүүлт нь үеийн төгсгөлд амьдарч байгаа бидэнд сануулга болж тэмдэглэгдсэн юм.

“Учир нь Хүний Хүүгийн залрал Ноагийн өдрүүдтэй адил байх юм. Үерийн өмнөх өдрүүдэд буюу Ноаг бүхээгт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Үер бууж, бүгдийг хаман одох хүртэл тэд мэдээгүй юм. Хүний Хүүгийн залрал ийм байх болно.” Мат 24:37-39

“Тэр үеийн (Ноагийн үеийн) дэлхий усан галавт автан, устгагдсан аж. Харин өнөөгийн тэнгэр ба газар нь Түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдан, сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдөрт хадгалагдаж байна.” 2Пет 3:6-7

2. Ноагаас Абрахамын үе

Ноагийн үерээс хойш хүн төрөлхтөн Бабел цамхаг барьж, дэлхийгээр тарж бутрахаас зайлсхийх гэж оролдсон боловч Бурхан тэдний хэлийг хутгалдуулан самууруулсан учир цамхаг барих гэсэн тэдний төлөвлөгөө бүтэлгүйтсэн. Тэгээд Бурхан тэднийг бүх дэлхийгээр тараасан юм.

Үүний дараа Бурханы ерөөл зөвт Абрахамд өгөгдсөн ба Абрахам эцэг Терагийн хамт Халдеин Ураас Харанд ирж суурьшжээ. Дараа нь Абрахам Бурхан тушаасны дагуу Канааны нутаг руу нүүдэг.(Эхл 11:31-12:5).

3. Абрахамаас Мосегийн үе

1) Абрахамаас Исаак төрж, Исаакаас Иаков төржээ. Иаков 12 хүүтэй байв. Иаковын 11 дэх хүү Иосеф ах нарынхаа атаархлаас болж Египет рүү худалдагддаг (Эхл 37:1-36).

2) Египет рүү худалдагдсан Иосеф Бурханы ивээлээр Египетийн бүх газар нутгийн захирагч болдог (Эхл 39-41 бүлэг).

3) Ган зудтай долоон жил болсны улмаас Египет рүү хоол хүнс худалдаж авахаар ирсэн Иосефын ах нар Египетийн захирагч болсон Иосефтой уулздаг. Тэгээд Иаков ба түүний гэр бүл Канааныг орхин Египет рүү нүүж, тэндээ суурьших болжээ (Эхл 39-47 бүлэг).

4) Иосеф ба тэр үеийн хүмүүс бүгд үхэж, Иосефыг мэдэхгүй шинэ хаан гарч Египетийг захирах болов. Фараон Иаковын хойч үеийнхнийг хүнд хүчир ажилд албадан шахах болж, Израиль ард түмэн Бурханд залбирч тэднийг энэ дарлалаас аварч өгөхийг хичээнгүйлэн гуйдаг. Тэдний залбирлыг сонссон Бурхан Мосег төрүүлсэн.

* Фараон: Еврей хэлээр – par’ōh (фар-о), грек хэлээр – pharaō (фарао)

Үндсэн утга нь: “Том гэр”. Хааны ордон, өргөө гэсэн утгатай боловч Египетийн хаадыг ерөнхийд нь ингэж нэрлэдэг.

4. Египетээс гарснаас Канааны байлдан дагуулалт ба Шүүгчдийн үе

1) Египетээс гарсан явдал нь Египетэд дарлагдаж байсан израиль ард түмнийг Алгасал баяраар аварсан Бурханы агуу хүч чадлыг мэдрүүлсэн томоохон үйл явдал байв (Гэт 12:1-51). Учир нь Египетийн бүх ууган хүүгээс малын анхны төл хүртэл бүгд дайруулах ёстой болсон томоохон гамшгаас израиль ард түмэн аврагджээ. Мөн тэд Бурханы хүч чадлаар Улаан тэнгисийг гаталж чадсан юм.

Энэ явдлаас хойш израильчуудын цөлийн амьдрал эхэлжээ. Израиль ард түмэн Синаи ууланд хүрч, Бурханаас Арван тушаал авч, удаах жилдээ ариун тооллын 1-р сарын 1-ний өдөр ариун асрыг босгожээ (Гэт 19, 20, 35, 36, 40 бүлэг).

2) Израиль ард түмэн Канаан нутгийн ойролцоо ирээд, нутгийг тандуулахаар 12 тандагчийг илгээдэг. Гэтэл Иошуа Калеб хоёроос бусад нь тандсан нутгийн талаар базаахгүй мэдээ авчирсан тул Израилийн ард түмэн цөлд 40 жил хэсүүчлэх болов (Тоо 13-14 бүлэг).

3) 40 жил өнгөрсний дараа Бурханыг дагасан израиль ард түмэн Иошуагаар удирдуулан Канаан нутгийг эзэлдэг (Тоо 1-24 бүлэг).

4) Канаан нутагт суурьшсан израиль ард түмэн шүтээн шүтсэн үедээ харь үндэстнүүдэд эзлэгдэн дарлуулдаг байлаа. Тухай бүрд нь Бурхан удирдагчийг сонгон өгч байсан бөгөөд тэдгээр удирдагчдыг “шүүгч” гэж нэрлэдэг байв.

* Шүүгч: “Шүүгч”, “Удирдагч” гэсэн утгатай. Аюулд өртсөн Израиль ард түмнийг аварч, захирч байсан хүмүүсийг ерөнхийд нь шүүгч гэж нэрлэдэг. Шүүгчийн эрх мэдэл нь хаан ширээтэй адил угсаа залгамжилдаггүйгээрээ онцлогтой.

5. Хаадын үе

Хамгийн сүүлчийн шүүгч байсан Самуелын үед израильчууд бусад үндэстнүүдийн адил хаантай болгож өгөхийг Бурханаас хүсэхэд Бурхан Бениамин овгийн Саулыг хаан болгон сонгожээ (1Сам 11-13 бүлэг).

Саул 40 жил хаанчилсан бөгөөд филистчүүдтэй хийсэн дайнд Саулыг үхсэний дараа (Үйл 13:21, 1Сам 31:1-13) Давид хаан болж 40 жил хаанчилдаг (2Сам 5:4).

Давидыг үхсэний дараа хаан ширээ хүү Соломонд нь шилжиж, Соломон ч бас 40 жил хаанчилсан (1Хаа 11:42).

6. Хуваагдсан хаанчлалын үе

Соломоныг үхсэний дараа Израиль улс Өмнөд Иуда (хаан нь Рехобоам) ба Хойд Израиль (хаан нь Иеробоам) гэсэн хоёр хэсэгт хуваагджээ (МЭӨ 975 оны үед, 1Хаа 12:1-24).

1) Хойд Израиль

Израиль улс анхнаасаа л шүтээнд автаж Бурханы уур хилэнг хүртэж байв. Байгуулагдсанаасаа хойш 255 жилийн дараа Ассирийн хаан Шалманесерт эзлэгдэж, улмаар мөхсөн байна (МЭӨ 721 оны үед, 2Хаа 17:1-18).

Энэ үеэр Израилийн нийт ард түмэн Ассирид эзлэгдэн харь нутагт цөлөгдөж (2Хаа 17:6), тэдний нутагт Ассири хаан өөр үндэстнүүдийг Самарийн хотуудад суурьшуулан амьдруулах болжээ (2Хаа 17:24).

2) Өмнөд Иуда

Иуда улс мөн ялгаагүй Бурханы хууль тушаалыг чандлан сахихдаа хойрго хандсан боловч Хезекиа хаан Алгасал баярыг тэмдэглэснээр (2Шас 30:1-27) Иуда улс Бурханы хамгаалалтанд орсон байна (2Хаа 18:21-19:37). Бурханы ивээл 100 гаран жил тэдэнтэй хамт байжээ.

※ “Бурханы нууц ба амийн усны ундарга” номын 8-р бүлэг “Алгасал баярын далд нууц”-ыг хавсарган үзнэ үү.

7. Вавилоны цөллөг ба эх нутагтаа буцсан үе

Бурханы хууль тушаалыг үл тоомсорлосны улмаас мөхсөн Хойд Израилийн гашуун сургамж байсаар атал Өмнөд Иуда ч мөн Бурханд үйлчлэхдээ хойрго хандаж, Бурханы хууль тушаалуудыг үл тоомсорлох болов. Тиймээс Бурхан тэднийг Вавилоны хаан Небухаднезарын цөллөгт өгсөн нь Бурханы үнэн хүслийг ойлгуулахын төлөө байлаа.

1) Вавилонд цөлөгдсөн нь

Вавилоны гурван удаагийн цөллөгөөр (МЭӨ 606, 597, 586 он) иудачууд Вавилонд цөлөгдсөн юм. Энэ нь Бурхан Иеремиагаар дамжуулан өгсөн тэд 70 жилийн дараа дахин Иуда нутагтаа буцна хэмээсэн зөгнөл байсных юм.

2) Вавилоноос Иерусалим руу буцсан нь

Бурханы зөгнөлийн дагуу Вавилон Меде Перст эзлэгдэж, Иуда үндэстэн Вавилонд цөлөгдөөд 70 жил болоход Бурхан Персийн хаан Корешийн сэтгэлийг хөдөлгөн, тэрээр Иуда үндэстнийг эх нутагт нь буцааж, мөн тэдэнд Бурханы өргөө барихыг даалгажээ. Тэгээд иудейчүүд Төгс хүчит Бурханд талархал, магтаал өргөн, төрсөн нутагтаа буцан ирж Түүнд өргөө барьсан байна. [Эхний сэргээн босголт МЭӨ 537 он, удаах босголт МЭӨ 457 он] (Езр 1-3 бүлэг).

3) Меде Персийн дараа Ромын эзэмшилд орсон нь

Меде Персийн хараат улс байсан Иудей улс нь Александр хааны дорно зүгийг байлдан дагуулах аяны дараа Грекийн Эзэнт гүрэн дөрөв хуваагдахад эхлээд Птолемей хааны (Египет) эзэмшилд орж, дараа нь Селевк хааны мэдэлд шилжсэн байна. Энэ үед тэд Грекийн бурхдыг шүтэж, түүнийгээ өргөөнд залах зэргээр Бурханы өргөөг сүйрлийн ирмэгт аваачиж байв.

Хэдий тийм боловч эцэст нь иудейчүүд тусгаар тогтнолоо олж автономит эрхтэй улс болсон байна. Хожим Израильд гарсан дотоодын хагарал нь Ром улсыг хөндлөнгөөс оролцоход хүргэж, улмаар МЭӨ 63 оны үед Израиль улс Ромын эзэмшилд оржээ. Ромын зүгээс Иудейн хаанаар Херодыг томилсон бөгөөд Херод хааны үед Есүс Иудагийн Бетлехем хотод төрсөн юм.

8. Иерусалимын сүйрэл ба сэргээн босголт

Иудачууд өөрсдийг нь аврахаар ирсэн Христийг хүлээн авах нь бүү хэл эсрэгээрээ загалмайд цовдолж нүгэл үйлджээ. Үүгээр зогссонгүй христийн шашныг ч ихээхэн хавчиж байв.

Хожим нь Ромоос тусгаар тогтнох гэж олон арван бослого хөдөлгөөн өрнүүлж байсан ч МЭ 70 онд Ромын жанжин Титусын дайралтанд өртсөн байна. Уг дайнаар 1.100.000 иудей хүн амь үрэгдэж, 97.000 хүн олзлогджээ. Өөрийн гэсэн улс оронгүй болсон иудейчүүд урт удаан хугацааны турш харь үндэстнүүдээр тарж, тархай бутархай амьдарч ирсэн байна. Харин дэлхийн II дайн дууссан 1948 онд Английн тусламжтайгаар өнөөгийн Израиль улс тусгаар тогтнолоо олсон юм. 1900 гаруй жилийн дараа улс орноо эргүүлж олж авсан Израилийн тусгаар тогтнол нь түүхчдийн дунд хүн төрөлхтний түүхэнд байгаагүй “Гайхамшигт явдал” хэмээн нэрлэгдэж, дэлхийн түүхэнд тодхон тэмдэглэгдэн үлджээ.

Израилийн энэхүү тусгаар тогтнол нь Есүсийн дахин ирэлтийг мэдүүлэхийн зэрэгцээ сүнсний израиль ард түмэн тэнгэрийн эх нутагтаа буцах цаг ойртсоныг мэдүүлж байгаа түүх юм.