Өнөө үед сүмүүд Есүс Христэд итгэдэг. Харин 2000 жилийн өмнө ирэхэд нь хүмүүс яагаад Есүст итгэлгүй загалмайд цовдолсон юм бол?
2000 жилийн өмнө иудейчүүд Есүсийг үгүйсгэсэн үй түмэн шалтгаануудын дундаас хамгийн том шалтгаан нь тэд Библийн зөгнөлд итгээгүй явдал (Иох 5:46-47). Есүс Библийг Өөрийг нь Христ гэдгийг гэрчилдэг гэж айлдсан төдийгүй амилсан өдөр нь ч хүртэл Өөрийг нь Христ гэдэгт итгээгүй байсан шавь нартаа Библиэр дамжуулан Өөрийнхөө тухай гэрчилж, улмаар шавь нарынхаа сэтгэлд бат итгэл суулгаж өгсөн юм (Иох 5:39; Лук 24:25-27, 32). Тийм ч учраас элч нар Есүс бол Христ гэдгийг Библиэр гэрчилсэн байдаг (Үйл 17: 2).
Иудейчүүд Библийн зөгнөл ч мэддэггүй, Библид итгэдэг ч үгүй байсан. Тэд өөрсдийнхөө төсөөллөөр бий болгосон Бурханд л итгэж, үхэлд боолчлогдож байсан нүгэлтнүүдийг аврахаар махан бие өмсөн бууж ирсэн Бурханыг танилгүй, хавчиж байсан юм (Иох 15:18-21). Гаднаа бол тэд Библи болон Бурханыг мэддэг, итгэдэг гэж зүтгэдэг ч үнэн хэрэгтээ тэд Библийн зөгнөлийг ухааралгүй өөрсдийг нь аврахаар ирсэн Христийг загалмайд цовдолж, өөрсөд дээрээ сайн дураараа сүйрэл авчирсан юм.
Иудейчүүд Есүсийг гадуурхсан бас нэг шалтгаан нь тэд Библийн зөгнөлийг биш, Христийн махан биеийн байдлыг нь л харсанд байв. Есүс махан биеийн байдал нь биш Библи л Өөрийг нь гэрчилдэг гэж айлдсан байдаг. Харин 2000 жилийн өмнө иудейчүүд Есүсийн махан биеийн гэр бүлийг нь, амьдрал ахуй, орчин нөхцөл зэргийг нь шүүмжилж, Есүсийг гадуурхаж байсан.
Махан биеэр ирсэн Бурханы тухай зөгнөл
Хэрвээ бид махан биеийн талаас нь Христийг харвал Түүнийг огт хүлээн авч чадахгүй, харин ч бүдэрч, унана гэдгийг Бурхан бидэнд Библийн зөгнөлөөр мэдүүлсэн. Эш үзүүлэгч Исаиа Есүсийг энэ дэлхийд ирэхээс 700 жилийн өмнө Христийг хуурай газраас гарсан үндэсмэт, биднийг татахуйц дүр төрхтэй ирэхгүй гэж маш тодорхой зөгнөсөн.
“Учир нь Тэрээр Түүний өмнө нялх нахиа мэт, хуурай газраас гарсан үндэс мэт ургав. Бидний харахаар хэлбэр дүрс, цог жавхлан Түүнд байсангүй. Биднийг татахуйц дүр төрх түүнд алга байв.” Иса 53:2
Иудейчүүд энэ зөгнөлийг тоолгүй, Христийг махан бие талаас нь таних гэж оролдон, түүнээсээ болж унахаас ч өөр аргагүй болсон юм.
“Та нарын ариун хэмээн үзэх ёстой нэгэн нь түг түмдийн ЭЗЭН юм. Тэрээр эмээдэс тань байх болно. Тэр та нарыг айлгах болно. Дараа нь Тэр ариун газар болно. Гэхдээ Израилийн хоёр гэрийг цохих чулуу, бүдрүүлгийн хад, Иерусалимын оршин суугчдын урхи ба занга болно. Олон хүн түүнд бүдэрнэ. Тэгээд тэд унана, хэмхэрнэ. Түүгээр ч барахгүй тэд урхинд орж баригдана гэв.” Иса 8:13-15
Бурхан хүмүүсийн тухайд цохих чулуу, бүдрүүлгийн хад, урхи занга болох шалтгаан болон хүмүүс Бурханаас болж бүдэрсэн шалтгаан нь Бурхан энэ дэлхийд бидэнтэй адил хүн болж ирсэн явдал юм (Иса 9:6). Библийн зөгнөл талаас нь биш, зөвхөн махан биеийн талаас нь хардаг хүмүүсийн тухайд авралд туйлын шаардлагатай тулгуур, үнэт, амьд чулуу болох Христ нь цохих чулуу, бүдрүүлгийн хад болсон юм.
“Эзэнд ир. Тэр бол хүмүүст гологдсон боловч, харин Бурханы өмнө сонгогдсон, үнэт, амьд чулуу билээ. Иймд амьд чулуу мэт болсон та нар ч Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдагтун. Энэ нь Бичвэрт “Харагтун. Сонгогдсон, булангийн үнэт чулууг Би Сионд тавина. Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй” хэмээсэн байдаг. Тиймээс итгэгч та нарт энэ нь үнэт, харин үл итгэгчдэд “Барилгачдын голсон чулуу нь булангийн чулуу болов” гээд “Бүдрүүлгийн чулуу, тээглэх Хад болсон юм” гэсэнчлэн болой. Тэд үгэнд дуулгаваргүй байдгаас болж бүдэрдэг бөгөөд энэ нь тэдэнд таарсан аж.” 1Пет 2:4-8
Есүсийн амьдрал ахуй, орчин нөхцөл
2000 жилийн өмнөх Есүсийн амьдрал ахуй, орчин нөхцөл нь тэр үеийн хүмүүсийн нүдэнд огтхон ч сайн харагдаагүй юм. Тухайн үед гараа угаалгүй хоол идэх нь өнөөдөр халбага сэрээ хэрэглэлгүй, заваан гараар хоол идсэнтэй адилхан байжээ. Тэгтэл Есүс угаалга үйлдээгүй байна.
“Есүсийг яриагаа өндөрлөхөд нэгэн фарисай Түүнийг хамт үдийн зоог барихыг гуйжээ. Тэр ороод тухлан суув. Түүнийг хоолны өмнө эхлээд угаалга үйлдээгүйг харсан мөнөөх фарисай хүн ихэд гайхжээ.” Лук 11:37-38
Үүнээс гадна Есүсийг татвар хураагчид, янхнууд гэх мэт хүмүүс дагалдаж байсан юм. Тухайн үед иудейчүүдийн нийгэмд татвар хураагчдыг үл тоомсорлодог байсан аж. Тэд Ромын эзэнт гүрний татварыг хураадаг байсан тул тэднийг Ромын гар хөл гэж үздэг байв. Гэвч иудейчүүдэд ад үзэгддэг байсан татвар хураагчид, хэзээд үл тоомсорлогддог янхнууд гэх мэт нүгэлт хүмүүс Есүсийг дагасан байна. Есүс харин ч ийм нүгэлтнүүдийг тухайн үеийн хоёр нүүртнүүд болох шашны удирдагчдаас урьтаж тэнгэрийн хаанчлалд орно гэж зааж өгсөн.
“Татвар хураагчид ба нүгэлтнүүд бүгд Түүнийг сонсохоор ойртоцгооход, фарисайчууд болон хуулийн багш нар дургүйцэн дүнгэнэлдэж —Энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн авч тэдэнтэй хамт хооллодог гэхэд нь” Лук 15:1-2
“Есүс тэдэнд хандан —Үнэнээр Би та нарт хэлье. Татвар хураагчид ба янхнууд та нараас урьтаж Бурханы хаанчлалд орно.” Мат 21:31
Зарим хүмүүс ар гэрийнхнийг нь шүүмжлэлийн бай болгон Есүс Христийг гадуурхаж байсан юм.
“Энэ чинь мужааны хүү биш бил үү? Эхийг нь Мариа, дүү нарыг нь Иаков, Иосеф, Симон, Иуда гэдэг биш бил үү? Охин дүү нар нь бүгд бидэнтэй хамт байгаа биз дээ? Тэгвэл тэр бүхнийг энэ хаанаас авав? гэцгээв. Тэд Түүнд бүдрэн унтууцахад…” Мат 13:55-57
“—Энэ чинь Иосефын хүү Есүс биш бил үү? Бид эцэг, эхийг нь мэднэ шүү дээ. Одоо болохоор “Би тэнгэрээс бууж ирсэн” гэж Тэр яаж ярина вэ? гэлцэхэд” Иох 6:42
Зарим хүмүүс нь болохоор Есүсийн төрсөн нутгийг асуудал болгож байв. Есүсийн тухайн үе буюу Ромын үед Израиль улс Иуда, Самари, Галил гээд гурван бүс нутагт хуваагдаж байсан юм. Тэдний дунд хойд хэсэгт орших Галил нь эргэн тойрныхоо бусад үндэстнүүдийн дайралтанд өртөж байсан. Харь үндэстнүүдтэй хиллэдэг болохоор бусад бүс нутгийнхнаа бодвол харийнхны хэв маягт ууссан байв. Нэмж хэлэхэд МЭӨ 734 онд Ассири улс Хойд Израилийн нутаг дэвсгэр дэх Галилыг эзлэн авч, хүмүүсийг нь олзолж авснаас хойш Галил удаан хугацаанд харь үндэстнүүдийн захиргаан дор байсан ажээ. Түүнчлэн израильчуудаас илүү харь үндэстнүүд тэнд их амьдардаг байжээ (2Хаа 15:29). Тиймээс Иуда дахь иудейчүүд Самари болон Галилыг басамжлан үл тоодог байжээ. Иймэрхүү хэвшмэл ойлголтоосоо болж фарисайчууд Библийн зөгнөлийг эсэргүүцэн, Галилаас эш үзүүлэгч гарахгүй гэж зүтгэцгээн, Есүсийг басамжилж байсан юм (Иса 9:1-2).
“Тэд түүнд —Чи бас Галилынх уу? Нягтлаад үз. Галилаас ямар ч эш үзүүлэгч гарахгүй гэж хариулав.” Иох 7:52
Христийг гадуурхсан хүмүүсийн төгсгөл
Иудейчүүд Библийн зөгнөлд болон Есүсийн тунхагласан тэнгэрийн хаанчлалын сайн мэдээнд анхаарал тавилгүй, Есүсийг махан биеийн талаас нь авч үзэн, басамжлан үл тоосон юм. Тиймээс тэд “Түүний цус бидний ба үр хүүхдүүдийн маань дээр байг” гэсэн үгээрээ өөрсдийгөө сүйрүүлж, МЭ 70 онд Ромын цэрэг иудейчүүдийг бүрмөсөн устгасан байна (Мат 27:25; Лук 21:20-23). Дэлхийн II дайны үеэр зургаан сая орчим еврей Германы нацистуудын гарт харамсалтайгаар хядуулжээ.
Тэрхүү мунхаг байдлыг давтахгүйн тулд бид Библийн зөгнөлийг харж л Христийг ухаарах ёстой. Христийн тухай гэрчлэл нь Библийн зөгнөл болохоос Христийн амьдрал ахуй, орчин нөхцөл, махан биеийн гэр бүл, төрсөн нутаг зэрэг махан биеийн байр байдал нь биш юм. Тийм ч учраас Есүс “Надаас болж үл бүдрэгч нь ерөөлтэй” хэмээн айлдаж, мөн махан биеэр ирсэн Бурхан болох Есүсийн тухай бүх үндэстэнд гэрчилсэн шавь нар “Бид Христийг махбодын дагуу үзэхгүй” хэмээн тунхаглаж байжээ.
“Надаас болж үл бүдрэгч нь ерөөлтэй гэв.” Мат 11:6
“Иймд үүнээс хойш бид хэнийг ч махбодын дагуу үзэхгүй. Хэдийгээр бид Христийг махбодын дагуу мэддэг байсан ч эдүгээ бид Түүнийг тийм байдлаар бус гэдгийг мэднэ.” 2Кор 5:16
Библи нь Христийн тухай гэрчилдэг
Сатан 2000 жилийн өмнө Христийг махбодын талаас нь иудейчүүдийн бодол санааг сохолсон учраас тэд Христийн алдрын тухай сайн мэдээний гэрлийг үзэхгүй болж, одоо ч мөн адилхан зүйл хийж байгаа юм.
“Энэ эрин үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын тухай сайнмэдээний гэрлийг үзэхгүй болжээ.” 2Кор 4:4
Ийм нөхцөлд ч Христийг зөв хүлээн авахын тулд бид элч нартай адил Библийн зөгнөл рүү өнгийж, улмаар Христийг ухаарах мэргэн ухаантай байх ёстой (Үйл 17:2; 8:30-35). Хэрвээ иудейчүүдийн нэгэн адил Библийн зөгнөлийг хөсөр орхиж, махбодын байр байдлыг харвал энэ нь бүдрэх, сүйрэх, олзлогдох зэрэг дэндүү мунхаг шийдвэр гаргаж байгаа төдийгүй авралыг орхиж сүйрлийн замыг сонгож байгаа хэрэг юм.
Библийн зөгнөлийн дагуу энэ үед диаволд булаалгасан байсан амийн үнэнийг сэргээхээр Бурхан дахин махан биеэр ирээд байгаа (Дан 7:22; Лук 18:8; Евр 9:28). 2000 жилийн өмнө Бурхан ад шоо үзэгдэж, элдэв хавчлага амсан, загалмай дээр үгээр илэрхийлэх аргагүйгээр зовж тарчилсан. Дахин ирмээргүй байсан ч зөвхөн хүхэрт галт нуурт хаягдах тавилантай хүүхдүүдээ аврах гэсэн ганц зорилгоор л дахин махан бие өмсөн ирсэн.
Бид Бурханыг махан биеийн байр байдлаар нь биш, зөвхөн Библийн зөгнөлөөр л таних ёстой. Библийн 66 номны зөгнөлийг судалбал шинэ гэрээний үнэнийг сэргээн Эцэг Эх бол Библид гэрчилдэг Бурхан гэж итгэж хүлээн авна. Хэрвээ бид шавь нартай адил Библийн зөгнөлд анхаарах юм бол Бурхан бидэнд Христийн алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтэх нь лавтай.
“Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ.” Иох 5:39
“Учир нь “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн царайн дахь Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн юм.” 2Кор 4:6