Пуримийн баяр
“Пурим” гэдэг нь “шавга орхих” гэсэн утгатай “пур” гэсэн үгнээс үүсэлтэй ажээ.
Хаман Перс даяарх (Меде Перс) иудейчүүдийг бүгдийг нь алахаар “пур” хэмээх шавга орхиж иудейчүүдийг сүйрүүлэх өдрийг товлосон хэдий ч (Ест 3:7) тэр өдөрт нь харин ч Естер, Мордехаи нар Хаманы хуйвалдааныг таслан зогсоов (Ест 9:1). Энэ явдлыг дурсах өдөр бол Пуримийн баяр билээ. Мосегийн үед Бурхан Мосегоор дамжуулан Өөрийн хуулийг тогтоосон бөгөөд тэрхүү хуулинд 3 удаагийн 7 баяр багтдаг. Харин Пуримийн баяр нь 3 удаагийн 7 баярт хамаарагддаггүй, израиль ард түмний баяр юм.
Пуримийн баярын үүслийн талаар судалж үзэцгээе.
1. Тухайн цаг үеийн байдал
Иудейчүүд Вавилонд олзлогдсон үе байв. Харин Вавилон улс удалгүй Перс (Меде Перс) улсад бут цохигдон сүйрч, израильчууд Персийн удирдлаганд шилжив. Хэдийгээр израильчууд цөөхүүлээ байсан ч тэд ухамсарт нь гүн суусан “Бурханы сонгосон ард түмэн” гэдгээрээ бахархан, Бурханы хүслийг дагахыг ямагт хичээж байв.
Бурханы урьдаас төлөвлөснөөр израильчууд Вавилонд 70 жил боолчлогдох түүх эцэс болоход тэд Иерусалим руу хоёр удаа буцсан бөгөөд энэ хооронд Ахашверош хааны хаанчлалын үед Персэд үлдэн суурьшсан иудейчүүдэд эл явдал тохиов.
2. Естер хатан болсон нь
Нэг өдөр Персийн (Меде Перс) Ахашверош хаан бүх ноёд түшмэлүүдээ цуглуулж найрлав. Тэгээд тэрээр Вашти хатны гоо үзэсгэлэнг үзүүлэхээр хатнаа найрандаа урив. Вашти ордны цэцэрлэгт эмэгтэйчүүдтэй өөр найр хийж байсан тул хааны тушаалыг огоорон хааны өмнө очихоос татгалзав.
Ахашверош хаан маш их хилэгнэн уурлаж, түүнийг хатны суудлаас нь буулгаж, шинэ хатан сонгох боллоо. Тэрээр шинэ хатнаараа Персийн нийслэл Суса хотод байсан иудей хүн Естерийг сонгож, Персийн хатан болгов. Естер хатан Мордехаин авга ахынх нь охин байв. Учир нь Естер аав ээжгүй байсан бөгөөд Мордехаи түүнийг өөрийн охин мэт өсгөсөн аж.
3. Мордехаи хааны амийг аварсан нь
Нэг өдөр хааны хоёр тайган Ахашверош хааны амь насанд нь халдахаар хуйвалдаан явуулж байхыг нь Мордехаи санаандгүй олж сонсов. Тэрээр Естер хатныг энэ талаар хаанд мэдэгдэхийг гуйж, улмаар Ахашверош хааны амийг аварчээ. Харин хоёр тайганыг цаазаар авчээ.
4. Хаман Мордехаи хоёр
Хожим нь Ахашверош хаан Хаманыг алба ахиулан, эрх мэдлийг нь бусад ноёдоос дээгүүр тогтоон түүнийг дэвшүүлэв. Түшмэд, хааны бүх зарц нар Хаманд хүндэтгэл үзүүлэн бөхийв. Харин Мордехаи бөхийсөн ч үгүй, хүндэтгэл үзүүлсэн ч үгүй. Үүнийг харсан Хаман уур хилэнгээр дүүрэн, Мордехаиг алахаар арга сэдэж, түүнийг ганцааранг нь биш, бүх иудейчүүдийг устгахаар санаархав. Тэрээр иудейчүүдийг хүйс тэмтрэх сар өдрийг товлохоор пур хэмээх шавга орхиж, Адар буюу арван хоёрдугаар сарыг шодов.
5. Хаманы хилс гүтгэлэг
Хорон санаа өвөрлөсөн Хаман Ахашверош хаанд иудейчүүдийг хилс гүтгэн ийн өгүүлжээ.
“Таны хаанчлалын бүх аймгийн ард түмэн дунд тарж холилдсон нэгэн ард түмэн байна. Тэдний хууль бусад ард түмний хуулиас өөр бөгөөд тэд хааны хууль цаазыг сахин үйлддэггүй юм. Тиймээс хааны хувьд тэднийг тэвчих нь ашиггүй юм. Хэрэв хаан үүнийг таалбал, тэднийг устгахыг зарлигдан бичигтүн. …”Ест 3:8-9
6. Иудейчүүд аюулд оров
Тэгэхэд хаан гараасаа тамгат бөгжөө сугалан Хаманд өгч, “Тааллаараа болох болтугай” гэсэн тушаал өгөв. Тэгээд хааны гүүш нар иудейчүүдийн дайсан болох Хаманд дуудагдан Хаманы тушаасныг хааны ноёд, муж бүрийн захирагчдад, ард түмэн бүрийн ноёдод муж бүрд өөр өөрсдийнх нь бичгээр, ард түмэн бүрд өөрсдийнх нь хэлээр хаан Ахашверошийн нэрээр бичин хааны тамгат бөгжөөр тамгалан илгээжээ.
“Арван хоёрдугаар сарын арван гуравны өдөр хөгшин залуу, хүүхэд эмэгтэйчүүд буюу бүх иудей хүнийг нэг өдрийн дотор устгаж, алж, хүйс тэмтэрч мөн тэдний эд хөрөнгийг олзлон авсугай.” Ест 3:13
Хааны тушаал болон зарлиг хүрсэн муж бүхэнд иудейчүүд их дуугаар гашуудан уйлж, мацаг барин, орилж, таар углаж, үнсэн дээр хэвтэн Бурханаас аврал гуйлаа.
7. Хэрэв би үхэх ёстой бол үхнэ
Мордехаи Естер рүү хүн илгээж, ийм аюулын үед иудейчүүдэд туслахыг хаанаас гуйхыг хүсэв.
“Хааны эрх дархад хүрсэн чинь энэ цагийн төлөө ч юм бил үү, хэн мэдэх вэ?” Ест 4:14
Персийн хуулинд хаан дуудаагүй л бол ордон руу орсон ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн амьд үлдэхгүй, хаан алтан очирт таягаа түүн рүү сунгаагүй л бол тэр нь үхэх ёстой гэсэн ганц хууль байдгийг Естер мэдэж байсан ч гурав хоног мацаг барьсны эцэст “Хэрэв би үхэх ёстой бол үхнэ” гэсэн шийдвэр гарган, айж эмээлгүйгээр хааны ордон руу явлаа. Естер хатныг ирж явааг хараад, хаан алтан очирт таягаа түүн рүү сунгалаа. Хааныг Хаманы хамт өөрийнхөө бэлтгэсэн найранд ирж оролцохыг Естер гуйв. Хатны далд утгыг мэдээгүй Хаман хаантай ганцаараа найранд оролцох урилга хатнаас хүлээн авсандаа баяртай байлаа.
8. Мордехаи хүндлэл хүртэв
Ахашверош хаан нэг шөнө хаант засгийнхаа бичлэгийн ном, он дарааллын бичигнээс хаанд халдахыг завдсан хоёр тайганыг илрүүлсэн хэрнээ Мордехаи ямар ч нэр алдар, хүндэтгэл хүртээгүй байгааг олж мэджээ.
Энэ үеэр Хаман Мордехаиг алахаар тавин тохой өндөр (ойролцоогоор 22.5 метр) дүүжлүүр хийчихээд хаанаас зөвшөөрөл авахаар ордон руу ирээд байж гэнэ. Тэгтэл хаан түүнийг Мордехаид хүндэтгэл үзүүл гэж зарлигджээ. Хаман хааны өмссөн дээлийг Мордехаид өмсүүлж, толгойд нь хааны титэм зүүлгэн, хааны морийг унуулан хотын талбайгаар хөтлөн “Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд ингэж үйлдэгдэнэ” гэж тунхаглах ёстой болов.
9. Хаманы үхэл
Хааныг урьсан найран дээр өөрийгөө болон ард түмнээ үхлийн ирмэг дээр байгааг Естер хатан хаанд айлджээ.
“Учир нь би ч, миний ард түмэн ч, бид устгуулж, алуулж, хүйс тэмтрэгдэхээр худалдагдаад байна.”
“Тэр чинь хэн бэ? Ийн үйлдэхийг зүрхлэгч хүн хаана байна вэ?”
Хатан болон хатных нь ард түмнийг алахаар заналхийлж байгаа гэдгийг сонсоод Ахашверош хаан ихэд хилэгнэв.
“Дайсан бөгөөд өстөн нь энэ муу санаат Хаман!”
Иудейчүүдийг алахаар завдаж байсан дайсан Хаман эцэст нь Мордехаиг дүүжлэхээр бэлдсэн олсондоо дүүжлэгдэж, сүйрэх шахсан иудейчүүдийн амьдрах зам нээгдсэн ажгуу.
10. Иудейчүүдийн төлөөх зарлиг
Персийн хуулинд хааны нэр дээр нь бичигдсэн, хааны тамгат бөгжөөр лацадсан албан бичгийг хэн ч өөрчилж чаддаггүй байв. Хаанд ч хүртэл эсэргүүцэх хүч байдаггүй тул хаан шинэ зарлиг гаргах хэрэгтэй болжээ.
“Эдгээртээ хаан, хот бүрд буй иудейчүүдийг цуглан амиа хамгаалах мөн өөрсөд уруу нь довтлох аль ч ард түмэн, аймгийн хүчит хүмүүсийг байтугай, тэдний хүүхэд багачууд, эхнэрүүдийг устгах, алах, хүйс тэмтрэх мөн тэднээс олзыг тонон дээрэмдэх эрхийг Ахашверош хааны бүх аймагт нэг өдөр буюу арван хоёрдугаар сарын (Адар сарын) арван гурав дахь өдөрт олгов.” Ест 8:11-12
Иудейчүүдийн хувьд энэ нь гэрэл гэгээ, баяр хөөр, баясгалан, хүндэтгэл байлаа.
“Тийнхүү иудейчүүд бүх дайснуудаа илдний ирээр хүйс тэмтрэн устгав. Тэд Хаманы арван хөвгүүнийг алж, цогцсыг нь модонд өлгөсөн боловч тэд олзонд гар эс хүрэв.” Ест 9:5-16
11. Пуримийн баяр
Арван хоёрдугаар сарын арван дөрөвний энэ өдрийг иудейчүүд баярын өдөр болгон тогтоожээ. Тэд арван хоёрдугаар сарын арван дөрвөн, арван тавны өдрийг “шавга орхих” гэсэн утгатай еврей хэлээр “пур” гэсэн үгнээс үүсэлтэй “Пурим” баяр хэмээн нэрлэдэг байж. Энэ өдөр бол ганцхүү махан биеийн иудейчүүдийн үндэсний баяр болохоос биш Бурханы өгөх авралтай ямар ч хамаагүй баяр юм. Энэ нь Солонгосын ард түмний Тусгаар тогтнолын өдөр юм уу 3 сарын 1-ний баяртай адилхан утга учиртай гэж хэлж болох юм.
12. Сүнслэг иудейчүүдэд өгөх сургамж
Естерийн түүх нь эцсийн өнөө үед амьдарч байгаа сүнсний иудейчүүд болсон бидэнтэй маш их хамаатай юм.
Хааны өмнө иудейчүүдийг хилсээр гүтгэн буруутгаж байсан өөдгүй, хорон муу Хаман нь Бурханы өмнө биднийг буруутган гүжирдэх Сатаныг харуулсан юм (Илч 12:10). Иудейчүүдийг алахаар санаархсан Хаманы хуйвалдаанаас болоод иудейчүүд заналхийлэлд өртсөн энэ түүх нь эцсийн үед сүнсний иудейчүүд мөн маш том асуудал тулгарахыг харуулж байгаа юм. Тийм хүнд байдалд орсон иудейчүүд Естер хатны тусламжаар аврагдсаны адил, эцсийн өдөр сүнсний иудейчүүд Ариун Сүнсний Сүйт бүсгүйн тусламжаар аюулаас мултарч амь авах юм. Мөн иудей хүн Мордехаиг хөнөөхөөр бэлдэж байсан дүүжлүүрийн олсондоо Хаман өөрөө дүүжлүүлж үхсэн нь сүнсний иудейчүүдийг хорлохоор бэлдэж байсан нүхэндээ Сатан өөрөө унана гэдгийг илтгэсэн юм. Махан биеийн иудейчүүд нэгдэж дайсны эсрэг тулаанд ялсны адил, сүнсний иудейчүүд дайсан болсон диаволын эсрэг нэгдэн тэмцээд ялах юм. Сүнслэг иудейчүүд бид ивээлтэйгээр нэгдэж, Бурханы хүч чадлыг түшицгээе гэх амин чухал итгэл шаардагдах үе тун удахгүй ирэх гэж байна.
“Эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. … ”Ром 15:4
“Байсан юм бахь байдгаараа хийсэн юмаа хийдэг л хэвээрээ. Наран доор нэг ч шинэ юм алга. Хараач, энэ шинэ зүйл байна гэхээр юмс хаа нэгтээ байна уу? Аанай л биднээс өмнөх аль эрт байсан л зүйл байна.”Ном.Үгс 1:9-10