Есүс загалмай дээр “Гүйцэлдлээ” гэж айлдсан байдаг. Тэгэхээр цаашид Амралтын өдөр, Алгасал баяр зэрэг зарлигийг сахихгүй ч болох юм биш үү?
Есүс загалмай дээр амьсгал хураахаасаа өмнө “Гүйцэлдлээ” (Иох 19:30) гэж хэлсэн нь итгэгч биднийг юу ч хийхгүй байж болно гэсэн утгатай юу? Есүс “Гүйцэлдлээ” гэсэн нь бидний талаар хэлсэн биш, Тэрээр Өөрөө энэ газарт нэг дэх удаагаа ирэхдээ хийх ёстой ажлаа бүгдийг нь гүйцээлээ гэсэн утгаар ийн хэлсэн аж. Есүсийн ямар ажил гүйцэлдүүлснийг анхаараад үзэхэд харин ч итгэгч бид Амралтын өдөр, Алгасал баяр гэх мэт Бурханы зарлигийг илүү ариунаар сахих хэрэгтэйг ухаарна.
Олны төлөө амиа золиос болгосон Есүс
Нүгэлтнүүдийг аврахаар ирсэн Есүсийн энэ газар хийх ёстой байсан чухал ажлуудын нэг нь цаазын нүглийн улмаас тамын ял авч, үхэхээс өөр аргагүй болсон тэнгэрийн нүгэлтнүүдийн төлөө Өөрийн амиа нүглийн тахил болгон өргөх явдал байлаа. Гарцаагүй үхэх ёстой байсан бидний өмнөөс ариун Бурхан загалмайд амьсгал хурааснаар бид үхлийн ялаас чөлөөлөгдсөн юм.
“Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв.” Мат 20:28
Эрт дээр үед ч бас үхэл нь тогтоогдсон хүний амийг аваръя гэвэл хэн нэгэн амиа оронд нь өгөх ёстой байлаа (1Хаа 20:42). Үүнтэй адил Есүс энэ газрын нүгэлтнүүдийг аврахын тулд өмнөөс нь ташуурдуулж, олон зовлон бэрхийг амсан, загалмайд амьсгал хураах хүртлээ зовлонгийн туйлыг эдэлж байв.
“Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ. Бүгдээрээ бид хонь мэт төөрч, бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов. Тэр тамлагдан, зовсон боловч амаа нээсэнгүй. Нядлагдахаар хөтлөгдөх хурга шиг хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг амаа ч Тэр нээсэнгүй. Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа. Хэн ирээдүйнх нь тухай төсөөлсөн бэ? Ард түмний минь гэмт үйлдлийн улмаас цохигдож, амьдын газраас Тэр таслагджээ.” Иса 53:5-8
Есүсийн “Гүйцэлдлээ” гэж хэлсэн үг нь хүүхдүүдийнхээ нүглийг уучлах нүглийн тахилын үүрэг буюу эвлэрүүлгийн тахилын үүргийг гүйцэтгэсэн гэсэн утгатай. Үүний зэрэгцээ тэрхүү явц дунд биелэгдэх ёстой хуучин гэрээний эш үзүүлэгчдийн зөгнөл байсныг биелүүлсэн юм. Есүс сүүлчийн амьсгал хураах мөч хүртлээ Библийн зөгнөл ёсоор замнасан юм.
“Цэргүүд Есүсийг цовдлоод, гадуур хувцсыг нь авч, цэрэг бүрд нэг хувиар дөрвөн хэсэг хуваажээ. Дотуур хувцсыг нь ч бас авчээ. Энэ нь ямар ч оёдолгүй дээрээс нь битүү нэхсэн, дотуур хувцас бас байлаа. Тэд хоорондоо —Үүнийг урахгүй. Харин хэнийх болохыг нь шодоцгооё гэв. Энэ нь «Тэд гадуур хувцсыг минь дундаа хувааж, хувцасны минь төлөө шодсон» [гэсэн] Бичвэр биелэгдэхийн тулд ажээ. Тиймээс цэргүүд үүнийг үйлджээ. … Үүний дараа Есүс бүх юм эдүгээ гүйцэлдсэнийг мэдээд Бичвэр биелэгдэхийн тулд —Би цангаж байна гэлээ. Дүүрэн цагаан цуутай сав тэнд байжээ. Тэд цуу шингээсэн далайн хөвөнг балууны мөчирт торгоож Есүсийн аманд хүргэв. Есүс цууг амсаж, —Гүйцэлдлээ! гээд, тэргүүнээ гудайлган сүнсээ өргөжээ.” Иох 19:23-30
Загалмайн золиосоор гүйцэлдсэн нүглийн төгс уучлал
Есүсийг загалмай дээр нүглийн төлөөх тахил болон золиослогдсоны дараа амьтны цус урсган өргөдөг байсан хуучин гэрээний бүх тахил халагджээ. Учир нь тэдгээр тахилууд нь биднийг үүрд төгс болгох төгс тахилыг өргөх хүртэл Христийн золиосыг үзүүлсэн хуулбар, сүүдэр төдий зүйл байлаа.
“Учир нь хуульд ирэх сайн юмсын жинхэнэ дүр нь бус, харин сүүдэр нь байдаг тул хууль жил бүр байнга өргөдөг өнөөх л тахилуудаараа ойртон ирэгчдийг төгс болгож чадахгүй. … Харин тэр тахилд нь жилийн жилд нүглийн сануулга буй. Учир нь бух, ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй юм. … Энэхүү хүслээр бид Есүс Христийн, бүгдийн төлөө нэгмөсөн биеэ өргөсөн өргөлөөр ариусгагдсан юм. Тахилч болгон өдөр бүр үйлчлэн, нүглийг хэзээ ч зайлуулж үл чадах өнөөх л тахилуудаа дахин дахин өргөсөөр зогсдог. Харин Тэр нүглийн төлөөх ганц тахил үүрд өргөөд, Бурханы баруун гарт заларсан ба тэр цагаас дайснуудыг нь хөлийнх нь гишгүүр болгох хүртэл хүлээж байна. Учир нь Тэр ариун болгогдогсдыг ганц тахилаар үүрд төгс болгожээ. … Эдгээрийн уучлал хаа байна, тэнд цаашид нүглийн төлөөх тахил үгүй болдог.” Евр 10:1-18
Нүглийн уучлалын төлөөх арга болж байсан нүглийн төлөөх тахил халагдлаа гээд Есүс болон элч нарын шинэ гэрээний үед сахисан зарлигууд устгагдчихсан хэрэг биш ээ. Амралтын өдөр, Алгасал баяр гэх мэт Есүсийн жишээ үзүүлж, элч нарын сахисан тэдгээр зарлигууд Түүний загалмайн зовлонгийн дараа сая нэг шинэ гэрээний төгс хууль болжээ. Амьтны цусаар өргөдөг тахилаар бидний сүнс нүглийн төгс уучлал авах боломж байгаагүй юм. Харин Христийн цус агуулагдаж байгаа шинэ гэрээний хуулиар тэнгэрт үйлдсэн цаазын нүгэл ч хүртэл бүрэн төгс уучлагдах ажгуу.
“Төгс төгөлдөр байдал нь Левийнхний тахилчийн үүргээр ирдэг байсан юм бол (Учир нь үүн дээр үндэслэн хүмүүст хууль өгдөг байв) юунд Аароны хэргэмийн дагуу нэрлэгдэлгүй, Мелхизедекийн хэргэмийн дагуу гарч ирэх өөр тахилч цаашид хэрэгтэй болов? Тахилчийн үүрэг өөрчлөгдөхөд хууль ч өөрчлөгдөх зайлшгүй байдал бий болдог.” Евр 7:11-12
Есүс загалмайд золиослогдсоноороо хуучин гэрээний төгс бус хуулийг шинэ гэрээний хуулиар төгс болгосон бөгөөд энэхүү хуулиа гэрээсэлж үлдээсэн юм. Есүсийн гэрээс Түүнийг үхсэний дараа л хүчинтэй болсон юм.
“Тийм учраас Тэрээр шинэ гэрээний зууч мөн. Энэ нь анхны гэрээн дор үйлдсэн зөрчлийг золихын төлөө үхэж, дуудагдсан хүмүүст мөнх өвийн амлалтыг хүлээн авахуулахын тулд болой. Учир нь хаана гэрээс байна, тэнд гэрээслэгчийн үхэл зайлшгүй тогтоогдсон байдаг. Учир нь гэрээслэгч амьд байхад гэрээс нь хэзээ ч хүчинтэй болохгүй тул үхсэний дараа тэр нь хүчинтэй болох аж.” Евр 9:15-17
Амралтын өдөр, Алгасал баяр сахисан элч нар
Есүс загалмай дээр бүгдийг гүйцэлдүүлсэн учраас Амралтын өдөр, Алгасал баяр гэх мэт тушаалыг сахихгүй байж ч болох байсан бол элч нар Түүнийг цовдлогдсоны дараа Амралтын өдөр, Алгасал баярыг сахисан тухай ул мөр үлдээхгүй байх байлаа. Гэтэл элч нар Есүсийн жишээг даган Амралтын өдрийн зарлиг, шинэ гэрээний Алгасал баярыг сахиж байгаа дүр зураг Библид тэмдэглэгдсэн байдаг.
“Паул заншсанаараа тэдэн дээр очиж, гурван Амралтын өдөр тэдэнд Бичвэрээс ухуулжээ. Христ зовж, дараа нь үхэгсдээс амилах ёстой байсныг тайлбарлан нотлоод —Миний та нарт яриад байгаа тэр Есүс бол Христ шүү дээ гэжээ.” Үйл 17:2-3
“Амралтын өдөр бүр тэрээр синагогт иудейчүүд, грекүүдийг ятган үнэмшүүлэхээр ярилцдаг байлаа.” Үйл 18:4
“… Алгасал баярын хурга маань болох Христ ч нядлуулсан. Иймд бид… баяраа тэмдэглэе.” 1Кор 5:7-8
“Учир нь би та нарт дамжуулснаа Эзэнээс авсан. Чухамхүү баригдсан тэр шөнөө Эзэн Есүс талх аваад, талархал өргөж, хуваагаад “Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд” гэсэн. Тэрчлэн зоогийн дараа мөн аяга авч “Энэ аяга нь Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм. Үүнээс та нар уух болгондоо Намайг дурсаж үүнийг үйлд” гэсэн.” 1Кор 11:23-25
Элч нар Амралтын өдөр, шинэ гэрээний Алгасал баяр зэргийг сүнсээрээ, үнэнээр сахисан байна. Энэ нь Библийн бүх зөгнөлийг биелүүлж нүглийн төгс уучлалын ерөөлийг соёрхохоор загалмайд цусаа урсгасан Есүсийн золиосыг дэмий хоосон болгохгүйн тулд ажээ.
Есүсийн загалмайд золиослогдсоны учрыг энэ мэт жинхэнэ утгаар нь ухаарах юм бол Түүний үнэт золиосоор гүйцэлдсэн шинэ гэрээний зарлиг хичнээн эрхэм болохыг ойлгоно. Амралтын өдөр, Алгасал баяр зэрэг Бурханы зарлигууд бол зайлшгүй сахих ёстой Бурханы үнэ цэнэтэй гэрээслэл билээ.