Хэтэрхий оройтохоос өмнө

220 Үзсэн тоо

“Хамгийн чухал дөрвөн зүйл” гэдэг нь дөч гаруй жил хоспис (эдгэршгүй өвчтэй хүмүүст амьдралынх нь сүүлийн мөчийг тайван өнгөрүүлэхэд нь тусалдаг эмнэлгийн тусламж үйлчилгээний нэгэн төрөл) эмнэлгийн эмч хийсэн Ира Байёкийн (Ira Byock) бичсэн ном. Тэрээр номондоо эдгэршгүй өвчтөнүүдэд болон тэдний ар гэрийнхэнд хандан санал зөвлөгөө өгдөг.

Энэ нь “Намайг уучлаарай”, “Би чамайг уучилсан”, “Чамд баярлалаа”, “Би чамд хайртай” гэсэн дөрвөн үгийг хэлэх ёстой аж. Өвчтөнүүд болон тэдний ар гэрийнхэн сэтгэл доторхоо уудалж өчиж хэлж байгаагүйдээ хожим гэмшиж байгаа олон тохиолдлыг нүдээрээ харж гэрчилсэндээ зохиолч энэ санааг гаргасан байна.

Түүний бичсэн номыг уншаад аавтайгаа 20 жил ярилцаагүй хүн аавдаа гомдсон гомдлоо тайлсан байдаг. Аавыгаа хорт хавдартай болсныг сонсоод аавтайгаа уулзахаар зориг шулуудан, бага багаар уулзаж эхэлсэн байгаа юм. Тэгж байтал аавынх нь бие дордсоныг сонсоод, аавтайгаа уулзахаар эмнэлэг рүү тэр даруй очиж. Тэрээр өмнө нь ээжийгээ хавдраар алдсан нэгэн байжээ. Тэрээр эргэж ирэхдээ аавынхаа гарыг атгав.

“Яаж нэг ирэв дээ?”

“Танд хайртай болохоороо.”

“Би ч бас хүүдээ хайртай.”

“Сайн хүү байгаагүйд уучлаарай.”

“Сайн аав байгаагүйд уучлаарай.”

Энэ яриа тэдний хувьд сүүлчийн яриа байжээ. Аавынхаа оршуулган дээр хүү нь аавтайгаа ярьсан сүүлийн тэр яриагаа дурдаад, хүмүүст хандан “Хүмүүс ээ, би та нарт хайртай. Хүмүүс ээ, би та нарыг уучилсан. Хүмүүс ээ, намайг уучлаарай. Дахин хэлэхэд ингээд хүрэлцэн ирсэнд тань баярлалаа” гэсэн гэдэг.

Цагаа олсон үг гэж байдаг аж. Уучлал гуйх цаг, талархлаа илэрхийлэх цаг, хайраа илэрхийлэх цаг гэж бий. Амьдралын чинь нэг хэсэг болсон хэр нь та түүнтэй чин сэтгэлээ уудалж чадаагүй тийм хүн байвал эдгээр үгийг хэтэрхий оройтохоос нь өмнө хэлээрэй.

“Намайг уучлаарай. Би чамайг уучилсан. Чамд баярлалаа. Би чамд хайртай.”

Энэ л хэдэн үг эртний гомдлыг чинь цас шиг хайлуулж, сэтгэлийн шархыг тань эдгээнэ. Тун энгийн хэрнээ маш үр дүнтэй энэ хэдхэн үгийг өдөр бүр хэлсэн ч хэтрүүлэг болно гэж үгүй.