Энэ дэлхийд Есүсийг дагадаг гэдэг хүмүүс их байдаг. Тэгвэл тэд яагаад Есүсийн байгуулсан шинэ гэрээг сахидаггүй юм бэ?

19,363 үзэлт

Есүсийн энэ дэлхийд ирсэн зорилго нь нүглээсээ болж үхэх тавилантай байсан хүн төрөлхтөнд мөнх амь өгөх. Биднийг аврал руу хөтлөхийн тулд Есүс Алгасал баярын өдөр шинэ гэрээ байгуулж, загалмай дээр цусаа урсган байж бидний төлөө нүглийн тахил болсон юм. Тэр шинэ гэрээний үнэнд Алгасал баяр төдийгүй 3 удаагийн 7 баяр, мөн Амралтын өдөр багтдаг.

Есүст итгэдэг, мөн аврагдахыг хүсдэг хүмүүс шинэ гэрээг мэдэж, сахих ёстой. Харин өнөө үед шинэ гэрээ сахидаг хүн цөөн. Үүний учир нь Есүсийн байгуулсан шинэ гэрээний үнэн элч нарын үеэс хойш бага багаар өөрчлөгдөж эхлэн, улмаар бүрмөсөн устсан юм.

Шинэ гэрээний үнэн устаж алга болох талаарх зөгнөл

Шинэ гэрээ устана, сүм дотор ёс бус байдал ноёрхоно гэдгийг харуулсан зөгнөл Библид олон бий. Тэдгээр зөгнөлүүдийн нэг нь Есүсийн айлдсан үрийн сүүлний талаарх сургаалт зүйрлэл юм.

“Есүс тэдэнд өөр нэгэн сургаалт зүйрлэл хэлэхдээ —Тэнгэрийн хаанчлал нь талбайдаа сайн үр тарьсан хүнтэй адилхан юм. Хүмүүсийг унтаж байхад дайсан нь ирж, буудайн дунд үрийн сүүл тарьчихаад яваад өгчээ. Түрүү цухуйж үр тариа боловсроход үрийн сүүл ч бас гарч ирэв. Гэрийн эзний зарц нар ирж, түүнд “Эзэнтэн, та чинь талбайдаа сайн үр тариагүй бил үү? Гэтэл үрийн сүүл хаанаас гарчихдаг билээ?” гэхэд эзэн нь тэдэнд “Дайсан үүнийг хийжээ” гэв. Зарц нар нь “Тэгвэл бид явж, тэдгээрийг зулгаахыг та хүсээ юү?” гэсэнд тэр “Хэрэггүй, та нар үрийн сүүл зулгаах гээд буудайг хамтад нь зулгаачихаж магад. Ургац хураатал хамтдаа ургаг. Ургац хураах цагт би хадагчдад «Эхлээд үрийн сүүлийг зулгааж, шатаахаар багцалж боо. Харин буудайг цуглуулж, амбаарт минь хийцгээ» гэж хэлнэ” гэв.” Мат 13:24-30

“Тиймээс үрийн сүүлийг зулгааж, галд шатаах адил үеийн төгсгөл тийм байх болно. … ёс бусыг үйлдэгчийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд, галтай зууханд хаяна. …” Мат 13:40-42

Үржих чадвар сайтай үрийн сүүлийг буудайтай хамт ургуулаад л байвал тариан талбай тэр чигээрээ үрийн сүүлэнд автана. Тиймээс Есүсийг энэ ертөнцөөс явсны дараа үрийн сүүл таригдаж, үржих чадвар сайтай тул хурдан ургаж, талбай даяар тархсан байна. Нэг ёсондоо энэ дэлхий ёс бусаар дүүрсэн хэрэг.

Үүнийг Даниел эш үзүүлэгч сүмийг Бурханыг эсэргүүцэгч захирч байсны уршиг гэж зөгнөсөн юм.

“Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг үг хэлж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дарлан туйлдуулна. Тэрээр цаг үеүд (баяр) ба хуулийг өөрчлөхийг зорих болно. Тэгээд нэг цаг үе, цаг үеүд, хагас цаг үеийн турш тэд гарт нь тушаагдана.” Дан 7:25

“Тэрээр Хамгийн Дээд Бурханыг харааж, Хамгийн Дээд Бурханд үйлчилдэг ариун ард түмнийг тэсэхийн аргагүй байдалд оруулна. Баярын өдөр болон хуулийг нь хүртэл өөрчилснөөр нэг жил, хоёр жил, хагас жилийн турш тэднийг гартаа оруулж, дарлана.” Дан 7:25 (Хамтран орчуулсан Солонгос Библи)

Илчлэл номонд ч бас Даниел номтой адилхан зөгнөл бий.

“Их юмсыг болон доромжлолыг хэлэгч амыг түүнд өгсөн бөгөөд дөчин хоёр сарын турш үйлдэх эрх мэдлийг түүнд өгсөн аж. Тэр амаа нээн Бурханыг доромжилж, нэрийг нь, асрыг нь мөн тэнгэрт нутаглагсдыг доромжлов. Ариун хүмүүстэй дайн хийж, тэднийг ялах нь түүнд өгөгдсөн бөгөөд аливаа овог, ард түмэн, хэлтэн, үндэстнүүдийг захирах эрх мэдлийг ч түүнд өгсөн байлаа.” Илч 13:5-7

Энд араатан ариун хүмүүсийг ялна гэж зөгнөсөн байна. Энэ нь амийн үнэн ариун хүмүүсээс булаагдана гэсэн үг юм.

Амийн үнэнийг сүйтгэх ёс бусын хүн гарч ирэх талаар элч Паул мөн ийн зөгнөсөн байдаг.

“Учир нь эхлээд урвалт гарч, сүйрлийн хөвгүүн болох ёс бусын хүн илчлэгдэхээс нааш хэн ч та нарыг ямар ч аргаар бүү мэхлэг. Тэр бол эсэргүүцэгч төдийгүй, бурхан буюу шүтээний зүйл гэгдэгч бүгдийн дээр өөрийгөө өргөмжлөн, Бурханы сүм дотор сууж, өөрийгөө Бурхан гэж харуулна. … Учир нь ёс бусын нууц нь хэдийнээ ажиллаж байна. Гагцхүү эдүгээ хязгаарлан баригч дундаас нь зайлуулагдах хүртэл ажээ.” 2Тес 2:3-7

“Намайг явсны дараагаар, сүргийг үл өршөөх хэрцгий чононууд та нарын дунд орно гэдгийг ч би мэдэж байна. Та нарын дундаас ч дагалдагчдыг өөрсдөдөө татах гажууд зүйлсийг заах хүмүүс гарч ирнэ.” Үйл 20:29-30

Энэ мэт Библийн зөгнөлийн дагуу элч нарын үеэс хойш ёс бус гарч ирсэн тул шинэ гэрээний бүх үнэн устсан юм.

Сүмийн түүх Библийн зөгнөлийн дагуу биелсэн

Шинэ гэрээний үнэн Библийн зөгнөлийн дагуу хэрхэн устсаныг сүмийн түүхээр товчхон судалж үзье.

1) Элч нарын үе

Бурхан нүглийн уучлал болон мөнх амийн ерөөлийг Бурханы товлосон баяр наадмын хот Сионд өгнө гэж Библид зөгнөсөн байдаг. Энэ зөгнөлийн дагуу Есүс 2000 жилийн өмнө анх удаа ирэхдээ хүн төрөлхтний авралын төлөө энэ дэлхийд Бурханы сүм байгуулсан. Есүсээс шууд суралцсан элч нарын хүчин зүтгэж ирсэн Бурханы сүм шинэ гэрээний үнэнийг төгс сахиж байсан юм. (Иса 33:20; Дуу 132:13-133:3). Элч нар Христийн жишээг дагаад шинэ гэрээний Амралтын өдрийг заншил болгон сахиж, мөнх амийн үнэн болох Алгасал баярыг ч сахиж байжээ (Үйл 17:2, 18:4, 1Кор 5:7, 11:23).

2) Ромын хавчлага дарлалын үе

Элч нарын үеийн дараа христийн шашин Ромын албан ёсны шашин болох хүртэл сүм Ромын эзэнт гүрний хатуу хавчлагад өртөж байлаа. Энэ явцын дунд сүм хоёр хуваагдав. Бага Ази дахь зүүний сүм нь Христийн сайн мэдээг дагаж, Есүс болон элч нарын сахиж байсан Амралтын өдөр, Алгасал баярыг сахидаг байв. Харин Ромд төвтэй барууны сүм нь МЭ 100-аад оны үед Ромын нарны бурхан шүтдэг зан үйлийг хүлээн авч, Амралтын өдрийг орхигдуулж, улмаар ням гаргийг сахиж эхэлжээ.

Түүгээр ч зогсохгүй МЭ 155 оны үед Ромын пап лам Аникетус, МЭ 197 оны үед Ромын пап лам Виктор нар ариун зоогийн ёслолыг Алгасал баярын дараах эхний ням гарагт буюу Есүс амилсан өдөр хийх ёстой гэж шаардаж, зүүний сүмийг Библийн дагуу сахиж байсан Алгасал баяраа орхихыг албадсан.

3) Сүм ертөнцлөг болсон үе

МЭ 313 оны үед Миланы зарлигаар христийн шашныг Ромын албан ёсны шашин гэж тунхаглаж, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж эхэлсэн болохоор сүм маш хурдтайгаар ертөнцлөг болов. МЭ 321 онд Ромын Константин хаан улс даяараа ням гаргийг амрах өдөр болгов. Тиймээс барууны сүмийн шаардсан ёсоор ням гараг нь мөргөлийн өдөр болж тогтжээ. МЭ 325 онд Никеагийн шашны хурлаар хаврын өдөр шөнө тэнцсэний дараах бүтэн сар гарсны дараах эхний ням гарагт ариун зоогийн ёслолыг тэмдэглэх ёстой гэсэн шийдвэр гаргаж Алгасал баярыг бүрмөсөн устгав. Цаашлаад МЭ 354 онд Ром сүм нарны бурхны мэндэлсэн өдөр болох 12 сарын 25-ны өдрийг Есүсийн мэндэлсэн өдөр болгож тэмдэглэж эхэлсэн байдаг.

Сүмүүд Амралтын өдөр болон Алгасал баярыг орхиж, Ромын Католик сүмийг даган, ням гаргийн мөргөл болон Христмас баяр сахихыг сонгосон учраас сүмүүдэд ёс бус байдал газар авчээ. Тиймд туйлын үнэн итгэлтэй байсан ариун хүмүүс үнэнийг сахин хамгаалахын тулд уул тал, цөл хээр нуугдах хэрэгтэй болжээ. Тэд туйлын хүнд хэцүү байдалд үнэнийг сахиж байсан ч эцэст нь энэ дэлхийд урт удаан хугацаанд үнэнийг хэн ч олж чадахааргүй болсон. Диавол Бурханы эсрэг үг хэлж, цаг үе (баяр) ба Бурханы хуулийг өөрчилнө гэсэн Библийн зөгнөл биелсэн.

4) Папын засаглалын үе

МЭ 4-р зууны сүүлчээс Ромын эзэнт гүрэн рүү ирсэн герман үндэстэн Католик шашинд орж эхлэв. Улмаар Ромын Католик сүмийн тэргүүн пап лам Европ даяар туйлын их эрх мэдэлтэй боллоо. Тийнхүү үнэн устаж, ёс бус байдал зонхилж, шашны харанхуй үе болж, пап лам 1260 жилийн турш туйлын их эрх мэдэл эдлэн, шашны шүүх зэргээр Бурханы ард түмнийг дарлан туйлдуулсан (Дан 7:25).

5) Шашин шинэчлэлийн үе

Пап ламын бүхий л ялзрал туйлдаа хүрэн дордож, шашин шинэчлэл гарч, Протестант сүмүүд олноороо байгуулагдав. Гэсэн ч тэдний аль нь ч элч нарын үед байсан шинэ гэрээний үнэнийг сэргээж чадаагүй билээ. Шашин шинэчлэгч нар зүгээр л итгэлийн шинэчлэл гэж хашхирч, Католик сүмийн сургаалыг дагасаар л байв.

Тэр байтугай өнөөг хүртэл үй олон Протестант сүм нарны бурхан Митрад мөргөхөд зориулсан өдөр болох ням гарагт мөргөл сахих, 12-р сарын 25-нд нарны бурхны төрсөн өдөр Христмас тэмдэглэх гээд Ромын Католик сүмийн гаргасан хуулийг одоо болтол дагаж мөрдсөөр байгаа билээ. МЭ 325 онд Алгасал баярыг устгаснаас хойш 1600 орчим жилийн турш олон шашин шинэчлэгчид, эрдэмтэд гарч ирж, Библи судалсан боловч тэдний хэн нь ч Анхны Есүсийн байгуулсан шинэ гэрээний үнэнийг сэргээж чадаагүй юм.

Хоёрдугаар Есүс амийн үнэнийг сэргээв

Шашин шинэчлэгчид, эрдэмтэн судлаачид хичнээн их зүтгэл гаргасан ч Анхны Есүсийн байгуулсан амийн үнэнийг сэргээж чадаагүй юм. Үүний учир нь энэ дэлхийгээс устаж алга болсон шинэ гэрээний үнэнийг Хоёрдугаар Есүс л сэргээж чадах болохоор тэр.

“Дотор нь болоод ар дээр нь бичсэн, долоон тамга дарж лацадсан хуйлмал ном сэнтийд Залрагчийн баруун мутарт байхыг би үзэв. Мөн —Хэн хуйлмал номыг нээж, лацнуудыг нь эвдэх зохистой вэ? хэмээн чанга дуугаар тунхаглаж буй хүчит тэнгэрэлчийг би харлаа. Тэнгэрт ч, газарт ч, газрын доор ч хэн ч тэрхүү хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэж чадсангүй. Хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэх зохистой хэн ч олдоогүй тул би ихэд уйлав. Ахлагчдын нэг нь надад —Бүү уйл. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ.” Илч 5:1-5

Шинэ гэрээний үнэн алга болсноос хойш хүн төрөлхтөн аврагдах боломжгүй болсон юм. Энэ нөхцөл байдлын талаар Библид хуйлмал номыг долоон тамга дарж лацадсан гэж бичсэн байдаг. Лацдаж битүүмжилсэн Библийн нууцыг зөвхөн Давидын Үндэс болох Хоёрдугаар Есүс л нээж чадна (Илч 22:16).

Энэ зөгнөлийн дагуу нэгэн цагт ариун хүмүүсийн булаалгасан амийн үнэнийг сэргээхээр Есүс хоёр дахь удаагаа махан биеэр ирсэн (1Кор 4:5; Евр 9:28). Алгасал баяр бүхий шинэ гэрээний баярууд нь дэндүү үнэ цэнэтэй учир тэнгэрийн Бурхан Өөрөө ирээд, бидэнд тунхагласан юм. Ёс бусын гинжнээс биднийг чөлөөлөхөөр энэ дэлхийд дахин ирсэн Бурхандаа талархал өргөөд, Бурханы сэргээж өгсөн шинэ гэрээний баяруудыг сахицгаая. Тэгж л бүгд авралд хүрэх юм.