Есүсийг амьсгал хурааснаас гурав дахь өдрийнх нь үдэш шавь нар цуглажээ. Тэд иудейчүүдээс айсандаа хаалгаа түгжсэн байв. Тэнд Есүс амилаад тэдэнд үзэгдлээ.
Хаалга түгжээтэй байхад гэрт орж ирсэн Есүс шавь нартаа “Амар амгалан та нарт байх болтугай” хэмээн ерөөв. Христийн амилсныг хараад шавь нар ихэд баярлав. Харин тэдэнтэй хамт байгаагүй Томас дараа нь энэ талаар сонсоод эргэлзжээ.
Тэр “Түүний гар дахь хадаасны сорвийг үзэж, хадаасны оромд нь хуруугаа хийн, Түүний хажуу уруу нь гараа хийж үзэхээс нааш би итгэхгүй” гэж тэдэнд хэлжээ.
Найман өдрийн дараа шавь нар цуглахад Есүс тэдэнд дахин үзэгджээ. Энэ удаа Томас тэдэнтэй хамт байв.
Есүс Томас руу гараа сунгалаа.
“Хуруугаа нааш нь хүргэ, гарыг минь үз. Гараа нааш нь хүргэ, Миний хажуу уруу хий. Итгэлгүй бус, харин итгэлтэй бай” гэв.
Томасын хоолой чичрэн “Эзэн минь, Бурхан минь” гэв.
Түүний энэ байдлыг хараад Есүс:
“Чи Намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ!” гэжээ.
Арван хоёр шавийн нэг Томас, Есүсийн сайн мэдээний замналын хугацаанд Түүнтэй хамт байсан. Тэрээр Есүсийг Христ хэмээн итгэж болохоор олон нотолгоо харсан юм. Гэтэл Есүсийг амилсан тэр өдөр түүний “итгэл”-ийн үнэн төрх илэрсэн.
Аливаа зүйлийг харж байж итгэх нь мэдээжийн хэрэг билээ. Хараагүй зүйлдээ итгэх амаргүй шүү дээ. Гэхдээ харагдаж байгаа зүйлс ердөө өчүүхэн хэсэг нь. Дэлхий дээр хүний нүдээр харж, мэдэрч чадахааргүй зүйл олон бий.
Тэрхүү үл харагдах ертөнцийн хүчээр харагдах ертөнцийн түүх бүтээгддэг. Харин хараагүй атлаа итгэсэн итгэлийн ерөөл илүү агуу. Учир нь харагдахгүй ертөнц нь илүү хүчирхэг байдаг аж.
“Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн.” Евр 11:1
Бидний авралын төлөө үхэл хүртэл Өөрийгөө золиосолсон Бурханы хайрыг хүний нүдээр харж, хүний мэргэн ухаанаар хэмжих аргагүй билээ. Зөвхөн Библиэр дамжуулан итгэлийн нүдээр харж байж л ухаарагдана. Харагдаж байгаа болохоор итгэдэг биш, харин итгэж байгаа болохоор харагддаг юм.