Хуучин гэрээний тахил

141 Үзсэн тоо

Хуучин гэрээний үед ариун газарт тахил өргөх ёслол үйлдэгддэг байжээ. Гэвч тахилын ёслол хариуцсан тахилч нараас нь өөр хэн ч нарийн ширийн учрыг нь мэддэггүй байлаа. Учир нь тахилууд нь ойлгоход нэн төвөгтэй байв. Түүнчлэн тахилын төрөл, арга, нэр томьёо нь ойролцоо бөгөөд давтагдмал шинжтэй, ялгаж салгахад бэрх байжээ.

Хуучин гэрээний тахилуудыг үнэн зөвөөр нь ангилж, тайлбарлахад хүндрэлтэй тул итгэлийн амьдралд тань дэм болох үүднээс Библид давтагдаж гардаг хэд хэдэн тахилын талаар авч үзэцгээе.

1. Тахилын зорилгын дагуу ангилах нь – нүглийн тахил, ялын тахил, эвийн тахил

1) Нүглийн тахил

Энэ нь санамсаргүйгээр үйлдсэн нүглийн эвлэрүүллийг хийх зорилготой өргөдөг тахил юм.

Израилийн бүх чуулганы болон тэргүүн тахилчийн нүглийг өршөөх тахил, хувь хүний нүглийг өршөөх тахил зэрэг нь нүглийн тахилд багтдаг.

“хэрэв тослогдсон тахилч ард түмнийг ялд унагаж нүгэл үйлдэх аваас тэр хүн үйлдсэн нүгэлдээ залуу, согоггүй бухыг нүглийн тахил болгон ЭЗЭНд өргөг.” Лев 4:3-12

“Хэрэв Израилийн даяар хотол түмэн санамсаргүй алдаж, уг хэрэг чуулганд анзаарагдахгүй өнгөрөх буюу ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан аливаа зүйлийг хийснээр тэд ялтай болох аваас тэдний үйлдсэн нүгэл мэдэгдэх үед чуулган нүглийн тахилд зориулан залуу бух өргөг. …” Лев 4:13-26

“ЭЗЭН тушаалаараа хориглосон зүйлсийн аль нэгийг жирийн хүмүүний нэг нь санамсаргүй хийснээрээ нүгэл үйлдэн ялтай болох аваас хэрэв үйлдсэн нүглийг нь уг хүнд мэдүүлбэл, тэрээр үйлдсэн нүглийнхээ тахилд зориулан согоггүй эм ямааг авчрах болой. …” Лев 4:27-35

Израиль ард түмэн болон тахилч нарын бүтэн нэг жилийн турш үйлдсэн нүглийг уучлахын төлөө ариун тооллын 7 сарын 10-ны Эвлэрүүллийн өдрөөр ямаа болон бухаар нүглийн тахил өргөдөг байжээ (Лев 16:11-19). Шинэ гэрээний үед Есүс ард түмнийхээ нүглийг уучлахын төлөө жинхэнэ тахил болж, загалмай дээр цусаа урсгасан билээ.

“Харин ирэх сайн юмсын Тэргүүн тахилчаар Христ ирэхдээ илүү агуу бөгөөд илүү төгс асраар нэвтрэв. … Тэр ямааны болоод тугалын цусаар бус, харин мөнхийн золилтыг агуулан, Өөрийнхөө цусаар ариун газарт нэгмөсөн бүгдийн төлөө орсон.” Евр 9:11-12

2) Ялын тахил

Энэ нь нүглийн уучлал авахын төлөө өргөдөг тахил юм. Мөн Бурханы ариун зүйл болон өмчлөлтэй холбоотой Бурханы хуулийг мэдэхгүйдээ үйлдсэн гэм буруугаасаа уучлал авахын тулд ялын тахил өргөдөг байжээ.

Ард түмний үйлдсэн гэм буруугийн төлөө эм хурга юм уу эм ямааг ялын тахил болгон золиослох ёстой байв. Гэвч бололцоогүй бол (эдийн засгийн хувьд хүндрэлтэй бол) хоёр хүүрзгэнэ юм уу эсвэл хоёр өсвөр тагтааг тахилаар өргөдөг байв. Эдгээрийг ч авчирч дийлэхгүй бол ефагийн аравны нэгэн сайн гурилыг өргөл болгон авчирдаг байжээ.

3) Эвийн тахил

Энэ нь нүгэл ба гэм бурууг нь өршөөсөн Бурханыхаа ивээлд талархаж өргөдөг тахил юм.

Бурханы ивээлд талархах юм уу хүслээ айлтгахад, ам өчиг буюу сайн дурын өргөлд зориулж эвийн тахил өргөдөг. Талархлын, сайн дурын, ам өчгийн зэрэг өргөл нь эвийн тахилд хамаарагдана. Есүс шинэ гэрээний үед Бурхан болон бидний хооронд эвлэрүүлэх эвийн тахил болсон юм.

“Хэрэв бид дайснууд байхдаа Хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрсэн юм бол, эвлэрсэн бид тэр тусмаа Түүний амиар аврагдах болно.” Ром 5:10

2. Тахилын дагуу ангилах нь – Шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөл

1) Шатаалт тахил

Шатаалт тахил нь еврей хэлний “Олах” гэдэг үгнээс үүссэн бөгөөд “утаа гаргаж Бурханд өргөх” гэсэн утгатай, мал амьтан шатааж өргөдөг тахил юм.

Израиль ард түмний Бурханд өргөдөг тахилуудаас хамгийн түгээмэл хэрэглэгдэж байсан нь өдөр бүр өргөдөг байнгын шатаалт тахил байв. Мөн Амралтын өдөр болон бусад баярын үеэр шатаалт тахил өргөдөг байжээ. Хэн нэг хувь хүний төлөө юм уу олны төлөө тахил өргөхдөө хонь, ямаа, үхэр зэрэг мал амьтан зориулдаг байж. Гэвч хэрэв хэн нэгэн хэт ядуугаас мал амьтан өргөх боломжгүй байвал хүүрзгэнэ юм уу өсвөр тагтаа шатаалт тахилд өргөдөг байв. Шатаалт тахилыг ихэвчлэн идээн өргөл, ундаан өргөлийн хамт өргөнө.

Шатаалт тахил өргөж байгаагийн зорилго бий. Тааламжит үнэрээр дамжуулан Бурханы уур хилэнгээс ангижрах ивээл нигүүлсэл, нүглийн уучлал авах зорилготойгоор хувь хүн эсвэл бусад хүний төлөө шатаалт тахил өргөдөг байв.

Христ хожим ард түмнийхээ нүглийн оронд золиосын тахил болж, тэдэндээ Бурханы уур хилэнгээс ангижрах ивээл нигүүлсэл, нүглийн уучлал өгнө гэдгийг сүүдрээр харуулсан тогтолцоо нь шатаалт тахил байсан юм. Бурхан хуучин гэрээний үеийн газар дээрх ариун газарт нүглийн уучлал олгодог сүүдэр бүхий тахилын ёслолоор дамжуулан хожим тэнгэрийн ариун газарт биелэх жинхэнэ тахилын тухай мэдүүлжээ.

2) Идээн өргөл

Гурил, тос, гүглийг хамтад нь шатааж, талх жигнэн өргөдөг тахил юм.

Идээн өргөл гэдэг нь Бурханд ариун амьдралаар амьдрахаа амлан, өргөдөг тахил юм. Иймд идээн өргөлийг дангаар нь өргөж байсан тохиолдол бараг байгаагүй аж. Шатаалт тахил юм уу эсвэл өөр бусад хэлбэрийн тахилын хамтаар өргөдөг ажээ.

3) Ундаан өргөл

Энэ нь хинийн дөрөвний нэг дарсаар өргөдөг тахил юм.

*Хин: Энэ нь “ваар” гэсэн утгатай египет үг. Оливын тос, дарс гэх мэт шингэнийг хэмждэг нэгж бөгөөд 3.66 литртэй тэнцэнэ.

“… ундаан өргөл нь хинийн дөрөвний нэг хэмжээтэй дарс байх болой.” (Ургацын анхны үрийн баярын тахил) Лев 23:13

“… ундаан өргөлд хинийн дөрөвний нэг дарс байна.” (байнгын шатаалт тахил) Гэт 29:40

3. Тахил өргөх аргын дагуу ангилах нь – Галан тахил, хандив, даллах өргөл

1) Галан тахил

Энэ нь галд шатааж өргөдөг тахил юм. Шатаалт тахил болон идээн өргөлийг галаар өргөдөг байв.

“Уг долоо дахь сарын аравны өдөр эвлэрүүлгийн өдөр буюу та нарт ариун цуглаан болой. Та нар сэтгэлээ номхтгож ЭЗЭНд галан тахил өргөгтун.” Лев 23:27

“Үүний идээн өргөл буюу тааламжит үнэрт, ЭЗЭНд өргөх галан тахил нь тосонд багсарсан ефагийн аравны хоёр хэмжээтэй сайн гурил байх бөгөөд” Лев 23:13

2) Хандив

Энэ нь хандив болгон өргөдөг тахил юм.

Тахилаа шатаалт тахилын ширээн дээр дээш өргөн тавиад, дараа нь доош буулгах маягаар зориулдаг тахилыг хэлнэ. Энэ нь тахилч нар эхлээд Бурханд өргөөд, дараа нь Бурханаас буцааж авдаг гэсэн утгыг илэрхийлдэг.

“Тэр өөрийн бүхэл өргөлөөс нэгийг ЭЗЭНд хандив болгон өргөг. …” Лев 7:14

“тэр нутгийн талхыг идэхдээ та нар ЭЗЭНд хандив өргөгтүн. Зуурсан эхний гурилаасаа та нар хандив болгон нэг бинг өргөх бөгөөд түүнийгээ үтрэмийн хандив болгон өргө.” Тоо 15:19-21

3) Даллах өргөл

Энэ нь даллаж өргөх тахил юм.

Тахилч нар Ургацын анхны үрийн баяраар ургацынхаа анхны үр жимсний багцыг даллаж өргөдөг байв.

“Та нар хүлээн авагдахын тулд уг багцыг тэрээр ЭЗЭНий өмнө даллана. Амралтын өдрийн дараагийн өдөр тахилч түүнийг даллана.” Лев 23:11