WATV.org is provided in English. Would you like to change to English?

Сүнслэг ерөөлийн төлөөх шунал

14,498 үзэлт

Ухаарсан хүн ба ухаараагүй хүний үйлсээс олон ялгаа харагддаг. Үнэн дотор ч Бурханы үгийг сайтар ухаараад, ерөөлийг нэг нэгээр нь нямбайлан хурааж авдаг ухаалаг хүн байхад ерөөл авах таатай нөхцөл бололцоо өгсөөр байхад ч хүртэл ухаарч чадалгүй, тэр ерөөлөө нураачихдаг мунхаг хүн ч бас бий.

Бид Бурханы бэлдсэн тэнгэрийн орны ерөөлийг хэн хүнээс илүү сайтар хураах ухаалаг хүн болох хэрэгтэй. Сүнслэг ерөөл хураах ажил мөн л бол ямар ч бэрхшээл, золиос дагалдаж байсан тээнэгэлзэлгүй хийдэг Иаковынх шиг ухаан хэрэгтэй. Махан биеийн юмст эрмэлзэх шунал бус сүнслэг ерөөлийн шунал өвөрлөн, нүднээс далд ч сүнслэг ерөөл хураадаг байхыг Сионы гэр бүлүүдээсээ хүсье.

Бурханаас ерөөл хүссэн Иаков

Ерөөлийн шуналаараа бусдаас онцгой Иаков өөрийнхөө ихэр ах Есаваас зармагны аяга шөлөөр ууган хүүгийн эрхийг нь худалдаж аваад, мөн ахынхаа авах ёстой байсан ууган хүүгийн ерөөлийг ч ээжийнхээ тусламжтайгаар олж авчээ. Тэгээд үүнээсээ болоод ахынхаа хорслыг төрүүлж, нагац ах Лабаныхаа гэр рүү дайжин, тэндээ 20 жилийн турш хонь хариулж амьдардаг.

20 жилийн хойно нутаг орондоо харих болсон Иаков буцахынхаа өмнө Иаббок голын гарам дээр Бурхантай уулзжээ. Тэр үед Бурханыг өнгөрөөд явах гэтэл нь Иаков “Ерөөхөөс тань нааш би таныг явуулахгүй” гээд Бурханаас зуурдаг. Бурхан түүний түнх рүү нь цохиж, түнхийг нь мулталсан ч Иаков огт тавиагүй юм. Цөхрөлтгүй зуурсан болоод ч тэр үү Бурхан ч бас шөнийн турш ерөөл гуйсан Иаковын халуун сэтгэлийг дийлэлгүй, эцэстээ түүнд “Израиль” буюу Бурхантай тэмцэлдэж ялсан ялагч гэсэн нэр өгч ерөөжээ. Муу зорилгоор Бурхантай тэмцэлдсэн бус, ерөөгдөхийн төлөө түнх мултрах зовлон дунд ч эцсээ хүртэл Бурханаас зуурсан гэсэн үг. Бурхан тэрхүү халуун сэтгэлт дүр төрхийг нь үзээд ерөөжээ.

Бидний зорилго бол мөнхийн тэнгэрийн орон юм. Мөнхийн эх нутагтаа буцан очих өдөр ойртох тусам бидэнд ч мөн ерөөлийн шунал байх хэрэгтэй юм. Ерөөл авахын төлөө түнх нь мултарчихаад байхад ч Бурханаас зуурсаар л байсан Иаков шиг тэнгэрийн орныг олж авахын төлөө сүнслэг ерөөл хураадаг тэнгэрийн хүүхдүүд болох нь зүйтэй.

Хожим очих газрын төлөөх хичээл зүтгэл

Талмудын сударт бидэнд сүнслэг сургамж болмоор нэгэн түүх байдаг. Дээр үед баян айлд зарцлагддаг нэгэн боол байжээ. Удаан хугацаанд үнэнчээр ажиллаж ирсэн болохоор эзэн нь хариу тус болгон боолын гэрээний бичгийг нь шатаан устгаж, завь дүүрэн ховор нандин эд бараа ачиж өгөөд, алс хол газарт явуулжээ.

Гэвч далайд явж байхдаа давалгаанд хамаг юмаа алдан, арай чүү амь мултарч, гар хоосон ганц биеэр нэгэн аралд хүрчээ. Гэтэл арлынхан түүнийг баяртайгаар хүлээн авч, хаан суулган өргөмжлөв гэнэ. Тэгээд хаан сэнтийд суун амьдрал нь өдөр бүр зүүд зэрэглээ мэт өнгөрч байв гэнэ. Төдийг хүртэл бусдад боолчлогдон амьдарч байсан хүн хаан болж, ховор нандин хоол хүнс зооглон, зүйл бүрийн баяр хөөр эдлээд, зөвхөн аз жаргалд л умбан байв гэнэ.

Гэтэл нэгэн өдөр ухаалаг, үнэнч харагддаг түшмэл нь түүнд чухал нууц дэлгэв гэнэ. Энэ арлын зарчмаар бол харь нутгаас урсгал даган хөвж ирсэн ямар ч хүнийг хаан болгон залдаг ч нэг жилийн дараа “Үхлийн арал” руу илгээж, тэнд үхтэл нь амьдруулдаг гэв. Тэрээр амтат зүүднээсээ сэрж, гэнэт ухаан оров. “Яавал дээр вэ? Арга зааж өгөөч” хэмээн гуйхад түшмэл “Хаан ширээнд байгаа дээрээ юу ч байсан зарлиг буулгаж, ирээдүйн амьдралдаа бэлд” хэмээн зөвлөжээ.

Маргааш нь хаан даруйхан Үхлийн арал ямар газар болохыг мэдэхээр явжээ. Арал дээр ганц мод, ширхэг өвсгүй, уух ус ч ховор байсны дээр орчихмоор оромж ч алга байлаа. Тэрээр яаравчлан Үхлийн арал дээр гоё байшин бариулж, худаг ухуулан, амьдарч байгаа арлынхаа ховор нандин зүйлсийг зөөлгөхөөр түшмэлүүддээ тушаажээ. Мөн өөртөө үйлчлүүлэхээр хүмүүсийг ч илгээв. Хааных нь тушаал болохоор түшмэлүүд мэдээж үүнийг нь ёсоор болгов. Эцэст нь тогтоогдсон цаг болмогц яалт ч үгүй Үхлийн арал руу явах болжээ. Гэвч тэрээр урьд өмнө тэр арал дээр очоод хөөрхийлөлтэйгөөр амьдарч байгаад өөд болсон хүмүүстэй адил байсангүй, үлдсэн амьдралаа өнгөрсөн нэг жил шигээ амар тайван, аз жаргалтай өнгөрүүлэх болсон гэнэ.

Талмудын сударт гардаг энэ түүх нь бидний хожим очих газар хаана вэ гэдгийг сануулдаг. Хүний амьдрал хязгаартай. Энэ газарт төрсөн хүн тэр боолын адил нэг жил, арав, зуун жил болсон ч тогтоогдсон цаг хугацаанд амьдарч байгаад эцэстээ дараагийн ертөнц рүү явах ёстой болдог. Тэгвэл очих ёстой газрынхаа төлөө орон байр барьж, худаг ухан, цэцэг мод тарих ажлыг даруй хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Хөрөнгө оруулсан бүх зүйл нь эцэстээ өөрт буцаж ирнэ шүү дээ.

Бурхан “Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амилуулагдсан л юм бол дээгүүрхийг хай” гэсэн юм (Кол 3:1). Энэ газарт амьдрах хугацаандаа мэдээж хүчээ дайчлах ёстой ч хожим очих мөнхийн тэнгэрийн ерөөлийнхөө төлөө үргэлж эрж хайж, хичээгээрэй гэсэн үг юм. Бэлдээгүй хүний очих газар нь дээр хэлсэнчлэн Үхлийн арал боловч бэлдсэн хүнд бол Үхлийн арал хүртэл амийн арал болон хувирна.

Ариун Сүнсний хүслээр яв

Бид дээр гарч буй ухаалаг гол дүрийн баатар шиг ухаарсан тэр өдрөөсөө эхлээд хожим очих газрынхаа төлөө бэлтгэх хэрэгтэй. Есүс тэнгэрийн хаанчлал бол хүчирхийлэгч хүнийх хэмээгээд (Мат 11:12), үхэл хүртэл үнэнч хүнд амийн титмийг өгнө хэмээсэн (Илч 2:10). Зүгээр байгаа хүнд бус орохын төлөө хичээн зүтгэж байгаа хүн, Бурханд үнэнч хүнд энэхүү эрхэм хувь заяаг өгнө хэмээснийг сэтгэлдээ бид гүн хадгалаад, Ариун Сүнсний хүсэл өвөрлөн Бурханы хаанчлалын төлөө бэлтгэх хэрэгтэй юм.

Ийм зөв хүсэлтэй байж чадахгүй, хоосон махан биеийн хүслээ дагадаг хүн тэнгэрийн орны өвийг өвлөж чадахгүй хэмээн Библид заажээ.

“Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махбодын хүсэлээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. Учир нь махбод Сүнсний эсрэг хүсдэг, Сүнс махбодын эсрэг хүсдэг юм. … Харин махбодын үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхайрал, бузар тачаал, садарлал, шүтээн шүтлэг, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, харгалдаан, хагарал, тэрс үзэл, атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг нь юм. … Ийм зүйлсийг үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй. Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй нь юм. … Хэрэв бид Сүнсэнд амьд байгаа юм бол мөн Сүнс дотор явцгаая. …” Гал 5:16-26

Сүнслэг ерөөлийн шуналтай хүн нь Ариун Сүнсээр үйлдэнэ. Махбодын хүсэл шунал нь Ариун Сүнсний хийх ажлуудыг эсэргүүцэж, улмаар махбодын хүслээр үйлдвэл сүнслэг ерөөл аажмаар холдоно.

Тэнгэрийн орны төлөө өөртөө ганц гэр ч барьчихаж чадахгүй, өөрөө амрах ганц мод ч суулгаагүй бол очоод авах юм байх уу? Бурхан хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлнө хэмээсэн (Илч 22:12). Ертөнцөд нүд чих баясгаж, сэтгэл гижигдэх зүйл олон ч энэ газрын амьдрал тогтоогдсон хугацаатай аж. Өнөөг хүртэл идэж ууж, баяр хөөртэй амьдралдаа ухаанаа алдан амьдарч байсан бол хааны алба халаатай гэдгийг мэдсэн мөчөөсөө эхлээд ухаарч ажилласан хаантай адил хожим очих мөнхийн орны төлөө хүчин зүтгэж, хөлсөө урсгадаг ухаалаг хүн болох хэрэгтэй.

“… Махбодын бодол санаа бол үхэл, Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван билээ. Учир нь махбодын бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм. Учир нь энэ нь Бурханы хуульд захирагддаггүй бөгөөд тэгж чадах ч үгүй. Махбодынхоор байгсад Бурханд таашаагдаж чадахгүй. … Учир нь хэрэв та нар махбодын дагуу амьдарвал үхэх ёстой. Харин та нар Сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүргэвэл амьдрах болно. … Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь ч бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм.” Ром 8:5-17

Бурхан бидэнд мөнхийн Бурханы хаанчлалыг өвлөж авах өв залгамжлагчийн эрх зөвшөөрсөн. Энэхүү өв залгамжлагчид бол махан биедээ ялагдан, махбодын дагуу амьдардаг хүмүүс бус харин Ариун Сүнсний хүсэл ба бодлоор л сүнслэг ерөөлдөө ихээхэн анхаардаг хүмүүс юм.

Тэд Иаков шиг өнөөдөр яавал дахиад илүү ерөөл хурааж болох бол хэмээн бодож, Бурханы сургамжилснаар өөртөө ерөөл хураадаг. Харин Есав шиг ерөөлийг үл ойшоодог хүн нь хүчинд автагдаж, тэнгэрийн хаанчлалаа булаалгахад хүрнэ. Библид махбодынхоор байгсад нь Бурханд таашаагдахгүй гэдгийг олонтоо заадаг.

Цөөн юмнаас эхлэн хураах сүнслэг ерөөл

Бурханы даатгасан ажилд итгэмжит байх нь сүнслэг ерөөл хураах дөт зам мөн. Матай 25-р бүлэгт сүнслэг ерөөл хураах загварыг бидэнд үзүүлжээ.

“Энэ нь холын аянд гарахдаа зарц нараа дуудаад, … Нэгэнд нь тэр тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талантыг тусбүрд нь чадварынх нь дагуу өгчээ. Тэгээд аянд гарч гэнэ. Таван талант авсан нь тэр даруй явж, түүгээрээ худалдаа хийгээд тавыг нэмж олов. Үүний нэгэн адил хоёртой нь мөн… Харин нэгийг авсан нь явж, газар ухаад эзнийхээ мөнгийг нуужээ. Удаан хугацааны дараа өнөөх зарц нарын эзэн ирж, тэдэнтэй тооцоо бодож гэнэ. Таван талант авсан нь ирээд, илүү таван талант өгч “… Би таван талант нэмж олсон” гэв. Эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ. …” Мат 25:14-23

Бурханы даатгасан талантаар шаргуу ажиллацгааж, олон талант нэмж олох нь тэнгэрийн оронд ерөөл хураах арга юм. Бурхан сүнс аврах үүргийг биелүүлсэн хүүхдүүддээ “Олныг зөвт байдалд авчрагчид нь од мэт үүрд мөнх туяарах болно” гэсэн үгээр тэнгэрийн хязгааргүй ерөөл амлажээ (Дан 12:1-3).

Сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглагдвал Бурхан бүх үндэстнийг өмнөө цуглуулж, шударгаар шүүнэ хэмээсэн. Бурхан шүүж буй дүр зургийг урьдчилан харуулаад, сүнснийхээ ашгийн төлөө бидний хийх ажил юу вэ гэдгийг ойлгуулсан байна.

“Хүний Хүү… Бүх үндэстэн өмнө нь цуглаж, хоньчин хонио ямаанаас тусгаарладаг шиг Тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад, хонио баруун, ямааг зүүн талдаа байлгана. Тэгээд Хаан баруун талдаа байгсдад хэлэх нь “Эцэгээр минь ерөөгдөгсөд өө, нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай. … Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” … Та нар эдгээрийн дорд нэгэнд ийн үйлдээгүй бол Надад ч үйлдээгүй хэрэг” гэж хэлнэ. Тэд мөнх шийтгэлд, харин зөвт нь мөнх аминд орох юм гэж айлдлаа.” Мат 25:31-46

Бурханы хаанчлалын төлөө бэлтгээрэй гэсэн эдгээр сургаалууд нь одоо бидний хийх ёстой ажил юу болохыг нэг бүрчлэн ойлгуулж байна. Үйлс нэг бүрийг, хамгийн жижиг зүйлийг хүртэл Бурхан бүгдийг нь нягталж, тэнгэрийн оронд ерөөл бэлтгэж тавьсан. Ямар нь тэр ерөөлөөс хасуулах үйлс, ямар нь ерөөлийг илүү их хураалгах ажил болохыг Библиэр дамжуулан бүгдийг урьдаас мэдүүлж өгсөн юм.

Өчүүхэн жижиг үйлс байлаа ч тэнгэрийн оронд ерөөл хураах чухал хүчин зүйл болдог. Мөн хамгийн дорд нэгэнд хийсэн зүйл ч сүнслэг ерөөл хураана гэсэн тул бид ийм ажилд санаа тавьж, сайн мэдээний талантаа ашиглан, олныг буруу замаас зөв замд нь оруулах ажилд хамаг хүчээ дайчлан, тэнгэрийн ерөөл хураах хэрэгтэй.

Бурханыг хүндэтгэн дээдэлснээрээ ерөөл авсан хүмүүс

2000 жилийн өмнө Бурхан махан биеэр энэ газарт ирэх үед олонх хүн танихгүй, гадуурхдаг байсан бол зарим нь Христийг ухаалгаар хүлээн авч, өчүүхэн бага ажил дээр ч сүнслэг ерөөл хурааж байв. Тэдний итгэл нь 2000 жилээс ч хол давж, өнөө үед бидэнд сургамж болж байна.

“Есүсийг Капернаумд явж ороход нэгэн зуутын дарга Түүн дээр ирээд, Түүнээс гуйж — Эзэнтээн, зарц минь саа өвчин тусаж гэртээ хэвтээд сүрхий өвдөж шаналж байна гэхэд Есүс —Би очиж, түүнийг эдгээе гэж хэлэв. Харин зуутын дарга —Эзэнтээн, би Таныг дээвэр дороо оруулах зохистой нь биш ээ. Харин үг л хэлээч, тэгвэл зарц минь эдгэрнэ. Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явдаг. Нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Зарцдаа “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг гэж хариулав. …” Мат 8:5-10

Зуутын дарга “Ир”, “Яв” гэх нь дээд тушаалын хүн доод хүндээ тушаадаг үг байхад Есүс шиг ариун дээд Нэгэнийг яаж өөрийнхөө гэрт ир гэх билээ хэмээгээд “Харин үг л хэлээч” гэж гуйсан. Эндээс харахад сүнслэг ерөөлийн шуналтай хүн нь махан биеэр энэ газарт ирсэн Бурханыг дээдлэн хүндэтгэдэг итгэлтэй байдгийг мэдэж болно.

“Гэтэл арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй ард нь очоод дээлийнх нь хормойд гар хүрсэн агаад тэр эмэгтэй —Түүний дээлд нь л хүрчихвэл би эдгэнэ гэж өөртөө үглэн байжээ. Есүс харин эргэнгээ мөнөөх эмэгтэйг хараад —Охин минь, зоригтой бай. Итгэл чинь чамайг аврав гэлээ. Тэр цагаас эмэгтэй эдгэрчээ.” Мат 9:20-22

Эдгээр гайхамшигт үйл явдлууд нь сүнслэг ерөөл хураагдсанаар бий болдог үзэгдлүүд юм. Хурсан олон түлхэж, чангааж Есүсийн дээлд хүрсэн боловч гагцхүү арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй эмэгтэйд л Бурханы Ариун Сүнсний түүх гарсан юм. Энд ч мөн Есүст хандах байдал, Есүст итгэх итгэл нь сүнслэг ерөөл хураах суурь нь болж байжээ.

“Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн —Давидын Хүү минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиран Түүнийг дагажээ. … Есүс тэдэнд —Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу? гэж асуув. Тэд —Тийм ээ, Эзэн гэлээ. Тэгээд Есүс нүдэнд нь хүрч —Итгэлийн чинь дагуу болог гэсэнд тэд хараа оржээ. …” Мат 9:27-30

“Итгэлийн чинь дагуу болог” гэсэн үгэнд тэдний хураасан бүх сүнслэг ерөөл нь нөлөөлөн, харанхуйлж таглагдсан нүднүүд нь цэлийтэл нээгдэх болов. Бусад хүн Есүсийг үл тоомсорлож, дур зоргоороо загнаж байхад харин энэ сохор хүмүүс Есүсийг маш эрхэм Нэгэн гэж үзжээ. Зуутын дарга ч тэр, цус алддаг өвчтэй эмэгтэй ч мөн ийн хандаж байсан юм.

Есүсээр ерөөгдсөн бүх хүн Есүсийг бүгдээрээ адилхан хүндэтгэн дээдэлж байсан ба үр дүнд нь Бурханд ивээгджээ. “Намайг хүндэтгэгчдийг Би хүндэтгэнэ. Харин Намайг үл тоомсорлогсдыг Би үл хайхарна” (1Сам 2:30) хэмээн айлдсан ёсоор болсон аж.

Тэнгэрийн хаанчлалыг хүчээр авцгаая

Үүгээр ч зогсохгүй ерөөл авах талаар Библийн энд тэнд маш олон тэмдэглэл байдаг. Тэдгээр үгсээс ухаарах хэрэгтэй. Ухаарахгүй бол сүнслэг шунал хүсэл төрөхгүй. Элч Паул ч мөн тэнгэрийн ерөөлийг ухаарсан учраас үхлээс ч айлгүй сайн мэдээ тарааж байсан. Библиэс үзвэл Паул хэдийнээ гурав дахь тэнгэрийг илчлэлтээр харсан байв. Энэ газартай харьцуулахын аргагүй тэнгэрийн хязгааргүй яруу алдрыг хараад өөрийнхөө явах ёстой замаар эрч хүчтэй гүйсэн юм.

Дээр дурдсан түүхэнд гардаг түшмэл шиг би та бүхэнд хожмын ирээдүйн чинь талаар чин үнэнчээр хэллээ. Хүн тогтоогдсон хугацаа нь болбол насан өөд болох нь гарцаагүй. Энэ газар бол үүрд байж болдог ертөнц биш. Тэгэхлээр бид ч бас итгэлийн өвөг дээдэс шигээ ухаарал дотор Ариун Сүнсний хүсэл шунал өвөрлөөд, тэнгэрийн хаанчлалд бэлтгэцгээе.

Сүнслэг ерөөлийн шунал нь Иаковынхаас илүү гарах ёстой болохоос дутаж болохгүй. Бурханы ерөөл хичнээн эрхэм үнэтэй болохыг Иаков мэдээд, эцсээ хүртэл ерөөл гуйж зуурсан. Энэ л тууштай итгэл юм.

Бид одоо Иаббок голын гарман дээр зогсож байна. Бурханы соёрхох эрхэм чухал ерөөлийн төлөө л бол Иаков шиг эцсээ хүртэл итгэл сэтгэлээ халуунаар зориулаад, тэнгэрийн хаанчлалыг хүчээр авч, Иаковаас зуу, мянга, арван мянга дахин ихээр ерөөгдөж, заавал мөнхийн эх нутгийн гэртээ буцан очихыг Сионы гэр бүлүүдээсээ хүсэж байна. Тэнгэрийн ерөөл их аваарай.