Үл үзэгдэх ертөнц ба үнэн итгэл

188 Үзсэн тоо

Авралд зайлшгүй хэрэгтэй зүйл нь итгэл. Итгэлгүй хүн аврал авч чадахгүй гэж Библид маш тодорхой зааж байна. Учир нь итгэл байж гэмээнэ Бурханы үгэнд ч дуулгавартай байна, бидний авралын төлөө тогтоосон Бурханы хууль, тушаалыг ч сахин үйлдэнэ.

Бурхан үзэгдэх ертөнц ба үл үзэгдэх ертөнцийг бүтээсэн. Итгэлийн ертөнц бидний нүдэнд харагдахгүй учраас жирийн үед бол бидний итгэл их үү, бага уу гэдгийг мэдэх аргагүй. Итгэл хэзээ яаж илэрдэг, бид ямар итгэлтэй байх ёстойг Библийн сургаалаас батлан харъя.

Итгэлд байгаа эсэхээ шалга, судал

Хүн бүр л сургуульд байхдаа шинжлэх ухааны хичээл дээр хүчиллэг бодис ба шүлтлэг бодисыг ялгах туршилт ганц удаа ч болов хийж үзсэн байх. Махан биеийн нүдээр бол хүчиллэг үү эсвэл шүлтлэг чанартай юу гэдгийг нь мэдэх аргагүй. Гэвч литмус цаасыг уусмалд хийхэд ямар өнгөтэй болж хувирч байгаагаар нь тухайн уусмал хүчиллэг үү, шүлтлэг үү гэдгийг ялгах боломжтой.

Итгэлийг ч бас нүдээр харж чадахгүй. Тэгвэл Бурхан яаж бидний хүн нэг бүрийн итгэлийг ялгаж салгах юм бол? Бидэнд ч бас яг литмус цаасыг уусмалд хийдэг шиг цаг мөч тулж ирнэ. Тийм онцгой нөхцөл байдалд хүн бүрийн итгэлийн түвшин харагдана. Бурхан үргэлж хамт байгаа гэдэгт итгэдэг хүмүүс ямар ч нөхцөл байдалд, ямар ч орчинд ганхдаггүй. Харин тэгж чадахгүй, эргэн тойрны хүмүүсээ дагадаг итгэл нь хэзээ нэгэн цагт ёроол нь ил гарахаас өөр аргагүй болох юм.

“Та нар итгэлд байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө судал. Эсвэл Есүс Христ та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу? Та нар үнэхээр шалгалтдаа унадаггүй л юм бол! Харин бид шалгалтдаа унадаггүйг та нар мэдэх болно гэдэгт би найдаж байна. Гэвч та нарыг бурууг бүү үйлдээсэй, …” 2Кор 13:5-7

Өөрсдийгөө итгэлд байгаа эсэхээ өдөр бүр туршиж, өөрсдийгөө шалга гэж Библи бидэнд сануулж байна. Итгэл байхгүйгээс Бурханд орхигдвол авралаас ч мөн хасагдаж, орхигдох юм. Өнөөдөр би бодит амьдрал дээр аливааг итгэлээр үйлдэж байна уу гэж үргэлж өөрийгөө шалгаж, итгэлтэй эсэхээ баттай нотлох хэрэгтэй юм. Итгэлээр үйлдээгүй алив бүхэн нь Бурханы нүдэнд нүгэл гэж Библид хэлсэн байдаг (Ром 14:23).

Онолын хувьд бол өөрийнх нь дотор Бурхан оршин байгаа гэдэгт итгэдэг ч эргэн тойрныхоо янз бүрийн нөхцөл байдалд итгэл нь өөрчлөгдөж эсвэл бүр алга болчихвол тэр хүний дотор Бурхан оршдоггүй гэсэн үг. Ямар ч байдалд бид үргэлж Бурханы амлаж, гэрээлсэн тэрхүү замаар л явах ёстой юм.

Итгэл илчлэгдэх нөхцөл байдал

Дүн өвөл болж цөөрөм тас хөлджээ. Цөөрмийн мөсөн дээр чулуу, төмрийн хэлтэрхий, модны холтос, навч энд тэндгүй унасан байна. Ийм байдалтай байхад нь юу нь усан дээр хөвж, юу нь живэхийг ялгаж мэдэх аргагүй. Харин хавар болж агаарын хэм нэмэгдэн мөс хайлбал эдгээрийн уг мөн чанар нь харагдана. Чулуу болон төмөр нь доош живж, навч болон холтос нь усан дээр хөвнө.

Энэ мэт нөхцөл байдал тулгарвал үл үзэгдэх ертөнцийн зүйлс ч өөрийн уг мөн чанараа харуулдаг. Тиймээс Есүс ийм сургаал айлдсан юм.

“Тиймд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч бүр хадан дээр байшингаа барьсан ухаалаг эртэй зүйрлэгдэнэ. Бороо асгаж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэн боловч нурсангүй. Учир нь байшин хадан дээр суурилагдсан байв. Эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу эс үйлддэг нь элсэн дээр байшингаа барьсан мунхаг эртэй зүйрлэгдэнэ. Бороо асгаж, үер буун салхи салхилж, байшинг нүдсэнд тэр нь нурав. Эвдрэл нь асар их байлаа гэв.” Мат 7:24-27

Жирийн үед бол элсэн дээр барьсан байшин, хадан дээр барьсан байшингийн аль аль нь хэвийн байдалтай байна. Гадны өөр хүчин зүйл үүсэхээс өмнө бол хэнийх нь итгэлийн байшин зөв баригдсаныг бид мэдэх аргагүй. Гэвч бороо асгаж, үер буун, салхи салхилж байшинг нүддэг шиг янз бүрийн нөхцөл байдал түүнд хохирол учруулбал тэр цагт л тухайн хүний барьсан итгэлийн байшин хадан дээр зөв баригдаж уу эсвэл нурж, эвдрэх байшин уу гэдэг нь илт болно.

Бидэнд байгаа үл үзэгдэх юмсыг ил гаргахын тулд Бурхан янз бүрийн нөхцөл байдал өгдөг. Ийм учраас та нар итгэлд байгаа эсэхээ байнга өөрөө өөрсдийгөө шалга, судал гэж айлдсан юм.

“Надад тусалдаг Нэгэн хэн болохыг, намайг удирдаж байгаа Нэгэн хэн болохыг, би одоо Эцэг Эхийн соёрхсон итгэл дотор зөв зогсож байна уу?” гэх мэтээр үргэлж эргэн хардаг байгаарай. Бурханд зөв итгэхгүй бол итгэлийн амьдралаар амьдрахын учир юу байх сан билээ? Мөргөл тэмдэглэж, өөр хоорондоо харилцахын тулд сүмд ирдэг юм биш. Бид Амралтын өдөр бүр мөргөл тэмдэглэж, Бурханы үгийг сонсож, сурч байгаа маань эцэст нь итгэлтэй болж, Бурханы айлдсан үгийг даган үйлдээд мөнхийн тэнгэрийн хаанчлал явахын тулд юм шүү дээ.

Бурхан цөлд израильчуудын итгэлийг шалгасан

Бурхан нүдэнд харагдахгүй ертөнцийг харуулах гэсэндээ элдэв нөхцөл байдал өгдөг. Израиль ард түмний цөлийн 40 жилийн амьдрал нь үүний тод жишээ юм. 400 жил Египетэд боолчлогдож байсан израильчууд арван гамшиг буулгасан Бурханы хүч чадлыг харсан. Мөн хүчирхэг хааны эрх эдэлж байсан Египетийн Фараон хааныг Алгасал баярын хүч чадлын өмнө бууж өгөхийг нь ч харсан. Улаан тэнгисийг хувааж, далайг хуурай газраар явах мэт гатлуулж, араас нь хөөж ирсэн Египетийн цэргүүдийг бүрэн устгасан Бурханы гайхалтай түүхийг ч тэд нүдээрээ харцгаасан. Үгүйсгэхийн аргагүй хүч чадлыг биеэрээ мэдэрсэн израиль ард түмэн цаг үе болон түүхийг удирддаг Бурханд итгэж цөл рүү гарцгаасан.

Гэвч цөл тэр чигтээ эзгүй хоосон газар байв. Цөлд хэдийгээр тэднийг дарлаж байсан Фараон, ташуур ороолгон хүнд хүчир ажил хийлгэдэг харгалзагч байхгүй байсан ч идэх хоол, уух ус тэдэнд байсангүй. Амь зуухад зайлшгүй хэрэгтэй ус, хоол хүнс цөлд харагдахгүй, бэлдэж гарсан хоол хүнс нь дуусаж, аян зам нь улам бүр сунжирч байлаа. Тэд сарын дотор Канаан орчих байх гэж бодоод Египетээс гарсан. Гэвч шинэ орчин, шинэ нөхцөл байдалтай нүүр тулсан израиль ард түмний бодол, хандлага нь өөрчлөгдөж эхлэв.

Тэд Бурханы хүч чадлыг олон удаа нүдээрээ харж итгэлтэй болсон мэт байв. Гэсэн ч тэр үеэс эхлэн эргэн тойрных нь хүмүүс гомдолловол хамт гомдоллож, дургүйцвэл хамт дургүйцээд л. Сайхан нөхцөлд бүгд итгэлтэй мэт харагдсан ч цөл гэгч нөхцөл байдал өгөгдмөгц тэд Бурханы хүч чадлыг ч, эрх мэдлийг ч, амлалтыг нь ч бүрмөсөн мартаж, итгэлийнхээ ёроолыг харуулцгаасан.

Бид израиль ард түмний цөлийн 40 жилийн амьдралд туссан сургамжийг заавал санаж явах ёстой юм. Тэдний 40 жилийн цөлийн зам зүгээр нэг 3500 жилийн өмнөх өнгөрсөн түүх биш, бидний алхах ёстой итгэлийн замыг харуулах толины тусгал ба сүүдэр юм. Библиэр дамжуулан өнөөдөр өөрийнхөө итгэлийг өнгөрсөн үеийн тэдний итгэлээс ямар ялгаатай байгааг харьцуулаад нэг хараарай.

“Өнөөдөр миний та нарт тушааж буй бүх тушаалыг та нар ёсчлон дага. Тэгвэл та нар амьд явж, олширч, эцэг өвгөдөд чинь ЭЗЭНий тангарагласан тэр газарт орж, түүнийг эзэмших юм. ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, тухайлбал тушаалыг нь дагах эсэхийг чинь мэдэхийн тулд мөн чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм. Хүн зөвхөн талхаар бус, харин ЭЗЭНий амнаас гарах үг бүрээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд Тэрээр чамайг номхтгон, чамайг өлсгөж, чиний мэддэггүй, чиний эцэг өвгөд ч мэддэггүй байсан маннагаар чамайг хооллож байсан. Энэ дөчин жилийн турш чиний өмссөн хувцас элэгдээгүй, чиний хөл цэврүүтээгүй. Эцэг хүн хүүгээ хүмүүжүүлдэг шиг ЭЗЭН Бурхан чинь чамайг сахилгажуулж байсныг зүрхээрээ ухаар. Тиймээс Түүний замаар явж, Түүнээс эмээхийн тулд чи Бурхан ЭЗЭНийхээ тушаалыг сахь. Бурхан ЭЗЭН чинь чамайг сайхан газарт аваачиж байна. … Чи идэж цадаад тэр сайхан газрыг чамд өгсөнд нь ЭЗЭН Бурханаа магтана.” Дэд.Хуу 8:1-10

Дэд хууль 8-р бүлгийн үгс нь тухайн үеийн израиль ард түмэнд л айлдсан үг биш. “Та нарт ч тэр, бүгдэд ч адил Би хэлж байна” (Мар 13:37) хэмээсэнчлэн Бурхан Израиль гэх жишээгээр дамжуулан дэлхийн бүх хүнд Өөрийн хүслээ мэдүүлж байна.

Бурхан цөлд 40 жилийн турш янз бүрийн нөхцөл байдал ашиглан израиль ард түмнийг ажиглаж байв. Өлсгөж, цангааж, өөр үндэстэнтэй тулалдах бэрхшээлийг ч амсуулж, шүтээн шүтэх урхинд ч оруулсан байдаг. Тэгсэн нь тэдний итгэлийг шалгаж, цэвэршүүлээд эцэст нь сүү, зөгийн бал урссан Канаан нутагт оруулах гэсэн Бурханы хүсэл байсан юм.

Гэвч израильчууд сайхан нөхцөл байдал өгөгдөх үед Бурханыг магтаж байснаа бэрхшээл тулгарвал байнга дургүйцэж байв. Бурхан тэдний амнаас гарсан болгоныг сонсож байлаа. Улмаар тэднийг ямар зүрх сэтгэлээр Бурханд хандаж байгааг нь олж мэдсэн юм.

Гадны ямар нэг хүчин зүйл өгөгдөхөд тэдний элсэн дээр байшингаа барьсан уу, хадан дээр байшингаа барьсан уу гэдэг нь шууд ил болж байв. Бурхан тэдний итгэлийг итгэл гэж хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс тэд итгэлгүй учир Канаан орж чадаагүй хэмээн айлдсан байдаг (Евр 3:7-19).

Ямар ч нөхцөлд бууж өгөөгүй Иошуа болон Калебын итгэл

Итгэлтэй хүн Канаан нутагт орох эрхтэй. Египетээс гарсны дараа Мосе Бурханы тушаалаар Канаан нутгийг тандахын тулд арван хоёр тандагчийг томилон явуулдаг. Тэд бол овог бүрээс сонгогдсон толгойлогч буюу удирдагчид байв. Гэсэн ч тандах ажлаа дуусган буцаж ирэхдээ тэдний арав нь тухайн нөхцөл байдлын өмнө уначихсан. Тэд очоод “Хотууд нь бэхлэгдсэн, нутгийн иргэд нь ч хүчирхэг юм байна, бид тэдэн рүү дайрч чадахгүй” гэж Канааны талаар базаахгүй мэдээ дэлгэрүүлсэн. Тэр бүхэн нь Бурхан тэдний итгэлийг харахын тулд бэлдсэн нөхцөл байдал байв. Гэвч тандагчдын сөргөөр илтгэхийг сонссон израиль ард түмэн итгэлээ алдаж, сэтгэлээр унаж Мосе болон Бурханд гомдоллосон юм.

Зөвхөн Иошуа Калеб хоёр л “Тэдний бурхан нь тэднээс зайлуулагдсан, бидэнтэй төгс хүчит Бурхан хамт байна. Тэд бидний хоол болно” гэж ард түмнийг намжаах гэж хичээсэн. Эцэст нь Бурханы хүч чадал, гайхамшгийг харж Египет нутгаас гарсан ард түмний хориос дээш насны эрчүүдээс Иошуа Калеб хоёроос өөр хэн ч Канаан орж чадаагүй.

“Мосе Аарон нартай ЭЗЭН ярин айлдахдаа —Энэ ёрын муу олон түмэн Миний эсрэг хэр удаан гонгинох вэ? Миний эсрэг гонгинолдож буй Израилийн хөвгүүдийн гоншгонооныг Би сонслоо. Тэдэнд ийн хэл. ЭЗЭН айлдаж байна. “Би амьд! Та нар Миний чихэнд ярьсантай адил түүнчлэн Би та нарт үйлдэх болно. Миний эсрэг гонгиносон, хорь ба түүнээс дээш насны тоолуулсан бүх хүний цогцос тооныхоо дагуу энэ цөлд унах болно. Та нарыг суурьшуулахаар Миний тангарагласан тэр нутагт Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуа нараас өөр хэн ч орохгүй.” Тоо 14:26-30

Нөхцөл байдлын өмнө унасан гэдэг нь “Бурханыг алдсан” гэдгийг хэлж байна. Гэвч Иошуа болон Калеб нь Бурханыг алдалгүй цаг үргэлж Бурхантай хамт алхсан юм. Сансар огторгуй, түг түмнийг бүтээсэн Бурхан элсний ширхэгнээс ч жижигхэн энэ дэлхийн юмсыг амархан биелүүлнэ гэдэгт итгэсэн юм. Үүнээс тэдний агуу итгэл харагдаж байна. Иошуа, Калеб нь эцэс хүртэл Бурханыг бодож, Бурхан өөрсдийг нь хөтөлж байгаа гэдгийг мартдаггүй туйлын итгэлтэй байсан юм. Тийм болохоор тэд Канаан нутагт заавал оруулна гэсэн Бурханы амлалтыг авчээ.

Өнөө үед итгэлийн цөлийн замаар алхаж байгаа биднийг ч бас Бурхан сүү, зөгийн бал урссан мөнхийн тэнгэрийн Канаанд орох итгэлтэй байгаа эсэхийг шалгаж байгаа. Биднийг номхотгож, шалгах нөхцөл байдалд бидний итгэл элсэн дээр байна уу, хадан дээр байна уу гэдэг нь бодитоор харагдана. Тэгээд эцэст нь магтаалын дуу ундарч байдаг сүр жавхлант ертөнц өөд биднийг хөтөлнө. Цөлийн сургамжийг марталгүй, биднийг чимээгүйхэн хайрлаж амийн замаар хөтөлж байгаа Бурханаа эцсээ хүртэл дагаад, бүх Сионы гэр бүлүүд маань мөнхийн тэнгэрийн хаанчлалд хүрээсэй гэж хүсэх байна.

Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм

Мөнхийн тэнгэрийн эх нутаг хүртэлх аян замд янз бүрийн нөхцөл байдал бидний итгэлийг дэнслэх юм. Тэгэх болгонд нь Иошуа Калеб хоёр шиг Бурханыг бодоорой. Цөлийн 40 жилийн түүхийг эргэн харвал тэнгэрийн Канаанд орж чадах итгэл нь юу болохыг бид мэднэ.

“Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн. Учир нь ахмадууд түүгээр гэрчлэлийг хүлээн авсан аж. Бурханы үгээр ертөнц бүтээгдсэн бөгөөд тийнхүү харагдах зүйлс нь үзэгдэх зүйлсээс бий болгогдоогүйг бид итгэлээр ойлгодог. Итгэлээр Абел, Каиныхаас үлэмж дээр тахилыг Бурханд өргөв. Үүгээрээ тэр зөвт гэсэн гэрчлэлийг хүлээн авав. Бурхан түүний бэлгүүдийн тухай гэрчилсэн юм. Тэр үхсэн боловч итгэлээр ярьсаар байна. Итгэлээр Енох, үхлийг үзэлгүй дээш аваачигдсан. Түүнийг Бурхан авч явсан учраас тэр олдсонгүй. Тэр аваачигдахынхаа өмнө Бурханд таалагдсан гэсэн гэрчлэл хүлээн авчээ. Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй нь Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой.” Евр 11:1-6

Итгэлгүйгээр Бурханд таалагдана гэдэг боломжгүй гэсэн. 2000 жилийн өмнө Есүс ч мөн Өөр рүү нь ирсэн сохрууд болон өвчтэй хүмүүсийг эдгээхдээ “Итгэлийн чинь дагуу болог”, “Итгэл чинь чамайг аварлаа” хэмээн тэдний итгэлд баярлаж байсан юм (Мат 9:20-30).

Бид өдөр бүр Бурханы үг сурч, хичээнгүйлэн залбирч, зарлиг сайн сахиж байгаа мөртлөө нөхцөл байдлын өмнө унаад бүхнийг мартдаг итгэлтэй байх аваас Бурхан энэ байдлыг маань хараад яасан их харамсах бол? Харагдаж байгаа нөхцөл байдлаас болоод тэнгэрийн эх нутгаа алдах ёсгүй. Мөн нүүр буруулж ч болохгүй. Ямар ч нөхцөлд, ямар ч байдалд Бурхан үргэлж хамт байж, бидэнд тусална гэсэн бат итгэлтэйгээр тэнгэрийн хаанчлалын замаар явах ёстой юм.

3500 жилийн өмнө Египет нутагт буулгасан гамшиг египет хүмүүс дээр л бууж, харин тэнд байсан израиль ард түмэн дээр Бурхан алив гамшгийг буулгалгүй өнгөрүүлсэн. Сионыг байгуулж, Сионд хамт байгаа Бурхан бол бидний Эцэг, бидний Эх бөгөөд биднийг мөнхийн тэнгэрийн хаанчлал хүртэл хөтөлнө гэсэн итгэлээ эцэс хүртэл хадгалж, элдэв нөхцөл байдал тулгарах болгонд айж чичирч байгаа олон хүнд Бурханаас тайвшрал авахад нь тусалж, тэдэнд жинхэнэ амар амгаланг дамжуулах итгэлтэй хүүхдүүд болоорой гэж хүсэх байна.