Моабын хөвгүүд, Аммоны хөвгүүдийн хамтаар Иуда руу дайран ирж байгаа сураг дуулаад Иехошафат бүх улс орон даяар мацаг барилтыг зарлав. Ард олон Эзэний өргөөнд цуглаж, Иехошафат шинэ хашааны өмнө зогсоод залбирлаа.
“Дэлхийн үндэстнүүдийн бүх хаанчлалыг захирагч Бурхан минь, Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүд Та бидэнд өв болгон өгсөн эзэмшлээс биднийг хөөн зайлуулах гэж ирж байна. Бид тэдний өмнө сул дорой билээ. Бид юу хийхээ ч мэдэхгүй байна, харин бидний хараа Тан дээр байна.”
Тэгтэл чуулганы дунд Бурханы Сүнс леви хүн Иахазиел дээр буун иржээ.
“Бүх ард түмэн болон Иехошафат хаантаан, сонсоцгоо. Бурхан ийн айлдаж байна. “Энэ асар их цэргээс болж бүү ай, бүү шантрагтун. Учир нь энэ тулаан та нарынх биш, харин Бурханых юм. Маргааш тэдний өөдөөс явж Би та нарыг хэрхэн аврахыг харагтун. Би та нартай хамт байна.””
Иудагийн ард түмэн дараагийн өдөр өглөө эртлэн босоод цөл рүү хөдлөх үед Иехошафат босож тэднийг ийн урамшуулав.
“Итгэл найдвараа Бурханд өг. Тэгвэл заавал ялна.”
Иехошафат хүмүүстэй зөвлөлдөөд, ариун хувцас өмсөн Бурханыг магтах хүмүүсийг томилж, тэднийг цэргүүдийн өмнө явуулав. Дуулж, магтаж эхэлмэгц дайсны эсрэг Бурхан отолт тавьсанд тэд сүйрцгээв. Дайснууд нь том ялагдал хүлээсний дараа бие биентэйгээ тулалдаж өөрсдийгөө устгажээ. Энэ тухай мэдээ улс орон бүрд тархаж, дэлхийн бүх хаанчлал дээр Бурханаас эмээхүй нөмрөн байв. Иехошафатын хаанчлал амар амгалан байлаа.
Хүчтэй дайснуудынхаа өөдөөс харан зогсох нь байтугай яах учраа мэдэхгүй байсан Иехошафат болон Иудагийн ард түмний цор ганц найдвар нь Бурхан байсан юм. Хараагаа зөвхөн Бурхан дээр байлгасан тэд эцэс сүүлд нь өчүүхэн ч зүдрэлгүй их цэргийг цохиж агуу ялалт байгуулж чадсан аж.
Бид давж дийлэхэд бэрх сорилттой тулгарсан үедээ тухайн байдлыг өөрчлөх ямар ч хүч байхгүй, хэрхэн ялж гарахаа мэдэхгүй байсан ч шантрахгүй байцгаая. Гомдол дургүйцэл ч гаргалгүй бүх ажлыг удирдан хөтөлж буй Бурханыг түшин залбирцгаая. Бурхан хамт байхад айж, зүрх алдмаар зүйлсийг ч бид ялж чадна шүү дээ.
“Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ. Чамд үнэхээр тусална. Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ»” Иса 41:10