“Намайг хүндэтгэгчдийг Би хүндэтгэнэ”

1Самуел 2:12-35

25,205 үзэлт

Израиль улс хаантай болохоос өмнө Ели гэдэг хүн тэргүүн тахилчийн ёсоор израильчуудыг удирдаж байсан бөгөөд тэрээр Хофни, Финехас гэдэг хоёр хүүтэй байв. Хоёр хүү нь ч гэсэн эцгээ даган тахилчийн албан үүрэг хашиж байжээ. Гэсэн хэдий ч тэд Бурханд тахил өргөхөөсөө өмнө махыг нь авч идээд, Бурханы өргөлийг үл тоомсорлож зүрхэлсэн юм. Тахилчийн үндсэн үүргээ умартаж, бузар муу бүхнийг үйлдсэн хоёр хүүгийн талаарх цуу яриа Израиль даяар тархав.

Үүнийг сонсоод Ели цөхрөнгөө барж хөвгүүддээ ийн сургамжлав.

“Хүүхдүүд минь. Ёрын муу хэргээ зогсоо. Хэрэв нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг нүгэл үйлдвэл Бурхан түүний төлөө зуучилна. Харин хүн ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдвэл хэн түүний төлөө зуучлах вэ?”

Гэвч түүний хөвгүүд алдаандаа гэмшсэнгүй, ёрын мууг үйлдэхээсээ эргэсэнгүй.

Тэд Бурханы сануулгыг удаа дараа үл ойшоож, бузар муу үйлсээ хаясангүй. Эцэст нь Елигийн үл бүтэх хөвгүүд нэг өдөр үхэв. Харин Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хүндэтгэдэг Самуел тэнгэрийн тушаалаар Израилийн сүүлчийн шүүгч болон сонгогдсон ажээ.

Хожим Давидыг хаан болгон тосолсон тахилч Самуел нь үнэн хэрэгтээ тахилчийн гэр бүлээс төрөөгүй юм. Самуелын ээж Ханна тангараг өргөн залбирах үеэрээ Бурханд хүүгээ өргөсөн байсан аж. Гэвч Самуелд өгөгдсөн шиг Бурханы нигүүлсэл яагаад Елигийн хоёр хөвгүүнд зөвшөөрөгдөөгүй юм бол? Уг нь тэд ариун тосоор тослогдсон тэргүүн тахилчийн гэр бүлээс төрсөн гэдгээрээ л Бурханы ивээлийг хангалттай хүртэх боломжтой байв. Гэсэн хэдий ч Бурханаас эмээхээ больсон тэдний өдөр тутмын зуршил нүгэл болон овоорч эцэст нь тэднийг мөхөлд хүргэжээ.

Хүн хичнээн Бурханаас ерөөл хүртэх байр сууринд байсан ч Бурханаас эмээхгүй, Бурханыг үл ойшоох аваас авах ерөөл нь хэзээд бусдад шилжиж мэдэх юм шүү.

“Намайг хүндэтгэгчдийг Би хүндэтгэнэ. Харин Намайг үл тоомсорлогсдыг Би үл хайхарна.”

Эцэст нь Бурхан бидэнд Өөрийн энэхүү зарчмын дагуу хандах нь дамжиггүй юм.