Өнөө үед дэлхийн өнцөг булан бүрд гарч буй гай гамшгийн улмаас дэлхий дахин түгшүүртэй байна. Библид хэдэн мянган жилийн өмнөөс хэдийн анхааруулсан болохоор дайн дажин, зөрчил мөргөлдөөнөөс гадна газар хөдлөлт, цунами, галт уул дэлбэрэлт, цаг агаарын онц сонин үзэгдлүүд гээд байгалийн гамшиг тасралтгүй гарсаар байна. Эдгээр бүхий л төрлийн гамшиг бидний амьдарч байгаа яг энэ Ариун Сүнсний үед нэгэн зэрэг цутгаж байгаа.
Бурхан энэ цаг үед Алгасал баярыг сэргээж өгсний шалтгаан нь ард түмнээ элдэв төрлийн гай гамшгаас хамгаалахын төлөө юм. 3500 жилийн өмнө Египетээс гарах тэр үед Алгасал баярыг нэн түрүүнд израиль ард түмэнд мэдүүлсний учир ч мөн үлэмж их гамшиг Египет даяар буусантай холбоотой байв. Бурхан үргэлж гамшиг буулгахаасаа өмнө Өөрийн ард түмнээ Алгасал баяр сахиулан, улмаар Бурханы ард түмэн болох тэмдэг авч гамшгаас аврагдахуйцаар урьдчилан зааж бэлтгүүлсэн юм.
Иошуа Иерихо хотыг эзлэн авахын өмнө хот руу тандагчдыг илгээх үед ийм явдал болж байв. Хоёр тандагчийг янхан эм Рахабын гэрт орсны дараа Иерихогийн цэргүүд араас нь хөөж ирэв. Гэвч Рахаб Бурханаас эмээдэг байсан тул амь насаараа дэнчин тавин байж тэднийг нуусан юм. Тандагчдыг эсэн мэнд үдэж өгөөд Рахаб тэднээс амлалт авчээ. Тэрхүү амлалт нь Рахаб ар гэр, ахан дүүсээ гэртээ цуглуулаад цонхноос улаан уяа унжуулах аваас израиль цэргүүд Иерихо хотыг цохих үед тэр гэрт байгаа хүмүүст л зөвхөн хөнөөл учруулахгүй байх амлалт байв. Төд удалгүй Иерихо хот израиль цэргүүдэд эзлэгдэх үед Рахабын гэр рүү зугтаж ирсэн хүмүүс бүгдээрээ эсэн мэнд байж, амьд үлдэцгээсэн юм (Иош 2:1-21, 6:20-25).
Рахабын гэрээс унжсан улаан уяа авралын тэмдэг болсон шиг Бурхан гай гамшгаас аврагдах авралын тэмдэг болгон Алгасал баярыг зөвшөөрч өгсөн билээ.
“Итгэлээр тэр, Алгасалыг сахиад цус цацав. Ингэснээр ууган хүүхдүүдийг устгагч нь тэдэнд хүрээгүй юм.” Евр 11:28
Бурханы тушаалыг сахиагүй хүмүүс “Зөвт хүн итгэлээр амьдарна” (Ром 1:17) гэсэн Библийн ишлэлийг эш татан, Алгасал баяр нь ёслол, зан үйл төдий зүйл болохоос итгэлтэй ямар ч хамаагүй гэдэг. Харин Бурхан жинхэнэ итгэлтэй хүмүүст зориулж Алгасал баярыг сахиад цус цацах ёслол тогтоосон юм. Алгасал баяр нь зүгээр нэг хэлбэр төдий ёслол биш, итгэлийн ёслол, итгэл байж гэмээнэ сахиж чадах Бурханы баяр юм.
Бурхан Алгасал баярыг тогтоож буй дүр зургийг Гэтлэл номноос судлан үзээд Алгасал баярт ямар амлалт шингэсэн байдгийг тодруулцгаая.
“Та нарын төл согоггүй, нэг настай эр төл байх ёстой. Та нар түүнийгээ хонь эсвэл ямаанаас ав. Уг сарын арван дөрвөн хүртэл түүнийг байлгаж, нар шингэх үед Израилийн хотол түмний чуулган даяар тэдгээрийг нядал. … Та нар түүнийг идэхдээ бэлхүүсээ бүсэлж, хөлдөө гуталтай, гартаа таягтай, яаравчлан ид. Энэ нь ЭЗЭНий Алгасал болой. Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН. Та нарын байгаа гэр дээрх цус (Алгасал баярын хурганы цус) нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй. Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон үе уламжлан үүнийг үүрдийн зарлиг болгон тэмдэглэ.” Гэт 12:5-14
Алгасал баярыг тогтоон, ард түмэндээ сахиарай хэмээн тушаасан Нэгэн нь Бурхан. Тиймээс Бурханаас эмээх итгэлтэй израиль ард түмэн Бурханы үгэнд дуулгавартай байж Алгасал баяраа сахицгаасан юм. Түүний үр дүнд израиль ард түмэн гай гамшгаас аврагдаж, боолчлогдож байсан Египетээс чөлөөлөгдсөн боловч харин итгэл байхгүйдээ Алгасал баяр сахиагүй египетчүүдийн хувьд гай гамшиг нүүрлээгүй нэг ч айл байгаагүй бөгөөд ууган хүүхдүүдээ бүгдийг нь алдсан байдаг (Гэт 12:29-51).
Тэгвэл Алгасал баяр нь Египетээс гарах тэр үед л гай гамшгаас аварч, түүнээс хойш хүчингүй болсон юм болов уу? Мэдээж үгүй. Алгасал баяр нь үеийн төгсгөл хүртэл үе уламжлан сахих үүрдийн зарлиг, Бурханы гэрээ юм. Библид Египетээс гарснаас хойш ч Алгасал баяр сахисан ард түмэн гамшгаас аврагдсан түүх тодорхой тэмдэглэгдсэн байдаг (2Шас 30:1-27, 2Хаа 19:32-35 үзэх).
Хуучин гэрээнд Алгасал баярын хурганы цусыг хатавч, тотгондоо түрхэн тэр нь Бурханы ард түмний гэр гэсэн тэмдэг болсон ч эдүгээ бол бид дотроо Алгасал баярын Хурга болсон Есүсийн мах, цусыг хүлээн авсан болохоор гамшиг хүн нэг бүрийг маань алгасан өнгөрнө. Бурхан ийнхүү хүслээ тогтоосон юм. Алгасал баярт шингэсэн “Сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй” хэмээсэн Бурханы амлалт нь гай гамшиг урьд урьдынхаас илүү гарч байгаа энэ үед хүч чадал нь тэр тусмаа бүр ч илүү байх юм.
“… Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. —Харагтун, гамшгийн араас гамшиг ирж байна! Төгсгөл иржээ. Төгсгөл ирэв. Чиний эсрэг босов. Харагтун, энэ нь иржээ! Дэлхийн оршин суугч аа, чиний дээр хувь зохиол чинь иржээ. Цаг нь ирэв. Уулсын дээр баярт уухай бус, үймээн самууны өдөр ойртож байна. Тун удахгүй Би уураа чам дээр асгаж, хилэнгээ чиний эсрэг гүйцээнэ. Би чамайг замналын чинь дагуу шүүн чиний дээр хамаг жигшүүрийг чинь нөхөн төлнө. Мэлмий минь өрөвдөхгүй, Би өршөөхгүй. Жигшүүрүүд чинь чиний дунд байсаар байх үед Би замналын чинь дагуу чамд нөхөн төлнө. Тэгэхэд цохигч нь ЭЗЭН Би гэдгийг та нар мэднэ. … ЭЗЭНий хилэнгийн өдөр мөнгө, алт нь тэднийг чөлөөлж чадахгүй. Тэд сэтгэлээ ханган цатгаж, гэдэс дотроо ч дүүргэж үл чадна. Учир нь тэдний хилэнц нь бүдрэх чулуу болжээ.” Езе 7:2-19
Бурхан хүн төрөлхтөнд гамшгийн араас гамшиг ирж байгааг анхааруулсан юм. Библийн зөгнөлийн дагуу өдийг хүртэл ганц ч удаа харж байгаагүй, сонсож байгаагүй гамшиг сүүлийн үед байнга болж байна. Анх удаагаа үлэмж их газар хөдлөлт, уур амьсгалын өөрчлөлттэй тулгарч, хүмүүс “Зуун жилд анх удаа болж байна”, “Мянган жилд анх удаа тохиолоо” гэцгээж байна. Өнөө үед бууж байгаа гамшгууд нь нээрээ л өдийг хүртэл гарч байгаагүй, нээрээ л “гамшгийн араас гамшиг” гэгч нь болж байна.
“… Гай гамшиг дээр гай гамшиг ирж, цуурхал нь цуурхлаар нэмэгдэнэ. Тэгээд тэд эш үзүүлэгчээс үзэгдлийг эрэх боловч тахилчаас хууль нь, ахмадуудаас зөвлөгөө нь алдагдана. Хаан гашуудаж, ноёд нь айдсыг өмсөж нутгийн ард түмний гар нь чичирнэ. Байгаа байдлынх нь дагуу Би тэдэнтэй харьцаж, шүүлтүүдээр нь Би тэднийг шүүх болно. Тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.” Езе 7:25-27
Эрх мэдэлтнүүд ч гашуудаж, айдсыг өмсөж, тахилч нар яаж ч чадахгүй. Гай гамшгийн өмнө ямар ч тахил хэрэггүй болж, хүмүүс элдэв зүйл бэлдсэн ч гэсэн тэдгээр нь ямар ч утга учиргүй болно. Тийм гамшиг нүүрлэх тусам бидэнд гай гамшгаас аварч, хэлтрүүлэх Бурханы амлалт бүр ч хэрэгтэй шүү дээ.
Бурхан болон бидний хооронд Алгасал баяраар авралын амлалт тогтсон байгаа. Эрт үед Рахабын гэрт тэмдэг тавьж, амийг нь аварч байсан түүх шиг эдүгээ Бурхан бидний духан дээр авралын тэмдгээ хайрласан юм.
“ЭЗЭН түүнд —Хотын дундуур, Иерусалимын дундуур явж, энэ дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавь гэв. Харин намайг сонсож байхад бусад хүмүүст Тэр айлдсан нь —Түүний араас даган хотын дундуур явж, цохигтун. Нүд чинь өрөвдөж болохгүй, хэлтрүүлж болохгүй. Хөгшчүүл, залуус, залуу эмэгтэйчүүд, хүүхдүүд ба эхнэрүүдийг ч хүйс тэмтэр. Гэвч тэмдэгтэй хүмүүст бүү хүр. Та нар ариун газраас минь эхлэгтүн. Тийнхүү тэд сүмийн өмнө байсан ахмадуудаас эхлэв.” Езе 9:4-6
Духан дээрээ тэмдэгтэй хүмүүст хүрч болохгүй гэсэн Бурханы үг байна. Өөрөөр хэлбэл Бурхан тэмдэгтэй хүмүүсийг л баттай хамгаалах юм. Египетээс гарсан тэр үед израиль ард түмэнд гамшиг хүргэхгүй гэсэндээ Алгасал баяр сахиулан, устгагч тэнгэр элчийг Алгасал баяр сахисан ард түмэнд хүргэхгүйгээр хамгаалсан шиг өнөө үед ч Бурхан хамгаалах ард түмэндээ бүгдэд нь амлалтын тэмдэг тавьж, гамшгаас хэлтрүүлэх юм. Элч Иохан ч Патм арал дээр Езекиел эш үзүүлэгчийнхтэй адилхан илчлэлт харсан байдаг.
“Үүний дараа би дэлхийн дөрвөн өнцөгт зогсон, газар дээр ч, тэнгис дээр ч, ямар ч модон дээр салхи салхилуулахгүйн тулд дэлхийн дөрвөн салхийг барих дөрвөн тэнгэрэлчийг харав. Би мөн амьд Бурханы тамгатай өөр нэгэн тэнгэрэлч наран мандах зүгээс гарч ирэхийг харав. Газар, тэнгист хөнөөл учруулах эрхтэй дөрвөн тэнгэрэлчид хандан тэрээр чанга дуугаар хашхиран —Бурханыхаа зарц нарын духан дээр биднийг тамга дартал газарт ч, тэнгист ч, модонд ч бүү хөнөөл учруул хэмээв.” Илч 7:1-3
“Үүний дараа” гэдэг нь “Хүчтэй салхинд сэгсрэгдсэн инжрийн мод боловсроогүй жимсээ хаялах адил тэнгэрийн одод дэлхий дээр унана” гэсэн Илчлэл 6-р бүлгийн зөгнөл болсны дараа юм. Энд гарч байгаа тэнгэрийн одод эсвэл инжрийн мод гэдэг нь израиль үндэстнийг илтгэдэг шүү дээ. Мөн салхи нь дайныг илэрхийлж байна. Хүчтэй салхинд инжрийн мод боловсроогүй жимсээ хаялах адил израиль үндэстэнд асар их гай зовлон нүүрлэсэн томоохон дайн бол 6 сая иудей нацист Германы цэргүүдэд алагдсан дэлхийн 2-р дайн юм. Тиймээс “үүний” гэдэг нь дэлхийн 2-р дайныг зааж байна (Илч 6:12-17).
Тэгвэл түүний дараа ард түмний духан дээр дарагдах Бурханы тамга нь юу юм бол? Гамшигт өртүүлэхгүйн тулд духан дээр нь тамга дарна гэсэн нь Египетээс гарсан тэр үеийн авралын тэмдэг болох Алгасал баяр юм. Алгасал баярыг ариунаар сахин, шинэ гэрээний үнэн дотор байгсад бүгдээрээ авралын тэмдэг авсан хүмүүс юм. Иошуа израиль цэргүүдэд Рахабын гэрийг хамгаалахыг тушаасан шиг сүүлчийн гамшгийн өдрүүдэд ч Бурхан устгагч тэнгэр элч нарт Алгасал баяр сахисан ард түмэн дээр гай гамшиг буулгаж хэрхэвч болохгүй хэмээн тушаах юм.
Тамга дарах ажил нар мандах дорно зүгээс эхэлнэ. Нар мандах дорно зүгээс тамгалах ажил эхэлнэ гэсэн нь яаралтай ямар нэгэн зүйл тэнд болох учраас тэр юм.
“Үзэгтүн, ЭЗЭН газрыг хоосруулан хөмрөх гэж байна. Тэрээр газрын гадаргууг эвдэж, оршин суугчдыг нь тараана. … Дэлхий бүрэн хоосрон, бүрэн тоногдоно. Учир нь ЭЗЭН энэ үгийг айлдсан юм. Дэлхий гашуудан хувхайрна. Ертөнц гаслан хувхайрна. Дэлхийн хүмүүст өргөмжлөгдсөн нь алга болно. Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн мөнхийн гэрээг эвдэв. Иймээс дэлхийг хараал идэж, түүн дээр амьдрагчид нь гэм нүгэлд автав. Иймээс дэлхийн оршин суугчид нь шатаагдаж, цөөхөн хүн үлдэв.” Иса 24:1-6
“Тэгээд энэ нь чидун модыг доргиох шиг усан үзэм хураалтын дараах хаягдал түүх лугаа адил дэлхийн төвд, хүмүүсийн дунд байх болно. Тэд дуугаа өргөж, баяртайгаар хашхирна. Тэд тэнгисээс ЭЗЭНий сүр жавхланг бахдан хашхирна. Ийм учраас дорно зүгт ЭЗЭНийг алдаршуулж, далайн арлуудад Израилийн Бурхан ЭЗЭНий нэрийг алдаршуулагтун! Дэлхийн хязгаараас “Зөвт Нэгэнд алдар нь байг” гэх дуунуудыг бид сонсож байна. …” Иса 24:13-16
Дэлхий хоосорч, бүрэн тоногдох үйл явдал болохын яг өмнө Бурханы тамгалах ажил дорно зүгийн хязгаараас эхлэх юм. Иоханы илчлэлт харсан Патм арлыг хэмжүүр болгон адилхан өргөргийн дагуу харвал эх газрын хаяан дахь дорно зүгийн хязгаар нь Солонгос улс юм. Ийм учраас Солонгосоос шинэ гэрээний үнэн болох Алгасал баяр сэргэж, эдүгээ дэлхийн бүх хүнд тамга дарах ажил өрнөсөөр байна.
Одоо Сионы итгэгчид дэлхий дахин руу явж, шинэ нэрээр ирсэн Христ болон шинэ Иерусалим тэнгэр Эх, шинэ гэрээний Алгасал баярыг тунхаглаж байна. Энэ бол тамга дарах ажлын явц юм. Бурханы амлалтыг талархалтайгаар хүлээн авсан хэн боловч аврагдаж, тэгж чадаагүй нь яллагдах болно (Мар 16:15-16 үзэх).
Эдгээрээс харахад Алгасал баяр нь биднийг аврахын төлөө Бурханы бэлтгэсэн хамгийн агуу үнэн юм гэдгийг мэдэж болох нь. Сүүлчийн гамшиг газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирнэ гэсэн байдаг.
“Хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор та нарын зүрх дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр хавх буух мэт та нар дээр гэнэт ирнэ. Энэ нь газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирэх болно. Харин Хүний Хүүгийн өмнө зогсох мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун гэв.” Лук 21:34-36
Тэр өдөр бидний хувьд хавх буух мэт ирэхгүй байхаар бид ямагт сэргэг байж, залбирч, Бурханы ажилд бүхнээ дайчлах хэрэгтэй юм. Иаков нутаг орон руугаа буцах үед Иаббок голын гарман дээр шөнөжин Бурханы тэнгэр элчтэй барилдаж, түнх нь мултарч, өвчин зовиур амссан ч үл тоон, эцэстээ ерөөл авч эх нутагтаа буцсан байдаг. Түүнтэй адилхан биднийг сүнсний эх нутаг тэнгэрийн хаанчлалдаа буцах явцад бидэнд хэзээ нэгэн цагт тулгарах гай зовлонгийн талаар Иеремиа номд “Иаковын зовлон шаналан” хэмээсэн байдаг.
“Асуугаад, эрэгтэй хүн хүүхэд төрүүлж чадах эсэхийг хар. Яагаад хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг эрэгтэй хүн бүр гараа бэлхүүсэн дээрээ тавьсан байхыг Би харж байна вэ? Яагаад бүх царай цонхигор болов? Аяа хөөрхий! Тэр өдөр агуу бөгөөд Түүнтэй адил өдөр байхгүй билээ. Энэ бол Иаковын зовлон шаналангийн үе боловч үүнээсээ тэр аврагдана. … түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. …” Иер 30:6-9
Авралын үнэ цэнийг ухаарч, зовлон шаналанг сурмаг гэгч нь ялж чадах итгэл бидэнд хэрэгтэй. Иаков ерөөл дунд эх нутагтаа буцаж ирсэн шиг бид мөн ямар нэг бэрхшээл зовлон дунд ч эцсээ хүртэл итгэлээ сахиж, тэвчээд Бурханы ерөөл дунд тэнгэрийн хаанчлалын нутагтаа буцах хэрэгтэй.
Бурхан Сионы хүүхдүүддээ Алгасал баяраар амлалтын тэмдэг соёрхсон шүү дээ. Эрт үед израиль ард түмэнд Алгасал баяр гэх амлалтын тэмдгээр гай гамшгаас урьдчилан бэлтгэл хийлгэсэн шиг энэ үед ч Алгасал баяраар гай гамшгаас аварч байна. Гамшиг хичнээн газрын бүх гадаргаар бууж, мянга түмэн хүн баруун гар талд унавч энэ гамшиг бидэнд ойртохгүй, Бурхан хааж хамгаална (Дуу 91:7-16). Бидний урдах замыг аюулгүй болгож, биднийг хамгаална гэсэн Бурханы ивээлтэй үгийг сэтгэлдээ гүн хоногшуулаад, Бурханы амлалтын дотор Бурхандаа мөнхийн мөнхөд яруу алдар, магтаал өргөцгөөе.