WATV.org is provided in English. Would you like to change to English?
Библид зөгнөсөн ёсоор бүх үндэстэн Сион руу цугларан ирж, гэр бүлүүдийн тоо өдрөөс өдөрт ихэссээр байна. Тэдний зарим нь Сионы ёс жаяг бүхий үг хэллэг болон Библийн сургаалыг хараахан бүрэн ойлгоогүйдээ ертөнцөөс сурсан үг хэллэг зуршил нь одоо хэр нь хэвээрээ хүн байх шиг байна. Шинэ 2016 онтой золголоо. Бид чухам яавал тэнгэрийн хаанчлалын үг, аврал авах үг хэлж чадах бол гэдгийг нэг бодох цаг гаргацгаая.
Саяхан би орон нутгийн сүмийн гэр бүлээс нэг и-мэйл авсан юм. Тэр эгч дүү сүмийн зөнч, зөнчийн эхнэр хоёрыгоо Бурханы үгийн дагуу итгэлийн зөв амьдралаар амьдардаг болохоор цаашдаа ч өөрөө тэр сүмдээ үйлчлэх хүсэлтэй гэдгээ бичсэн байв.
Эгч дүү өмнөх сүмдээ үйлчилж байхдаа мэдээж ивээл их авч байсан ч одоогийн сүм дээрээ Сионы хариуцагч гэр бүлүүд ажил хийхдээ баяртай жаргалтай байдаг гэж ярихыг нь байнга сонсдог гэнэ. Зөнчийн эхнэр аяга тавгаа угаачихаад давхарлаж хураахдаа “Одоо би тэнгэрт ийм их ерөөл хурааж байгаа даа. Би нээрээ их азтай юм аа!” гэж хэлдэг гэнэ. Сүмд үйлчлэхдээ тэрээр “Бид одоо тэнгэрт ерөөл овоолж, хурааж байгаа болохоор ямар их азтай хүмүүс гээч!” гээд үргэлж баяртай байдаг гэнэ билээ. Энэ мэтээр тэр “Бурхан бидэнд шинэ гэрээний үнэнийг өгөн, тэнгэрийн хаанчлалын үүдийг нээхээр энэ газар хүртэл ирээд бидэнтэй хамт байхад үүнээс илүү баяртай аз жаргалтай зүйл гэж хаана байхав?” гэж эргэн тойрныхоо хүмүүст дахин дахин хэлдэг гэнэ.
Зөнчийн эхнэрийн энэ үгийг сонссоор байгаад нөгөө гэр бүл ч бас сэтгэл нь дулаан, баяртай болж, нөгөөтэйгүүр Бурханаас уучлал эрмээр санагдаж байсан аж.
Тэгээд “Аа, өнөөдрийг хүртэл би Бурханы ийм үнэ цэнэтэй ерөөл дотор амьдарч ирсэн атлаа Бурхандаа дутуу талархаж байж. Ямар их азтайгаа мэдэрч чадалгүй үүрэг төдийд л ажиллаж ирсэн байх нь ээ. Аврал авсан маань өөрөө аз жаргал шүү дээ. Тэгтэл тэнгэр элч нар ч хийх гэж атаархдаг сайн мэдээний ажлыг Бурхан надад даатгасан байтал би гэдэг хүн Бурханаас авсан ерөөл, жаргалдаа талархлаа илэрхийлэх сэтгэл татуу байжээ. Тэгээд л тэр их ерөөлийг бүрэн гүйцэд ухаараагүй байсан байх нь” гэж боджээ.
Үүнээс хойш тэр гэр бүл ч бас эргэн тойрныхондоо баяртай байгаагаа илэрхийлэх болсон гэнэ. Тэр Сионыг удирдаж яваа гэр бүлүүд “Жаргалтай байна!” гээд өдөр тутмын амьдралдаа ч өөр хоорондоо ярьж, баяр хөөрөө хуваалцан жаргалтай амьдарч байгааг нь сонсоод миний сэтгэл ч сайхан байлаа.
Авралын агуу ивээл авсан бид бүх зүйлд талархаж, үргэлж баяртай байх нь мэдээжийн хэрэг биш гэж үү? Сионд гашуудах, санаа алдах гэдэг нь зугтан одож, Бурхан өдөр бүр баяр хөөр, аз жаргалыг шинээр дүүргэж байдаг. Тийм байтал өнгөрсөн хугацаанд Сионд ирээд аз жаргал, баяр хөөрийг мэдэрч чадаагүй юм уу дутуу гэж үзэн гомдоллосон бол энэ нь биднээс тэнгэрийн хаанчлалын замыг хаахаар бидний дотор диаволын суулгасан буруу бодол, зохисгүй үг яриа зуршлаас л зөвхөн үүдэлтэй юм. Буруу зөрүү үзэл бодол, зохисгүй үг ярианы зуршилтай байвал бид Бурханы ивээлийг ухварлаж чадахгүй болж гомдол дургүйцэл гаргахаас өөр аргагүй юм.
Бид өнөөдөр ч тэнгэрийн хаанчлалыг чиглэж яваа аз жаргалтай хүмүүс. Бурхан бидэнд энэ газарт нүглийн уучлал авах боломж зөвшөөрөн, биднийг сэрж ухаараад, тэнгэрийн хаанчлалд буцан очих хүртэл хүлээж байгаа.
Онгоцоор анх удаа гадаад руу явахад бүх хүний сэтгэл гэгэлздэг. Харин үнэндээ онгоцон дотор цаг тийм ч сайхан өнгөрөхгүй. Онгоцоор зорчиж үзээгүй хүнд бол хөгжилтэй зүйл олон байх юм шиг санагдавч яг суувал хөлөө жийж ч чадахааргүй жижигхэн. Нислэгийн турш шахцалдсан суудал дээрээ олигтой ч хөдөлж чадахгүй явах хэрэг гарна. Ингэсэн ч хамаагүй хүмүүс өөр ертөнцтэй танилцах догдлол, найдвартаа сэтгэл нь хүсэл мөрөөдөл, аз жаргалд умбадаг.
Би анх гадаад тунхаглалаар Америк явахдаа ч тийм байсан. Онгоцонд байхдаа сэтгэл маш догдолж байв. Хэдэн цагийн турш ниссэн ч бие огт ядраагүй. Харин “Бурханы сайн мэдээ энд бас тунхаглагдах нь байна шүү дээ” гэсэн бодолдоо сэтгэл догдлоод тогтож чадахгүй байж билээ. Тэнд очоод юу тохиолдохыг мэдэхгүй байсан ч Бурхан хамт байгаа гэсэн ерөөлийн айлдалд итгэж, бүтэн 12 цагийн турш онгоцон дотор хөдөлж ч чадахгүй чилийтэл сууж явсан ч тэр урт аян замд ердөө ч уйдаагүй.
Яг үүнтэй адил бид мөн одоо дэлхий гэдэг аварга том онгоцонд суугаад тэнгэрийн хаанчлалыг чиглэн нисэж яваа. Хүн мэдрэхгүй л байгаа болохоос дэлхий нарыг жилд нэг удаа асар хурдтайгаар тойрч эргэдэг. Эцэг Эх бидэнд бэлдэж тавьсан тэнгэрийн хаанчлалыг хүсэн хүлээгээд л, “Хаан тахилч”-ийн (1Пет 2:9) суудалд заларна гэж бодохоос сэтгэл дүүрээд л сансар огторгуйгаар нисэх хичнээн аз жаргалтай сайхан хэрэг билээ дээ!
Ертөнцийн хүмүүс нас ахих тусам хүний амьдрал ямар ч утга учиргүйг мэдэрдэг гэцгээдэг. Жинхэнэ аз жаргалыг мэдэхгүй амьдралыг хоосон гэхээс өөрцгүй юм. Харин бид бол өөр. Мөнхийн аз жаргалыг л бидэнд өгөх гэж махан бие өмсөөд энэ газарт ирсэн Бурхан бидэнтэй хамт байгаа. Аминаасаа илүү хайрладаг хүүхдүүддээ л Бурхан хамгийн сайхан бэлгээ өгөхөд зарим нь түүнийг талархаж, баяртайгаар хүлээн авч, зарим нь “Бусдад илүүг өгчихөөд яагаад надад иймхэнийг өгч байгаа юм бэ?” гэж гонгинодог хүн бий. Энэ мөчөөс эхлээд Бурхан өгсөн ерөөлийг үргэлж баяртайгаар хүлээн авцгаая.
Сионы гэр бүлүүдийн ихэнх нь үнэнийг ухаарч өдөр бүр аз жаргалтайгаар итгэлийн замаа сахиж байгаа гэж итгэж байна. Гэвч хааяа нэг ухаарал дутуу хүмүүс Бурханы хүслийг биелүүлэх хэцүү байна гэж ярьдаг.
Хэцүү байна гэсэн үг амнаасаа унагах яг тэр мөчид аз жаргалын хаалга хаагдчихдаг. Гамшиг ч бай, ерөөл ч бай аль аль нь хэл ярианаас л гардаг болохоор Эх маань бидэнд бусдыг босгон байгуулахад тустай үг, ерөөл авах үг үргэлж хэлээрэй гэж сургасан.
“Газар дэлхий, сонсогтун. Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр гай гамшгийг буюу төлөвлөгөөнийх нь үр дүнг авчирч байна. Учир нь тэд үгсийг минь сонсоогүй бөгөөд хуулийг минь ч бас эсэргүүцсэн билээ.” Иер 6:19
Гамшиг ч, ерөөл ч хоёулаа хүмүүсийн төлөвлөгөөний буюу бодлын үр дүн. Цөлийн 40 жилийн амьдралд Бурхан яг адилхан орчин, эд зүйлээр хангаж өгсөн ч заримаас нь талархлын үг гарч, зарим хүнээс нь гомдол дургүйцлийн үг гарч байсан юм. Тэр нь мөн л тэдний өөрсдийнх нь бодлын үр дүн байв.
Нүглээсээ болоод там руу явах амьдралаар амьдарч байгаа хүмүүсээс бид өөр. Бид нүглийн уучлалын ивээл өмсөж, тэнгэрийн хаанчлал руу чиглэсэн амьдралаар амьдарч байна. Сайн мэдээ тараадаг хүнд ч, сайн мэдээний ажилд тусалдаг хүнд ч Бурхан тус бүрд нь үйлдсэнийх нь дагуу ерөөл өгч байгаа.
Библид биднийг сайн мэдээний цэрэг гэж зүйрлэдэг. Армид ч ялгаагүй буу бариад дайнд явдаг цэргүүд л зөвхөн байдаг биш. Хоол хүнс хариуцсан цэргүүд, аж ахуй эд бараа хариуцсан цэрэг гээд байдагтай адил дэлхий даяарх бүх Сионы гэр бүлүүд Бурханы даалгасан үүргээ тус тусын салбартаа хичээнгүйлэн гүйцэтгэж байгаа. Тэд бүгд нэгдэж нэг болсон үед л сүнслэг тулаанд ялах юм.
Христийн эрхтний хувьд Сионд хүн бүрд даалгасан чухал үүрэг бий. Чухал биш үүрэг гэж огт байхгүй. Тиймээс “Би яахаараа ийм ажил хийх ёстой гэж?” гэж бодохын оронд “Би тэнгэрт ерөөл хурааж байгаа шүү дээ” гэж бодвол тэр бодлынхоо үр дүнд ерөөл л авна. Үнэхээр ерөөлтэй аз жаргалтай ажил хариуцуулаад байхад ч түүнийг мэдэхгүй байнга л гомдол гаргаад байвал Бурхан тэр хүнээс ерөөлөө буцаагаад авчихаж чадна.
Иовын талаар бодож үзэцгээе. Сатаны саадаас болж Иов тэр их эд хөрөнгө, эд хогшлоо нэг өглөө алдаж, хайртай хүүхдүүдээ хүртэл бүгдийг нь алдах маш их зовлон шаналал амссан. Тийм харамсалтай байдал үүссэн үед ч Иовын амнаас гарах үг дараахтай адил байв.
“Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан газар унаж мөргөхдөө: Нүцгэнээр би эхийнхээ хэвлийгээс ирсэн, нүцгэнээрээ би тийшээ буцах болно. Өгсөн нь ЭЗЭН, авч одсон нь ч ЭЗЭН тул ЭЗЭНий нэр алдаршиг гэв. Энэ бүхэнд Иов нүгэл үйлдсэнгүй, халагламаар юм Бурханд хийсэнгүй.” Иов 1:20-22
Бурхан Сатаны өмнө Иовоор бахархах хэмжээний тийм мундаг итгэлтэй байсан. Бурханд хичээнгүйлэн итгэж, зөвт амьдралаар амьдарч ирсэн Иовын гэр бүлд ч Сатаны сорилт ирсэн юм. Сорилт ирэх үед Иовын эхнэр Бурханд итгэхээ боль гэж Иовд хэлдэг. “Таны итгэдэг Бурхан үнэхээр байдаг юм бол яагаад туслахгүй байгаа юм бэ? Туслахгүй байгаа юм чинь Бурхан байхгүй. Тиймээс Бурханыг хараагаад Түүнээс эргэ” гэж хэлсэн байдаг.
Адилхан байдалд Иов харин тэгж бодоогүй. “Бид энэ газарт юу ч үгүй хоосон ирсэн. Бүх юмны Эзэн нь Бурхан. Тэр надад энэ бүхнийг өгсөн. Эзэн боолдоо түр зуур даалгасан юмсаа цаг нь болохоор буцааж авсан хэрэг. Юунд гомдоллож дургүйцнэ гэж? Өгсөн нь ч Бурхан, авч одсон нь ч Бурхан. Тиймд Бурханы нэр алдаршиг” хэмээн эхнэртээ зөвөөр ойлгуулав.
Иов эхнэрийнхээ үгэнд орон, ятгалганд нь автаж “Нээрээ тийм шүү дээ. Өдийг хүртэл би Бурханд хичнээн үнэнчээр итгэсэн билээ дээ. Өдөр бүр тахил өргөж, бас хичээнгүйлэн залбирал өргөсөн байхад Бурхан надад ингэж хандаж болно гэж үү?” гэж хэлсэн гээд бодож үзье. Тэгвэл бид тэнгэрийн хаанчлалд буцаж очоод тэнд Иовын барааг олж харахгүй байсан. Гэвч Иов эхнэр нь хатгах үг хэлсэн ч эсрэгээрээ эхнэрээ ухааруулсан байгаа юм. Ингэж Иовын гэр бүл хожим нь өмнөхөөсөө ч илүү агуу ерөөл авсан талаар бид Иов номноос баталж болно.
2000 жилийн өмнө энэ дэлхийд ирсэн Есүс ч бас фарисайчуудын хоёр нүүр ба хууль бус байдлыг илчлэн тэдний муу үгийнх нь тал дээр зэмлэсэн байдаг.
“Хорт могойн удам аа! Та нар ёрын муу атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхнийхээ бялхалаар ам ярьдаг. Сайн хүн сайн баялгаасаа сайныг гаргадаг, муу хүн муу баялгаасаа муу муухайг л гаргадаг. Би та нарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно. Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөнө мөн үгсээрээ яллагдана гэв.” Мат 12:34-37
Зүрхнийхээ бялхалаар ам ярьдаг. Зүрх сэтгэлдээ сайн сайхныг хуримтлуулсан хүн сайхан үг хэлж, хорон мууг хуримтлуулсан хүн нь муу муухай үг хэлдэг. Есүс “Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно. Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөнө мөн үгсээрээ яллагдана” гэж айлдсан.
“Бид Бурхан дотор байхаар зөвшөөрөгдсөндөө үнэхээр аз жаргалтай байна.”
“Бид Бурхантай хамт сайн мэдээний ажил хийж байгаадаа туйлын жаргалтай байна.”
“Бурхан бидэнд бэлдсэн тэнгэр эх нутагтаа буцаж байгаадаа бид дэндүү аз жаргалтай байна.”
Энэ мэт баяр хөөр, талархлын үгийг амнаасаа тасралтгүй гаргах хэрэгтэй. Ертөнцийн хүмүүс тэнгэрийн хаанчлал ч мэдэхгүй, авралын найдвар ч байхгүй амьдарч байгаа хэдий ч харин бид хором мөч бүрдээ Бурханыг залж, Түүний дотор амьдарч байгаа болохоор юм бүхэнд дэндүү хувьтай Сионы хүмүүс билээ.
“Хүүхдүүд ээ, та нар ирж, намайг сонс. Та нарт ЭЗЭНээс эмээхүйг Би зааж өгье. Амийг хүсэмжилдэг бөгөөд сайныг харахаар өдрүүдээ хайрлагч хэн бэ? Хэлээ муу муухайгаас, уруулаа худал хэлэхээс сахин хамгаал! Муугаас салж, сайныг үйлд, амар тайвныг хай, мөшгө! ЭЗЭНий мэлмий зөвт хүн дээр сонор нь тэдний хашхираан дээр байдаг. ЭЗЭНий нүүр царай ёр мууг үйлдэгчдийн эсрэг байдаг нь тэдний дурсамжийг ч дэлхийгээс арилгахын тулд буюу.” Дуу 34:11-16
Амийг хүсэмжилж, ерөөл авахыг хүсвэл хэлээ муу муухайгаас, уруулаа худал хэлэхээс сахин хамгаал гэсэн байна. Арван хоёр тандагчийн тухай сургаалаар бид дээрх ишлэлийн утга учрыг сайн ойлгож чадна.
Эрт үед зургаан зуун мянган эрс цөлд сүйрсэн нь дайсны довтолгооноос болсон уу? Үгүй. Канаан нутгийг тандаад буцаж ирсэн тандагчдын сөрөг муу үгнээс болсон.
Тэд Канаан нутгийг өгнө гэсэн Бурханы амлалтыг ч бодолгүй, “Тэнд бид аварга биетэй хүмүүсийг харсан. Тэд том аварга биетэй, харин бид царцаа мэт. Дайтлаа ч бид ялахгүй” гэсэн муу үгийг ард түмний дунд дэлгэрүүлсэн. Израиль ард түмэн өдөр шөнөгүй цурхиран уйлж, Мосе, Аарон нарын эсрэг гомдоллож, Бурхан өөрсдийг нь тэр цөлд үхүүлэхээр Египетээс гаргасан уу гэцгээдэг. Түүний үр дүнд Бурхан Израилийн хориос дээш насны эрчүүдээс Иошуа Калеб хоёроос өөр хэнийг ч Канаан нутагт орохыг зөвшөөрөөгүй юм. Тэдний буруу бодол, буруу үг эцэстээ зургаан зуун мянган хүнийг мөхөөх үр дагавар авчирсан билээ.
Итгэлийн замаар зөв алхсан итгэлийн өвөг дээдсийн түүхийг харвал тэд Бурхантай хамт байгаадаа маш аз жаргалтай, баяртай байсан байдаг. Аз жаргалтай болохоороо Бурханд талархах үг гарч, аз жаргалтай болохоороо ямар ч зовлонгоос айгаагүй. Тэд элч Паулын хэлсэн шиг “Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, нүцгэрэл үү, илд үү? Өөр юу ч биднийг Христийн хайраас салгаж чадахгүй” гэж өөртөө итгэлтэй хэлж чадсан юм (Ром 8:35-39).
Энэ дэлхийн өөр хаанаас ийм агуу хэмжээлшгүй их аз жаргалыг олж чадах билээ? Сионд нэг ширхэг таваг угаасан ч сүнсний ах эгч дүүгийнхээ төлөөх Эцэг Эхийн хий гэж тушаасан аз жаргалтай ажлыг хийж байгаа нь тэр. Аливаа ажлыг Бурхан бидэнтэй хамт байдаг газар хийж байгаадаа бид улам ч хэн хүнээс илүү аз жаргалтай илүү баяр хөөртэй байж, хэлэх ганц үгээ ч Иошуа Калеб шиг ивээлтэй үг хэлэх хэрэгтэй. Энэ нь л тэнгэрийн хаанчлалын үг төдийгүй хүн төрөлхтнийг аврах авралын үг юм.
Бидэнд олдож буй өдөр, цаг мөч бүхэн Бурхан биднийг тэнгэрийн хаанчлал руу хөтлөхийн төлөөх боломж юм. Тэр явцад жаахан таагүй байдалд, өчүүхэн зүйлээс болж гомдоллож болохгүй. Харин илүү догдлол баяр хөөрийг мэдэрч чаддаг байх хэрэгтэй. Бурхантай хамт алхах замдаа бид үргэлж талархаж, аз жаргалыг мэдэрч чаддаггүй хүмүүсийг ч ухааруулдаг байх хэрэгтэй.
Арван тандагч муу үгээр бүх израиль ард түмнийг сэтгэлээр унагаж байх үед Иошуа Калеб хоёр “Яагаад тиймхэн юманд санаа зовно вэ? Улаан тэнгисийг хуваасан хүч чадлын Бурхан бидэнтэй хамт байна. Тэдний бурхан тэднээс зайлуулагдсан. Тэд бидний хоол болно” гэж чухалчилж байсан юм. Энэ нь израиль ард түмний хувьд тэнгэрийн хаанчлалын үг, авралын үг байв. Мөн хэн ч, ямар ч үгээр ятгаж байсан түүнд ганхалгүй, Бурханд яруу алдар өргөсөн Иовын үг ч бас тэнгэрийн хаанчлалын үг, авралын үг байсан юм.
Үргэлж Бурханыг бодон үгээ хэлж, Бурханд яруу алдар ба талархлыг аль болох их өргөцгөөе. Шинэ онд Сионы бүх хүнд, айл гэр бүхэнд аз жаргал бялхаж байхыг хүсье. Аз жаргалаа нууж далдлаад, баглаад байлгүй нээж онгойлгох хэрэгтэй. Бодол дотроосоо аз жаргал олж, амаараа тэр аз жаргалаа хүлээн зөвшөөрч гэмээнэ Бурхан бодлын маань дагуу ерөөл өгөх болно. “Бурхан бидэнтэй хамт байгаа тул болохгүй зүйл юу байх вэ?”, “Бурхан ноёрхдог Сионд бид ажиллаж байгаа болохоор бид юутай бахархам ажлыг хийж байгаа билээ!” гэсэн бодлыг цаг ямагт тээж, “Бурхантай хамт байгаа бид дэндүү азтай улс шүү” гэх үгнээс эхлээд Бурхандаа талархал их өргөцгөөе.
Тэнгэрийн гэр бүлийн хувьд Эцэг Эх маань хоёулаа бидэнд байгаа болохоор бид нээрээ их аз жаргалтай хүмүүс. Бүрхэг ирээдүйгээсээ болж олон хүн түгшүүртэй амьдралаар амьдарч байгаа ч харин бидэнд Бурхан бэлдсэн мөнхийн тэнгэрийн орон бий. Зүрх сэтгэлдээ талархал, баяр хөөрийг тээгээд мөнхийн тэр л ертөнцийг чиглэн итгэлийн уралдаанд хичээнгүйлэн гүйгээрэй. Бүхий л буруу муу бодол, ивээлгүй муухай үг яриагаа бүгдийг сэгсэрч хаяад, тэнгэрийн хаанчлал яг өмнө маань байгаа гэсэн баяртай сэтгэлээр цаг үргэлж тэнгэрийн хаанчлалын үг, авралын үгээр ярьдаг Сионы хүүхдүүд болоорой гэж хүснэ.