Ариун Гуравын сэнтий нэгийн талаар сонирхож байна уу?

20,953 үзэлт
Библи унших явцад нэг болохоор Ёхова нь Бурхан юм шиг, нэг болохоор Есүс нь Бурхан ч юм шиг. Тэд тус тусдаа, өөр өөр Бурхан юм уу?
Тийм биш ээ. Бурхан Ариун Эцэгийн үед Ёхова, Ариун Хүүгийн үед Есүс, Ариун Сүнсний үед шинэ нэр (Илчлэл 3:12 үзэх) гэж үе тус бүрд өөр өөр дүр төрх, өөр өөр нэрээр гарч ирсэн ч угтаа бол бүгд адилхан нэг Бурхан юм шүү дээ. Тиймээс Ариун Гуравын сэнтий нэг гэдэг нь Ариун Эцэг Бурхан, Ариун Хүү Бурхан, Ариун Сүнс Бурхан нь өөр өөр Бурхан биш, адилхан нэг Бурхан гэсэн үг.
Тэгвэл Ариун Эцэг нь эцэг, Ариун Хүү нь хүү байхад яахаараа нэг Бурхан гэдэг билээ?
Төгс хүчит Эцэг Бурхан гурван өөр үүрэг гүйцэтгэсэн гээд бодчихвол ойлгоход амархан байна байх. Бурхан бидний авралын төлөө үе тус бүрд өөр өөр нэртэйгээр, өөр өөр үүргээр гарч ирсэн хэрэг.

“Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.” Исаиа 9:6

Энэ ишлэл дэх “Хөвгүүн”, “Хүү” нь энэ дэлхийд хүн төрхөөр мэндлэх Есүсийн талаарх зөгнөл. Есүсийг Хүү ч гээд, төгс хүчит Бурхан, Эцэг ч гэж бичсэн байдаг. Энэ нь юу гэсэн үг үү? Есүс бидэнтэй адил хүн болж ирсэн хэдий ч үндсэн мөн чанар нь Эцэг Бурхан гэсэн үг л дээ.

Есүсийг би Бурханы Хүү гэж их сонссон. Тийм болоод ч тэр үү Есүсийг Эцэг Бурхан гэхээр би жаахан будилаад болдоггүй ээ.
Библид Есүсийг Бурхан гэж заасан ишлэл олон байдаг.

“Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Хэдийгээр Тэрээр Бурханы дүр байсан ч, Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй, харин Өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ.” Филиппой 2:5-7

“Эцгүүд ч тэднийх, Христ ч мах биеэрээ тэднээс гаралтай юм. Тэр бол бүгдийн дээр оршигч, үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн. Амен.” Ром 9:5

Есүсийн мөн чанар нь Бурханы дүр байсан боловч энэ дэлхийд махан бие өмсөж төрсөн болохоор Бурханы Хүү гэж дуудагддаг юм. Бурхан энэ газарт Хүүгийн дүрээр ирээд, Бурханы хүү охид болох бидэнд итгэлийн ямар замаар алхаж байж аврал авахыг Өөрийн биеэр жишээ үзүүлсэн юм. Тэглээ гээд Есүсийн мөн чанар бол Бурхан гэдэг нь хувиршгүй үнэн хэвээр үлдэнэ.

Тэгвэл Есүс болон Ариун Сүнс нь нэг Бурхан байх нь ээ?
Тэгэлгүй яахав.

“… Хэн нэг нь нүгэл үйлдвээс Эцэгийн өмнө бид Өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвт Есүс Христ мөн.” 1Иохан 2:1

Энд байгаа Өмгөөлөгч гэдэг нь грек хэлээр “Параклетос” гэсэн үг бөгөөд “өмгөөлөгч”, “туслагч” гэсэн утга агуулдаг. Өөрөөр хэлбэл Есүс бол бидний Өмгөөлөгч, бас Туслагч гэсэн үг юм. Тэгтэл Иохан номонд Ариун Сүнсийг “Туслагч” (Параклетос) гэсэн байдаг.

“Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно.” Иохан 14:26

Бидний Туслагч нь Есүс байтал Ариун Сүнсийг бас Туслагч гэхээр хариулт нь нэг юм. Есүс болон Ариун Сүнс Бурхан нь нэг Бурхан гэсэн үг биз дээ.

Ариун Эцэг Бурхан болон Ариун Хүү Есүс нь нэг Бурхан, Ариун Хүү Есүс болон Ариун Сүнс Бурхан нь адилхан нэг Бурхан. Тэгэхээр Ариун Эцэг Бурхан ба Ариун Сүнс Бурхан ч адилхан нэг Бурхан байх нь ээ?
Яг зөв.

“Гэвч Бурхан үүнийг Сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нягталдаг ажгуу. Хүний бодлыг дотор нь буй сүнснээс өөр ямар хүн мэдэх вэ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч эс мэднэ.” 1Коринт 2:10-11

Ойр дотно хүн эргэн тойронд чинь хичнээн их байлаа гээд таны бодлыг та өөрөө л зөвхөн мэднэ биз дээ? Яг үүнтэй адил Бурханыхыг Бурхан л мэднэ. Гэвч Ариун Сүнс Бурханы бүх зүйлийг тэр байтугай Бурханы гүн юмсыг мэднэ гэсэн нь Ариун Сүнс Бурхан бол Ариун Эцэг Бурхан гэсэн үг шүү дээ.

Жаахан хэцүү ч би ойлгож байх шиг байна.
Ариун Гуравын сэнтий нэгийг арай амархан ойлгоё гэвэл усны хувирлыг бодож үзвэл болно. Шингэн төлвийн ус хасах хэмд мөс хэмээх хатуу биет болдог биз дээ. Буцалгавал хийн төлөвт орж уур болж өөрчлөгддөг. Ус, мөс, уур гурав нь хэлбэр дүрс, нэр зэрэг нь өөр өөр боловч найрлага нь адилхан H₂O хэвээрээ.

Үүн шиг Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс Бурхан нь авралын ажлыг явуулж гарч ирэх цаг үе, дүр төрх, нэр зэрэг нь өөр өөр боловч үндсэндээ бол мөн чанар нь адилхан нэг Бурхан юм.

Жишээ сонссон чинь Ариун Гуравын сэнтий нэг гэдгийн утгыг тодорхой ойлголоо.
Хамгийн сонин нь өөрсдийгөө Ариун Гуравын сэнтий нэг гэдгийг мэднэ гэж зүтгэдэг хэрнээ Бурхан ямар Бурхан гэдгийг, яаж авралын түүхээ гүйцэлдүүлдгийг нь мэддэггүй христчүүд хавьгүй олон байдаг. Ах дүү, та Ариун Эцэг Бурхан болон Ариун Хүү Бурхан, Ариун Сүнс Бурхан нь нэг Бурхан гэдгийг сайн санаж, Бурханы авралын түүхэнд заавал хамтдаа оролцоорой.