Еврей хэлтэй иудейчүүд ба грек хэлтэй иудейчүүд

50,265 үзэлт

“Шавь нарын тоо олширсон өдрүүдэд гректэнгүүдийн зүгээс өдөр тутмын хүнс түгээлтдээ тэдний бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй байгаа талаар еврейчүүдийн эсрэг гомдол гонгиноон болжээ.” Үйл 6:1

Үйлс 6-р бүлэгт грек хэлтэй иудейчүүд болон еврей хэлтэй иудейчүүдийн тухай гарч байна. Еврей хэлтэй иудейчүүд болон грек хэлтэй иудейчүүд гэж хэнийг хэлснийг үзэцгээе.

Еврей хэлтэй иудейчүүд нь еврей хэл (Анхны сүмийн үед арамей хэл)-ийг, грек хэлтэй иудейчүүд нь грек хэлийг хэрэглэдэг байв.

Арамей хэл ба иудейчүүд

МЭӨ VI зууны үед Вавилонд олзлогдсон иудейчүүд 70 жилийн турш Вавилонд амьдарч байхдаа өвөг дээдсийнхээ албан ёсны хэл болох еврей хэлнээс илүүтэй Ойрх Дорнодын хязгаар нутгийн албан ёсны хэл болоод байсан арамей хэлийг хэрэглэх болжээ. Тэд Иерусалим руу буцаж ирснээсээ хойш ч арамей хэлийг үргэлжлүүлэн ашигласан байна. Есүсийн үед мөн арамей хэл бүх нийтэд хэрэглэгдэж байжээ.

Есүс Өөрийн шавь Иоханы хүү Симоныг “Кеф” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь “Хад” гэсэн утгатай арамей хэлний үг байв. Мөн Герас нутгийн синагогийн ахлагчийн охиныг амьдруулахдаа охины гараас бариад “Талита кум” гэсэн нь арамей хэлээр “Бос, бяцхан охин минь, Би чамд хэлж байна” гэсэн утгатай. Магдалын Мариа амилсан Есүсийг “Рабуни” гэж дуудаж байсан бөгөөд энэ нь “Багш” гэсэн утгатай арамей үг юм. Үүгээр ч зогсохгүй “Гетсемани” (Тосон шахуурга), “Голгота” (Гавалын газар) гэх мэт арамей хэлээр нэрлэгдсэн газрын нэрийг хэрэглэдэг байжээ.

Грек хэл ба иудейчүүд

Вавилонд олзлогдож байсан иудейчүүдийн дунд харь нутагт суурьшсан хүмүүс олон байлаа. Тэд ихэнхдээ арамей хэлийг хэрэглэж байжээ. Хожим их хаан Александр дорно зүг рүү дайлаар мордож грек хэлийг нэвтрүүлсэн тэр цагаас эхлээд грек хэлийг өргөн хэрэглэх болсон байна.

Харь нутагт амьдарч байсан иудейчүүд итгэлээ сахин хамгаалахын тулд хамтын бүлгийг үүсгэн байгуулж байсан байна. Тэд онцгой нэг газар цугларч Мосегийн хуулинд суралцаж байв. Энэ хамтын бүлэг нь хожим “синагог” болон хөгжжээ.

Тэдний заримыг өвөг дээдсийнхээ Канаан нутаг руу буцсан тэр үед ихэнх иудейчүүд арамей хэлийг хэрэглэдэг байсан болохоор грек хэлтэн иудейчүүд цөөхөн байв.

Анхны сүмийн үед итгэгчдийн дийлэнх нь арамей хэлийг хэрэглэж байсан (еврей хэлтэй иудейчүүд) ба тэдэнтэй харьцуулахад грек хэлтэн итгэгчид (грек хэлтэй иудейчүүд) цөөхөн байсан юм.

Тухайн үед хүнд амьдралтай бэлэвсэн эмэгтэйчүүдэд тусалдаг уламжлал сүмд тогтсон байжээ. Грек хэлтэй бэлэвсэн эмэгтэйчүүд тусламж хүртэж чадахгүйдээ гомдол гаргах байдал ч үүсэж байв. Учир нь элч нар сайн мэдээний ажилд хамаг анхаарлаа хандуулснаас сүмийн санхүү, тусламжийн зэрэг ажилд санаа тавьж чадахгүй байв.

Тиймээс элч нар Сүнс болон мэргэн ухаанаар дүүрсэн, итгэгчдийн дунд нэр хүнд олсон долоон эрийг сонгоод, сүмийн санхүү болон өөр бусад ажлыг даатган, авралын зар тараах ажилд улам илүү анхаарлаа хандуулсан байна (Үйл 6:1-7).