『Үнэхээр Сатаны төлөвлөгөөний дагуу Есүс нүгэлт сүнснүүдийг аврахаар махан бие өмсөн, энэ газарт ирээд, тэдний нүглийн хөлсийг төлөхөөр Өөрийн биеэ нүглийн тахил болгон өргөсөн юм. Библид “Нүглийн хөлс нь үхэл” гэсэн учир нүгэлгүй, зөв шударга хүн зөвт бус хүний оронд үхвэл нүгэл үйлдэгч сүнснүүдийг аварч чадахаар байсан. Эртний хуулиар хэрвээ нэг нүгэлтнийг гараасаа мултлан явуулсан бол түүний оронд өөрөө үхэх ёстой байжээ.』 (2Хаа 20:42) “Тэнгэр элчийн ертөнцөөс ирсэн зочид” үнэний ном, 13-р бүлэг “Анхны Адам ба Сүүлчийн Адам” хэсгээс авав.
1. Үгчилсэн утга
Грек хэлний λυτρον [Литрон] буюу “Золиос” гэсэн үг нь боол эсвэл олзны хүнийг чөлөөлсний хариуд төлсөн мөнгийг хэлнэ.
2. Түүхэнд харуулсан золиосын тухай жишээ (1Хаа 20:1-43)
Израилийн Ахаб хааны өдрүүдэд Арамын Бен-хадад хаан болон Израилийн Ахаб хааны хооронд дайн болов. Түүнтэй хамт гучин хоёр хаад, морьд болон тэрэгнүүд цугларч, Арамын хаан Самарийг (Хойд Израилийн нийслэл) бүслэн байлдав. Тэрээр Израилиас бууж өгөхийг шаардсан боловч Ахаб хаан болон израильчууд Арамын цэргүүдтэй тулалдахаар болов.
Тэр үед Бурханы эш үзүүлэгч хаан дээр ирээд, Бурхан Арамын цэргүүдийг Израилийн гарт оруулсан (Бурхан Израильд ялалтыг соёрхоно) ба Израиль энэ тулалдаанд агуу ялалт байгуулахыг мэдүүлэв.
Тэр үед Арамын хааны түшмэл хаандаа “Израилийн бурхад уулын бурхад учир тэд биднээс хүчтэй байсан юм. Харин тэдэнтэй тал газарт тулалдахыг бидэнд зөвшөөрвөл бид үнэхээр тэднээс хүчтэй байх болно” гэв. Тиймээс хаан өөрийн их цэргийг бэхжүүлж, дараа жил Израилийг дахин довтлохоор болов.
Арамын хаан гарцаагүй дараа жил Израилийг довтолно хэмээн тэдэнд хэлсэн үед Израилийн хөвгүүд Бурханы эш үзүүлэгчийн зөвлөгөөгөөр хичээнгүйлэн дайнд бэлтгэж байв. Тэд дайтахаар гарч жагссан хэдий ч “Израилийн хөвгүүдийн хуаран тэдний өмнө хоёр хэсэг багахан ямаан сүрэг шиг л байсан. Харин Арамчууд тал газрыг дүүргэсэн” (1Хаа 20:27) гэж бичигдсэнчлэн Израилийн цэргийн тоо үнэхээр цөөхөн байв.
Тэгэхэд Бурханы хүн ойртон ирж, Израилийн хаанд хандан, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Арамчууд ЭЗЭН уулын бурхан болохоос тал газрын бурхан биш гэж хэлсэн учир Би энэ их цэргийг чиний гарт өгнө. Тэгээд Намайг ЭЗЭН мөн гэдгийг чи мэдэх болно” гэж хэлжээ.
Бурханы тусламжаар Израилийн цэргүүд арамчуудыг ялж, агуу ялалт байгуулав. Тэгэхэд Израилийн хаан Ахабаас өршөөл гуйхаас өөр арга Арамын хаанд үлдсэнгүй. Ахаб Арамын хааны хэлсэн үгийг сонсоод бардам болж, Бурхан гарт нь өгсөн Арамын хаан ба түүний цэргүүдийг суллан явуулав.
Дараа нь эш үзүүлэгчид ЭЗЭНий үг ирэв. Тэрээр нүднийхээ дээгүүр боолт ороон, шархадсан цэрэг болж зүсээ хувирган, Ахаб хааны өмнө очив.
“Таны зарц би дайны талбар дээр очсон билээ. Тэгтэл нэг хүн надад олзны хүнийг дагуулан ирээд, “Энэ хүнийг манаж бай! Хэрэв ямар нэг шалтгаанаар энэ хүн зугтвал чиний амь түүний амийн оронд байх болно эсвэл чи нэг мөнгөн талант төлөх хэрэгтэй” гэсэн билээ. Таны зарц энд ч, тэнд ч ажилтай байх үед өнөөх хүн алга болсон юм” гэв.
Ахаб үүнийг сонсоод эш үзүүлэгч өөрийнх нь тухай ярьж байгааг мэдэлгүй түүнд, “Чи өөрөө ингэж шийдсэн тул чамд ирэх шийтгэл тийнхүү байх болтугай” гэв.
Тэгтэл эш үзүүлэгч хаанд “ЭЗЭН ингэж айлдаж байна. “Цээрлэл болгохоор Миний шийдсэн хүнийг чи гараасаа мултлан явуулсан тул чиний амь түүний амийн оронд өгөгдөж мөн чиний ард түмэн түүний ард түмний оронд мөхөх болно” гэсэн гэлээ.
Дээр өгүүлсний адил “Золиос” гэдэг нь үхэх хэмжээний нүгэл үйлдсэн нүгэлтнийг амьдруулахын төлөө нүгэл үйлдээгүй өөр хүн үхнэ гэсэн утгатай.
3. Золиосын тахил болсон Христ
Хуучин гэрээний үед Израилийн ард түмэн нүгэл үйлдэхэд мал амьтныг барьж, цусыг нь тахилын ширээ рүү цацсанаар нүглийн уучлал авдаг байсан түүх нь шинэ гэрээний үед Христ эвлэрүүллийн бүх тахилын бодит болоод Өөрийгөө золиослон цус урсгаснаар хүн төрөлхтний нүгэл уучлагдахыг харуулсан сүүдэр байсан юм.
Өнөө үед тэр цусанд итгэж, Түүний сургаалын дагуу үйлдэж байгаа бүх хүн Христийн эвлэрүүллээр ялаас хэлтэрч, төгс авралд хүрэх юм.
“Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв.” Мат 20:28, Мар 10:45
Үхэхээс өөр аргагүй нүгэл үйлдсэн хүн төрөлхтнийг аврахын төлөө Өөрийнхөө амийг хүртэл үл хайрласан Есүсийн эрхэм дээд хайр тэнгэрийн хүүхдүүдийн зүрх сэтгэлд шингэж, үеийн үед мартагдахгүй байх болно.