Есүсийг төрөхөд хоньчид сүргээ хээр манаж байсан. Арванхоёрдугаар сар гэхээр өвөл. Харин Израильд энэ үеэр хонио хээр манах боломжтой юм болов уу?
Газар дундын тэнгис, Арабын цөлийн хооронд оршдог Израиль улс нь Солонгостой адилхан өргөрөгт оршдог тул уур амьсгалын хувьд ч төстэй. Гэвч Газар дундын тэнгис болон дулаан бүсийн уур амьсгалтай огтлолцсон газар зүйн байршлаас нь болоод хавар намартаа богино, өвөл зун нь урт, температурын асар их хэлбэлзэлтэй байдаг.
Өвөл нь Израильд борооны улирал. Бороо их орж, температур буурдаг тул хүмүүс дор хаяж аравдугаар сар гэхэд хонио хашиж, өвөлжих болдог байна. Тэгэхээр арванхоёрдугаар сард дүн өвлийн шөнө хонио хээр манаж хононо гэдэг хэцүүхэн хэрэг юм.
Есүс мэндэлсэн нь
Библиэс үзэхэд шөнө хээр хонио хариулж байсан хоньчид Есүс мэндэлсэн тухай тэнгэр элчээс сонсдог.
“Тооллогод бүртгүүлэхээр бүгд өөр өөрийн төрөлх хот уруу явцгаав. Иосеф, Давидын овог отгийн хүн байсан тул Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг, Давидын хот уруу, жирэмсэн болсон сүйт бүсгүй Мариагийнхаа хамт бүртгүүлэхээр бас явав. Тэднийг тэнд байх үед Мариагийн нярайлах өдөр нь болж, тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож тэжээлийн онгоц дотор тавив. Учир нь буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй. Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байтал Эзэний тэнгэрэлч өмнө нь зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ. Тэнгэрэлч тэдэнд —Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. Та нар тэжээлийн онгоцонд байгаа даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг олж харна. …” Лук 2:3-12
Есүсийг мэндэлсэн өдөр хоньчид шөнө хээр сүргээ манаад хоноглож байсан нь Түүнийг хөхөө өвлийн хүйтнээр төрөөгүйг нотолж байна. Нэг үгээр хэлбэл 12 сарын 25 нь Есүсийн мэндэлсэн өдөр биш гэсэн үг. Тэгвэл яагаад сүмүүд Есүс 12 сарын 25-нд мэндлээгүй байхад “Есүсийн мэндэлсэн өдөр” гээд тэмдэглэдэг юм бол?
Христмасын үүсэл
Христийн шашин Ромд дэлгэрч, МЭ 313 онд Константин эзэн хааны тусламжтайгаар албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, Ромын төрийн шашин болжээ. Үүний дараахан христчүүд Есүсийн мэндэлсэн өдрийг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв. Гэвч Есүсийн мэндэлсэн өдрийг Библиэс хайгаад олсонгүй. Иймд тэд хэд хэдэн таамаг дэвшүүлэв.
III зууны эхэн үе хүртэл Есүсийн мэндэлсэн өдрийн тухайд ямар нэг шийдэлд хүрч чадаагүй бөгөөд 3, 5, 11-р сарын аль нэг өдрийг сонгон тэмдэглэдэг байжээ. Харин Ром сүмийн папуудын нэг Ипполит анх удаа 12 сарын 25 гэж өдөр товлов. Тэрээр Мариа Есүсийг 3 сарын 25-ны өдөр хэвлийдээ олсон хэмээн ямар ч тодорхой үндэслэлгүй таамаг дэвшүүлж, Есүсийг 12 сарын 25-нд төрсөн гэж зүтгэв. Тухайн үед түүний энэхүү тулган шаардалт нэг их анхаарал татсангүй.
Нөгөөтэйгүүр зүүний Иерусалим сүмийн зүгээс нэгдүгээр сарын эхээр Есүсийг мэндэлсэн, мөн баптисм хүртсэн гэх таамаг дэвшүүлэв. Улмаар тэд аль нэг өдөр товлон Бетлехем болон Иордан голд тус тус тэмдэглэдэг байв. Гэтэл уг хоёр газар нь хоорондоо 30 гаруй км зайтай, өдөртөө ирж очиход хүндрэлтэй байсан тул хүмүүс энэ тал дээр дургүйцэх хандлагатай болжээ.
Дургүйцэл газар авмагц тэр үеийн Иерусалим сүмийн харгалзагч Ром сүмийн харгалзагч байсан Юлиуст захидал илгээж, Христийн мэндэлсэн өдрийг тодорхой хэлж өгөхийг түүнээс хүссэн байна. Юлиус Ипполитын санал болгосноор 12 сарын 25-ны өдрийг Есүсийн мэндэлсэн өдөр гэж үзэх ёстой гэсэн хариу илгээжээ. Улмаар МЭ 354 онд пап лам Либериусын үеэс Христмасыг 12 сарын 25-нд тэмдэглэж эхэлсэн байна. Тэр цагаас хойш энэхүү баярыг албан ёсны амрах өдөр болгохоор шийдэж, аажмаар Есүсийн мэндэлсэн өдөр хэмээн дэлхий даяараа тэмдэглэдэг болжээ.
Үнэн хэрэгтээ 12 сарын 25 гэсэн тэмдэглэлт өдөр гэнэт гарч ирээгүй юм. Сүмийн түүхэнд тэмдэглэснээс авч үзэхэд Есүсийг мэндлэхээс ч өмнө эл өдөр харийн шашинтнуудын баяр наадам тохиодог байж. 12-р сард Сатурналиа, Сигиллалиа, Брумалиа хэмээх гурван баяр Ромд дараалан болдог байжээ.
Сатурналиа (Saturnalia) нь 12 сарын дунд үеэс арваад хоногийн турш газар тариалангийн бурханд хүндэтгэл үзүүлдэг баяр байв. Тэр үеэр хүмүүс хөгшин залуу, язгууртан боолын ялгааг үл харгалзан гудмандаа гарч идэж уун, зугаа цэнгэлд автацгаана. 12 сарын сүүлчээр болдог байсан Сигиллалиа (Sigillalia) нь хүүхдүүдэд хүүхэлдэй өгч баярлуулдаг өдөр байжээ. Брумалиа нь нар шүтлэгтнүүд нарны бурхнаа төрсөнд нь зориулж тэмдэглэдэг өвлийн туйлын өдөр байв.
Тэр дундаа тэд жилийн хамгийн богино өдөр буюу өвлийн туйл болох 12 сарын 25-нд нарны бурхан төрсөн гэж итгэдэг байжээ. Учир нь энэ мөчөөс эхлэн өдөр уртасч, нар хүчирхэгжиж эхэлдэг аж. Энэ нь тэднийг Ромын өвлийн туйлын өдрийг христийн шашны сургаал номлолтой холбон тайлбарлахад дөхөм болгов. Христийг Библид “гэрэл” гэж илэрхийлсэн байдаг тул нарны бурхныг Есүстэй адилтгахад тэдэнд ямар ч асуудал байсангүй.
Ийм тайлбар нь Ромд хавчигдаж байсан христчүүдэд ч, эзэнт гүрнээ нэгтгэн зангидахын тулд нийтлэг үнэт зүйл шаардлагатай байсан ромчуудад ч аль алинд нь таагүй зүйл биш байв. Нарны бурхан Митрад итгэдэг ромчуудын хувьд Христийг “нар” хэмээн мөргөдөг христчүүдийг хавчих дарлах шалтгаан цаашид үгүй болов. Түүгээр ч зогсохгүй христчүүд эргэн тойронд нь сүр дуулиантай тэмдэглэдэг байсан харийн шашны баяр ёслолуудтай адилгүй ч, өөрийн гэсэн онцгой утга учир агуулсан цуглаануудыг эрэлхийлэх боломжтой болов. Харийн шашныхны баяр наадмыг сүмүүдэд тэмдэглэх болсон нь христийн шашин яг л харийн шашинтнуудыг байлдан дагуулсан мэтээр харагдаж байлаа.
Үүнээс хойш гацуур мод, Христмасын дуу гэх мэт харийн шашны янз бүрийн зан үйл нэмэгдэж, бизнес болон хувирчээ. 12 сарын 25-ны өдрийг дэлхий нийтээрээ баярладаг олон улсын чанартай баяр наадам болгож өөрчлөв. Өнөө үед 12 сарын 25-ныг Есүсийн мэндэлсэн өдөр биш гэж хэлэхэд олон хүн гайхан эргэлзэж, толгой сэгсрэх биз ээ.
Хүний тушаал нь хүмүүсийг Бурханд дэмий хоосон мөргөхөд хүргэнэ
Шашин шинэчлэлийн дараа сүсэгтнүүд Христмас хэрхэн үүсэж бий болсон тухайд уг учрыг нь ойлгож мэдсэнийхээ дараа тэд 12 сарын 25-нд Есүсийн мэндэлсэн өдрийг тэмдэглэхээс эрс татгалзжээ. Энэ байдал 1644 онд Английн парламентыг хяналтандаа авсан пуританчуудад тохиолдсон бөгөөд 1659 онд АНУ-ын Массачусетс мужид Христмас тэмдэглэхийг албан ёсоор хориглосон юм.
Гэвч хүмүүс өнө удаан хугацааны буруу уламжлалд дасчихсан тул Христмасыг буруу гэдгийг нь мэдсээр байж тоодоггүй. Бурхан хүн төрөлхтнийг нүгэл, зовлонгоос чөлөөлөхийн тулд энэ дэлхий дээр ирсэн нь чухал утга учиртай хэрэг гэж хэлэх хүн ч бий. Гэвч тэд Есүсийн төрсөн он сар өдөр юу нь тийм чухал юм гээд Есүсийн мэндэлсэн өдрийг хэзээ ч тэмдэглэсэн хамаагүй мэтээр ярьдаг. Нэгэн теологич хэлэхдээ “Ертөнцийн гэрэл, жинхэнэ “Зөв шударгын нар” байсан Христийн мэндэлсэн өдрийг 12 сарын 25-нд тэмдэглэхээс илүү зөв зүйтэй үйл хаана байх билээ?” гэсэн байдаг.
Гол асуудал нь 12 сарын 25-ны өдөр нь Есүс мэндлэхтэй ямар ч холбоогүй өдөр юм. Түүнчлэн энэ нь Бурханы хориглосон өөр бурханд мөргөх өдөр. “Надаас өөр бурханд бүү үйлчил, шүтээн бүү шүт” гэж айлдсан Бурханы тушаалуудаас нүүр буруулахад хүргэх Сатаны заль мэх нь Христмас байгаа юм.
“Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид, харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар солигчид, гашууныг амттай, амттайг гашуунаар орлуулагчид хөөрхий еэ!” Иса 5:20
Сатан биднийг Бурханд хамгийн дээдээрээ үйлчилж байна гэж бодогдуулахуйц үндэслэлтэй шалтаг олоод, Бурханы хүслийн эсрэг замаар явахад хүргэдэг. Энэ бол Сатаны төлөвлөгөө. Тэр зам нь авралд хүргэх зам огт биш, харин сүйрлийн зам юм. Гэхдээ бид үнэн худлыг ялгаж салгаж чадахгүй бол тэрхүү замыг зөв олж харж чадахгүй.
Бид Сатаны заль мэхэнд бүдэрч, авралын замаасаа гарахгүйн тулд Бурханы үгийг нэн тэргүүнд тавих ёстой. Бурханы зарлиг тушаалыг сахих ч үгүй байж Бурханд үйлчилж байна гэх нэрийдлээр харь шашинтнуудын өөр бурханд үйлчлэх өдрийг тэмдэглэх нь ерөөгдөх нь бүү хэл харин ч Бурханыг хилэгнүүлнэ. 12 сарын 25-ны өдрийг Христийн мэндэлсэн өдөр гэж тэмдэглэх нь ямар ч үндэслэлгүй бөгөөд Бурханы тушаал биш хүний тушаал юм.
“Энэ ард түмэн Намайг уруулаараа л хүндэлдэг. Гэвч зүрх нь Надаас алс хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж, харин Надад дэмий мөргөдөг” … Мат 15:8-9
Хүний тушаал сахиснаараа Бурханд зөв мөргөж, зөв үйлчилж чадахгүй. Бид ертөнцийнхний аясыг даган Бурханаас холдуулдаг хүний тушаал дагахын оронд Библид бичигдсэн Амралтын өдөр, Алгасал баяр зэрэг Бурханы тушаалуудыг сахиад Бурханд үнэнээр мөргөж, ерөөл их авах тэнгэрийн хүүхдүүд болцгооё.